Маркийн бичсэн сайн мэдээ
3 Есүс синагогт дахин очжээ. Тэнд хатангир гартай хүн байлаа. 2 Амралтын өдөр тэр хүнийг эдгээх нь үү хэмээн фарисайчууд анхааралтай ажиглаж Есүсийг буруутгах шалтаг хайж байв. 3 Есүс хатангир гартай хүнд «Босоод энд хүрээд ир» гэснээ 4 «Сайн юм эсвэл муу юм хийх, амь аврах эсвэл хөнөөхийн алийг Амралтын өдөр хийж болох вэ?» гэж хүмүүсээс асуусан ч тэд дуугүй л байлаа. 5 Хатуу сэтгэлтэйд нь ихэд харамссан Есүс ууртайгаар тэднийг тойруулж харснаа «Гараа тэнийлгэ» гэж өнөөх хүнд хэлэв. Тэрээр гараа тэнийлгэхэд эдгэсэн байлаа. 6 Тэгэхэд фарисайчууд гарч Херодын талынхантай яаралтай уулзаж Есүсийг алахаар хуйвалджээ.
7 Харин Есүс шавь нартайгаа хамт нуур луу явав. Галил, Иудейгээс ирсэн олон хүн түүнийг дагажээ. 8 Бүр Иерусалим, Идумайгаас, Иорданы зүүнтээгээс, Тир болон Сидоны хавиас олон хүн ирсэн нь олон үйл хэргийнх нь талаар сонссоных ажээ. 9 Есүс хүмүүст бүчүүлэхгүйн тулд жижиг завь бэлэн байлгахыг шавь нартаа захилаа. 10 Тэрээр олон хүнийг эдгээсэн учир хүнд өвчтэй хүмүүс гараа хүргэх гэж түүн рүү тэмүүлж байв. 11 Чөтгөрүүд хүртэл Есүсийг харахаараа сөхрөн унаж, «Та бол Бурхны Хүү» гэж хашхирч байлаа. 12 Харин Есүс өөрийнх нь талаар ярихгүй байхыг тэдэнд хатуу анхааруулж байв.
13 Есүс ууланд гараад, ирүүлье гэж бодсон хэдэн шавиа дуудан ирүүлжээ. 14 Тэгээд 12 хүнийг томилж, элч гэж нэрлэв. Тэд Есүсийг дагаж яван сайн мэдээ тунхаглах бөгөөд 15 чөтгөрийг ч хөөх эрх мэдэлтэй болох ажээ.
16 Сонгосон 12 хүнийг дурдвал, Петр гэж Есүсийн нэрлэсэн Симон, 17 Зэбэдейн хоёр хүү Яаков, Ёохан (Есүс тэдэнд “Аянгын хөвгүүд” гэсэн утгатай Боанергес гэдэг нэр өгсөн билээ), 18 Андрей, Филип, Бартоломай, Матай, Томас, Алфайн хүү Яаков, Тадай, хичээл зүтгэлт Симон, 19 хожим Есүсээс урвасан Искариот Юудас* юм.
Тэгээд Есүс айлд оров. 20 Тэгтэл дахиад олон хүн цуглаж, Есүс болон шавь нарт хоол ч идэх завдал гарсангүй. 21 Энэ бүхнийг сонсоод хамаатнууд нь Есүсийг авчрахаар болов. Учир нь тэд Есүсийг солиорчээ гэлцэж байв. 22 Бас Иерусалимаас ирсэн хуулийн багш нар Есүсийн тухай «Энэ хүн Бээлзэбүлтэй*. Чөтгөрүүдийг захирагчаар нь хөөлгөдөг юм» гэж ярьж байлаа. 23 Тиймээс Есүс тэднийг дуудаж ирүүлээд жишээ татан ингэж ярив. «Сатан өөрийгөө яаж хөөх юм бэ? 24 Улс гүрэн хуваагдвал мөхнө. 25 Айл гэр хуваагдвал сүйрнэ. 26 Үүнтэй адилаар Сатан өөртэйгөө тэмцвэл, хуваагдвал сөнөж мөхнө шүү дээ. 27 Бяртай эрийн гэрт орж, тоноё гэвэл эхлээд түүнийг хүлж байж л гэрийг нь тононо. 28 Хүний үйлдсэн аливаа нүгэл, хэлсэн аливаа доромжлолыг Бурхан уучлахыг би батлан хэлье. 29 Харин агуу хүчийг нь муугаар хэлсэн* хэнийг ч, Бурхан хэзээ ч уучлахгүй бөгөөд тэр хүн арилшгүй нүгэл үйлдсэн хэрэг». 30 Хүмүүс: «Түүнд чөтгөр шүглэжээ» гэж байсан учраас Есүс ийн хэлжээ.
31 Ээж, дүү нар нь ирж, гадаа зогсож байгаад Есүсийг дуудуулжээ. 32 Түүнийг тойроод сууж байсан хүмүүс: «Ээж, дүү нар тань тантай уулзах гээд гадаа хүлээж байна» гэлээ. 33 Тэгэхэд нь Есүс: «Хэн миний ээж, дүү нар юм бэ?» хэмээснээ 34 өөрийг нь тойрч суугаа хүмүүсийг харан «Эд бол миний ээж, дүү нар! 35 Бурхны хүслийг биелүүлдэг хэн боловч миний ах, эгч, дүү, ээж мөн» гэж хэлэв.