Египетээс гарсан нь
23 Чи худал мэдээ бүү тараа. Хорон муу хүнтэй нийлж, хуурамч гэрч болж болохгүй. 2 Олныг дагаж муу юм хийж болохгүй. Олны аясыг даган худал мэдүүлэг өгч шударга ёсыг бүү гажуудуул. 3 Ядуу хүний хэргийг шүүхдээ зөвхөн ядуу гэдгээс нь болоод харж үзэх учиргүй.
4 Дайсныхаа төөрсөн бух юм уу илжигтэй дайралдвал эзэнд нь аваачиж өг. 5 Чамайг үзэн яддаг хүний илжиг ачаандаа дарагдан хэвтэж байвал тоохгүй өнгөрөлгүй илжгийг нь босголц.
6 Ядуу хүний хэргийг шүүхдээ шударга ёсыг бүү гажуудуул.
7 Худал гэрчилж гэм зэмгүй, үнэнч шударга хүнийг бүү хөнөө. Учир нь ийм бузар муу юм хийсэн хүнийг би яасан ч зөвтгөхгүй.
8 Хахууль авч болохгүй. Учир нь хахууль нүдийг сохолж, шударга хүний үгийг гуйвуулдаг.
9 Харь хүнийг бүү дарла. Та нар Египетэд харийн хүмүүс байсан учраас харь хүний сэтгэл* ямар байдгийг мэднэ.
10 Та нар зургаан жил газартаа үр тарьж, ургацыг нь хураа. 11 Харин долоо дахь жилд нь газраа хагалалгүй өнжөө. Ард түмний чинь дундах ядуус хооллог. Үлдсэнийг нь хээрийн зэрлэг амьтад идэг. Усан үзмийн талбай болон чидуны төглөө ч ингэж амраа.
12 Зургаан өдөр ажиллаад долоо дахь өдөр нь амар. Танай бух, илжиг ч амарч, боол шивэгчин*, харийн хүн сэргэг.
13 Миний айлдсан бүхнийг анхааралтай сонсоод сахигтун. Та нар өөр бурхдын нэрийг дурдаж болохгүй. Амнаасаа цухуйлгаж ч болохгүй.
14 Та нар жилд гурван удаа надад зориулж баяр тэмдэглэ. 15 Исгээгүй талхны баярыг тэмдэглэ. Миний тушаасан ёсоор, Абиб* сарын товлосон үед долоон хоног исгээгүй талх ид. Учир нь тэр сард та нар Египетээс гарсан юм. Миний өмнө хэн ч гар хоосон ирж болохгүй. 16 Бас талбайд тарьсан юмныхаа анхны боловсорч гүйцсэн үр тариа, жимс жимсгэнийг хураахдаа Ургацын баярыг* тэмдэглэ. Мөн жилийн эцэст та нар талбайнхаа ургацыг хурааж хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхдээ Ургац Хураалтын баярыг* тэмдэглэ. 17 Танай бүх эрчүүд жилд гурван удаа жинхэнэ Эзэн Еховагийн өмнө очих ёстой.
18 Миний тахилын цусыг ямар ч исгэсэн юмтай хамт өргөж болохгүй. Миний баярууд дээр өргөсөн тахилын өөхийг өглөө болтол бүү байлга.
19 Та нар газрынхаа анхны боловсорч гүйцсэн үр тариа, жимс жимсгэний хамгийн сайныг Ехова Бурхныхаа өргөөнд авчир.
Ишгийг эхийнх нь сүүнд чанаж болохгүй.
20 Би замд чинь та нарыг хамгаалж, бэлдсэн газар луугаа аваачихын тулд та нарын өмнө тэнгэрийн элчийг явуулна. 21 Түүнд анхаарлаа хандуулж, үгийг нь дага. Тэр тэнгэрийн элчид тэрсэлж болохгүй. Тэр миний нэрийг авч явж байгаа учраас та нарын тийм зөрчлийг уучлахгүй. 22 Харин та нар түүний үгийг чандлан сахиж, миний хэлсэн бүхнийг хийвэл би дайснуудад чинь дайсагнаж, эсэргүүцэгчдийг чинь эсэргүүцнэ. 23 Миний тэнгэрийн элч та нарын урд явж, аморичууд, хитчүүд, перизчүүд, канаанчууд, хивичүүд, иебусчуудын нутагт та нарыг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгана. 24 Тэдний бурхан шүтээнүүдэд бүү мөргө, бүү үйлчил*. Зан үйлийг нь дуурайж болохгүй. Бурхан шүтээнүүдийг нь бүрмөсөн устгаж, ариун багануудыг нь бутал. 25 Харин та нар Ехова Бурхан намайг шүт*. Тэгвэл би та нарыг хоол хүнс, ус ундаар элбэг дэлбэг хангана. Би та нарын дундаас өвчин эмгэгийг зайлуулна. 26 Танай нутагт үр зулбасан эсвэл хүүсэр эмэгтэй гэж байхгүй болно. Би та нарыг урт удаан амьдруулна.
27 Та нарыг очихоос өмнө би тэднийг айдаст автуулж, та нартай тулалдахаар ирэх үндэстэн бүрийг би самууруулах бөгөөд бүх дайсан чинь ялагдаж зугтаана. 28 Та нарыг очихоос өмнө би хивичүүд, канаанчууд, хитчүүдийг зүрх зориггүй болгож*, хөөн зайлуулна. 29 Би тэднийг ганцхан жилийн дотор хөөн зайлуулахгүй. Эс бөгөөс газар нутаг эзгүйрч, хээрийн араатнууд олшрон та нарт гай учруулна. 30 Танай хүн ам өсөж газар нутгийг эзэмштэл би тэднийг бага багаар хөөн зайлуулна.
31 Би танай хил хязгаарыг Улаан тэнгисээс Филистчүүдийн тэнгис* хүртэл, цөлөөс Их мөрөн* хүртэл тогтооно. Би тэр нутгийн оршин суугчдыг та нарын мэдэлд өгч, та нар тэднийг хөөн зайлуулна. 32 Та нар тэдэнтэй, бурхадтай нь гэрээ байгуулж болохгүй. 33 Тэд танай газар нутагт амьдрах ёсгүй. Эс бөгөөс та нарыг миний эсрэг нүгэл үйлдэхэд хүргэнэ. Хэрвээ та нар бурхдыг нь шүтвэл та нарт урхи болно».