Левит
1 Дараа нь Ехова Мосег цугларалтын асар луу дуудаж авчраад ийн хэлэв. 2 «Израйлчуудад ингэж хэлэгтүн. “Та нар Еховад зориулж мал сүргээсээ тахил өргөх бол үхэр, хонь, ямаанаасаа авчрах ёстой.
3 Хэрэв үхрээр шатаалт тахил өргөх бол согоггүй эр үхэр авчрах ёстой. Энэ тахилаа цугларалтын асрын үүдэнд, Еховагийн өмнө сайн дураараа авчир. 4 Тахил авчрах хүн шатаалт тахил болгож өгөх малынхаа толгой дээр гараа тавина. Ингэвэл тахилыг нь Бурхан хүлээн авч нүглийг нь уучлах юм.
5 Тахилын залуу бухыг Еховагийн өмнө нядалж, цусыг нь Аароны хөвгүүд болох тахилчид авч, цугларалтын асрын үүдэн дэх тахилын ширээг тойруулаад бүх тал руу нь цацна. 6 Шатаалт тахилын малыг өвчиж, эвдэнэ. 7 Аароны хөвгүүд болох тахилчид тахилын ширээн дээр цогшсон нүүрс авчирч тавиад дээр нь мод өрнө. 8 Тэд тахилын хэсгүүдийг толгой, өөхтэй нь тахилын ширээн дээрх шатаж буй түлээн дээр өрж тавина. 9 Ингэхдээ гэдэс дотор, шийрийг нь усаар угаасан байх ёстой бөгөөд тахилч тахилын ширээн дээр шатаалт тахил болгон бүгдийг нь шатааж уугиулна. Энэ тахил нь Еховад тааламжит үнэрт, шатаан өргөх тахил болох юм.
10 Хонь юм уу ямаагаар шатаалт тахил өргөх бол согоггүй, залуу эр хонь юм уу эр ямаа авчрах ёстой. 11 Тахил болгох малыг тахилын ширээний хойд талд, Еховагийн өмнө нядалж цусыг нь Аароны хөвгүүд болох тахилчид тахилын ширээг тойруулаад бүх тал руу нь цацна. 12 Шатаалт тахилын махыг эвдэх ёстой бөгөөд тахилч тэдгээрийг толгой, өөхтэй нь хамт тахилын ширээн дээрх шатаж буй модон дээр тавина. 13 Ингэхдээ гэдэс дотор, шийрийг нь усаар угаасан байх ёстой бөгөөд тахилч тахилын ширээн дээр шатаалт тахил болгон бүгдийг нь шатааж уугиулна. Энэ тахил нь Еховад тааламжит үнэрт, шатаан өргөх тахил болох юм.
14 Хэрэв шувуугаар Еховад шатаалт тахил өргөх бол хүүрзгэнэ юм уу залуу тагтаа авчрах ёстой. 15 Тахилч шувууг тахилын ширээ рүү аваачиж хүзүүг нь чимхэж алаад шатаан уугиулна. Харин эхлээд цусыг нь тахилын ширээний хажуу руу асгана. 16 Тэгээд өд сөднөөс нь салгаад өд сөдийг нь тахилын ширээний зүүн хажууд байдаг үнс* асгадаг газар хаяна. 17 Биеийг нь бүрэн салгахгүйгээр далавчных нь хавиар ярна. Дараа нь тахилч түүнийг тахилын ширээн дээрх шатаж буй модон дээр тавьж шатаан уугиулна. Энэ тахил нь Еховад тааламжит үнэрт, шатаан өргөх тахил болох юм.