Элчүүдийн үйлс
22 «Ах дүү нар аа, ахмадууд аа, учраа хэлэхийг минь сонсоно уу» 2 гэж еврей хэлээр ярьж эхлэхэд хүмүүс бүр ч чимээгүй болов. 3 Паул: «Би Киликийн Тарст төрсөн иудей хүн бөгөөд энэ хотод ирж, эцэг өвгөдийн Хуулийг чанд сахихыг Гамалиелээр заалгаж, Бурханд үйлчлэхийн төлөө яг л та бүхний адилаар зүтгэж явсан. 4 Энэ Замыг баримталдаг хүмүүсийг эр эм гэлгүй барьж, шоронд хийн, хавчиж, алуулж байлаа. 5 Тэргүүн тахилч, ахлагчдын зөвлөл үүнийг минь гэрчилнэ. Би тэднээс бас Дамаскийн иудейчүүдэд бичсэн захидлыг аваад тэндхийн хүмүүсийг баривчилж, Иерусалимд авчирч шийтгэхээр явж байсан юм.
6 Дамаскт дөхөж явтал үд дундын үед тэнгэрээс гэнэт хурц гэрэл цацарч орчин тойрныг гэрэлтүүлэв. 7 Намайг газар унахад “Саул аа, Саул аа, чи яагаад намайг хавчина вэ?” гэх дуу сонсогдлоо. 8 Тэгэхэд би: “Эзэнтэн, та хэн бэ?” гэж асуухад “Би бол чиний хавчиж хяхаад байгаа Назарын Есүс байна” гэж хэлэв. 9 Хамт явсан хүмүүс маань гэрэл гарахыг үзсэн боловч тэр нэгний надтай ярихыг сонсоогүй билээ. 10 Тэгээд би: “Эзэн минь, би яах ёстой вэ?” гэхэд Эзэн: “Босоод Дамаск руу яв. Тэнд очихоор чинь яах ёстойг хэлж өгнө” гэж хэлсэн юм. 11 Би тэр гэрлийн улмаас харахаа больсон тул хамт явсан хүмүүсээрээ хөтлүүлж Дамаскт ирж билээ.
12 Тэнд очсоны дараа нутгийн иудейчүүдийн дунд нэр хүндтэй, Хууль сахиж, Бурхнаас эмээдэг Ананиа гэгч эр 13 дэргэд минь ирээд “Саул аа, чамд хараа орог!” гэж хэлмэгц хараа орж, би түүнийг харав. 14 Ананиа: “Өвөг дээдсийн маань Бурхан хүсэл тааллаа мэдүүлж, зөв нэгэн болох Есүсийг харуулж, дууг нь сонсгохын тулд чамайг сонгожээ. 15 Тиймээс чи бүх хүнд үзсэн, сонссон бүхнээ ярьж, Есүсийг гэрчлэх юм. 16 Хойшлуулалгүйгээр одоо баптисм хүртэж, Есүсийн нэрийг дууд. Тэгвэл Бурхан нүглийг чинь уучилна” гэж хэлсэн.
17 Би Иерусалимд буцаж ирээд сүм дотор залбирч байхдаа гайхамшгаар үзэгдэл үзсэн юм. 18 Эзэн үзэгдэж “Иерусалимаас түргэн гар. Учир нь тэд миний талаарх чиний гэрчлэлийг хүлээж авахгүй” гэлээ. 19 Тэгэхэд би: “Эзэн, би синагогуудад очиж, танд итгэдэг хүмүүсийг шоронд хорьж, ташуурдаж явсныг, 20 таны гэрч Стефаныг хөнөөхийг сайшааж, тэр хэргийг үйлдсэн хүмүүсийн хувцсыг манаад зогсож байсныг иудейчүүд мэднэ” гэхэд 21 Эзэн надад “Би чамайг алс холын харь үндэстнүүд рүү илгээж байгаа учир чи яв” гэсэн билээ» гэв.
22 Ингэж хэлэхийг нь сонсоод хүмүүс дуугаа өндөрсгөн «Энэ хүнийг газрын хөрснөөс арчиж хая! Амьд явах эрхгүй хүн байна» гэж хашхиралдлаа. 23 Хүмүүс ингэж хашхирч, гадуур хувцсаа шидэж, шороо цацаж байсан учир 24 мянгатын дарга Паулыг хуаран руу оруулахыг, бас хүмүүс түүн рүү ингэж хашхирсны учрыг мэдэхийн тулд түүнийг ташуурдаад байцаахыг тушаав. 25 Цэргүүд ташуурдах гээд хүлэхэд Паул зуутын даргад «Ромын иргэнийг шүүгээгүй байж ташуурдах нь хуульд нийцэх үү?» гэж хэлжээ. 26 Зуутын дарга үүнийг сонсоод мянгатын даргад «Энэ хүн Ромын иргэн гэнэ. Одоо яах нь дээр вэ?» гэж илтгэв. 27 Мянгатын дарга ирээд Паулаас «Та Ромын иргэн юм уу?» гэхэд «Тийм» гэлээ. 28 Тэгэхэд нь дарга: «Би Ромын иргэний эрхийг их мөнгөөр худалдаж авсан» гэхэд Паул: «Харин би төрсөн цагаасаа ийм эрхтэй байсан» хэмээв.
29 Түүнийг ташуурдаад байцаах гэж байсан хүмүүс тэр даруй холдон явлаа. Мянгатын дарга ч Паулыг Ромын иргэн гэж мэдээд түүнийг гинжилсэндээ айжээ.
30 Маргааш нь мянгатын дарга Паулын гав гинжийг тайлж, иудейчүүд түүнийг юунд буруутгаад байгаагийн учрыг баттай мэдэх гэж ахлах тахилчид болон Иудейн дээд шүүхийнхнийг цуглахыг тушаажээ. Тэгээд Паулыг авч очоод тэдний дунд зогсоов.