Дуулал
Асафын дуу.
79 Бурхан минь ээ, үндэстнүүд таны өмчид халдаж,
Ариун сүмийг тань бузарлаж,
Иерусалимыг балгас болгов.
2 Тэд таны үйлчлэгчдийн цогцсыг тэнгэрийн шувуудад,
Таны үнэнч хүмүүсийн махыг газрын зэрлэг араатнуудад хоол болгон өгсөн.
3 Цусыг нь Иерусалим даяар ус шиг асгав.
Тэднийг оршуулах хэн ч байсангүй.
4 Бид хөршүүдийнхээ хэл амны бай болов.
Эргэн тойрны хүмүүс биднийг шоолон доромжилдог.
5 Ехова минь ээ, та хэдий болтол уурлах юм бэ? Үүрд уурлах юм гэж үү?
Таны уур хилэн хэдий болтол гал шиг дүрэлзэх юм бэ?
6 Таныг мэддэггүй үндэстнүүдэд,
Нэрийг тань дууддаггүй хаант улсуудад та уураа гаргаач.
7 Учир нь тэд Иаковыг залгиж,
Эх нутгийг нь сүйрүүлсэн.
8 Өвөг дээдсийн минь алдааг бидэнд бүү тохооч.
Өршөөл нигүүлслээ үзүүлэхээр яараач.
Учир нь бид ихэд дорд болсон билээ.
9 Аврагч Бурхан минь ээ,
Агуу нэрийнхээ төлөө бидэнд туслаач.
Алдар нэрийнхээ төлөө нүглийг маань хэлтрүүлж*, биднийг авраач.
10 Тэгвэл үндэстнүүд: «Тэдний Бурхан хаана байгаа юм бэ?» гэж хэлэхгүй шүү дээ!
Үйлчлэгчдийнхээ цусан өшөөг авсныг тань
Үндэстнүүд мэдэх тэр цагийг бид үзмээр байна.
11 Хоригдлын санаа алдах дууг сонсооч.
Цаазын ял авсан хүмүүсийг хүчит мутраараа хамгаалаач*.
12 Ехова минь ээ, таныг доромжилсон хөршүүдэд
Шанг нь долоо дахин хүртээгээч.
13 Тэгвэл таны ард түмэн, бэлчээрийн тань хонин сүрэг болсон бид
Танд үүрд талархал өргөнө.
Таныг үеийн үед магтан алдаршуулна.