Эхлэл
18 Өдрийн ид халуунд Абрахам майхныхаа үүдэнд сууж байв. Тэгтэл Ехова Мамрегийн том моддын дунд түүнд үзэгджээ. 2 Абрахамыг хартал гурван эр холгүйхэн зогсож байлаа. Абрахам тэдэнтэй уулзахаар гүйн очоод сөхөрч мөргөв. 3 Абрахам: «Ехова, хэрэв би таны таалалд нийцсэн бол боолындоо саатаж болгооно уу. 4 Ус авчруулж, та бүхний хөлийг угаалгая. Модны доор сууж амарна уу. 5 Та нар боолынхоо гэрт ирсэн билээ. Би талх авчиръя. Хүч сэлбэж аваад замдаа гараарай» гэхэд тэд: «Тэгье. Хэлснээрээ хий хий» гэцгээв.
6 Абрахам майхан руугаа яаран очоод Сарад «Бушуулаарай! Гурван хэмжүүр* сайн гурил авч зуураад талх бариарай» гэжээ. 7 Тэгээд мал сүрэг рүүгээ гүйн очиж хүч тэвээрэг сайтай, залуу бухыг сонгож аваад төхөөрүүлж, хоол хийлгүүлэхийн тулд зарцдаа өгөв. 8 Абрахам цөцгий, сүү, үхрийн махаа зочдод тавиад тэднийг зооглож байх зуур хажууд нь, модон дор зогсож байлаа.
9 Тэд Абрахамаас «Эхнэр Сара чинь хаана байна вэ?» гэж асуухад «Майханд байгаа» гэж хариулжээ. 10 Тэдний нэг нь: «Ирэх жилийн өдийд би чам дээр заавал буцаж ирнэ. Чиний эхнэр Сара хүү төрүүлнэ» гэж хэлэв. Сара ард нь, майхны үүдэнд чагнаж байлаа. 11 Абрахам Сара хоёр хөгширч нас дээр гарсан байв. Сарагийн хүүхэд төрүүлэх нас нь ч хэтэрчээ. 12 Сара инээж «Би хөгширсөн. Эзэн маань ч өтөлсөн. Тэгэхээр би ийм жаргал эдэлнэ гэж үү?» гэж дотроо боджээ. 13 Тэгтэл Ехова Абрахамд «Яагаад Сара инээж “Над шиг хөгшин хүн хүүхэд төрүүлнэ гэж үү?” гэж бодно вэ? 14 Ехова надад дэндүү хэцүү юм байдаг гэж үү? Ирэх жилийн өдийд би чам дээр буцаж ирнэ. Сара хүү төрүүлнэ» гэж айлдав. 15 Сара айсандаа «Би инээгээгүй» гэж мэлзэхэд Бурхан: «Чи инээсэн» гэжээ.
16 Өнөөх эрчүүд явахаар босов. Абрахам тэднийг үдэж гаргахаар хамт явжээ. Өнөөх эрчүүд Содомын зүг харав. 17 Ехова: «Би хийх гэж байгаа юмаа Абрахамаас нууна гэж үү? 18 Абрахам агуу, хүчирхэг үндэстэн болно. Газар дэлхий дээрх бүх үндэстэн түүний ачаар ивээл хүртэнэ. 19 Ехова би Абрахамыг сонгосон нь хүүхдүүд, үр удамдаа миний тушаалыг зааж өгөн зөв, шударга юм хийлгүүлээсэй гэснийх юм. Тэгснээр Ехова би Абрахамын талаарх амлалтаа биелүүлнэ» хэмээн айлдав.
20 Дараа нь Ехова: «Содом, Гоморрагийн хүмүүс асар их нүгэлтэй. Тэднээс болж зовж байгаа хүмүүсийн хашхирахыг би сонссон. 21 Доош буугаад тэдний гомдол үндэстэй эсэхийг, Содом, Гоморра хотынхон тэдний гомдоллоод байгаа шиг муу муухай юм хийж байгаа эсэхийг мэдэж авъя» хэмээжээ.
22 Өнөөх эрчүүдийг тэндээс Содом руу явахад Ехова Абрахамтай үлдэв. 23 Тэгэхэд Абрахам: «Та гэмгүй хүнийг муу хүнтэй адилтган устгах юм гэж үү? 24 Тэр хотод гэмгүй хүн 50 байлаа гэж бодъё. Тэгвэл тэнд байгаа гэмгүй 50 хүний төлөө та тэр хотынхныг өршөөхгүй гэж үү? Бүгдийг нь устгах юм гэж үү? 25 Та бол гэмгүй хүнийг муу хүнтэй хамт устгах Бурхан биш шүү дээ. Хэрэв устгавал гэмгүй хүнийг муу хүнтэй адилтгасан хэрэг болно. Та бол тийм Бурхан огт биш. Газар дэлхийн Шүүгч та зөвийг хийхгүй гэж үү?» гэж хэлэв. 26 Ехова: «Би Содомоос 50 гэмгүй хүн олбол тэдний төлөө тэр хотынхныг бүгдийг нь өршөөнө» гэж айлдав. 27 Абрахам дахин «Би тоос шороо, үнс атлаа Ехова танд юм хэлэхээр зүрхэллээ. 28 Тавин гэмгүй хүн олдохгүй, тав дутлаа гэж бодъё. Тэгвэл та таван хүн дутсан гээд тэр хотынхныг бүгдийг нь устгах уу?» гэхэд Бурхан: «45 хүн байвал би устгахгүй» гэж айлдлаа.
29 Гэсэн ч Абрахам: «40 хүн байвал яах вэ?» гэхэд Бурхан: «Би тэр 40 хүний төлөө устгахгүй» гэлээ. 30 Тэгтэл Абрахам Бурханд «Ехова, та бүү уурлаарай. Би дахин үг хэлье. 30 хүн байвал яах вэ?» гэхэд Бурхан: «30 хүн байвал би устгахгүй» хэмээжээ. 31 Абрахам дахиад л «Ехова, би дахин үг хэлэхээр зүрхэллээ. 20 хүн байвал яах вэ?» гэхэд Бурхан: «Би тэр 20 хүний төлөө устгахгүй» гэлээ. 32 Эцэст нь Абрахам: «Ехова, та бүү уурлаарай. Одоо дахиад ганцхан үг хэлье. Ердөө 10 хүн байвал яах вэ?» гэхэд Бурхан: «Тэр 10 хүний төлөө устгахгүй» гэжээ. 33 Еховаг Абрахамтай ярьж дуусаад одоход Абрахам ч майхан руугаа буцжээ.