Дуулал
Удирдаачид: «Сараана»-д тааруулав. Корагийн хөвгүүдийн дуу. Маскил. Хайрын дуу.
45 Сайн мэдээнд зүрх минь догдолж,
«Миний дуу бол хааны тухай дуу» гэж би хэлнэ.
Хэл минь чадварлаг хуулан бичээчийн үзэг* байх болтугай.
2 Олон эрийн дундаас онцгой сайхан нь та юм.
Таны амнаас таатай үгс гардаг.
Тийм ч учраас таныг Бурхан үүрд ивээсэн.
3 Хүчит нэгэн минь, илдээ ташаандаа зүү.
Та алдар хүнд, сүр жавхлантай билээ.
4 Сүр хүчээ үзүүлэн ялалт байгуулахаар яваач.
Үнэн, даруу зан, зөвийн төлөө мордооч.
Та баруун мутраараа сүрдэм үйлсийг бүтээнэ*.
5 Хаан та хурц сумаараа дайснуудынхаа зүрхийг нэвт сүлбэдэг.
Ард түмнүүд таны өмнө унадаг.
6 Танд Бурхан үүрд захирах эрхийг өгсөн*.
Таны хаант төрийн очирт таяг бол шударга ёсны очирт таяг.
7 Та зөвийг хайрлаж, мууг үзэн яддаг.
Тийм ч учраас Бурхан тань таныг томилж бусад хаанаас илүү баяр баясгалантай болгосон*.
8 Таны бүх хувцаснаас мирр, агар мод, кассиагийн* үнэр анхилна.
Зааны ясан ордноос сонсдох чавхдаст хөгжмийн эгшиг таны сэтгэлийг баясгана.
9 Таны эрхэмлэн хайрладаг эмэгтэйчүүдийн дунд хаадын охид байдаг.
Таны баруун талд Офирын алтаар чимсэн хатан тань зогсоно.
10 Охин минь, анхаарч чих тавин сонс.
Ард түмнээ, эцгийнхээ гэрийг март.
11 Хаан гоо үзэсгэлэнг чинь хүсэмжилнэ.
Тэр чиний эзэн учир
Түүнд мэхийн ёсол.
12 Тирийн хүмүүс* чамд бэлэг авчирна.
Хамгийн баян хүмүүс чиний тааллыг эрнэ.
13 Ордонд буй хааны охин туйлын үзэсгэлэнтэй.
Түүний хувцсыг алтаар чимэглэжээ.
14 Гоёмсог нэхмэл хувцас* өмссөн түүнийг хаан дээр аваачна.
Араас нь найз охидыг* нь тан дээр аваачна.
15 Тэднийг хөөр баяртайгаар авчирна.
Тэд хааны ордонд орно.
16 Таны хөвгүүд эцэг өвгөдийнхөө байрыг эзэлнэ.
Та тэднийг дэлхий дахинд захирагч болгон томилно.
17 Би таны нэрийг хойч үеийнхэнд мэдүүлэх учир
Ард түмнүүд таныг мөнхийн мөнхөд магтана.