Маркийн бичсэн сайн мэдээ
4 Есүс нуурын дэргэд дахин сургаал айлдаж эхлэхэд үлэмж тооны хүн цугласан тул завинд суугаад эргээс холдов. Цугласан хүмүүс эрэг дээр зогсож байлаа. 2 Есүс жишээ татан олон зүйл заалаа. Тэрээр ингэж ярив. 3 «Сонсоцгоо. Тариачин гарч 4 үр цацжээ. Зарим үр замын хажуугаар унахад шувууд идчихжээ. 5 Зарим нь чулуурхаг газар унаад тэр даруй соёолов. Учир нь хөрс нь гүн биш ажээ. 6 Гэвч нар гарч халуу төөнөхөд үндэсгүй учраас хорчийн үхэв. 7 Зарим нь өргөст ургамлын дунд унажээ. Гэтэл өргөст ургамал томорч, соёолсон үрийг барьчихав. Тиймээс юу ч ургасангүй. 8 Харин зарим үр сайн хөрсөнд унасан. Тэгээд ургахад тариа будааны ургац 30, 60, 100 дахин их байв» хэмээгээд 9 «Сонсох чихтэй нь сонсог» гэж нэмж хэллээ.
10 Цугласан олныг явахад Есүсийн дэргэд байсан хүмүүс болон 12 элч ярьсан жишээнийх нь талаар асуужээ. 11 Тэрээр: «Бурхны Хаант төрийн ариун нууц та нарт илчлэгддэг. Харин бусад хүнд бүх юм жишээ төдийхнөөр үлддэг. 12 Тиймээс тэд хараад хараад ухаарахгүй, сонсоод сонсоод ойлгохгүй. Нүглээ уучлуулах гэж Бурхан руу эргэхгүй» хэмээв. 13 Есүс цааш нь «Та нар энэ жишээг ойлгохгүй юм бол бусдыг нь яаж ойлгох юм бэ?
14 Тариачны тарьсан үр бол Бурхны үг юм. 15 Замын хажууд унасан үр нь үгийг сонсдог хүн юм. Тэднийг сонссон даруйд Сатан ирж таригдсан үгийг авч хаядаг. 16 Чулуурхаг газар унасан үр нь үгийг сонсмогц баярлан хүлээж авдаг хүн юм. 17 Гэвч үндэсгүй тул хэсэг зуур л байна. Үгнээс болж зовлон, хавчлага тулгарсан даруйд үгэнд итгэхээ больдог*. 18 Өргөст ургамлын дунд унасан үр нь үгийг сонссон боловч 19 өнөө үеийн* амьдралдаа санаа зовдог, эд баялагт хууртдаг, хүсэл шуналдаа дийлддэгээсээ болж үгийг хайхардаггүй хүн юм. Тийм үрээс тариа ургадаггүй. 20 Сайн хөрсөнд унасан үр нь үгийг сонсож, дуртайяа хүлээж авдаг хүн юм. Тийм үр ургахад тариа будааны ургац 30, 60, 100 дахин их байдаг» гэж ярив.
21 Есүс: «Хүмүүс дэн асаачихаад дээрээс нь сагс хөмөрдөггүй эсвэл орон доогуур тавьдаггүй. Суурин дээр нь тавьдаг биз дээ? 22 Илчлэгдэхгүйгээр далдалсан юм гэж байхгүй. Илрэхээргүйгээр нууцалсан юм гэж байхгүй. 23 Сонсох чихтэй нь сонсог» гэж бас өгүүлжээ.
24 Тэрээр цааш нь «Сонсож байгаагаа анхаарагтун. Та нар ихийг өгвөл тэр хэрээр, бүр ихийг авна. 25 Учир нь хэнд байна, түүнд нэмж өгнө. Харин хэнд байхгүй байна, түүнээс байгааг нь ч авна» гэж ярилаа.
26 Есүс яриагаа үргэлжлүүлэн «Бурхны Хаант төрийг үр тарихтай зүйрлэж болох юм. 27 Тариачин шөнө унтаж, өглөө боссоор үр хэрхэн соёолж, томрохыг үл мэднэ. 28 Газар өөрөө тариа будааг аажим аажмаар ургуулдаг. Эхлээд иш, дараа нь түрүү ургаж, тэгээд боловсорсон тариа бий болдог. 29 Тариа боловсормогц тариачин хадуур хүргэнэ. Яагаад гэвэл ургац хураах цаг болжээ» гэлээ.
30 Цааш нь үргэлжлүүлэн «Бурхны Хаант төрийг юутай зүйрлэж болох вэ? Ямар жишээгээр тайлбарлах вэ? 31 Гичийн үртэй зүйрлэж болох юм. Гичийн үр* бол бүх үрийн дундаас хамгийн жижиг нь боловч 32 тарьсны дараа, хүнсэнд хэрэглэдэг бусад бүх ногооноос илүү томорч, том том мөчир ургадаг бөгөөд сүүдэрт нь шувууд хоргодож үүрээ засдаг» хэмээн ярьжээ.
33 Есүс иймэрхүү олон жишээ татаж, тэдний ойлгож чадах чинээгээр Бурхны үгийг заажээ. 34 Тэрээр жишээ таталгүй ярьдаггүй байсан. Харин шавь нартаа л утгыг нь тайлбарладаг байв.
35 Тэр өдрийн орой болоход Есүс шавь нартаа «Нөгөө эрэг рүү явцгаая» гэлээ. 36 Шавь нар нь хүмүүсийг явуулаад Есүсийг завьтай нь авч явав. Тэнд бас өөр завинууд байжээ. 37 Тэгтэл хүчтэй салхи дэгдэж, завь давалгаанд цохигдож, бараг л усанд автаж байлаа. 38 Харин Есүс завины хитэгт дэр дэрлээд унтаж байв. Тиймээс шавь нар нь сэрээж «Багш аа, бид үхэх гэж байхад та юу ч хийхгүй юм уу?» гэжээ. 39 Тэгэхэд Есүс босоод салхийг зэмлэж, нуурын усанд «Чимээгүй бол!» гэж хэлэхэд салхи намдаж, ер бусын нам гүм болов. 40 Тэгээд шавь нартаа «Юунд ингэтлээ их айна вэ? Та нар одоо ч итгэхгүй байгаа юм уу?» гэхэд 41 маш их айсан шавь нар нь өөр хоорондоо «Энэ хүн үнэндээ хэн бэ? Салхи, нуурыг ч захирах юм» гэлцэв.