Эхлэл
39 Ишмаелчууд Иосефыг Египетэд авчирчээ. Фараоны ордны түшмэл, бие хамгаалагчдын ахлагч Потифар гэгч египет хүн Иосефыг тэднээс худалдаж авсан юм. 2 Гэсэн ч Ехова Иосефтой хамт байлаа. Иймд Иосефын ажил үйлс бүтэмжтэй байж, египет эзнийхээ гэрийг хариуцах болов. 3 Эзэн нь Еховаг Иосефтой хамт байдгийг, Ехова бүх ажил үйлсийг нь бүтэмжтэй болгож байгааг ойлгожээ.
4 Иосеф эзнийхээ таалалд улам их нийцэж гэрийн даамал болов. Эзэн нь түүнд гэр орон, өөрийн гэсэн бүхнээ хариуцуулжээ. 5 Тэр цагаас эхлэн Ехова Иосефын төлөө өнөөх египет хүний гэрийг ивээх боллоо. Ехова түүний гэр, талбайд байсан бүхнийг ивээв. 6 Эзэн нь сүүлдээ бүх юмаа Иосефт даатгаж, идэх хоолноосоо бусдыг мэдэхээ байжээ. Иосеф бие бялдар, царай зүс сайтай залуу болжээ.
7 Энэ үеэс эзнийх нь эхнэр Иосеф руу харц чулуудаж «Надтай унтаач» гэдэг болов. 8 Гэвч Иосеф татгалзаж эзнийхээ эхнэрт «Эзэн маань гэр доторх надад хариуцуулсан юмаа тоохгүй орхичихдог, бүх юмаа надад даатгасан. 9 Энэ гэрт надаас илүү эрх мэдэлтэй хүн байхгүй. Эзэн минь надад танаас бусад юуг ч хориглоогүй. Яагаад гэвэл та бол түүний эхнэр шүү дээ. Би яаж ийм бузар булай хэрэг хийж Бурхныхаа эсрэг нүгэл үйлдэх билээ?» гэжээ.
10 Тэр эмэгтэй өдөр бүр Иосефыг шалдаг байв. Харин Иосеф түүнтэй унтахыг ч, хамт байхыг ч огт зөвшөөрдөггүй байлаа. 11 Гэтэл нэг өдөр Иосефыг ажлаа хийхээр гэрт ороход нэг ч зарц байсангүй. 12 Эмэгтэй хувцаснаас нь зуурч «Надтай унтаач!» гэхэд Иосеф хувцсаа гарт нь орхиод зугтан гарав. 13 Иосефыг хувцсаа гарт нь орхиод зугтан гармагц 14 өнөөх эмэгтэй гэрийнхээ зарц эрчүүдийг хашхиран дуудаад «Хар даа. Нөхрийн маань авчирсан энэ еврей хүн биднийг элэг доог болгох гэлээ. Надтай унтах гээд орж ирэхээр нь би хамаг чадлаараа хашхирсан юм. 15 Намайг чанга хашхирахыг сонсонгуутаа хувцсаа хажууд хаяад зугтчихлаа» гэж хэлжээ. 16 Эмэгтэй Иосефын эзнийг гэртээ иртэл тэр хувцсыг хажуудаа байлгав.
17 Эмэгтэй нөхөртөө мөн л нөгөө үгээ хэлж «Таны авчирсан еврей зарц намайг элэг доог болгохоор ирээд 18 намайг чанга хашхирмагц хувцсаа хажууд хаяад зугтчихсан» гэлээ. 19 Иосефын эзэн эхнэрийнхээ «Таны зарц намайг ингэлээ» гэж хэлэхийг сонсоод уур нь шатжээ. 20 Эзэн нь Иосефыг барьж, хааны хоригдлуудыг хорьдог шоронд хийлгэв. Иосеф нэг хэсэгтээ шоронд байлаа.
21 Харин Ехова Иосефтой үргэлж хамт байсан бөгөөд түүнийг үнэнчээр хайрлаж, шоронгийн ахлах хуягийн таалалд багтаажээ. 22 Шоронгийн ахлах хуяг Иосефт бүх хоригдлыг хариуцуулсан бөгөөд Иосеф тэдэнд ажил үүрэг оноон хийлгэх болов. 23 Ахлах хуяг Иосефт хариуцуулсан ажилдаа огт санаа зовдоггүй байлаа. Учир нь Ехова Иосефтой хамт байсан бөгөөд Ехова бүх ажил үйлсийг нь бүтэмжтэй болгож байжээ.