Хоёрдугаар Коринт
3 Бид өөрсдийгөө та нарт дахиж танилцуулах хэрэгтэй юм уу? Эсвэл бусадтай адилаар өөрсдийгөө танилцуулах захидал бичиж та нарт илгээх хэрэгтэй юм уу? Эсвэл биднийг танилцуулсан захидлыг та нар бичиж илгээх хэрэгтэй юм уу? 2 Та нар бол бидний захидал шүү дээ. Бидний зүрхэнд бичигдсэн, бүх хүний уншдаг, бүх хүний мэддэг захидал юм. 3 Та нар бол Христийн захидал. Энэ захидлыг Бурхны үйлчлэгч бид бэхээр бус, амьд Бурхны агуу хүчээр, чулуун хавтан дээр бус, харин махан хавтан буюу зүрхэн дээр бичсэн билээ.
4 Та нарт итгэх ийм итгэлийг Христээр дамжуулж Бурхан бидэнд өгсөн. 5 Бид өөрсдийнхөө хүчээр ийм чадвартай болоогүй. Харин Бурхан биднийг ийм чадвартай болгосон юм. 6 Бурхан биднийг шинэ гэрээний үйлчлэгч байх чадвартай болгосон. Бид бичигдсэн хуулийн дагуу бус, агуу хүчний удирдлагаар үйлчилдэг. Бичсэн хууль үхэл рүү хөтөлдөг, агуу хүч амь руу хөтөлдөг.
7 Үхэл рүү хөтөлдөг, чулуун дээр сийлсэн хуулийн цог жавхлангийн улмаас хэсэг зуур гэрэлтсэн Мосегийн нүүрийг израйлчууд харж чадахгүй байсан юм бол 8 агуу хүч илүү цог жавхлантай байх бус уу? 9 Хүнийг буруутгаж үхэл рүү хөтөлдөг хууль цог жавхлантай юм бол хүнийг зөв үйлд хөтөлдөг ажил илүү цог жавхлантай. 10 Нэгэн цагт цог жавхлантай байсан хууль шинэ гэрээний цог жавхлангийн улмаас цог жавхлангүй болжээ. 11 Зуурдын юм цог жавхлантай байсан юм бол шинэ гэрээ илүү цог жавхлантай байх бус уу?
12 Ийн найддаг бид үнэнхүү зоригтой ярьдаг. 13 Зуурдын юм эцэстээ яахыг израйлчуудад үзүүлэхгүйн тулд нүүрээ бүтээсэн Мосетой бид адилгүй. 14 Харин тэдний ухаан санаа мохсон. Одоо ч ухаан санаа нь бүтээлэгтэй мэт байгаа бөгөөд хуучин гэрээг ойлгодоггүй. Энэ бүтээлэг зөвхөн Христийн ачаар авагддаг. 15 Түүнчлэн, тэдний зүрх одоо ч бүтээлэгтэй. Тийм учраас Мосегийн бичсэнийг ойлгодоггүй. 16 Харин Ехова* руу эргэвэл бүтээлэг авагддаг. 17 Ехова* бол үл үзэгдэх нэгэн*. Еховагийн* агуу хүч хаана байна, тэнд эрх чөлөө байна. 18 Бид бүгдээрээ бүтээлэггүй нүүрээр Еховагийн* цог жавхланг толь мэт тусган харуулдаг. Ингэхдээ үл үзэгдэх Ехова* биднийг өөрчилдгийн дагуу түүнтэй адилхан болж өөрчлөгдөн цог жавхланг нь илүү их тусгадаг.