Ёоханд илчилсэн нь
4 Дараа нь би тэнгэрт байгаа нээлттэй хаалгыг харав. Надтай анх ярьсан, бүрээн дуу гэмээр тэр дуу: «Наашаа гараад ир. Дараа нь болох ёстой юмыг би чамд үзүүлье» гэж хэллээ. 2 Тэр даруй Бурхны агуу хүч надад нөлөөлөв. Тэнгэрт сэнтий байсан бөгөөд сэнтийд залрагч байв. 3 Залрагч Нэгэн хаш ба бадмаараг* мэт дүртэй ажээ. Сэнтийг нь маргад эрдэнэ мэт солонго хүрээлжээ.
4 Өнөөх сэнтийний эргэн тойронд 24 сэнтий байв. Тэдгээр сэнтийд цагаан хувцастай, толгойдоо алтан титэмтэй 24 ахлагч сууж байхыг би харлаа. 5 Сэнтийнээс аянгын гялбаа, нижигнээн, тэнгэр нүргэлэх дуу гарч байв. Тэр сэнтийний өмнө асаж буй долоон дэн байлаа. Эдгээр нь Бурхны агуу хүч юм. 6 Бас сэнтийний өмнө шилэн тэнгис мэт харагдах болор шиг юм байлаа.
Өнөөх сэнтийний голд болон эргэн тойронд дөрвөн амьд бүтээл байсан бөгөөд тэд ар өвөртөө дүүрэн нүдтэй ажээ. 7 Эхний амьд бүтээл арслантай, хоёр дахь нь бухтай адил, гурав дахь нь хүнийх шиг нүүртэй, дөрөв дэх нь нисэж буй бүргэдтэй адил байв. 8 Дөрвөн амьд бүтээл тус бүр зургаан жигүүртэй бөгөөд жигүүр нь тэр аяараа нүдтэй. Тэд: «Байсан, байгаа, ирж яваа Төгс хүчит Ехова* Бурхан ариун, ариун, ариун» гэж өдөр шөнөгүй, тасралтгүй хэлдэг ажээ.
9 Сэнтийд залрагч бөгөөд үүрд мөнх оршигч Нэгнийг амьд бүтээлүүд магтан алдаршуулж, талархах бүрд 10 сэнтийд залрагч бөгөөд үүрд мөнх оршигч Нэгэнд 24 ахлагч сөгдөж, түүнийг шүтдэг. Тэд титмээ сэнтийнийх нь өмнө шидээд ийн хэлдэг. 11 «Ехова* Бурхан минь ээ, алдар, хүндэтгэл, хүч нь таных. Учир нь та бүх юмыг бүтээсэн. Та хүссэн учраас бүх юм бий болсон, бүх юм бүтээгдсэн».