Дуулал
94 Өшөө авагч Бурхан Ехова минь ээ,
Өшөө авагч Бурхан минь ээ, гэрэлтээч!
2 Дэлхийн Шүүгч ээ, босооч,
Бардам хүмүүст зохих шанг нь хүртээгээч.
3 Ехова минь ээ, муу хүмүүс хэдий болтол,
Хэдий болтол баярлах юм бэ?
4 Тэд дэмий чалчиж, бардамнан ярьдаг.
Мууг үйлдэгчид бүгд өөрсдөөрөө сайрхдаг.
5 Ехова минь ээ, тэд таны ард түмнийг бяцалж,
Таны өмчийг дарладаг.
6 Тэд бэлэвсэн эмэгтэйчүүд, цагаачдыг алж,
Өнчин хүүхдүүдийг хөнөөдөг.
7 Тэгээд, «Яа хардаггүй.
Иаковын Бурхан анзаардаггүй» гэж хэлдэг.
8 Ухаангүй та нар үүнийг ойлго.
Мунхаг та нар хэзээ хэрсүү болох юм бэ?
9 Чихийг бүтээсэн Нэгэн сонсохгүй гэж үү?
Нүдийг бүтээсэн Нэгэн харахгүй гэж үү?
10 Үндэстнүүдийг залруулдаг Нэгэн та нарыг зэмлэхгүй гэж үү?
Тэрбээр хүмүүст мэдлэг өгдөг Нэгэн юм!
11 Ехова хүмүүсийн бодлыг мэддэг.
Тэр бодол нь амьсгаа төдий гэдгийг ойлгодог.
12 Яа минь ээ, танд зэмлүүлдэг*,
Хуулийг тань заалгадаг хүн жаргалтай.
13 Тийм хүн гамшгийн үеэр тайван байна.
Хорон санаатнуудад нүх ухтал амгалан байна.
14 Ехова ард түмнээ орхихгүй,
Өөрийн өмчийг хаяхгүй.
15 Шүүгчид дахин зөв шударга шийдвэр гаргаж,
Шулуун шударга бүхэн түүнийг нь дагана.
16 Хэн миний төлөө босож муу хүмүүсийг эсэргүүцэх вэ?
Хэн миний төлөө байраа эзэлж нүгэлтнүүдийг сөрөн зогсох вэ?
17 Ехова надад тусалдаггүй байсан бол
Би хэдийнээ үхчихсэн байгаа.
18 «Халтирч унах нь» гэж хэлэхэд минь
Ехова та намайг үнэнчээр хайрлан өмөг түшиг болдог байсан.
19 Сэтгэл түгшээсэн бодолд эзэмдүүлэхэд минь
Та намайг тайвшруулж тайтгаруулсан.
20 Хуулийн нэрийг барин зовлон учруулдаг
Шударга бус удирдагчид таны холбоотон болно гэж үү?
21 Тэд зөв хүн рүү догшрон дайрч,
Гэмгүй нэгэнд үхлийн ял оноодог.
22 Харин Ехова аюулгүй хоргодох газар минь болно.
Миний Бурхан хоргодох хад минь билээ.
23 Тэдний сэдсэн бузар хэргийг тэрбээр өөрсдийнх нь эсрэг болгоно.
Тэднийг өөрсдийнх нь хорон санаагаар үгүй хийнэ.
Бидний Бурхан Ехова тэднийг устгана.