Дуулал
33 Зөв хүмүүс ээ, Еховагийн үйлсэд баярлан хашхир.
Шулуун шударга хүмүүс түүнийг магтвал зохино.
2 Босоо ятгаар Еховад талархал өргө.
Арван утаст хөгжмөөр түүнийг магтан дуул*.
3 Түүнд зориулан шинэ дуу дуул.
Чавхдаст хөгжмөөр чадварлаг тоглож, баярлан хашхир.
4 Учир нь Еховагийн үг шулуун шударга.
Үйлс бүхэн нь найдвартай.
5 Тэрбээр зөв зүйл, шударга ёсыг хайрладаг.
Газар дэлхий Еховагийн үнэнч хайраар бялхдаг.
6 Еховагийн үгээр тэнгэр бүтээгдсэн.
Амных нь амьсгалаар тэнгэр дэх бүхэн* бий болсон.
7 Тэрбээр далайн усыг далан мэт хуримтлуулдаг.
Долгилох усыг агуулахад хураадаг.
8 Дэлхий бүхэлдээ Еховагаас эмээг.
Оршин суугчид нь түүнийг бишрэн хүндэтгэг.
9 Түүнийг айлдахад бүх юм бий болсон.
Түүнийг тушаахад бүх юм бат тогтсон.
10 Ехова үндэстнүүдийн хуйвалдааныг* бүтэлгүй болгосон.
Ард түмнүүдийн төлөвлөгөөг* нураасан.
11 Еховагийн шийдвэр* үүрдийнх.
Санаа зорилго нь үеийн үед өөрчлөгдөшгүй.
12 Еховаг шүтдэг үндэстэн жаргалтай.
Бурхны өмч байхаар сонгогдсон ард түмэн жаргалтай.
13 Ехова тэнгэрээс өнгийн
Бүх хүнийг хардаг.
14 Тэрбээр амьдардаг газраасаа
Дэлхийн оршин суугчдыг ширтдэг.
15 Тэрбээр бүх хүний зүрхийг шавар мэт хэвэнд оруулж,
Тэдний бүх ажил үйлсийг шалгадаг нэгэн юм.
16 Хаан их цэрэгтэй байлаа гээд аврагддаг юм биш.
Хүчит эр бяртай байлаа гээд аврагддаг юм биш.
17 Аварна гэж моринд найдаад нэмэргүй.
Асар их хүчээрээ тэр чамайг аврахгүй.
18 Өөрөөс нь эмээж,
Үнэнчээр хайрлуулах гэж хүсэн хүлээдэг хүмүүсийг Ехова ажигладаг бөгөөд
19 Үхлээс аварч,
Өлсгөлөнгөөс амьд үлдээдэг.
20 Бид Еховаг хүлээдэг.
Тэрбээр бидний туслагч, бидний бамбай юм.
21 Бид түүний үйлсэд баярладаг.
Учир нь бид түүний ариун нэрд найддаг.
22 Бид таныг хүлээж байна.
Биднийг үнэнчээр хайрлаач, Ехова.