Дуулал
Удирдаачид зориулав. Давидын дуу.
65 Бурхан минь ээ, Сион ууланд та магтагдана.
Бид танд өргөсөн тангаргаа биелүүлнэ.
2 Залбирлыг сонсдог Бурхан минь ээ, тан дээр ямар ч хүн ирнэ.
3 Гэм нүгэлд би ялагдсан.
Гэвч та бидний нүглийг далдалдаг.
4 Хашаанууддаа амьдруулахаар
Таны сонгож, дэргэдээ авсан хүмүүс жаргалтай.
Өргөө гэрт тань, ариун сүмд тань байдаг сайн сайхан бүхэнд
Бид сэтгэл ханах болно.
5 Авралын Бурхан минь ээ,
Сүрдэж бишрэм зөв үйлсээрээ та бидэнд хариулна.
Дэлхийн өнцөг булан бүрд байгаа,
Далайн чанадах алсын алсад байгаа бүх хүний итгэл найдвар нь та билээ.
6 Та хүч чадлаараа уулсыг тогтоосон.
Та бяр чадлыг хувцас мэт өмссөн.
7 Та догшин тэнгисийг номхотгож, хүчит давлагааг нь номхруулж,
Үндэстнүүдийн үймээнийг намжаадаг.
8 Алс хязгаарын оршин суугчид таны гайхамшигт үйлсийг харан сүрдэнэ.
Нар мандахаас жаргах зүгийн хүмүүс таны үйлсийг хараад баярлан хашхирна.
9 Та газар дэлхийд санаа тавьж,
Үр жимс элбэгтэй, үржил шим ихтэй болгодог.
Бурхнаас эхтэй гол арвин устай байдаг.
Та хүмүүсийг үр тариагаар хангадаг.
Та дэлхийг ингэж бэлдсэн.
10 Та татсан шангуудыг усалж, хагалсан хөрсийг тэгшлэн
Хурын усаар зөөллөдөг. Тэгээд та ургацыг нь ивээдэг.
11 Та титэм өмсгөх адил жил бүрийг сайхан сэтгэлээрээ чимнэ.
Таны гишгэсэн газар бүр арвин их үржил шимтэй.
12 Хээр талын бэлчээрт нь шинэхэн өвс элбэг.
Дов толгод нь баяр баяслаар хувцасладаг.
13 Нуга бэлчээр нь мал сүргээр дүүрэн.
Хөндий тал нь үр тариагаар хучигджээ.
Тэд баярлан хашхирч бахдан дуулна.