Дуулал
Давидын дуу.
141 Ехова минь ээ, би таныг дуудаж байна.
Хурдан ирээд надад туслаач.
Дуудахад минь анхааран сонсооч.
2 Залбирал минь танд зориулж бэлдсэн утлага мэт байх болтугай.
Гуйлт минь үдшийн идээн өргөл мэт байх болтугай.
3 Ехова минь ээ, аман дээр минь харуулыг,
Уруул дээр минь* манаачийг тавьж өгөөч.
4 Зүрх сэтгэлээ буруу юманд хандуулахгүй байхад туслаач.
Тэгвэл би хорон санаатнуудтай хамт бузар хэрэгт нь оролцохгүй шүү дээ.
Тэдний тансаг идээнээс би хэзээ ч хүртэхгүй.
5 Зөв шударга хүн намайг цохивол энэ нь үнэнч хайрын илрэл болно.
Тэрбээр намайг зэмлэвэл толгой дээр минь тос асгасантай адил болно.
Би үүнээс хэзээ ч татгалзахгүй.
Зовох цагт нь ч би түүний төлөө залбирсаар байх болно.
6 Шүүгчид хадан цохионоос шидэгдсэн ч
Ард түмэн нь миний үгийг анхаарна. Учир нь миний үг тааламжтай.
7 Хүн газрыг хагалж, хөрсийг сэндийчихэд ямар байдаг билээ,
Бидний яс Булшны* аманд тийнхүү таран хэвтдэг.
8 Гэвч Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь ээ, би танд найддаг.
Би танд хоргоддог.
Амийг минь бүү аваач.
9 Намайг барих гэж тавьсан урхинаас,
Мууг үйлдэгчдийн занганаас хамгаалаач.
10 Муу хүмүүс өөрсдийнхөө тавьсан торонд орно.
Харин би хажуугаар нь аюулгүй өнгөрнө.