Левит
3 Хэрэв хүн Еховад үхрээр эвийн тахил өргөхөөр бол тэр нь эр ч бай, эм ч бай согоггүй байх ёстой. 2 Тэр хүн тахилын малынхаа толгой дээр гараа тавина. Уг малыг цугларалтын асрын үүдэнд нядлах ёстой. Цусыг нь Аароны хөвгүүд болох тахилчид тахилын ширээний бүх тал руу цацна. 3 Эвийн тахилаас Еховад шатаан өргөх хэсгүүд нь сэмж, бүх дотор өөх, 4 хоёр бөөр нь өөхтэйгөө байх бөгөөд бөөрийг нь салгахдаа элгэн дээрх өөхийг нь ч салгаж авах ёстой. 5 Үүнийг Аароны хөвгүүд тахилын ширээн дээр шатаан уугиулах бөгөөд шатаж буй модон дээрх шатаалт тахилын дээр тавина. Энэ нь Еховад тааламжит үнэрт шатаан өргөх тахил болох юм.
6 Еховад хонь юм уу ямаагаар эвийн тахил өргөх бол эр ч бай, эм ч бай согоггүй байх ёстой. 7 Хэрэв залуу хуц өргөх бол Еховагийн өмнө аваачих ёстой. 8 Тэр хүн тахилын малынхаа толгой дээр гараа тавина. Уг малыг цугларалтын асрын үүдэнд нядлах ёстой. Цусыг нь Аароны хөвгүүд тахилын ширээний бүх тал руу цацна. 9 Эвийн тахилаас өөхийг нь шатаан өргөх тахил болгон Еховад өргөнө. Сүүлнийх нь өөхийг ууцных нь угаар бүхэлд нь салгаж авна. Мөн сэмж, бүх дотор өөх, 10 хоёр бөөрийг нь өөхтэй нь салгах бөгөөд бөөрийг нь салгахдаа элгэн дээрх өөхийг нь ч салгаж авах ёстой. 11 Үүнийг тахилч тахилын ширээн дээр Еховагийн хувь болгон шатаан уугиулна. Энэ нь шатаан өргөх тахил юм.
12 Ямаагаар тахил өргөх бол Еховагийн өмнө аваачих ёстой. 13 Тэр хүн тахилын малынхаа толгой дээр гараа тавина. Уг малыг цугларалтын асрын үүдэнд нядлах ёстой. Цусыг нь Аароны хөвгүүд тахилын ширээний бүх тал руу цацна. 14 Эвийн тахилаас Еховад шатаан өргөх хэсгүүд нь сэмж, бүх дотор өөх, 15 хоёр бөөр нь өөхтэйгөө байх бөгөөд бөөрийг нь салгахдаа элгэн дээрх өөхийг нь ч салгаж авах ёстой. 16 Эдгээрийг тахилч тахилын ширээн дээр Бурхны хувь болгон шатаан уугиулна. Энэ нь тааламжит үнэрт шатаан өргөх тахил юм. Бүх өөх Еховагийнх билээ.
17 Та нар өөх, цусыг огт идэж болохгүй. Хаа ч амьдарсан энэ зарлигийг үеэс үед сахигтун”».