Левит
18 Тэгээд Ехова Мосед 2 «Израйлчуудад ингэж хэлэгтүн. “Би бол та нарын Бурхан Ехова. 3 Та нар амьдран сууж байсан Египет нутгийнхаа хүмүүс шиг байж огт болохгүй. Миний та нарыг аваачих Канаан нутгийн хүмүүсийн хийдгийг ч хийж болохгүй. Тэдний ёс заншлыг битгий дага. 4 Та нар миний шийдвэрүүдийг даган мөрдөж, хууль тогтоолуудыг минь сахин биелүүлэх учиртай. Би бол та нарын Бурхан Ехова. 5 Та нар миний хууль тогтоол, шийдвэрүүдийг даган мөрдөх ёстой. Үүнийхээ ачаар амьд явна. Би бол Ехова.
6 Та нарын хэн нь ч ойрын хамаатантайгаа бэлгийн хавьталд орж болохгүй. Би бол Ехова. 7 Эцэгтэйгээ бэлгийн хавьталд орж болохгүй. Эхтэйгээ ч бэлгийн хавьталд орж болохгүй. Тэрбээр эх чинь учраас болохгүй.
8 Эцгийнхээ эхнэртэй бэлгийн хавьталд орж болохгүй. Ингэвэл эцгээ шившиг болгоно.
9 Төрсөн эгч, охин дүүтэйгээ бэлгийн хавьталд орж болохгүй. Эцгийн чинь ч охин бай, эхийн чинь ч охин бай, гэр бүлд чинь төрсөн ч бай, гэр бүлээс чинь гадуур төрсөн ч бай бэлгийн хавьталд орж болохгүй.
10 Ач охин юм уу зээ охинтойгоо бэлгийн хавьталд орж болохгүй. Эс бөгөөс өөрийгөө шившиг болгоно.
11 Эцгийн чинь охин болж төрсөн, эцгийнхээ эхнэрийн охинтой бэлгийн хавьталд орж болохгүй. Тэр бол чиний эгч дүү юм.
12 Эцгийнхээ эгч юм уу охин дүүтэй бэлгийн хавьталд орж болохгүй. Тэр бол эцгийн чинь цусан төрөл юм.
13 Эхийнхээ эгч юм уу охин дүүтэй бэлгийн хавьталд орж болохгүй. Тэр бол эхийн чинь цусан төрөл юм.
14 Эцгийнхээ ахын юм уу эрэгтэй дүүгийнх нь эхнэртэй бэлгийн хавьталд орж болохгүй. Эс бөгөөс эцгийнхээ ах юм уу эрэгтэй дүүг гутаана. Тэр эмэгтэй бол чиний авга бэргэн билээ.
15 Бэртэйгээ бэлгийн хавьталд орж болохгүй. Тэрбээр хүүгийн чинь эхнэр учраас болохгүй.
16 Ахынхаа эхнэр юм уу эрэгтэй дүүгийнхээ эхнэртэй бэлгийн хавьталд орж болохгүй. Эс бөгөөс ах юм уу эрэгтэй дүүгээ гутаана.
17 Ямар нэг эмэгтэйтэй бэлгийн хавьталд орохын хажуугаар охин юм уу ач охин, зээ охинтой нь бэлгийн хавьталд орж тэднийг эхнэрээ болгон авч болохгүй. Энэ нь жигшүүртэй* хэрэг юм. Учир нь тэд бол цусан төрөл.
18 Эхнэрээ амьд байхад эгч юм уу охин дүүг нь эхнэрийнхээ өрсөлдөгч болгон авч, бэлгийн хавьталд орж болохгүй.
19 Эмэгтэйтэй сарын тэмдгийн бузартлынх нь үед бэлгийн хавьталд орж болохгүй.
20 Өөр хүний* эхнэртэй бэлгийн хавьталд орж өөрийгөө бузарлаж болохгүй.
21 Хүүхдээ Молехт тахил болгон өргөж* болохгүй. Бурхныхаа нэрийг ингэж бузарлах ёсгүй. Би бол Ехова.
22 Эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй унтдаг шиг эрэгтэй хүн эрэгтэй хүнтэй унтаж болохгүй. Энэ нь жигшүүртэй хэрэг юм.
23 Эрэгтэй хүн адгуус амьтантай хурьцан бузартаж болохгүй. Эмэгтэй хүн ч адгуус амьтантай хурьцах ёсгүй. Энэ нь гажууд явдал юм.
24 Та нар эдгээрийг үйлдэж өөрсдийгөө бузарлаж болохгүй. Яагаад гэвэл миний та нарын урдаас хөөн зайлуулах гэж байгаа үндэстнүүд эдгээрийг үйлдэж өөрсдийгөө бузарладаг юм. 25 Тийм л учраас тэдний газар нутаг бузартсан. Би тэндхийн оршин суугчдыг нүглийнх нь улмаас шийтгэнэ. Газар нутаг нь тэднийг бөөлжин гаргана. 26 Харин та нар миний хууль тогтоол, шийдвэрүүдийг дагаж мөрдөх учиртай. Израйлчууд та нар болон дунд чинь суугаа харийн хүмүүс эдгээр жигшүүртэй зүйлсийн алийг нь ч үйлдэж болохгүй. 27 Та нарын эзэмших тэр нутгийг одоо эзэмшиж байгаа хүмүүс нь эдгээр жигшүүртэй зүйлсийг үйлдэж, газар нутгаа бузарласан юм. 28 Тиймээс тэр нутаг тэдгээр үндэстнийг бөөлжин гаргана. Та нар ч гэсэн тэдэн шиг бузарлавал тэр нутаг та нарыг бөөлжин гаргана. 29 Эдгээр жигшүүрт зүйлсийн аль нэгийг үйлдсэн хүнийг хөнөөх ёстой. 30 Та нарын үүрэг бол тэдгээр үндэстнүүдийн жигшүүртэй ёс заншлуудын алийг нь ч дагахгүй, тэдгээрээр өөрсдийгөө бузарлахгүй байх юм. Би бол та нарын Бурхан Ехова”» гэж айлдав.