Эхлэл
37 Иаков Канаанд амьдарч байлаа. Иаковын эцэг энэ нутагт харь хүн болж амьдарсан юм.
2 Энэ бол Иаковын түүх билээ.
17 настай хүү Иосеф эцгийнхээ эхнэрүүд болох Билха Зилпа хоёрын хөвгүүдтэй мал хариулж байв. Тэрбээр эцэгтээ тэдний талаар базаахгүй мэдээ дуулгажээ. 3 Иосеф Израйлыг нас дээр гарсан хойно төрсөн учраас Израйл түүнийг бусад хүүгээсээ илүү их хайрладаг байлаа. Тиймдээ ч Иосефт урт гоёмсог дээл хийлгэжээ. 4 Эцэг нь Иосефыг өөрсдөөс нь илүү их хайрладгийг хараад ах нар нь Иосефыг үзэн ядаж, ширүүн харьцдаг болов.
5 Нэгэн удаа Иосеф зүүдэлж, тэр зүүдээ ах нартаа ярьсанд ах нар нь түүнийг бүр их үзэн ядах болжээ. 6 Иосеф ах нартаа «Би юу зүүдэлсэн гээч! 7 Бүгдээрээ тариалангийн талбайд тариа багцалж байсан чинь миний багцалсан тариа босоод зогсчихсон. Та нарын багцалсан тариа минийхийг тойрч зогсоод бөхийн мөргөж байсан» гэв. 8 Ах нар нь: «Чи бидний хаан болж, биднийг захирах хэрэг үү?» гээд Иосефын зүүд, хэлсэн үгнээс нь болж түүнийг бүр ч их үзэн ядах болжээ.
9 Дараа нь Иосеф дахин зүүдэлж ах нартаа ярьж өгчээ. Тэрбээр: «Би бас нэг зүүд зүүдэллээ. Тэр зүүдэнд нар, сар, 11 од надад мөргөж байв» гэжээ. 10 Тэрбээр энэ зүүдээ эцэгтээ, ах нартаа ярьж өгсөнд эцэг нь түүнийг зэмлэж «Чи юу зүүдлээд байгаа юм бэ? Ээж бид хоёр чинь, бас ах нар чинь чам дээр очиж сөхөрч мөргөх болж байна уу?» гэв. 11 Ах нар нь Иосефт атаархаж, харин эцэг нь түүний үгийг мартсангүй.
12 Ах нар нь Шехемийн ойролцоо эцгийнхээ малыг оторлуулахаар явлаа. 13 Хэсэг хугацааны дараа Израйл Иосефт «Ах нар чинь Шехемийн ойролцоо малаа хариулж байгаа. Чамайг ах нар луу чинь явуулъя» гэхэд Иосеф: «За» гэжээ. 14 Израйл: «Очоод ах нарыгаа, бас мал сүргээ мэнд сайн байгаа эсэхийг мэдээд ир» хэмээв. Ингээд Иосефыг Хеброны хөндийгөөс явуулахад Иосеф Шехем рүү явлаа. 15 Иосефыг хээр явж байтал нэгэн хүн түүнийг хараад «Чи юу эрж яваа юм бэ?» гэж асуужээ. 16 Иосеф: «Ах нарыгаа эрж байна. Малаа хаана хариулж яваа юм бол?» гэхэд 17 тэр хүн: «Эндээс явчихсан. “Дотан руу явцгаая” гэж ярьж байхыг нь би сонссон» гэж хэлэв. Иймд Иосеф ах нарынхаа араас явж Дотанд байхад нь олжээ.
18 Ах нар нь түүний барааг хараад хүрч ирэхээс нь өмнө хуйвалдан, алахаар болов. 19 Тэд нэг нэгэндээ «Хар даа. Нөгөө зүүдлэгч ирж явна. 20 Бүгдээрээ Иосефыг алаад энэ нүхнүүдийн* нэг рүү хаяж, зэрлэг араатанд бариулжээ гээд хэлчихье. Тэгээд нөгөө зүүднүүд нь яаж биелэхийг харъя л даа» гэцгээлээ. 21 Реубен үүнийг сонсоод Иосефыг аврах гэсэндээ «Алаад яах юм бэ!» гэжээ. 22 Тэгээд бас «Цус урсгах хэрэггүй. Эзгүй цөлд энэ нүх рүү хаячихъя. Аминд нь битгий хүр» гэж хэлэв. Реубен Иосефыг аварч эцэг рүү нь буцаах санаатай байжээ.
23 Иосефыг ах нар дээрээ хүрч ирмэгц ах нар нь өмсөж явсан урт гоёмсог дээлийг нь тайлж аваад 24 түүнийг барьж нүхэнд хаяв. Тэр үед нүх усгүй, хоосон байлаа.
25 Дараа нь ах нар нь юм идэхээр суув. Тэгтэл Гилеадаас ирж яваа ишмаелчуудын жингийн цуваа үзэгдэв. Тэд тэмээндээ бараан давирхай, гүгэл, үнэрт модны давирхай ачаад урагшаа Египет рүү явж байжээ. 26 Иуда бусдадаа «Дүүгээ хөнөөж, хэргээ нуулаа гээд ямар хэрэгтэй юм бэ? 27 Иосефыг ишмаелчуудад зарчихъя. Амийг нь хороогоод яах юм бэ! Эцсийн эцэст бидний л дүү, мах цусны маань тасархай шүү дээ» гэхэд тэд үгэнд нь оржээ. 28 Ингээд тэд мидиан худалдаачдыг өнгөрч явахад нь Иосефыг нүхнээс гаргаж аваад ишмаелчуудад 20 мөнгөн шекелээр зарав. Худалдаачид Иосефыг Египет рүү авч одлоо.
29 Дараа нь Реубен буцаж ирээд нүх рүү хартал Иосеф байсангүй. Реубен хувцсаа урав. 30 Тэгээд дүү нар дээрээ очоод «Хүүхэд алга болчихож! Одоо би яах вэ?» гэж хэлжээ.
31 Тэд эр ямаа нядлаад цусанд нь Иосефын дээлийг дүрэв. 32 Тэгээд тэр дээлээ эцэгтээ хүргүүлж «Бид нар энийг оллоо. Хүүгийн тань дээл мөн эсэхийг үзнэ үү» гэж хэлүүлжээ. 33 Эцэг нь тэр дээлийг үзээд «Хүүгийн минь дээл мөн байна! Зэрлэг араатан Иосефыг барьж идсэнээс зайлахгүй. Хүү минь тасдчуулчхаж» гэж халаглав. 34 Ингээд Иаков хувцсаа урж, ууцаараа таар ороон хүүгийнхээ хойноос олон хоног гашуудав. 35 Охид хөвгүүд нь бүгдээрээ түүнийг тайтгаруулахыг оролдсон боловч тэрбээр тайтгарахыг хүссэнгүй. Харин «Би хүүгийнхээ хойноос гашуудсаар Булшинд* орно» гэдэг байв. Ийнхүү Иаков хүүгийнхээ хойноос гашуудсаар байлаа.
36 Мидианчууд Египетэд ирээд Иосефыг Потифар гэдэг хүнд зарав. Потифар бол фараоны ордны түшмэл, бие хамгаалагчдын ахлагч ажээ.