Хоёрдугаар Петр
2 Гэхдээ израйлчуудын дундаас хуурамч зөнчид гарсан шиг та нарын дундаас хуурамч багш нар гарна. Тэд та нарын итгэлийг сүйрүүлэхийн тулд сэм бүлэглэн хувааж, өөрсдийг нь худалдаж авсан эзнийг ч үгүйсгэнэ. Улмаар өөрсдөөсөө болж тун удахгүй сүйрнэ. 2 Түүнээс гадна, эрээ цээргүй хэрэг* хийдэг тэднийг олон хүн дуурайх бөгөөд тэднээс болж хүмүүс үнэн сургаалыг муугаар ярина. 3 Бас сувдаг шунахай тэд та нарыг ашиглахын тулд худал ярина. Гэхдээ Бурхан тэднийг шийтгэхээр эртнээс шийдсэн бөгөөд саатахгүй. Тэд гарцаагүй устгагдана.
4 Бурхан нүгэл үйлдсэн тэнгэрийн элчүүдийг шийтгэлгүй орхиогүй бөгөөд шүүх* цагаа болтол түнэр харанхуйд гинжилж* Тартарт* хаясан. 5 Бурхан бас эртний ертөнцийг шийтгэлгүй орхиогүй. Нүгэлт хүмүүс дээр үер буулгахдаа шударга сайныг тунхагласан Ноаг долоон хүнтэй хамт эсэн мэнд үлдээсэн билээ. 6 Бас Содом, Гоморра хотуудыг үнсэн товрог болгож шийтгэсэн. Энэ нь Бурхныг гутаадаг хүмүүст юу тохиолдохын жишээ юм. 7 Харин хорон муу хүмүүсийн эрээ цээргүй хэргээс* болж асар их шаналж байсан шударга сайн Лотыг аварсан. 8 (Учир нь шударга сайн энэ хүн тэдний дунд амьдарч байхдаа хорон муу явдлыг нь харж, сонсож өдөр бүр сэтгэл нь шимширч байв.) 9 Тэгэхээр Ехова* соригдож байгаа үнэнч хүнийг яаж аврахаа, харин шүүх өдөр устгагдах* шударга бус хүнийг, 10 ялангуяа бусдын биеийг бузарлахыг оролддог, мөн эрх мэдлийг үл тоомсорлодог хүнийг яаж барьж байхаа мэддэг.
Бүдүүн зүрхтэй, дур зоргоороо авирладаг хуурамч багш нар алдарт хүмүүсийг* доромжлохоос айдаггүй байхад 11 тэнгэрийн элчүүд хүч чадлаар агуу атлаа тэр хуурамч багш нарыг доромжлон буруутгадаггүй. Учир нь тэнгэрийн элчүүд Еховаг* хүндэлдэг. 12 Харин хуурамч багш нар мэдэхгүй юмаа доромжлон ярьдаг. Тэд баригдаж, устгагдахаар төрдөг оюун ухаангүй, зөндөө хөтлөгддөг адгуустай адил юм. Тэд хөнөөлт үйлийнхээ горыг амсаж устгагдана, 13 хорон үйлийнхээ шанг хүртэж хохирно.
Тэд гэгээн цагаан өдрөөр тансаглах* дуртай. Та нартай хамт зоог барихдаа худал сургаалаа таашаадаг тэд бол хурлыг гутаадаг толбонууд юм. 14 Нүд нь завхайрлаар дүүрэн бөгөөд нүгэл үйлдэхээ больж чаддаггүй. Итгэлээр дутмаг* хүмүүсийг уруу татдаг. Тэд шунахай сэтгэлтэй* бөгөөд хараагдсан хүүхдүүд юм. 15 Тэд зөв замаас гарч, төөрч будилсан бөгөөд Беорын хүү Балаамын замаар оржээ. Балаам буруу юм хийж шан харамж авахыг хүссэн. 16 Гэхдээ буруу хэргээсээ болж зэмлүүлсэн юм. Уналга эдэлгээний хэлгүй адгуус хүний хэлээр ярьж, ухаанаа алдсан тэр зөнчид саад хийсэн билээ.
17 Тэд бол усгүй булаг, догшин салхинд туугдах манан. Түнэр харанхуйг тэдэнд зориулжээ. 18 Тэд чухал мэт боловч үнэндээ хоосон үг хэлдэг. Буруу юм хийдэг хүмүүсээс арайхийж салсан хүнийг уруу татах гэж эрээ цээргүй хэрэг* хийдэг, махан биеийн хүслийг нь дэвэргэдэг. 19 Тэд эрх чөлөө амладаг боловч үнэндээ ялзралын эрхшээлд байдаг боолууд юм. Учир нь хүн хэний эрхшээлд орно, түүнийхээ боол болдог*. 20 Хэрэв тэд Эзэн болон Аврагч Есүс Христийн талаар үнэн зөв мэддэг болоод ертөнцийн бузар булайгаас ангижирсан атлаа дахин хутгалдаж, дийлдвэл сүүлийн байдал нь эхнийхээсээ дор болно. 21 Ариун тушаалын дагуу амьдарч яваад нүүр буруулснаас зөв замыг огт мэдээгүй байсан бол дээр байх байсан. 22 Тэдэнд тохиолдсон явдал «Нохой буцаж ирээд бөөлжсөө долоодог. Гахайг угаасан ч шаварт хөлбөрдөг» гэдэг үгийн үнэнийг баталдаг.