Нэгдүгээр Ёохан
1 Эхэнд байсан бөгөөд бидний сонсож, харж, ажиглаж, барьж үзсэн амийн үгийн тухай та нарт бичиж байна. 2 (Тийм ээ, тэрхүү амь бидэнд илчлэгдсэн юм. Эцэгтэй хамт байсан, бидэнд илчлэгдсэн тэрхүү мөнх амийг бид харсан бөгөөд та нарт гэрчилж, тунхаглаж байна.) 3 Бид бүгдээрээ Эцэг ба түүний Хүү Есүс Христтэй нөхөрлөдгийн адил та нарыг бас бидэнтэй нөхөрлөөсэй гэж харсан, сонссоноо тунхаглаж байна. 4 Бүгдээрээ хамт баяр баясгалангаар бялхах гэсэндээ бид эдгээрийг бичиж байна.
5 Бид Христээс «Бурхан бол гэрэл, түүнд ямар ч харанхуй байхгүй» гэсэн мэдээг сонссон бөгөөд тэр мэдээг та нарт тунхаглаж байна. 6 Хэрэв бид: «Бид түүнтэй нөхөрлөдөг» гэдэг атлаа харанхуйд яваад байвал худал ярьж байгаа бөгөөд үнэний дагуу явдаггүй хэрэг болно. 7 Харин Бурхан гэрэлд оршдогийн адил бид гэрэлд явдаг бол бие биетэйгээ нөхөрлөж байгаа хэрэг. Бурхан Хүү Есүсийнхээ цусанд үндэслэн бүх нүглийг маань уучилдаг.
8 «Бид нүгэлгүй» гэж хэлдэг бол өөрсдийгөө хуурч байгаа бөгөөд үнэн зөв сургаалд итгэхгүй байгаа хэрэг. 9 Хэрэв бид нүгэлтэйгээ хүлээн зөвшөөрвөл итгэмжит, шударга Бурхан бидний нүгэл, бүх гэм бурууг уучилна. 10 «Бид нүгэл үйлдэж байгаагүй» гэж хэлдэг бол үгэнд нь итгэхгүй байгаа хэрэг бөгөөд Бурхныг худалч болгож байна.