Та «сайхан сэтгэлээр өгөхийн» жаргал эдэлдэг үү?
ЭРТНИЙ Филиппой хотын христианууд жинхэнэ шүтлэгийг өгөөмрөөр дэмждэгээрээ алдартай байсан. Элч Паул Бурхны сүнсээр удирдуулан бичсэн захидалдаа «Та нарын талаарх бүх дурсамжиндаа өөрийн Бурханд би талархдаг. Та бүгдийн төлөө залбирах бүрдээ би үргэлж баяр хөөртэйгээр залбирлаа өргөдөг нь та нар сайн мэдээг сонссон анхны өдрөөс өнөөг хүртэл үүн дотор хамтран зүтгэж байгаа тул юм» гэжээ (Флп. 1:3–5). Лудиа болон түүний гэрийнхэн баптисм хүртсэнийхээ дараа шаргуу гуйж ятгасаар нөхдийнх нь хамт гэртээ байлгаж байсныг Паул сайн санаж байв (Үйлс 16:14, 15).
Түүний дараахан, Паулыг тэндээс 160 километрийн зайтай орших Тесалоник хотод итгэл нэгтнүүдтэйгээ хамт хэдэн долоо хоног байх хугацаанд нь Филиппойн шинэхэн хурлын хамт олон хэрэгцээтэй зүйлсийг Паулд өгч явуулж байжээ (Флп. 4:15, 16). Хэдэн жилийн дараа Филиппой, Македонийн христианууд өөрсдөө зовж зүдрэн, «туйлын ядуу зүдүү» байсан хэр нь хавчлага дарамтад орсон Иерусалимын христианууд хэрэгцээт зүйлсээр гачигдаж байгааг дуулаад тусламж үзүүлсэн. «Хэрээсээ ч илүү» өгснийг нь Паул гэрчилсэн. Тэгээд бүр «сайхан сэтгэлээр өгөхийн завшаан олгохыг биднээс ихэд шаргуу гуйсаар байсан» гэж Паул бичжээ (2 Кор. 8:1–4, ШЕ; Ром 15:26).
Филиппойчууд Христийн дагалдагч болоод арваад жил өнгөрсөн ч өгөөмөр зангаа гээгээгүй. Тэд Паулыг Ромд хоригдсоныг дуулаад Епафродитоор юм өгч явуулжээ. Епафродит Ромд очихын тулд эх газар, тэнгисээр 1 287 км зам туулж очдог. Филиппойн христианууд тийнхүү өгөөмөр сэтгэл гаргасан нь Паулыг шоронд байхдаа ч ах дүүсээ батжуулаасай, дэлгэрүүлэхээ бүү болиосой гэснийх ажээ (Флп. 1:12–14; 2:25–30; 4:18).
Өнөөдөр жинхэнэ христианууд Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажлыг дэмжихийг нэр төрийн хэрэг гэж үздэг (Мат. 28:19, 20). Тийм учраас, цаг зав, хүч чадал, хөрөнгө мөнгөө Хаанчлалын үйл хэрэгт хандивладаг. Энэхүү агуу ажлыг ямар ямар аргаар дэмжиж болохыг доорх хавсралтад бичив.
[22-р хуудасны хавсралт]
ХҮМҮҮС ЯАЖ ХАНДИВ ӨРГӨДӨГ ВЭ?
ДЭЛХИЙ ДАХИНЫ ҮЙЛ ХЭРЭГТ ЗОРИУЛСАН ХАНДИВ
«Дэлхий дахины үйл хэрэг» гэсэн хаягтай хайрцагт хандив өргөхөөр мөнгө хадгалах буюу төсөвлөдөг хүн олон байдаг.
Хурлууд энэ мөнгийг сар бүр тус тусын салбар луу явуулдаг. Түүнчлэн Еховагийн Гэрчүүд гэдэг нэр дээр байдаг, Монгол Улсын Худалдаа, хөгжлийн банкны 404050588 тоот америк долларын дансанд мөнгөн хандив өргөх юм уу орон нутгийн Еховагийн Гэрчүүдийн офист илгээж болно. Бас үнэт эдлэл хандивлаж болох бөгөөд Еховагийн Гэрчүүдийн офистой урьдчилан холбоо барина уу.
Мөнгөн хандив шууд өгөхөөс гадна Хаанчлалын дэлхий дахины үйл хэргийг дэмжих өөр олон арга байдаг. Заримыг нь энд жагсаав. Та аль нэг аргаар хандив өргөхийг хүсвэл Еховагийн Гэрчүүдийн офистой урьдчилан холбоо барина уу.
Даатгал. Амьдралын даатгалд даатгуулаад, хүлээн авагчаар нь Монгол дахь Еховагийн Гэрчүүдийн Шашны Нийгэмлэгийг нэрлэж болох юм.
Гэрээслэл. Хуулийн дагуу үйлдсэн гэрээслэлээр Монгол дахь Еховагийн Гэрчүүдийн Шашны Нийгэмлэгт мөнгөн хөрөнгө өвлүүлж болно.
Банкны данс. Банкны данс юм уу, хадгаламжийн сертификат эзэмшигч нас барвал тухайн банкны дүрэмд нийцсэн тохиолдолд, хадгалуулсан мөнгийг нь Монгол дахь Еховагийн Гэрчүүдийн Шашны Нийгэмлэгт шилжүүлж болох юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг орон нутгийнхаа Еховагийн Гэрчүүдийн офисоос авч болно.
[23-р хуудасны хавсралт]
ХАНДИВЫН ТАЛААРХ БУРХНЫ ҮЗЭЛ БОДОЛ
Тухайн хүний өгөөмөр сэтгэлийг өргөсөн хандивынх нь хэмжээгээр тогтоодоггүй. Нэгэн удаа Есүс сүмийн эрдэнэсийн санд мөнгө хандивлаж байгаа хүмүүсийг ажиглаж байжээ. Баячууд их хэмжээний зоос хийж байсан ч Есүс үнэ цэнэ багатай хоёрхон жижиг зоос өгч байгаа ядуу бэлэвсэн эмэгтэйг хараад сэтгэл нь хөдөлж «Энэ ядуу бэлэвсэн эмэгтэй бүхнээс илүүг өглөө. Учир нь тэд бүгд илүүдлээсээ өргөлд хийсэн атал харин энэ эмэгтэй ядуу хэрнээ амин зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө» гэж хэлдэг (Лук 21:1–4; Марк 12:41–44). Ядуу итгэл нэгтнүүддээ туслах зорилгоор хандив өргөх тухайд Паул: «Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус, байгаа зүйлийн дагуу энэ нь тааламжтай» гэж хэлжээ (2 Кор. 8:12).
Бүхнийг эзэмшдэг Еховаг үнэн хэрэгтээ хэн ч баян болгож чадахгүй (Ш.дээд 29:14–17). Гэхдээ хандив өргөх нь Еховад хайртайгаа харуулах завшаан юм. Өөрийгөө алдаршуулахын тулд юм уу, хувийн ашиг сонирхлын төлөө бус, харин зөв сэдлээр, жинхэнэ шүтлэгийг дэмжих зорилгоор хандив өргөвөл жинхэнэ жаргал эдэлж, Бурхны ивээлийг хүртэнэ (Үйлс 20:35; Мат. 6:1–4; Сур. 3:9, 10). Жинхэнэ шүтлэгийг дэмжиж, зохистой хүнд туслахын тулд мөнгө төгрөг хуримтлуулбал тийм аз жаргалыг эдлэх нь дамжиггүй (1 Кор. 16:1, 2).
Ехова бусдад өгөхийн хамгийн сайн үлгэр дууриал болдог. Учир нь тэрбээр хүн төрөлхтөнд «амь, амьсгал хийгээд хамаг юмсыг» бэлэглэж (Үйлс 17:25), цорын ганц Хүүгээ өгсөн (Иох. 3:16). Мөн өгөөмөр сэтгэлээ янз бүрээр илэрхийлдэг христиануудыг баян болгодог (2 Кор. 9:10–15). Үнэндээ, «аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг» (Иак. 1:17).