ОНЦЛОХ СЭДЭВ: АМЬДРАЛЫН УТГА УЧИР ЧУХАМ ЮУ ВЭ?
Амьдралын утга учир чухам юу вэ?
«Бидний амьдралын өдөр хоногууд далан жил юм. Эсвэл хэрэв хүч чадалтай бол наян жил, гэвч тэдгээрийн оргил нь зүдүүр, уй гашууд өнгөрдөг» (Дуулал 90:10).
ЯМАР үнэн үг вэ! Эдүгээ хүний амьдрал «зүдүүр, уй гашуугаар» дүүрчээ. «Утга учиртай амьдрах арга байдаг болов уу?» гэж танд бодогдож байсан байх.
Зүгээр суухыг мэддэггүй явсан Мариа одоо 84 хүрч, гэрийн мухар сахих болжээ. Ухаан санаа нь саруул боловч тамир тэнхээ нь урьдынх шигээ биш болсон аж. Амьдрал нь утга учиртай санагддаг болов уу?
Та ч бас утга учиртай амьдарч яваа эсэхээ эргэцүүлж боддог л байх. Ажил гэж шогшсоор байтал амьдрал тань нэг л хэвийн болчихсон юм шиг санагддаг байж болох юм. Таны хийж бүтээснийг, хичээж зүтгэснийг хэн ч үнэлдэггүй байж мэднэ. Одоо амжилттай яваа ч ирээдүйдээ санаа зовох юм уу ганцаардах, гутрах үе гардаг байж магадгүй. Гэр бүлийн амьдралд ч болж бүтэхгүй юм тохиолдох нь бий. Эсвэл үхэл хагацал үзээд шаналж яваа ч юм бил үү. Андрэ гэдэг эрэгтэй, эцэгтэйгээ их ойр дотно байжээ. Эцэг нь гэнэт өвдөж, нас барахад сэтгэл санааны хүнд цочирдолд оржээ. Энэ явдал түүний хувьд нөхөж баршгүй гарз хохирол байлаа.
Хүн ямар ч зовлон үзсэн, нэг асуултыг бодсоор явдаг. Амьдралын утга учир чухам юу вэ? 2 000 орчим жилийн өмнө амьдарч байсан Есүс Христ гэдэг хүний амьдралаас энэ асуултын хариуг олж болно. Зовлон зүдүүр тохиолдож байсан ч тэрбээр утга учиртай амьдарчээ. Түүний жишээг дууриавал бид ч утга учиртай амьдарна.