ТАНЫ МЭДЛЭГТ
Эртний Ромд боолын амьдрал ямар байсан бэ?
Ромын эзэнт гүрэнд, олон хүн олзлогдоод эсвэл хулгайлагдаад боол болдог байжээ. Нэгэнт боол болсон хүн нутгийн бараа харж гэрийнхэнтэйгээ уулзах бараг боломжгүй байв.
Олон боол уурхайд үхтэлээ ажилладаг байхад аж ахуйд, айлд ажилладаг нэг нь арай дээр амьдралтай байсан. Оргосон боолыг эзэнд нь буцааж авчирвал шагнана гэсэн бичигтэй зүүлт зүүхийг зарим боолоос шаарддаг байв. Удаа дараа оргосон боолын духан дээр оргодол гэсэн утгатай латин үгийн (fugitivus) эхний үсгийг (F) тамгалдаг байжээ.
Элч Паул Онесим гэдэг оргодол боолыг эзэн Филемонд нь буцаан явуулсан тухай Библийн «Филемон» номд гардаг. Эзэн нь Онесимыг хатуу шийтгэх эрхтэй байсан. Гэхдээ «түүнийг ... хүлээн» аваасай гэсэндээ Паул хайранд үндэслэн андын ёсоор Филемоноос гуйжээ (Филемон 10, 11, 15–18).
Эртний Финик ягаан будгаараа яагаад алдартай байсан бэ?
Өнөөгийн Ливан улсын ойролцоо байсан Финик гэдэг газар тирийн ягаан өнгөөрөө алдартай байжээ. Тирийн ягаан гэдэг нэр Тир хотоос гаралтай. Эртний Израилийн Соломон хаан тир хүний урласан «ягаан» даавуугаар сүмийг чимэглэжээ (Шастирын дэд 2:13, 14).
Тирийн ягаан будаг тухайн үедээ хамгийн үнэтэй нь байсан. Учир нь энэ будгийг хийхэд их хүч хөдөлмөр ордог байжээ. Эхлээд, далайчид нэг төрлийн дунгa (murex shellfish) их хэмжээгээр барих бөгөөд ганц хувцас будахад 12 000 дун орно. Дараа нь, дунг цэвэрлэж будаг ялгаруулдаг булчирхайг нь гаргаж авна. Будаг хийдэг хүмүүс уг булчирхайг давслаад 3 хоног нар салхинд тавина. Тэгээд үүнийгээ далайн устай том саванд хийж таглаад хэдэн хоног буцалгадаг байжээ.
Финикчүүд худалдаа наймаа хийж колони байгуулсныхаа ачаар тирийн ягаан будгийг олон зууны турш хийж, худалдсаар байлаа. Ягаан өнгийн будаг хийхэд хэрэглэдэг байсан эд зүйлс Газрын дундад тэнгис төдийгүй бүр өрнө зүгт байдаг Испанийн Кадис хотоос олджээ.
a Уртаашаа 5–8 см байдаг.