БҮЛЭГ 4
Хурлыг хэн удирдаж хэрхэн зохион байгуулдаг вэ?
ЭЛЧ Паул Коринт дахь хурлын итгэл нэгтнүүддээ илгээсэн эхний захидалдаа «Бурхан эв нэгдлийг эрхэмлэдэг бөгөөд эмх замбараагүй явдалд дургүй» хэмээн Бурхны тухай нэг чухал үнэнийг бичжээ. Тэрээр цааш нь «Бүх юм зохистой, эмх замбараатай байг» хэмээн цуглааны тухай бичсэн байдаг (1 Кор. 14:33, 40).
2 Уг захидлынхаа эхэнд тэдний хагаралтай байгааг нь дурдаад сануулга өгчээ. «Та нар адилхан юм ярьж бай. ... Санаа, зорилго нэгтэй байцгаа» хэмээн тэндхийн итгэл нэгтнүүддээ уриалсан байдаг (1 Кор. 1:10, 11). Тэгээд хурлын эв нэгдэлд сөргөөр нөлөөлж байгаа янз бүрийн асуудлыг хөндөж тэдэнд зөвлөгөө өгчээ. Хурал эв нэгдэлтэй байх нь хэчнээн чухал болохыг ойлгуулахдаа тэрээр хүний биеийг жишээ болгон татсан ажээ. Хурлын хүн бүр ямар үүрэг гүйцэтгэдгээсээ үл хамааран бие биеэ хайрлаж, нэг нэгэндээ санаа тавих хэрэгтэйг тэдэнд зөвлөсөн (1 Кор. 12:12–26). Хурал зохион байгуулалт сайтай байвал хоорондоо эв нэгдэлтэй, дотно байна.
3 Тэгвэл хурал ямар бүтэц, зохион байгуулалттай байдаг вэ? Хэн зохион байгуулдаг вэ? Ямар хүмүүс удирдах үүрэг хүлээдэг вэ? Эдгээр асуултын хариу Библид бий (1 Кор. 4:6).
БУРХНААР УДИРДУУЛДАГ БАЙГУУЛЛАГА
4 МЭ 33 оны Пентекостын өдөр анхны хурал байгуулагдсан. Нэгдүгээр зууны хурлын талаар юу мэдэж болох вэ? Хурал Бурхны удирдлагаар зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл Бурхан өөрөө хурлыг удирдаж байсан гэсэн үг. Тослогдогсдоос бүрдсэн анхны хурлын үндэс суурийг Бурхан тавьсныг одоогоос 2000 орчим жилийн өмнө Иерусалимд болсон үйл явдал баталдаг. Уг үйл явдлыг Библид тэмдэглэн үлдээсэн байдаг (Үйлс 2:1–47). Энэ бол Бурхны барьсан «барилга», «гэр бүл» байсан юм (1 Ко 3:9; Эф 2:19). Нэгдүгээр зууны хурлуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг өнөөгийн хурлууд жишиг болгодог.
I зууны хурлуудын зохион байгуулалт, үйл ажиллагааг өнөөгийн хурлууд жишиг болгодог
5 Анхны хурал 120 орчим шавиас бүрдэж байв. Иоел 2:28, 29-д байдаг зөгнөл биелж, Бурхны агуу хүч тэдний дээр цутгажээ (Үйлс 2:16–18). Яг тэр өдөр бас 3000 гаруй хүн баптисм хүртэж, тослогдогсдоос бүрдсэн хуралд нэгджээ. Есүсийн тухай ярихад тэд хүлээж аваад «элчүүдийн сургаалыг шимтэн сонсож» байв. Ийнхүү «Еховагийн ачаар шавь нарын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байлаа» (Үйлс 2:41, 42, 47).
6 Иерусалим дахь дагалдагчдын тоо ч мөн адил маш хурдан өсөхөд тэргүүн тахилч тэднийг «Иерусалимыг сургаалаараа булж орхилоо» хэмээн гомдол гаргав. Иудейн тахилчдаас олон хүн Иерусалим дахь дагалдагчидтай нэгджээ (Үйлс 5:27, 28; 6:7).
7 Есүс: «Та нар намайг Иерусалим, Иудей болон Самари, тэгээд дэлхий даяар гэрчилнэ» гэжээ (Үйлс 1:8). Ингэж хэлсэн нь ёсоор болов. Стефаныг алагдсаны дараа Иерусалимд хүчтэй хавчлага өрнөж, тэндхийн дагалдагчид Иудей, Самари даяар тархжээ. Тэд явсан газар бүрдээ сайн мэдээ тунхаглаж улам олон хүнийг дагалдагч болгож байв. Тэр байтугай самаричууд Есүсийн дагалдагч болсон аж (Үйлс 8:1–13). Яваандаа сайн мэдээ хөвч таслуулаагүй иудей бус хүмүүст бас тунхаглагдсан (Үйлс 10:1–48). Шавь нар ийнхүү хичээл зүтгэлтэй дэлгэрүүлсний үрээр олон хүн Есүсийн шавь болж, Иерусалимаас өөр газруудад ч хурлууд шинээр үүсэн байгуулагджээ (Үйлс 11:19–21; 14:21–23).
8 Шинээр байгуулагдсан хурлууд Бурхнаар удирдуулж, зохион байгуулалттай байсныг юу баталдаг вэ? Бурхны агуу хүчээр томилогдсон эрчүүд сүргийг хариулдаг байсан. Паул Барнаб хоёр миссионерын анхныхаа аяллаар явж байхдаа хурлуудад эргэлт хийн ахлагчдыг томилжээ (Үйлс 14:23). Паулыг Эфэсийн ахлагчидтай уулзсан тухай Библийг бичигчдийн нэг Лук тэмдэглэн үлдээсэн байдаг. Паул Эфэсийн ахлагчдад «Өөртөө ч, сүрэгт ч анхаарал тавьж бай. Хүүгийнхээ цусаар зольж авсан хурлаа хариулуулахаар Бурхан та нарыг агуу хүчээрээ ахлагч болгосон» гэжээ (Үйлс 20:17, 28). Тэд Библид буй шаардлагыг биелүүлж байсан болохоор ахлагчаар томилогдсон (1 Тим. 3:1–7). Паулын хамтран зүтгэгч Тит Критийн хуралд ахлагчдыг томилох эрхтэй байжээ (Тит 1:5).
9 Олон хурал байгуулагдах тусам Иерусалим дахь элч нар болон ахлагчид янз бүрийн үндэстэн ястнаас бүрдсэн газар газрын бүх хурлыг удирдан чиглүүлэх гол үүргийг хүлээж байв. Тэд тухайн үеийнхээ удирдах зөвлөлийн гишүүд байсан нь эндээс харагддаг.
10 Хурлынхан Бурхны агуу хүчээр удирдуулан хамтран ажилладаг бол Есүс Христийн удирдлага дор эв нэгдэлтэй байна гэдгийг элч Паул Эфэс дэх хуралд бичсэн захидалдаа тайлбарлажээ. Бас дор бүрнээ даруу байн, «эв нэгдэлтэй явахыг чин сэтгэлээсээ хичээх» учиртайг тэдэнд уриалсан (Эф. 4:1–6). Тэрээр цааш нь Дуулал 68:18-ыг эш татаж, энэ нь Еховагийн томилсон, шаардлага хангасан эрчүүдтэй холбоотой болохыг тайлбарласан юм. Тэд хурлын хэрэгцээг хангахын тулд элч, эш үзүүлэгч, сайн мэдээ тунхаглагч, хоньчин, багш болох ажээ. Еховагийн «бэлэг болгон өгсөн» тэдгээр эрчүүд хурлынхныгаа босгон байгуулж, Еховагийн сайшаалыг хүлээдэг төлөвшсөн хүмүүс болоход нь тусалдаг (Эф. 4:7–16).
ЭЛЧҮҮДИЙН ЖИШГИЙГ ДАГАДАГ ӨНӨӨГИЙН ХУРЛУУД
11 Еховагийн Гэрчүүдийн бүх хурал I зууны хурлуудтай адилхан зохион байгуулалттай байдаг. Өөр хоньд тослогдсон ах дүүсээ дэмждэг учраас дэлхий дахинд буй хурлууд нэгдмэл нэг хурал мэт байдаг (Зех. 8:23). Энэ бол Есүс Христийн ач гавьяа юм. Тэрээр «энэ тогтолцооны төгсгөлийн үе» хүртэл тослогдсон дагалдагчидтайгаа хамт байна гэсэн амлалтаа биелүүлж байгаа билээ. Хүмүүс өргөжин тэлж буй хурлуудад нэгдэн сайн мэдээг хүлээн авч, амь амьдралаа Бурханд зориулан баптисм хүртэж Есүсийн шавь болж байна (Мат. 28:19, 20; Марк 1:14; Үйлс 2:41). Тослогдогсод болон «өөр хоньдоос» бүрддэг хонин сүргийн Эзэн Есүс Христийг «сайн хоньчин» гэдгийг тэд хүлээн зөвшөөрдөг (Ёох. 10:14, 16; Эф. 1:22, 23). Есүс Христийг хурлын Тэргүүн гэдгийг хүлээн зөвшөөрч, түүний томилсон итгэмжит ухаалаг боолд дуулгавартай захирагддаг учраас Еховагийн хонин сүрэг эв нэгдэлтэй байдаг. Итгэмжит ухаалаг боолд цаашдаа ч бүрэн дүүрэн итгэж явцгаая (Мат. 24:45).
ШАШНЫ НИЙГЭМЛЭГИЙН ҮҮРЭГ
12 Манай байгууллага ах дүүстээ «цагт нь хоол унд» өгч, Хаант төрийн тухай сайн мэдээг төгсгөл ирэхээс өмнө тунхаглахын тулд нийгэмлэгүүдийг байгуулдаг. Энэхүү нийгэмлэгүүд тухайн улсдаа хууль ёсны бүртгэлтэй байдаг бөгөөд бие биетэйгээ хамтран ажилладаг. Мөн дэлхий даяар сайн мэдээ тунхаглахад чухал үүрэгтэй.
САЛБАРЫН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
13 Салбартай газар болгонд гурав юм уу түүнээс дээш тооны ахлагчаас бүрдсэн салбарын хороо гэж байдаг. Энэ хороо тухайн улс болон түүний харьяанд байдаг улсуудын үйл ажиллагааг зохицуулдаг. Нэг гишүүн нь салбарын хорооны зохицуулагчаар үйлчилдэг.
14 Салбарын хороо хариуцсан нутаг дэвсгэр дэх хурлуудаа хэсэг хэсгээр нь дүүрэг болгон хуваадаг. Хурлуудын байршил, хэсгийн хүмүүсийн ярьдаг хэл, тухайн салбарт харьяалагддаг хурлуудын тооноос хамаарч дүүргүүд хэмжээний хувьд харилцан адилгүй байдаг. Дүүрэг болгонд хурлуудыг хариуцах дүүрэг хариуцагч томилогддог. Дүүрэг хариуцагчийн үүргээ хэрхэн гүйцэтгэх тухай зааврыг салбар мэдүүлдэг.
15 Байгууллага зохион байгуулалттай байдаг нь өөрсдийнх нь төлөө юм гэдгийг хурлын хүмүүс мэддэг. Мөн салбар, дүүрэг, хурлын ажлыг зохицуулахын тулд ахлагчдыг томилдгийг хүлээн зөвшөөрдөг. Итгэмжит ухаалаг боолын цагт нь өгдөг хоол ундыг тэд дуртайяа хүлээн авдаг. Тэгээд ч итгэмжит ухаалаг боол ямар ч үед Христэд захирагдан, Библийн зарчмыг чанд баримталж, Еховагийн агуу хүчээр удирдуулдаг. Хэрэв бид эв нэгдэлтэй хамтран ажилладаг бол I зууны Есүсийн дагалдагчдын эдэлсэн баяр хөөрийг амсана. «Хурлынхны итгэл улам бүр батжиж, тооны хувьд өдрөөс өдөрт нэмэгдэж байлаа» гэж тэдний тухай бичсэн байдаг (Үйлс 16:5).