«Түүний цаг хараахан болоогүй байна»
«Хэн ч Түүнд гар хүрсэнгүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байв» (ИОХАН 7:30).
1. Есүсийн үйл ажиллагаа нь ямар хоёр хүчин зүйлээр тодорхойлогдож байсан бэ?
«ХҮНИЙ Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн билээ» гэж Есүс элч нартаа хэлжээ (Матай 20:28). Мөн тэрбээр ромын захирагч Понти Пилатад хандан: «Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн» гэж хэлсэн (Иохан 18:37). Юуны төлөө үхэхээ болон үхэхээсээ өмнө юу хийх хэрэгтэйгээ Есүс сайн мэдэж байлаа. Мөн тэрчлэн даалгавраа биелүүлэхэд нь хичнээн хугацаа үлдээд байгааг ч мэдэж байв. Тэрбээр дэлхий дээр Мессиагаар ердөө гурван жил хагасын хугацаанд үйлчлэх ёстой байв. Энэ үйлчлэл нь зөгнөн хэлэгдсэн бэлэгдлийн 70 «долоон хоногийн» эхээр, (МЭ 29 онд) Иордан голд Есүсийн баптисм хүртсэнээр эхэлсэн ба тэрхүү «долоон хоногийн» дунд хэсэгт (МЭ 33 онд) тарчлаах шонд үхсэн үхлээр нь төгссөн (Даниел 9:24–27; Матай 3:16, 17; 20:17–19). Эндээс Есүсийн дэлхий дээрх үйл ажиллагаа нь үндсэндээ түүний дэлхийд ирсэн зорилго ба цагийг мэдрэх мэдрэмж гэсэн хоёр хүчин зүйлээр тодорхойлогдож байсан нь харагдаж байна.
2. Евангелид Есүс Христийг ямар байдлаар гаргасан байдаг вэ? Тэрбээр даалгаврынхаа чухлыг санаж байгаагаа хэрхэн харуулсан бэ?
2 Есүсийг олон гайхамшиг үйлдэн, Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг тунхаглаж, Палестин даяар явж байсан хичээл зүтгэлтэй хүн байсныг Евангелид («Матай», «Лук», «Марк», «Иохан») тод томруун гаргасан байдаг. Есүсийн эрчимтэй үйлчилж эхлэх цаг дөхөөд байсан тэр үед түүний тухай: «Түүний цаг нь болоогүй байв» гэж бичсэн байдаг. Есүс өөрөө: «Миний цаг гүйцээгүй байна» гэж хэлсэн. Өөрийнх нь үйлчлэл дуусах тэр үед Есүс «цаг нь ирлээ» гэж хэлжээ (Иохан 7:8, 30; 12:23). Есүс тахил болгон үхэх хэрэг явдлыг нь өөртөө багтаасан даалгавраа биелүүлэхэд нь товлон тогтоосон «цаг» буюу хугацааг санаж байсан билээ. Энэ нь түүнийг юу ярьж, юу хийхэд нь нөлөөлсөн нь эргэлзээгүй. Бид үүнийг ойлгосноор «мөрөөр» нь илүү бат найдвартай явахад маань туслах түүний хувийн онцлог ба сэтгэлгээнийх нь талаар төсөөлөлтэй болно (1 Петр 2:21).
Бурхны хүсэл тааллыг биелүүлэх шийдэмгий байдал
3, 4. а) Канад болсон хуримын найран дээр юу болсон бэ? б) Дарс дууссантай холбогдуулан хэлсэн Мариагийн саналд Есүс ямар учраас татгалзсан бэ? Эндээс бид ямар сургамж авч болох вэ?
3 МЭ 29 он болжээ. Есүс өөрөө анхны дагалдагчдаа сонгож авснаас хойш дөнгөж хэдхэн өдөр өнгөрөөд байв. Тэд Галилын Кана тосгонд болсон хуримд бүгд хүрэлцэн иржээ. Есүсийн эх Мариа хуримд мөн ирсэн байв. Гэтэл дарс дуусчихжээ. Тэр дутууг Есүс яаж ийгээд дүүргээсэй гэж хүссэндээ Мариа хүүдээ хандан: «Тэд дарсгүй болов» гэж хэлжээ. Харин ариуд нь Есүс: «Эмэгтэй, надад ч, танд ч ямар хамаа байна? Миний цаг хараахан болоогүй байна» гэжээ (Иохан 1:35–51; 2:1–4).
4 «Эмэгтэй, надад ч, танд ч ямар хамаа байна?» гэж хариулсан Есүсийн хариулт бол ямар нэгэн зөвлөгөө юм уу саналд татгалзаж байгаагаа илэрхийлсэн асуултын эртний хэлбэр юм. Есүс ямар учраас Мариад татгалзсан бэ? Тэр 30 настай байлаа. Есүс хэдхэн өдрийн өмнө баптисм хүртэж, ариун сүнсээр тослогдсон бөгөөд Баптисм хүртээгч Иохан түүнийг «ертөнцийн нүглийг үүрэгч Бурхны Хурга» гэж хэлсэн билээ (Иохан 1:29–34; Лук 3:21–23). Тийм болохоор тэр өөрийг нь илгээсэн Дээд эрх Баригчийн удирдлагыг авах ёстой байв (1 Коринт 11:3). Есүсийн дэлхий дээр гүйцэтгэхээр ирсэн тэр ажил хэрэгт нь хэн ч, тэр ч байтугай ойр дотных нь төрөл садангуудаас ч саад болох ёсгүй байв. Мариагийн асуултад Есүсийн хэрхэн хариулснаас нь Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлэх түүний ямар хатуу шийдэмгий байдал харагдана вэ! Бид ч Бурхны өмнө хүлээсэн «үүргээ» биелүүлэхэд эцсээ хүртэл шийдэмгий байцгаая (Номлогчийн үгс 12:13, ШЕ).
5. Есүс Христ Канад ямар гайхамшиг үйлдсэн бэ? Энэ нь бусдад яаж нөлөөлсөн бэ?
5 Хүүгийнхээ юу хэлснийг ойлгосон Мариа тэр дороо хажуу тийшээ эргэн зарц нарт хандаж: «Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий» гэж хэлжээ. Тэгээд Есүс тэднийг хүнд байдлаас аварсан. Тэрбээр зарц нарт торхнуудыг усаар дүүргэхийг тушаасан бөгөөд тэр усыг гайхалтай сайхан дарс болгон хувиргажээ. Тийнхүү Бурхны сүнс өөрт нь байгаагийн шинж болсон гайхамшиг үйлдэх чадвараа Есүс анх удаагаа харуулсан. Энэ гайхамшгийг үзээд шинэхэн дагалдагчдын итгэл бэхжсэн байна (Иохан 2:5–11).
Еховагийн гэрийн төлөөх зүтгэл
6. Иерусалимын сүм дотор үзсэн юмс нь ямар учраас Есүсийн дургүйг хүргэсэн бэ? Тэр ямар арга хэмжээ авсан бэ?
6 МЭ 30 оны хавар болж, Есүс дагалдагч нартайгаа Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэхээр Иерусалимд хүрэлцэн ирэв. Тэнд шавь нар нь Багшийгаа урьд өмнө хэзээ ч гаргаж байгаагүй зан гаргахыг үзжээ. Шунахай сэтгэлтэй иудей худалдаачид сүм дотор тахилын амьтан, шувуу зарж байлаа. Тэд иудейн үнэнч шүтлэгтнүүдээс их хэжээний үнэ шаардаж байв. Дургүй нь хүрсэн Есүс зүгээр байж чадсангүй. Тэрбээр дээсээр шилбүүр хийж, худалдаачдыг тэндээс хөөж гаргав. Мөнгө солигчдын зооснуудыг тараан хаяж, ширээг нь хөмрүүлэв. Тагтаа худалдаж байсан хүмүүст: «Энэ юмнуудаа зайлуул» гэж хэлэв. Шавь нар нь Есүсийн зүтгэлийг хараад: «Таны гэрийн төлөөх зүтгэл Намайг залгих болно» гэсэн Бурхны Хүүгийн тухай зөгнөлийг санацгаажээ (Иохан 2:13–17; Дуулал 69:9). Бид ч мөн адил шүтлэгийг маань бузарлах боломжтой ертөнцийн нөлөөллөөс өөрсдийгөө хамгаалахын тулд зүтгэл гаргах ёстой.
7. а) Никодемийг Мессиа дээр ирэхэд юу нөлөөлсөн бэ? б) Есүсийн, самари эмэгтэйд гэрчилснээс бид ямар сургамж авч болох вэ?
7 Есүс Иерусалимд гайхамшигтай тэмдгүүдийг үйлдсэнээс болоод олон хүн түүнд итгэжээ. Есүс, улам ихийг мэдэх хүсэлд автан, шөнийн цагаар өөр дээр нь ирдэг, Синедрион буюу иудейн дээд шүүхийн гишүүн Никодемд хүртэл гүн сэтгэгдэл төрүүлжээ. Дараа нь Есүс шавь нартайгаа хамт «иудейн нутагт» найман сар орчим дэлгэрүүлэн, дагалдагчид бэлтгэв. Харин Баптисм хүртээгч Иоханыг шоронд хорьсны дараа тэд Иудейгаас Галил уруу явжээ. Самари нутгаар дайран өнгөрөхдөө Есүс нэгэн самари эмэгтэйд ултай гэрчлэх боломжийг ашигласан. Үүний ачаар олон самари хүн итгэгч болжээ. Бид ч гэсэн Хаанчлалын тухай ярих боломжийг алдахгүй байцгаая (Иохан 2:23; 3:1–22; 4:1–42; Марк 1:4).
Галил нутагт өргөн цар хүрээтэй сургалт явуулсан нь
8. Есүс Галилд ямар ажиллагаа эхэлсэн бэ?
8 Үхэх «цаг» нь болохоос өмнө Есүс тэнгэрийн Эцэгтээ үйлчилж, их зүйлийг хийх хэрэгтэй байлаа. Есүс Галилд Иудей болон Иерусалимд үйлчилснээсээ илүү өргөн цар хүрээтэй үйлчилж эхэлсэн. Тэрбээр «бүх Галилаар явахдаа синагогуудад нь сургаал айлдаж, хаанчлалын сайн мэдээг тунхаглаж, олон түмний доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа» (Матай 4:23). Түүний: «Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна» хэмээсэн уриа дуудлага газар сайгүй цуурайтаж байлаа (Матай 4:17). Хэдэн сарын дараа Баптисм хүртээгч Иоханы хоёр шавь Есүсийн тухай өөрөөс нь асууж мэдэх зорилготой ирэхэд нь Есүс тэр хоёрт: «Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Сохор нь хараа орж, доголон нь алхаж, уяман нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядуу нэгэнд нь сайн мэдээ тунхаглагдав. Надаас болж бүдрээгүй нэг нь ерөөлтэй еэ!» гэж хэлжээ (Лук 7:22, 23).
9. Олон түмэн Есүс Христ уруу цувж байсны учир юу вэ? Эндээс ямар сургамж авч болох вэ?
9 «Түүний тухай зар эргэн тойрон дахь газар тархаж», Галил, Декаполис, Иерусалим, Иудей болон Иордан голын нөгөө эргээс үй олон хүн түүн уруу цувах болов (Лук 4:14, 15; Матай 4:24, 25). Тэдний анхаарлыг түүний зөвхөн өвчнийг эдгээх чадал нь бус, мөн гайхамшигтай сургаал нь татаж байлаа. Түүний мэдээнд хүмүүс татагдан, урамшин зоригжиж байв (Матай 5:1–7:27). Есүсийн үгс сэтгэл татам бөгөөд бахдам сайхан байлаа (Лук 4:22). Тэрбээр Судрын санааг эрх мэдэлтэй юм шиг зааж байсан учраас олон түмэн «Түүний сургаалыг гайхан шагширч» байв (Матай 7:28, 29; Лук 4:32). Тийм хүнд татагдахгүй хэн байх билээ! Үнэнч зүрх сэтгэлтэй хүмүүсийг үнэн уруу татахын тулд заах ур чадвараа хөгжүүлцгээе.
10. Назаарын оршин суугчид Есүсийг алах гэсний учир юу вэ? Ямар учраас энэ оролдлого бүтэлгүйтсэн бэ?
10 Гэвч сонссон болгон Есүсийн үгийг хүлээж аваагүй юм. Үйлчлэлийнхээ бүр эхэн үед төрөлх Назаар хотынхоо синагогт сургаал айлдахад нь түүнийг алах оролдлого хийж байсан билээ. Хотын оршин суугчид түүний «нигүүлслийн үгсийг» шагшин магтаж байсан хэдий ч гайхамшиг үзэхийг хүсэж байв. Гэвч Есүс гайхамшиг үйлдэхийн оронд тэдний амин хувиа хичээсэн хийгээд итгэлгүй байдлыг уудлан илчилж байсан юм. Синагогт байсан хүмүүс уур хилэнд автан, босон харайж, Есүсийг барьж аваад, цохионоос түлхэн унагахаар толгодын орой уруу авч явжээ. Гэвч тэр тэднээс мултран, нуугдаж амжсан юм. Түүний үхэх «цаг» болоогүй байсан ажээ (Лук 4:16–30).
11. а) Шашны зарим удирдагчид ямар зорилгоор Есүсийг сонсдог байсан бэ? б) Есүсийг ямар учраас амралтын өдөр зөрчлөө гэж буруутгасан бэ?
11 Есүсийг дэлгэрүүлэх үед олон түмнээс гадна хуулийн багш нар, фарисайчууд, садукайчууд болон шашны бусад удирдагчид байнга сонсдог байв. Гэхдээ тэдний олонх нь сурч мэдэж авах гэсэндээ бус, харин Есүсээс өө сэв эрж, үгэн дээр нь барьж авах гэсэндээ сонсдог байлаа (Матай 12:38; 16:1; Лук 5:17; 6:1, 2). Тухайлбал, МЭ 31 оны Дээгүүр өнгөрөх баяраар Есүс Иерусалимд ирэхдээ 38 жил өвчтэй байсан хүнийг эдгээжээ. Иудейн шашны удирдагчид Есүсийг амралтын өдөр сахихгүй байна гэж буруутгасан. Есүс хариуд нь: «Миний Эцэг одоо болтол ажилласаар байна. Би ч өөрөө ажиллаж байна» гэж хэлжээ. Есүс өөрийгөө Бурхны Хүү, бас Бурхныг Эцгээ хэмээж байгаа нь бурхан шүтээнийг нь харааж байгаа хэрэг мөн хэмээн иудейчууд түүнийг буруутгасан. Тэд Есүсийг алахыг оролдсон боловч Есүс шавь нараа дагуулаад Иерусалимаас Галил уруу явжээ. Бид ч мөн адил эсэргүүцэгчидтэй дэмий мөргөлдөхөөс зайлсхийх шаардлагатай. Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх хийгээд дагалдагчид бэлтгэх ажилд хүчээ чиглүүлэх нь л чухал (Иохан 5:1–18; 6:1).
12. Галилын нутаг дэвсгэрийг Есүс аль хир нягт нямбай боловсруулсан бэ?
12 Дараагийн жил хагасын хугацаанд үйлчлэх ажлаа Есүс үндсэндээ Галилд явуулсан бөгөөд энэ хугацаанд жилд гурван удаа тэмдэглэдэг иудейн баярт оролцохоор л Иерусалимд ирж байлаа. Есүс Галил нутгаар нийтдээ гурван удаагийн дэлгэрүүлэх аялал зохион байгуулсан. Үүнд: 1) Дөрвөн шинэ дагалдагчийнхаа хамт, 2) Арван хоёр элчтэйгээ, 3) Илүү урт хугацаагаар дэлгэрүүлсэн бөгөөд энэ үеэр мөн сургаж бэлдсэн элч нарыг дэлгэрүүлэх ажлаар илгээсэн. Галилд үнэнийг ямар их өргөн цар хүрээтэй гэрчилж вэ! (Матай 4:18–25; Лук 8:1–3; 9:1–6).
Есүс Иудей болон Пер нутагт зоригтойгоор гэрчилсэн нь
13, 14. а) Иудейчүүд хэзээ Есүсийг барихаар оролдсон бэ? б) Харуулууд Есүсийг яагаад бариагүй вэ?
13 МЭ 32 оны намар болоход Есүсийн «цаг» хараахан болоогүй л байв. Майхан баяр ойртжээ. Тэгтэл дүү нар нь Есүст: «Эндээс холдоод, Иудей уруу яв» гэж хэлжээ. Тэд Есүсийг баяраар Иерусалимд цугласан хүмүүст ер бусын чадвараа харуулаасай гэж хүсэж байлаа. Гэвч Есүс өөрт нь аюул заналхийлж байсныг мэдэж байсан юм. Тиймд тэрбээр дүү нартаа: «Миний цаг гүйцээгүй байгаа тул Би энэ баярт очихгүй» гэж хэлэв (Иохан 7:1–8).
14 Есүс Галилд түр үлдэж хоцорсноо Иерусалим уруу «ил биш, нууцаар» явжээ. Иудейчүүд түүнийг баяр дээр үнэхээр эрж хайн: «Тэр хаана байна?» гэцгээж байлаа. Баяр дундаа орох үед Есүс сүмд орж ирэн, зоригтойгоор сургаж эхлэв. Тэд Есүсийг барьж авах гэж оролджээ. Ингэсэн нь түүнийг шоронд суулгах юм уу, эсвэл алах гэснийх биз. Гэвч «Түүний цаг хараахан болоогүй байсан» учраас тэдний оролдлого бүтэлгүйтсэн билээ. Олон хүн Есүст итгэж эхэлжээ. Тэр ч байтугай түүнийг бариулахаар фарисайчуудын илгээсэн харуулууд нь хүртэл гар хоосон буцаж ирээд: «Энэ хүний ярьж байгаа шиг ярьсан хүн ер үгүй билээ» гэжээ (Иохан 7:9–14, 30–46).
15. Есүсийг чулуугаар чулуудахад иудейчүүдийг юу хатгасан бэ? Есүс дэлгэрүүлэх ямар үйл ажиллагаа өрнүүлсэн бэ?
15 Баярын үеэр Есүс Эцгийнхээ тухай заасан бөгөөд үүнээс болж Есүс болон түүнийг эсэргүүцэгч иудейчүүдийн хоорондох зөрчил улам ширүүсэв. Баярын сүүлчийн өдөр хүн болохоосоо өмнө байсан тухайгаа ярьсан Есүсийн үгэнд хорсон уурласан тэд түүнийг чулуудаж алахаар чулуу шүүрэн авцгаав. Гэвч Есүс амжин нуугдаж, ямар ч гэмтэлгүй, бүрэн бүтнээрээ зугтан оджээ (Иохан 8:12–59). Есүс Иерусалимд дахин эргэж ирэлгүйгээр Иудейд өргөн хэмжээний дэлгэрүүлэх үйл ажиллагааг өрнүүлэв. Тэрбээр 70 дагалдагчийг сонгон авч, заавар сургамж өгөөд, нутаг дэвсгэрийг боловсруулахаар хоёр хоёроор нь илгээжээ. Тэд Есүсийн элч нартайгаа очих ёстой хот, суурин болгоноор угтан явцгаажээ (Лук 10:1–24).
16. Сүмийг шинэтгэн ариусгасны баярын үеэр Есүс ямар аюулаас зайлсан бэ? Ямар үйл ажиллагаа дахин өрнүүлсэн бэ?
16 МЭ 32 оны өвөл болж, Есүийн «цаг» ойртож байлаа. Тэрбээр Иерусалимд Сүмийг шинэтгэн ариусгасны баярт оролцохоор хүрэлцэн иржээ. Иудейчүүд урьдын адил түүнийг алахыг оролдов. Есүсийг сүмийн багануудын хооронд явж байхад нь тэд түүнийг бүслэн авав. Тэд түүнийг дахиад л бурхан шүтээнээ хараан доромжилсон гэдгээр буруутган, цохиж алахаар чулуу авцгаав. Гэвч Есүс урьдын адил зугтааж амжжээ. Үүний дараахан тэрбээр дахин замд гарч, үргэлжлүүлэн заав. Энэ удаад Иордан голын нөгөө эргийн Пер нутгийн хот, тосгодоор явж, сургаалаа айлдав. Олон хүн түүнд итгэж эхэлжээ. Гэвч түүний дотно анд Лазарынх нь тухай мэдээ түүнийг Иудей уруу буцаан авчрав (Лук 13:33; Иохан 10:20–42).
17. а) Есүс Пер нутагт дэлгэрүүлж байхдаа ямар яаралтай мэдээ хүлээж авсан бэ? б) Есүс ирээдүйн үйл хэргийнхээ зорилго болон үйл явдлын цагийн талаар мэдэж байсан гэдэг нь юунаас харагддаг вэ?
17 Тэр яаралтай мэдээг Лазарын дүү нар болох, иудейн тосгон Бетанд амьдардаг Марта, Мариа нар илгээжээ. Мэдээ хүргэгч ирээд: «Эзэн минь, хараач, Таны хайрладаг хүн өвдөв» гэж хэлэв. Есүс хариуд нь: «Энэ өвчин үхэл уруу биш, харин үүгээр Бурхны Хүү алдаршуулагдахын тулд, Бурхны алдрын төлөө юм» гэлээ. Зорилгоо биелүүлэхийн тулд Есүс байсан тэр газраа зориуд хоёр өдөр саатах хэрэгтэй болов. Дараа нь тэрбээр шавь нартаа: «Бүгдээрээ дахиж Иудей уруу явцгаая» гэв. Тэд учрыг нь сайн ойлголгүй: «Рабби, саяхан иудейчүүд Тан уруу чулуу чулуудахаар завдаж байсан. Та тийшээ дахиад явах гэж үү?» гэж асуужээ. Гэвч Есүс «өдрийн цаг» буюу дэлхийд үйлчлүүлэхээр Бурхнаас түүнд оноож өгсөн цаг тун бага үлдээд байгааг ойлгож байлаа. Тэрбээр юуг, ямар учраас хийх ёстойгоо яг таг мэдэж байв (Иохан 11:1–10).
Анзаарахгүй байхын аргагүй гайхамшиг
18. Есүсийг Бетанд ирэхэд нөхцөл байдал ямар байсан бэ? Түүнийг ирсэний дараа юу болсон бэ?
18 Бетанд Есүстэй уулзсан анхны хүн нь Марта байв. Марта түүнд: «Эзэн, та энд байсан бол миний ах үхэхгүй байх байсан» гэж хэлэв. Түүний араас Мариа болон тэднийд ирсэн бүх хүн гарч ирэв. Бүгд уйлж байлаа. Есүс: «Та нар түүнийг хаана тавьсан бэ?» гэж асуув. «Эзэн, ирээд үз» хэмээн тэд хариулав. Тэд амсрыг нь хадаар тагласан агуй болох булш уруу ирэхэд Есүс: «Хадыг зайлуул» гэв. Есүсийн юу хийх гэж байгааг ойлгоогүй Марта татгалзан: «Эзэн, тэр үхээд дөрөв хонож байгаа тул одоо өмхий орсон байгаа» гэж хэлэв. Харин Есүс: «„Хэрэв чи итгэвэл Бурхны алдрыг харна“ гэж Би чамд хэлээгүй бил үү?» гэж асуужээ (Иохан 11:17–40).
19. Есүс Лазарыг дахин амилуулахынхаа өмнө бүгдэд дуулдахаар залбирсны учир юу вэ?
19 Лазарыг оршуулсан булшны амсрыг тагласан хадыг зайлуулахад Есүс хийх гэж байгаа зүйлээ Бурхны хүчээр хийж байгаа юм шүү гэдгийг мэдүүлэхийн тулд бүгдэд дуулдахаар залбирав. Дараа нь Есүс чангаар: «Лазар, гараад ир» гэж дуудав. Лазар хөл гар нь оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой чигээрээ гарч ирэв. «Тайлж, түүнийг явуул» гэж Есүс хэлэв (Иохан 11:41–44).
20. Лазарын дахин амилахыг харсан хүмүүс яасан бэ?
20 Марта Мариа хоёрыг тайтгаруулахаар ирсэн иудейчүүдээс олон хүн энэ гайхамшгийг үзээд Есүст итгэж эхлэв. Зарим нь болсон явдлыг ярихаар фарисайчууд уруу явав. Фарисайчууд яаж хүлээж авсан бэ? Тэд ахлах тахилч нарын хамт Синедрионыг яаралтай зарлан хуралдуулав. Тэд айн сандарч: «Бид юу хийх вэ? Энэ хүн олон тэмдгийг үйлдэж байна. Хэрэв бид Түүнийг ингээд орхивол, бүх хүн түүнд итгэнэ. Тэгвэл ромчууд ирж, манай орныг болон үндэстнийг маань устгана даа» гэцгээв. Харин ахлах тахилч Каиаф тэдэнд: «Та нар юу ч мэдэхгүй, мөн бүх үндэстнээрээ мөхөхгүйн тулд ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэдгийг ч бодохгүй байна» гэж хэлэв. Тэр өдрөөс тэд Есүсийг алахаар шийдэв (Иохан 11:45–53).
21. Лазарыг дахин амилуулсан нь юуны урьтал болсон бэ?
21 Тийнхүү Есүс Бетанд хожуу ирсэн нь анзаарахгүй байхын аргагүй гайхамшиг үйлдэх боломжийг түүнд олгосон. Есүс Бурхнаас хүч аван, үхээд дөрөв хоночихсон хүнийг дахин амилуулсан. Энэ үйл явдал гайхамшиг Үйлдэгчид үхлийн ял оноосон нэр нөлөө бүхий Синедрионыг хүртэл өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрөхөд хүргэжээ. Уг гайхамшиг нь Есүсийн үйлчлэлийн «Түүний цаг хараахан болоогүй байгаа» үеэс «цаг нь болсон» үе уруу шилжих шилжилт болох эргэлтийн цэгийн урьтал болсон.
Та хэрхэн хариулахсан бол?
• Бурхны даалгасан ажлын чухлыг ухамсарлан ойлгож байгаагаа Есүс хэрхэн харуулсан бэ?
• Дарстай холбоотой тавьсан эхийнхээ саналд Есүс яагаад татгалзсан бэ?
• Эсэргүүцэгчидтэйгээ харьцаж байсан Есүсийн харьцаанаас бид ямар сургамж авч болох вэ?
• Лазарын өвдсөнийг мэдсэн тэр даруйдаа Есүс арга хэмжээ авч эхлээгүйн учир юу вэ?