Ах дүүсээ улам их хайрлагтун
«Христ та нарыг хайрласны ... адил хайр дотор яв» (ЕФЕС 5:2).
1. Есүсийн хэлснээр дагалдагчдыг нь таниулах чухал шинж юу вэ?
ЕХОВАГИЙН Гэрчүүд Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг айлаар дэлгэрүүлдэг нэг онцлог шинжтэй. Гэхдээ Христ Есүсийн хэлснээр жинхэнэ шавь нь өөр нэг зүйлээр танигдах ёстой аж. Тэрбээр: «Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна. Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» хэмээжээ (Иох. 13:34, 35).
2, 3. Ах дүүгээ хайрладаг маань цуглаанд ирдэг хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
2 Жинхэнэ христиануудын ах дүүгээ гэсэн хайр нь энэ ертөнцөд хосгүй юм. Соронзон төмрийг татдаг шиг хайр Еховагийн үйлчлэгчдийг нэгтгэж, чин сэтгэлтэй хүмүүсийг жинхэнэ шүтлэг рүү татдаг. Камерунд амьдардаг Марселино гэдэг эрэгтэйд тохиолдсон явдлыг үзье. Тэрбээр ажил дээрээ осолд орж хараагүй болжээ. Тэгтэл түүнийг хараал хийдгээсээ болж сохорчээ гэсэн цуу үг тархжээ. Сүмийнх нь пастор болон бусад гишүүн түүнийг тайвшруулахын оронд сүмээсээ хөөсөн байна. Гэтэл нэг Гэрч Марселиног цуглаанд урьсанд дахиад ад үзэгдэхээс айсан тэрбээр яахаа мэдэхгүй байжээ.
3 Тэрбээр Хаанчлалын танхимд очоод ихэд гайхжээ. Хүмүүс түүнийг халуун дотноор хүлээн авсан бөгөөд Марселино Библийн сургаал сонсоод сэтгэл нь тайвширчээ. Тэрбээр бүх цуглаанд явдаг болж, Библийн тухай мэдлэгээ гүнзгийрүүлсээр 2006 онд баптисм хүртсэн байна. Одоо гэр бүлийнхэн болон айл саахалтынхантайгаа Библийн үнэнийг хуваалцаж байгаа бөгөөд Библийн хэд хэдэн хичээлтэй болжээ. Өөртэй нь Библийн хичээл хийдэг хүмүүс Бурхны ард түмэн бие биеэ хэрхэн хайрладгийг өөрийнх нь адилаар биеэрээ үзээсэй гэж Марселино хүсдэг аж.
4. «Хайр дотор яв» хэмээсэн Паулын зөвлөгөөг сахих ёстойн учир юу вэ?
4 Ах дүүгээ хайрлах хайр хүмүүсийн сэтгэлийг татдаг нь үнэн. Гэхдээ бид хар аяндаа бие биедээ хайртай болчихдог юм биш ээ. Хүйтэн зэврүүн үдэш түүдэг гал дулаан илчээрээ хүмүүсийг татдаг. Гэхдээ дулаацаж суугаа хүмүүс мод нэмэхгүй бол галын илч харина. Үүнтэй адилаар, итгэл нэгтнүүдээ улам их хайрлахыг дор бүрнээ хичээх эс аваас хурал дахь хайрын холбоосны эрч харина. Тэгвэл яах хэрэгтэй вэ? Элч Паул: «Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дотор яв» гэж зөвлөжээ (Ефес 5:2). Тиймээс, «Хайр дотор яаж явах вэ?» гэсэн асуултыг авч үзье.
«Та нар ч гэсэн өргөнөөр нээлттэй бай»
5, 6. Паул ямар учраас Коринтын христиануудад «өргөнөөр нээлттэй» байхыг уриалсан бэ?
5 Элч Паул эртний Коринт хотын христиануудад: «Коринтчууд аа, бид та нартай чөлөөтэй ярьсан. Бидний зүрх өргөнөөр нээгдсэн байна. Та нар бидэн дотор баригдаагүй [«хайраар дутаагүй», ШЕ]. Харин та нар дотроо баригдсан [«хайраар дутсан», ШЕ] аж. Хариуд нь: „Та нар ч гэсэн өргөнөөр нээлттэй бай“ гэж би хүүхдүүддээ хэлдэгчлэн та нарт хэлж байна» гэж бичжээ (2 Кор. 6:11–13). Паул ямар учраас коринтчуудад хайр дотор өргөнөөр нээлттэй байхыг уриалсан юм бол?
6 Эртний Коринт хотын христиан хурал хэрхэн бий болсныг санацгаая. Паул МЭ 50 оны намар Коринт хотод дэлгэрүүлж эхэлжээ. Тэрбээр эсэргүүцэл хавчлагаас шантралгүй дэлгэрүүлж байлаа. Удалгүй тэр хотын олон хүн сайн мэдээнд итгэжээ. Паул шинэхэн байгуулагдсан хурлыг сургаж, бэхжүүлэх гэж «жил зургаан сар» бие сэтгэлээ зориулахдаа Коринтын христиануудыг их хайрладаг болсон нь гарцаагүй (Үйлс 18:5, 6, 9–11). Тэд ч хариуд нь Паулыг хайрлаж, хүндэтгэх учиртай байв. Гэвч зарим христиан түүнээс хөндийрчээ. Нэг хэсэг нь Паулын өгсөн илэн далангүй зөвлөгөөнд дургүйцсэн байж болох юм (1 Кор. 5:1–5; 6:1–10). Бусад нь «хамгийн эрхэм ... элч нарын» гүтгэлэгт итгэсэн байж магадгүй (2 Кор. 11:5, 6). Харин Паул бүх ах, эгч, дүү нь өөрийг нь чин сэтгэлээсээ хайрлаасай гэж хүсэж байлаа. Тиймээс өөртэй нь болон бусадтайгаа дотносож, «өргөнөөр нээлттэй» байхыг тэдэнд уриалжээ.
7. Ах дүүгээ хайрлан «өргөнөөр нээлттэй» байхын тулд яах хэрэгтэй вэ?
7 Тэгвэл бид яадаг вэ? Ах дүүгээ хайрлан «өргөнөөр нээлттэй» байдаг уу? Ер нь, бие биеэ хайрлах нь үе тэнгийн юм уу яс үндэс нэгтэй хүмүүст илүү амар байдаг байх. Бас сонирхол нэгтэй христианууд амралт чөлөөт цагаа бие биетэйгээ хамт өнгөрүүлдэг байж болох юм. Иймэрхүү шалтгаанаар нэг хэсэгтэй нь дотно байдаг атлаа бусдаас нь хөндий байдаг бол «өргөнөөр нээлттэй» байж сурах хэрэгтэй. «Би тэр бүр дотносоод байдаггүй итгэл нэгтнүүдтэйгээ хааяа нэг ч болов хамт дэлгэрүүлэх юм уу чөлөөт цагаа хамт өнгөрүүлэхийг хичээдэг үү? Цуглаанд явдаг болоод удаагүй хүмүүсээс зай барьж, итгэл даах хүн гэдгээ баталсан хойно нь л нөхөрлөнө гэж боддог уу? Хурлынхаа хүүхэд залуустай ч, ахмад настнуудтай ч мэндэлдэг үү?» гэж өөрөөсөө асуух нь ухаалаг юм.
8, 9. Бусадтайгаа мэндлэхэд, цаашлаад итгэл нэгтнүүдээ илүү их хайрладаг болоход Ром 15:7-д байдаг Паулын зөвлөгөө ямар ач тустай вэ?
8 Бие биетэйгээ мэндлэх тухай ярилцъя. Итгэл нэгтнүүддээ зөв хандаж сурахад ромчуудад хэлсэн Паулын үг тусалдаг (Ром 15:7-г уншина уу). Энд «хүлээн авах» гэж орчуулсан грек үг нь «найрсгаар угтах, зочилж хүлээн авах, найз нөхдийн хүрээлэлдээ багтаах» гэсэн утгатай аж. Библийн түүхийг үзэхэд зочломтгой хүн найз нөхдөө ихэд баярлан хүлээж авдаг байжээ. Христ биднийг христиан хуралд хүлээж авсан билээ. Тиймээс итгэл нэгтнүүдээ Есүсийн жишээгээр хүлээж авахыг Паул бидэнд уриалжээ.
9 Цуглаан, чуулганы үеэр бусадтайгаа мэндлэхдээ уулзаагүй удсан юм уу тухтай ярилцаагүй удсан хүмүүсийг илүү анхаарах нь зүйтэй. Тэдэнтэй хэсэг зуур ярилцахад болохгүй нь юу билээ? Дараагийн удаа өөр хүмүүстэй бас тэгж ярилцаж болно шүү дээ. Ингэвэл хэсэг хугацааны дараагаар бараг бүх итгэл нэгтэнтэйгээ ярилцсан байх болно. Гэхдээ ганц өдрийн дотор бүгдтэй нь ярилцаж чадаагүй бол санаа зовох хэрэггүй. Нөгөөтэйгүүр, цуглаан болгон дээр мэндэлсэнгүй гэж бусдад гоморхох хэрэггүй.
10. Хурлын бүх гишүүнд ямар хосгүй боломж олддог вэ? Энэ боломжийг хэрхэн бүрэн дүүрэн ашиглаж болох вэ?
10 Мэндлэх нь бусдыг хүлээн авах эхний алхам юм. Бас сайхан яриа өрнүүлэх, дотносон нөхөрлөхийн эхлэлийг тавьдаг. Жишээ нь, чуулганы үеэр хүмүүстэй танилцаж, ярилцлаа гэхэд тэдэнтэй дахин уулзах хүсэл төрдөг. Хаанчлалын танхим барих болон тусламжийн ажилд оролцдог сайн дурынхан ажлын явцад нэг нэгнийхээ сайн зан чанарыг ажиглаад дотнын найзууд болдог. Насан туршийн найз нөхдийг Еховагийн байгууллагаас олох сайхан боломж үнэхээр их байдаг. Хэрэв бид «өргөнөөр нээлттэй» байвал найз нөхдийнхөө хүрээг тэлж, итгэл нэгтнүүдээ улам их хайрлан, жинхэнэ шүтлэгт нэгдэнэ.
Бусдын төлөө цаг зав гаргах нь
11. Марк 10:13–16-д бичсэнээр, Есүс ямар жишээ үзүүлсэн бэ?
11 Христиан хүн бүр Есүсийг дуурайн бусдад зориулж цаг зав гаргаж байх учиртай. Нэгэн удаа хүмүүс хүүхдүүдээ Есүс дээр авчрах гэтэл шавь нар нь хориглодог. Тэгэхэд Есүсийн яасныг санацгаая. Тэрбээр: «Хүүхдүүдийг Над уруу ирэхийг зөвшөөр. Тэднийг бүү хорь. Учир нь Бурханы хаанчлал тэдэн шиг хүмүүсийнх юм» гэж хэлсэн. Тэгээд «Есүс хүүхдүүдийг тэвэрч, тэдэн дээр мутраа тавиад ерөөв» (Марк 10:13–16). Өөрсдөд нь тийн анхаарал тавьсан Агуу Багшид тэр хүүхдүүд хэчнээн их баярласан бол оо!
12. Өөрсөдтэй маань ярилцах гэсэн хүмүүст саад учруулахгүйн тулд яах нь зүйтэй вэ?
12 Тиймээс христиан хүн бүр: «Би бусдын төлөө цаг зав гаргадаг уу? Эсвэл ямар ч завгүй хүн шиг харагддаг юм биш биз?» гэж өөрөөсөө асуух нь зүйтэй. Гэм хоргүй юм шиг санагддаг зарим нэг зуршил маань ярилцах гэсэн хүнд саад болдог байж мэднэ. Тухайлбал, үргэлж гар утсаар ярих юм уу чихэвч зүүж явах нь ойр хавийнхаа хүмүүст над руу ирэхийн хэрэггүй гэж хэлэхтэй адил байж болох юм. Эсвэл хаа явсан газраа бичил компьютер шагайж явдаг бол хүмүүс биднийг хэнтэй ч ярихыг хүсдэггүй юм байна гэж бодож магадгүй. Мэдээж, «дуугүй байх цаг» байлгүй яах вэ. Гэхдээ хажууд маань хүмүүс байгаа бол «ярих цаг» гэсэн үг (Ном. 3:7). Зарим хүн «Би ганцаараа байх дуртай», «Би ер нь өглөөгүүр дуугүй л байдаг» гэж хэлж болох ч бусадтай нөхөрсгөөр ярилцаж байж л «өөрийнхийг эрдэггүй», бусдыг хайрладаг хүн гэдгээ батална шүү дээ (1 Кор. 13:5).
13. Паул Тимотод христиан ах эгч дүү нартаа хэрхэн ханд гэж захисан бэ?
13 Хурлынхаа бүх хүнийг хүндэтгэхийг Паул залуу Тимотод захисан байдаг (1 Тимот 5:1, 2-ыг уншина уу). Бид ч бас ахмад христиануудыг аав ээж шигээ, залуу христиануудыг ах эгч дүү шигээ үзэх учиртай. Биднийг ийм байвал итгэл нэгтнүүд маань биднээс хэзээ ч цэрвэж халгахгүй.
14. Сүнслэг яриа өрнүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?
14 Хүмүүстэй сүнслэг яриа өрнүүлэх нь тэдний сүнслэг байдалд тустай бөгөөд сэтгэлийг нь сэргээж, баяр баясгалантай болгодог. Нэг салбарт үйлчилдэг Гэрч эрэгтэй бетелчин болсон эхэн үед нь өөртэй нь ярилцах зав чөлөө гаргадаг байсан ахмад бетелчдийг дурсаж явдаг ажээ. Тэдэнтэй ярилцахлаар өөрийгөө Бетелийн гэр бүлийн гишүүн мөн гэж мэдэрдэг байжээ. Одоо тэрбээр тэднийг дуурайн, бусад бетелчинтэй цаг зав гарган ярилцдаг гэнэ.
Эв эеэ олоход даруу зан тусалдаг
15. Христиануудын дунд санал зөрөлдөөн гардгийг юу харуулдаг вэ?
15 Эртний Филиппой хотын христиан хурлын гишүүн Юодиа Сунтухе хоёрын дунд шийдэхэд төвөгтэй маргаан гарч байсан бололтой (Флп. 4:2, 3). Бас Барнаб Паул хоёр ширүүн маргалдсан нь бусдад илэрхий болж, тэд нэг хэсэгтээ салж явцгаасан юм (Үйлс 15:37–39). Эдгээрийг бодож үзвэл жинхэнэ христиануудын дунд ч санал зөрөх үе гардаг байна. Еховагийн тусламжтайгаар бид маргаанаа шийдэж, нөхөрлөлөө сэргээж чадна. Гэхдээ нэг шаардлагыг хангах ёстой.
16, 17. а) Санал зөрөлдөөнийг шийдвэрлэхэд даруу зан хэр зэрэг чухал бэ? б) Даруу байхын чухлыг Есавтай эвлэрсэн Иаковын жишээ хэрхэн ойлгуулдаг вэ?
16 Таныг найзтайгаа цуг машинаар аялалд гарах боллоо гэж бодъё. Түлхүүргүй бол машиныг асааж, замд гарна гэж санах ч хэрэггүй. Санал зөрөлдөөнийг шийдвэрлэхэд ч түлхүүр хэрэг болдог. Тэр түлхүүр нь даруу зан юм (Иаков 4:10-ыг уншина уу). Санал зөрөлдсөн хүмүүс чухам тэр түлхүүрийн тусламжтайгаар Библийн зарчмыг хэрэгжүүлж болдгийг дараах жишээ харуулдаг.
17 Есав ууган хүүгийн эрхээ ихрийн өрөөсөн, дүү Иаковт алдсандаа өширхөн, түүнийг алахыг санаархаж байсан тэр цагаас хойш хорин жил өнгөрсөн байлаа. Гэтэл ах дүү хоёр дахин уулзахаар болоход «Иаков ихэд айн, сэтгэлийн дарамтанд оров». Учир нь тэрбээр өөрийгөө Есавын гарт амь үрэгдэж таарах байх гэж бодож байв. Гэхдээ ахтайгаа нүүр тулан уулзахдаа санаанд нь оромгүй зүйл хийжээ. Тэрбээр «долоон удаа газарт мөргөөд» «дөхөж очтол» «Есав гүйж ирээд, түүнийг тэврэн хүзүүдэж үнсээд, хоёулаа уйлалдав». Ийнхүү ах дүү хоёр эв эеэ олжээ. Хэрэв Есав эвлэрэх хүртлээ Иаковыг үзэн ядаж байжээ гэвэл дүүгийнхээ даруу занд уярсан байж таарна (Эх. 27:41; 32:3–8; 33:3, 4).
18, 19. а) Маргаан гарахад Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэх санаачилга гаргах нь ямар учраас амин чухал бэ? б) Нөгөө хүн эхэндээ нааштай хандахгүй байлаа ч шантрах хэрэггүйн учир юу вэ?
18 Санал зөрөлдөөн, маргааныг шийдэхэд тустай олон сайхан зөвлөгөө Библид байдаг (Мат. 5:23, 24; 18:15–17; Ефес 4:26, 27).a Гэхдээ даруу байж тэдгээрийг дагахгүй бол эв эеэ олоход амаргүй. Өөрөө түлхүүртэй атлаа нөгөө хүнийхээ даруу байхыг харах гэж хүлээх нь маргааныг шийдэх арга биш ээ.
19 Эв эеэ олох гэж оролдсон ч, ямар нэг шалтгааны улмаас үр дүнд хүрэхгүй бол шантрах хэрэггүй. Нөгөө хүн тэр даруйдаа тайвшрахгүй байж болох юм. Жишээ нь, Иосефт шударга бус зан гаргадаг байсан ах нар нь олон жилийн дараа түүнийг Египетийн ерөнхий сайд болсон хойно нь уулзсан бөгөөд бүр хожим л түүнд сайнаар хандаж, уучлал гуйдаг. Иосеф ч тэднийг уучилдаг. Ийнхүү Иаковын хөвгүүд Еховагийн нэрийг авч явах завшаантай нэгэн үндэстэн болсон түүхтэй (Эх. 50:15–21). Бид итгэл нэгтнүүдтэйгээ эв эетэй байвал хурлынхаа эв нэгдлийг хадгалж, баяр баясгалантай байна (Колоссай 3:12–14-ийг уншина уу).
«Ажил үйлс, үнэнээр» хайрлацгаая
20, 21. Есүс элч нарынхаа хөлийг угаасан нь бидэнд ямар сургамжтай вэ?
20 Есүс үхэхээсээ өмнөхөн 12 элчийнхээ хөлийг угаасныхаа дараа: «Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм» хэмээн хэлжээ (Иох. 13:15). Энэ нь ёс заншил сахисан юм уу сайхан сэтгэл гаргасан төдий хэрэг биш байв. Есүс элч нарынхаа хөлийг угаасан тухай Иоханы тэмдэглэл «Есүс ... дэлхийд байгаа Өөрийн хүмүүсийг хайрлан, тэднийг эцэст нь хүртэл хайрлав» гэж эхэлдэг (Иох. 13:1). Тэгэхлээр, Есүс боол хүний ажлыг хийсний гол учир нь шавь нараа хайрлах хайрандаа хөтлөгдсөнийх ажээ. Тиймээс шавь нар нь хайрын сэтгэлээр бие биедээ даруухнаар үйлчлэх учиртай байлаа. Бид ч бас ах дүүгээ хайрлах чин сэтгэлийн улмаас бүх итгэл нэгтэндээ анхаарал халамж тавих учиртай.
21 Бурхны Хүү Есүс яагаад хөлийг нь угаасны учрыг ойлгосон элч Петр: «Та нар үнэнд дуулгавартай байснаараа сэтгэлээ ариусгаж, чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болсон учир бие биеэ зүрх сэтгэлээсээ халуунаар хайрлагтун» гэж бичсэн байдаг (1 Петр 1:22). Есүсээр хөлөө угаалгасан бас нэг хүн болох элч Иохан: «Бяцхан хүүхдүүд ээ, бид үг хэлээр бус, харин ажил үйлс, үнэнээр хайрлацгаая» хэмээжээ (1 Иох. 3:18). Бүгдээрээ ах дүүгээ чин сэтгэлээсээ хайрладгаа үйл хэргээр батлан харуулцгаая!
[Зүүлт]
a «Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага» номын 144–150-р хуудсыг үзнэ үү (англи).
Санаж байна уу?
• Итгэл нэгтнүүдээ хайрлан «өргөнөөр нээлттэй» байхын тулд яах хэрэгтэй вэ?
• Бусдын төлөө цаг зав гаргахын тулд яах хэрэгтэй вэ?
• Эв эеийг олоход даруу зан ямар үүрэгтэй вэ?
• Итгэл нэгтнүүддээ анхаарал халамж тавих хүслийг юу төрүүлэх ёстой вэ?
[21-р хуудасны зураг]
Итгэл нэгтнүүдээ халуун дотноор хүлээн авцгаая
[23-р хуудасны зураг]
Бусдын төлөө цаг зав гаргах боломжийг бүү алдаарай