Еховад өөрийгөө зориулахын учир
«Урьд шөнө миний харьяалагддаг ... Бурханы нэгэн тэнгэр элч өмнө минь зогсов» (ҮЙЛС 27:23).
1. Баптисм хүртэхээсээ өмнө ямар ямар алхам хийсэн байх хэрэгтэй вэ? Ямар асуултууд гарч байна вэ?
«ТА урьд үйлдэж байсан нүглээ Есүсийн золих тахилын үндсэн дээр гэмшиж, Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхээр түүнд өөрийгөө зориулсан уу?» Энэ бол баптисм хүртэх хүмүүст зориулсан илтгэлийн эцэст асуудаг хоёр асуултын нэг юм. Жинхэнэ христианууд ямар учраас Еховад өөрийгөө зориулдаг вэ? Бурханд өөрийгөө зориулахын ач тус юу вэ? Бурханд өөрийгөө зориулахгүйгээр таалалд нь нийцүүлэн шүтэх аргагүй юу? Эдгээр асуултын хариуг ойлгохын тулд Бурханд өөрийгөө зориулах гэж юу гэсэн үг болохыг эхлээд авч үзье.
2. Еховад өөрийгөө зориулах гэж юу гэсэн үг вэ?
2 Бурханд өөрийгөө зориулах гэж юу гэсэн үг вэ? Элч Паул Бурхантай тогтоосон харьцааныхаа талаар юу гэж хэлснийг анхааръя. Тэрбээр сүйрэх гэж байсан хөлөг онгоцонд байсан хүмүүст Еховаг «миний харьяалагддаг Бурхан» хэмээжээ (Үйлс 27:22–24-ийг уншина уу). Жинхэнэ христианууд бүгдээрээ Еховагийнх. Харин ертөнц бүхэлдээ «муу нэгний дотор байдаг» (1 Иох. 5:19). Еховад залбиран таалалд нь нийцүүлэн өөрийгөө зориулсан хүн Еховагийнх болдог. Ингэж Бурханд өөрийгөө зориулах нь хувь хүний өөрийнх нь амлалт юм. Өөрийгөө зориулсны дараа баптисм хүртэх нь зүйтэй.
3. Есүс баптисм хүртсэн нь ямар учиртай байсан бэ? Есүсийн дагалдагчид үлгэр жишээг нь хэрхэн дуурайдаг вэ?
3 Есүс Бурхны хүсэл тааллыг биелүүлнэ гэсэн хувийн шийдвэр гарган бидэнд үлгэр жишээ үзүүлсэн. Тэрбээр израиль үндэстэн буюу Бурханд өөрсдийгөө зориулсан хүмүүсийн нэг болж төрсөн учир төрөхөөсөө Бурханд өөрийгөө зориулчихсан байсан. Тиймээс Есүсийн хувьд өөрийгөө зориулснаа харуулах гэж баптисм хүртэх зайлшгүй шаардлага байгаагүй. Есүс: «Үзэгтүн. Бурхан минь, Таны хүслийг үйлдэхээр Би ирлээ» гэж хэлсэн нь Бурхны Үгэнд байдаг (Евр. 10:7; Лук 3:21). Тэгэхлээр Есүс баптисм хүртсэн нь Бурхан Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлэхэд бэлэн байгаагаа батлан харуулсан хэрэг байв. Есүсийн дагалдагчид ч бас баптисм хүртэн үлгэр жишээг нь дуурайдаг. Гэхдээ тэдний хувьд баптисм хүртэх нь өөрийгөө зориулах хувийн шийдвэрээ Бурханд залбирч хэлсэн гэдгээ олон нийтэд харуулж байгаа хэрэг юм.
Бурханд өөрийгөө зориулах нь бидэнд тустай
4. Давид Ионатан хоёрын нөхөрлөлөөс үнэнч байх талаар юу ойлгож болох вэ?
4 Христиан ёсоор Бурханд өөрийгөө зориулах нь туйлын чухал алхам юм. Энэ нь ердөө л үнэнч байх гэсэн үг биш ээ. Тэгвэл Бурханд өөрийгөө зориулахын ач тус юу вэ? Үүнийг ойлгохын тулд хүмүүс бие биедээ үнэнч байснаар ямар ач тус хүртдэгийг авч үзье. Тухайлбал, найз нөхдийн харьцааг жишээ болгоё. Найз нөхөдтэй байхын ач тусыг үзье гэвэл та өөрөө ч гэсэн найз байхын хариуцлагыг ухамсарлах ёстой. Өөрөөр хэлбэл, анд нөхөртөө үнэнч байж, санаа тавих үүрэг хүлээнэ гэсэн үг. Библид бичигдсэн гайхамшигтай нөхөрлөлийн нэг жишээг Давид Ионатан хоёр үзүүлжээ. Тэд бие биетэйгээ бүр нөхөрлөлийн гэрээ байгуулсан байдаг (1 Самеул 17:57; 18:1, 3-ыг уншина уу). Тэдэн шиг үнэнчээр нөхөрлөдөг хүмүүс ховор боловч анд нөхөр байхын үүрэг хариуцлагыг ухамсарладаг хүмүүсийн нөхөрлөл бат бөх байдаг (Сур. 17:17; 18:24).
5. Боол насан туршдаа нэг эзэнд харьяалагдах нь ямар ач тустай байсан бэ?
5 Үнэнч байснаар ач тус хүртэж болох бас нэг харилцааг израильчуудад өгсөн Бурхны Хуульд тусгасан байв. Хэрэв боол насан туршдаа нэг сайн эзэнд харьяалагдаж, сэтгэл амар амьдрахыг хүсвэл эзэнтэйгээ насан туршийн гэрээ байгуулах ёстой байжээ. Хуульд: «Хэрэв боол „Би эзэндээ болон эхнэр, хүүхдүүддээ хайртай. Би чөлөөлөгдөж явахгүй“ гэж үнэхээр хэлбэл, эзэн нь түүнийг Бурханы өмнө авч очоод, дараа нь түүнийг хаалга эсвэл хатавчинд аваач. Эзэн нь түүний чихийг шөвгөөр цоолж, тэр насан турш эзэндээ үйлчлэх ёстой» гэж заасан байв (Ег. 21:5, 6).
6, 7. а) Хүмүүс бие биедээ үнэнч байж, үүрэг хариуцлага хүлээснээр ямар ач тус хүртдэг вэ? б) Үүнийг бодож үзвэл Еховатай тогтоосон харьцааны тухайд юу хэлж болох вэ?
6 Гэр бүлийн харьцаанд ч бас хүмүүс бие биедээ үнэнч байж, үүрэг хариуцлага хүлээдэг. Гэхдээ энэ нь ямар нэг гэрээнд бус, харин хүнд үнэнч байж, үүрэг хариуцлага хүлээнэ гэсэн үг. Гэрлэхгүйгээр хамтран амьдардаг хүмүүс өөрсдөө ч, хүүхдүүд нь ч жинхэнэ утгаар сэтгэл амар амьдрах боломжгүй байдаг. Харин гэрлэлтийг хүндэлдэг, амласан ёсоороо бие биедээ үнэнч байдаг хосод гэр бүлд нь гарсан бэрхшээлийг хайраар даван туулах хүслийг Библи төрүүлдэг (Мат. 19:5, 6; 1 Кор. 13:7, 8; Евр. 13:4).
7 Бизнес болон хөдөлмөр эрхлэх асуудлаар гэрээ байгуулахын ач тустайг харуулах жишээ Библид бас бий (Мат. 20:1, 2, 8). Гэрээ байгуулах нь өнөөдөр ч ач холбогдолтой. Тухайлбал, бизнес хамтарч эрхлэх юм уу ажилд орохоосоо өмнө бичгээр гэрээ байгуулж, харилцан хүлээх үүргээ тодорхойлох нь тустай. Тэгэхлээр, үнэнч байж, үүрэг хариуцлага хүлээх нь анд нөхөд, гэр бүл, ажил эрхлэгч болон ажил олгогчийн харьцааг сайжруулдаг юм бол Еховад өөрийгөө чин сэтгэлээсээ зориулах нь Еховатай тогтоосон харьцааг маань бүр ч бататгана шүү дээ. Одоо, Ехова Бурханд өөрийгөө зориулах нь эрт цагийн хүмүүст ямар ач тустай байсныг үзээд, Бурханд өөрийгөө зориулах нь үнэнч байхаа амлахаас илүү өргөн хүрээтэй ойлголт гэдгийг ярилцъя.
Израильчууд Бурханд өөрийгөө зориулахын ач тусыг хүртсэн нь
8. Бурханд өөрийгөө зориулах нь израильчуудын хувьд юу гэсэн үг байсан бэ?
8 Израиль үндэстэн нийтээрээ Бурханд ам өчиг өгөн Еховад өөрийгөө зориулсан үндэстэн болсон. Ехова тэднийг Синаи ууланд цуглуулаад: «Хэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмний дундах Миний эзэмшил болно» гэхэд тэд: «ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ» гэж санал нэгтэйгээр хэлжээ (Ег. 19:4–8). Израильчуудын хувьд Бурханд өөрийгөө зориулсан үндэстэн байх нь ердөө л амлалт өгсөн төдий хэрэг биш байв. Тэд Еховад өөрсдийгөө зориулснаар Еховад харьяалагддаг болсон бөгөөд Ехова ч тэднийг онцгой «эзэмшлээ» гэж үзэх болсон.
9. Еховад харьяалагдах нь израильчуудад ямар ач тустай байсан бэ?
9 Еховагийн харьяат байх нь израильчуудад ач тустай байжээ. Ехова тэдэнд үнэнч байж, үр хүүхдээ гэсэн эцгийн хайраар хайрлаж байсан. Тэрбээр израильчуудад: «Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж чадах уу? Төрүүлсэн хөвгүүнээ энэрэхгүй байж чадах уу? Хэдийгээр тэр мартаж болох ч, Би чамайг мартахгүй» гэж хэлсэн (Ис. 49:15). Бурхан тэднийг Хуулиараа удирдаж, зөнчдөөрөө зоригжуулж, тэнгэр элчүүдээрээ хамгаалуулж байсан. Нэгэн дуулалч: «Тэр Өөрийн үгийг Иаковд, Өөрийн зарлиг ба тогтоолуудыг Израильд тунхагладаг. Тэр өөр аль ч үндэстэнд ийнхүү хандаагүй» хэмээжээ (Дуу. 147:19, 20; Дуулал 34:7, 19; 48:14-ийг уншина уу). Ехова эрт цагт өөрт нь харьяалагдаж байсан үндэстнийг халамжилж байсан шигээ өнөөдөр ч өөрийгөө зориулдаг хүмүүсийг халамжилдаг.
Бурханд өөрсдийгөө зориулдгийн маань учир
10, 11. Бид Бурхны орчлонт ертөнц дэх гэр бүлд багтах эрхгүй хүмүүс болж төрсөн гэхийн учрыг тайлбарлана уу.
10 Христиан ёсоор Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэх тухай яригдахлаар зарим хүн «Өөрийгөө зориулахгүйгээр Бурхныг шүтэж яагаад болохгүй гэж?» хэмээн боддог байж болох юм. Одоо бид Бурхны нүдэнд ямар байдгаа бодож үзвэл өөрийгөө зориулах ёстойн учрыг ойлгоно. Бид Адамын нүглийн улмаас Бурхны гэр бүлд багтах эрхгүй хүмүүс болж төрсөн (Ром 3:23; 5:12). Иймээс Бурхны орчлонт ертөнц дэх гэр бүлд багтахын тулд хангах ёстой нэг чухал шаардлага бол өөрийгөө зориулах явдал юм. Энэ талаар дэлгэрэнгүй ярилцъя.
11 Бурхан хүмүүст өгөх гэсэн мөнх амийг үр хүүхдэдээ өвлүүлж чадах хүн нэг ч байхгүй (1 Тим. 6:19). Анхны хос нүгэл үйлдсэн тэр цагаас хүн төрөлхтөн халамжит Эцэг, Бүтээгчээсээ хөндийрсөн учир бид Бурхны хөвгүүд биш юм (Дэд хууль 32:5-тай харьцуулна уу). Хүн төрөлхтөн тэр л үеэс Еховагийн орчлонт ертөнц дэх гэр бүлээс тусгаарлагдан, Бурхнаас хөндий амьдарч байна.
12. а) Төгс бус хүн яавал Бурхны гэр бүлийн гишүүн болдог вэ? б) Баптисм хүртэхээсээ өмнө ямар ямар алхам хийх ёстой вэ?
12 Гэхдээ гэр бүлдээ хүлээж авахыг дор бүрнээ Бурхнаас гуйх боломж бидэнд бий. Энэ гэр бүлд нь сайшаагдсан үйлчлэгчид нь ордогa. Бидэн шиг нүгэлтэй хүмүүст тийм боломж үнэхээр байдаг гэж үү? Элч Паул: «Бид дайснууд байхдаа Хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрүүлэгдсэн» гэж бичсэн (Ром 5:10). Бид Бурханд сайшаагдахын тулд баптисм хүртэн «сайн мөс чанар» гуйдаг (1 Петр 3:21). Гэвч баптисм хүртэхээсээ өмнө хийх ёстой тодорхой алхам бий. Өөрөөр хэлбэл, Бурхны тухай мэдэх, Бурханд итгэж найдаж сурах, гэмших, амьдралын хэв маягаа өөрчлөх ёстой (Иох. 17:3; Үйлс 3:19; Евр. 11:6). Гэхдээ Бурхны гэр бүлд багтахын тулд хийх ёстой бас нэг алхам байдаг. Чухам юу вэ?
13. Үйлчлэгчдээс нь бүрддэг Бурхны гэр бүлд багтахын тулд Бурханд өөрийгөө зориулна гэж амлах хэрэгтэйн учир юу вэ?
13 Бурхнаас хөндий явсан хүн сайшаагдсан үйлчлэгчдийг нь багтаадаг тэр гэр бүлийн гишүүн болохын тулд эхлээд Бурханд нэг онцгой амлалт өгөх ёстой. Үүнийг ойлгоход дараах жишээ тусална. Олны хүндэтгэл хүлээдэг нэгэн эцэг өнчин хүүд сайхан сэтгэл гарган гэр бүлийнхээ гишүүн болгохыг хүсжээ гэж бодъё. Хэдийгээр тэр эцэг сайн хүн боловч хүүг үрчилж авахаасаа өмнө түүнийг нэг амлалт аваасай гэж хүсжээ. Тэгээд: «Би чамайг хүүгээ болгохоосоо өмнө намайг эцгээ гэж хайрлаж, хүндэтгэх эсэхийг чинь мэдмээр байна» гэж хэлжээ. Хэрэв өнчин хүүг дуртайяа амлавал гэр бүлдээ хүлээж авах аж. Ингэх нь зөв биз дээ? Үүнтэй адилаар, Ехова өөрийгөө зориулна гэж дуртайяа амладаг хүмүүсийг л гэр бүлдээ хүлээж авдаг. Библид: «Биеэ Бурханд таалагдах ариун бөгөөд амьд өргөл болгон түүнд зориул» гэж байдаг (Ром 12:1, ШГ).
Хайр ба итгэлийн илэрхийлэл
14. Бурханд өөрийгөө зориулахыг хайрын илэрхийлэл гэж хэлж болохын учир юу вэ?
14 Өөрийгөө зориулна гэж амлах нь Еховаг чин сэтгэлээсээ хайрладгийн илрэл юм. Энэ нь зарим талаараа гэрлэлтийн тангарагтай төстэй. Христиан сүйт залуу ямар ч нөхцөлд сүйт бүсгүйдээ үнэнч байхаа амлан хайраа илэрхийлдэг. Энэ нь үүрэг хариуцлага хүлээх амлалт төдий бус, хүнд өгч буй андгай тангараг юм. Христиан эрэгтэй гэрлэлтийн тангараг өргөхгүй бол сүйт бүсгүйтэйгээ хамт амьдрах аргагүй гэдгийг ойлгодог. Үүнтэй адилаар, өөрийгөө зориулна гэж амлахгүй бол Еховагийн гэр бүлийн гишүүн болж, ач тусыг нь бүрэн хүртэх боломжгүй. Тиймээс, бид хэдий төгс бус боловч Бурханд харьяалагдахыг хүсээд, ямар ч нөхцөлд үнэнч байна гэж шийдсэн учир Бурханд өөрийгөө зориулдаг (Мат. 22:37).
15. Бурханд өөрийгөө зориулах нь итгэлдээ хөтлөгдөж байгаа хэрэг гэж хэлж болохын учир юу вэ?
15 Бурханд өөрийгөө зориулах нь итгэлдээ хөтлөгдөж байгаа хэрэг юм. Ингэж хэлэхийн учир юу вэ? Бид Еховад итгэдэг учир түүнд ойр байх нь сайн гэдэгт эргэлздэггүй (Дуу. 73:28). Бид «буруу, гажууд үеийнхний дотор» амьдардаг учир Бурхантай хамт явах нь амаргүйг ойлгодог. Гэхдээ хүчин чармайлтыг маань дэмжинэ гэсэн Бурхны амлалтад итгэдэг (Флп. 2:15; 4:13). Бид төгс бусаа мэддэг. Гэхдээ Ехова биднийг алдаа гаргахад ч өршөөнгүй хандана гэж итгэдэг (Дуулал 103:13, 14; Ром 7:21–25-ыг уншина уу). Ямагт үнэнч байх шийдвэр гаргасан биднийг Ехова шагнана гэдэгт бас итгэдэг (Иов 27:5).
Бурханд өөрийгөө зориулах нь аз жаргал авчирдаг
16, 17. Еховад өөрийгөө зориулах нь аз жаргал авчирдгийн учир юу вэ?
16 Бурханд өөрийгөө зориулах нь, нэг талаар, өөрийгөө өгч байгаа хэрэг учир аз жаргал авчирдаг. Есүс энэ үнэнийг онцлон тэмдэглэж: «Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй» гэж хэлсэн (Үйлс 20:35). Есүс дэлхийд байхдаа Эцэгтээ үйлчлэн өгөхийн жаргалыг бүрэн дүүрэн эдэлсэн. Тэрбээр амь руу хөтөлдөг замыг олоход нь хүмүүст туслахын тулд амарч тухлах, идэж уухаа хойш тавин, тав тухаа ч золиосолж байв (Иох. 4:34). Есүс Эцгээ баярлуулдагтаа баярладаг байсан. Тэрбээр: «Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг» гэж хэлсэн билээ (Иох. 8:29; Сур. 27:11).
17 Тиймээс Есүс дагалдагчдадаа: «Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр нь өөрийгөө үгүйсгэг» гэж хэлсэн нь яавал сэтгэл хангалуун амьдарч болохыг заасан хэрэг байв (Мат. 16:24). Есүсийн үгийг дагавал Еховатай илүү дотно харьцаатай болно. Тэгвэл бидэнд Есүсээс илүү санаа тавин халамжлах хүн байгаа гэж үү?
18. Еховад өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрах нь өөрийгөө өөр хэн нэгэнд юм уу ямар нэг юманд зориулснаас илүү их аз жаргал авчирдгийн учир юу вэ?
18 Еховад өөрийгөө зориулж, энэ амлалтынхаа дагуу хүсэл тааллыг нь биелүүлж амьдрах нь өөр хэн нэгэнд юм уу ямар нэг юманд өөрийгөө зориулснаас илүү аз жаргал авчирдаг. Жишээ нь, олон хүн эд баялгийн хойноос хөөцөлдөхөд амьдралаа зориулдаг ч жинхэнэ ёсоор аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдардаггүй. Харин Еховад өөрийгөө зориулсан хүн үүрдийн аз жаргалыг олдог (Мат. 6:24). Тэд «Бурханы хамтран зүтгэгч» болсондоо баярладаг. Гэхдээ тэд жирийн нэг ажил албанд бус, талархах сэтгэлтэй Бурханд өөрсдийгөө зориулдаг (1 Кор. 3:9). Өөрсдийгөө золиослон хөдөлмөрлөдөг тэднийг Бурхан хамгийн их үнэлдэг. Түүгээр зогсохгүй, Бурхан үнэнч үйлчлэгчдээ цэл залуу болгоно. Ийнхүү үйлчлэгчид нь Бурхны хайр халамжийн ач тусыг үүрд мөнхөд хүртэнэ (Иов 33:25; Еврей 6:10-ыг уншина уу).
19. Еховад өөрийгөө зориулсан хүн ямар завшаан эдэлдэг вэ?
19 Еховад амьдралаа зориулах нь түүнтэй дотно харьцаатай болгох ач холбогдолтой. Библид: «Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» гэж байдаг шүү дээ (Иак. 4:8; Дуу. 25:14). Еховагийн харьяат болох шийдвэр гаргахад итгэлтэй байж болохын учрыг дараагийн өгүүллээр ярилцъя.
[Зүүлт]
a Есүсийн «өөр хонинууд» мянган жилийн эцэст Бурхны хүүхдүүд болно. Гэхдээ тэд Бурханд өөрсдийгөө зориулсан учир одоо ч Ехова Бурхныг «Эцэг» гэж дуудаж болдог бөгөөд үйлчлэгчдээс нь бүрддэг Бурхны гэр бүлийн гишүүнд зүй ёсоор тооцогддог (Иох. 10:16, ШГ; Ис. 64:8; Мат. 6:9; Илч. 20:5).
Хариулна уу
• Бурханд өөрийгөө зориулах гэж юу гэсэн үг вэ?
• Бурханд өөрийгөө зориулах нь ямар ач тустай вэ?
• Жинхэнэ христианууд ямар учраас Еховад өөрийгөө зориулдаг вэ?
[6-р хуудасны зураг]
Еховад өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрах нь үүрдийн аз жаргал авчирдаг