Зөв шийдвэр гаргах нь
«Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ» (СУР. 3:5).
1, 2. Та шийдвэрээ хэрхэн гаргадаг вэ? Гаргасан шийдвэр тань ямар байдаг вэ?
БИД өдөр бүр олон янзын шийдвэр гаргадаг. Та шийдвэрээ хэрхэн гаргадаг вэ? Хүнээр шийдүүлэх дургүй, юм болгоныг өөрийнхөөрөө шийддэг хүмүүс байдаг. Чухал шийдвэр гаргахаасаа айдаг хүн ч бий. Зарим нь зөвлөгөө бүхий гарын авлага харах юм уу мэргэжлийн хүмүүст ханддаг. Тэр байтугай хэрэгтэй гэсэн зөвлөгөөгөө авахын тулд их мөнгө төлдөг.
2 Зарим зүйлийг шийдэх гэхлээр бидний мэдлээс хэтэрсэн байдаг. Гэхдээ өөрийнхөө таалалд нийцүүлж өөрөө шийдэж болдог юм амьдралд олон бий (Гал. 6:5). Гэсэн хэдий ч гаргасан шийдвэр болгон зөв байдаггүй нь үнэн.
3. Бид юуны ачаар зөв шийдвэр гаргадаг вэ? Шийдвэр гаргах нь тэр бүр амаргүй байдгийн учир юу вэ?
3 Амьдралд тулгардаг олон чухал зүйлийг хэрхэн шийдэхийг Ехова тодорхой зааж өгдөгт баярлах хэрэгтэй. Удирдлага зааврыг нь дагавал Еховагийн таалалд нийцэх, мөн өөрт ач тустай шийдвэр гаргаж чадна. Гэхдээ тулгарах асуудал болгоныг хэрхэн шийдэхийг Бурхны Үгэнд нэг бүрчлэн заагаагүй. Тэгвэл яах вэ? Жишээ нь, хулгай хийж болохгүй гэдгийг бид сайн мэднэ (Еф. 4:28). Чухам юуг хулгай гэх вэ? Үнэхээр хэрэг болсон эсвэл тийм ч үнэтэй биш юмыг эзнийх нь зөвшөөрөлгүй авахыг хулгай гэж үздэггүй хүмүүс байдаг. Хэрхэн шийдэхийг тодорхой заагаагүй бол яах нь зүйтэй вэ? Юуг удирдлага болгох вэ?
ЭРҮҮЛ УХААНТАЙ БАЙГААРАЙ
4. Шийдвэр гаргах үед итгэл нэгтэн маань юу гэж зөвлөж болох вэ?
4 Чухал шийдвэр гаргах үед итгэл нэгтэн маань эрүүл ухаанаар бодож байгаад шийдэхийг зөвлөж болох юм. Энэ нь ч зөв. Библид «Адгуу хүн үнэхээр ядууралд хүрнэ» хэмээн бичсэн нь аливаа юмыг яарч шийдэхгүй байхыг зөвлөсөн хэрэг (Сур. 21:5). Тэгвэл эрүүл ухаантай байх гэж яахыг хэлдэг вэ? Тулгарч байгаа асуудлын талаар цаг зав гарган нухацтай бодох, уян хатан байх, аль нь хамгийн зөв болохыг нягталж үзэхийг л хэлдэг үү? Энэ бүхэн зөв шийдвэр гаргахад тустай ч эрүүл ухаантай байх нь үүгээр хязгаарлагдахгүй (Ром 12:3; 1 Петр 4:7).
5. Төгс ухаантай төрдөг хүн нэг ч байдаггүйн учир юу вэ?
5 Төгс ухаантай төрдөг хүн нэг ч байдаггүй нь яах аргагүй үнэн. Бид бүгдээрээ төрөлхийн нүгэлтэй, төгс бус учир бие махбод, оюун ухааны хувьд төгс эрүүл биш юм (Дуу. 51:5; Ром 3:23). Бас Еховатай танилцаж хэм хэмжээг нь мэдэхээсээ өмнө Сатанаас болж бодол санаа нь «сохорсон» байсан хүн бидний дунд олон (2 Кор. 4:4; Тит 3:3). Тиймээс гарцаагүй зөв гэж үзсэн ч, дахин дахин цэгнэж бодсон ч буруу шийдвэр гаргачихдаг (Сур. 14:12).
6. «Эрүүл ухаантай» болох боломжтой юу?
6 Бид төгс бус ч тэнгэрийн Эцэг маань төгс билээ (Д.хууль 32:4). Ехова бидэнд бодол санаагаа өөрчлөхөд, «эрүүл ухаантай» болоход хэрэгтэй бүхнийг өгдөг (2 Коринт 5:13-ыг уншина уу). Христианууд бид аливаад ул суурьтай хандаж, зөв бодолтой байж, тэр дагуу биеэ авч явахыг хүсдэг. Тиймээс бодол санаа, сэтгэл хөдлөлөө хянаж, Еховатай адилхан боддог, мэдэрдэг, хийж үйлддэг байх хэрэгтэй.
7, 8. Дарамт шахалт учирсан ч зөв шийдвэр гаргаж болдгийг жишээгээр хэлнэ үү.
7 Нэг жишээ авъя. Мөнгө олох зорилгоор гадаадад ажиллаж байсан нөхөр эхнэр хоёр хүүтэй болжээ. Тэр үед эхнэр нь Библи судалж эхлэн, яваандаа сүнслэгээр өсөв. Тэгтэл найз нөхөд, хамаатан садан нь тэднийг хүүхдээ эцэг эх рүүгээ явуулахыг ятгаж эхэлсэн байна. Хүүхдээ төрсний дараа нутаг руугаа явуулж, аав ээжээрээ өсгүүлэх нь гадаадад ажилладаг хүмүүсийн дунд нийтлэг байдаг аж.a Харин эхнэр нь Библи судлах явцдаа үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүргийг Ехова эцэг эхчүүдэд оноосныг мэдэж авчээ (Дуу. 127:3; Еф. 6:4). Тэгээд яасан бэ? Олны жишгийг дагасан уу? Эсвэл мөнгө төгрөгөөр гачигдаж, шүүмжлэлийн бай болох байсан ч Библиэс сурч мэдсэнээ ажил хэрэг болгосон уу? Та яах байсан бэ?
8 Бусдын дарамт шахалтаас болж сэтгэл нь тавгүйтсэн тэр эмэгтэй Еховад сэтгэлээ уудлан, удирдлага заавар гуйн залбирчээ. Тулгарч байгаа асуудлынхаа талаар Библийн багш, хурлынхантайгаа ярилцах тусам Еховагийн үзэл бодлыг улам сайн ойлгов. Эцэг эхээсээ хол байвал хүүхдэд нь яаж нөлөөлөхийг ч бодсон гэнэ. Энэ асуудлыг хэрхэн шийдэхээ мэдэхийн тулд Библиэ нямбай судалсны эцэст хүүхдээ явуулах нь буруу юм байна гэж дүгнэжээ. Хурлын гишүүд хэрхэн тусалж дэмжиж байгааг, хүүхэд нь эрүүл саруул, жаргалтай өсөж торниж байгааг нөхөр нь ажиглаад Библи судалж, эхнэртэйгээ хамт цуглаанд явдаг болсон байна.
9, 10. Эрүүл ухаантай байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Яавал эрүүл ухаантай болох вэ?
9 «Эрүүл ухаантай» байх гэдэг нь өөрийнхөө юм уу өрөөл бусдын зөв, сайн гэж бодсоныг хийх төдийхнийг хэлдэггүйг энэ жишээ харуулж байна. Төгс бус бидний оюун ухаан, зүрх сэтгэлийг нэг бол түрүүлдэг, нэг бол хоцордог цагтай зүйрлэж болно. Буруу явдаг цагандаа найдах нь аюултай (Иер. 17:9). Алдаж эндэж, хохирол амсахгүйн тул оюун ухаан, зүрх сэтгэлдээ найдалгүй, Еховагаар удирдуулж төгс хэм хэмжээг нь дагаж мөрдөх учиртай (Исаиа 55:8, 9-ийг уншина уу).
10 Библид «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно» гэсэн зөвлөгөө байдаг (Сур. 3:5, 6). «Өөрийн ойлголтод бүү түшиглэ» гэсний дараа Еховаг «таньж мэд» гэж бичсэнийг анхаараарай. Ехова төгс ухаантай Бурхан. Тиймээс та ямар нэгэн шийдвэр гаргахдаа тухайн асуудлыг Бурхан юу гэж үздэгийг Библиэс мэдэж аваарай. Үүнийгээ үндэс болгон шийдвэр гаргаж байгаарай. Ингэдэг бол эрүүл ухаантай буюу Еховагийнхтай адилхан үзэл бодолтой байна гэсэн үг.
МЭДРЭМЖЭЭ ДАДЛАГАЖУУЛААРАЙ
11. Зөв шийдвэр гаргаж сурахын тулд яах хэрэгтэй вэ?
11 Зөв шийдвэр гаргаж түүнийгээ тууштай баримтлах нь тийм ч амар биш. Ялангуяа, баптисм хүртээд удаагүй юм уу төлөвших гэж яваа хүний хувьд бүр ч амаргүй байдаг. Гэхдээ л жинхэнэ ёсоор ахиж дэвших боломжтой. Библид тэднийг «балчир» хүүхэдтэй адилтгадаг. Хүүхэд нэг хоёр, нэг хоёр алхсаар хөлд ордог шүү дээ. Зөв шийдвэр гаргаж сурах нь үүнтэй төстэй юм. Элч Паул төлөвшсөн хүмүүсийн талаар хэлэхдээ «Тэд дадлагажуулдаг учраас мэдрэмж нь сайн мууг ялгахад суралцжээ» гэсэн байдаг. «Дадлагажуулдаг», «суралцжээ» гэж бичсэн нь чармайх хэрэгтэйг онцолж байна. Тиймээс сүнслэгээр «балчир» хүүхдүүд байнга хичээж мэрийвэл зөв шийдвэр гаргаж сурна (Еврей 5:13, 14-ийг уншина уу).
12. Еховагийн үйлчлэгч хүн шийдвэр гаргахын тулд яах ёстой вэ?
12 Бид өдөр тутам том, жижиг янз бүрийн шийдвэр гаргадгийг өгүүллийн эхэнд дурдсан билээ. Хүн шийдвэрийнхээ 40 гаруй хувийг сайтар бодолгүйгээр, дадаж зуршсанаараа гаргадгийг нэгэн судалгаагаар тогтоожээ. Та өглөө бүр ямар хувцас өмсөхөө шийддэг шүү дээ. Энэ нь таны хувьд нухацтай бодоод байх тийм ч сүртэй юм биш байж болох юм. Ялангуяа яарч байгаа бол бүр ч тоохгүй байх. Гэхдээ Еховагийн үйлчлэгч хүний хувьд юу өмсөхөө бодох нь их чухал (2 Кор. 6:3, 4). Та хувцас авах гэж байгаа бол загвар маягийг нь эхлээд бодож магадгүй. Харин хэр зохистойг болон үнэ өртгийг нь тооцож үздэг үү? Ялихгүй мэт санагдах иймэрхүү зүйлийг зөв шийддэг бол мэдрэмжээ дадлагажуулна. Тэгвэл чухал шийдвэрийг ч гаргаж чадна (Лук 16:10; 1 Кор. 10:31).
ШИЙДВЭРЭЭ ТУУШТАЙ БАРИМТЛААРАЙ
13. Гаргасан шийдвэрээ ажил хэрэг болгоё гэвэл яах хэрэгтэй вэ?
13 Зөв шийдвэр гаргах нэг хэрэг. Харин гаргасан шийдвэрээ тууштай баримталж, ажил хэрэг болгох нь өөр хэрэг. Жишээлбэл, зарим хүн тамхинаас гаръя гэж боддог ч тууштай тэмцдэггүй. Тийм учраас, тамхиа хаяж чаддаггүй. Зорьсон л бол зорилгодоо хүрэхийн тулд шийдэмгий байх хэрэгтэй. Үүнийг булчин хөгжүүлэхтэй зүйрлэж болно. Булчингаа ажиллуулах тусам чангардаг. Харин хөдөлгөхгүй бол суларна. Тэгвэл гаргасан шийдвэрээсээ няцахгүйн тулд яах хэрэгтэй вэ? Еховад найдах хэрэгтэй (Филиппой 2:13-ыг уншина уу).
14. Паул хийх ёстой юмаа хийж чаддаг байсны учир юу вэ?
14 Гаргасан шийдвэрээ тууштай баримтлах нь амаргүйг Паул биеэрээ үзжээ. Тэрбээр: «Хүсэл нь миний дотор байвч, харин сайныг хийх нь үгүй» хэмээн халагласан удаатай. Яах хүсэлтэйгээ, яах ёстойгоо мэдэж байсан ч тэр бүр санаснаар нь болдоггүй байв. Тийм учраас, «Би доторх хүнийхээ хувьд Бурханы хуульд баярладаг. Гэвч миний эрхтнүүдэд өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж, намайг өөрийн минь эрхтнүүдэд байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог» гэж бичжээ. Тэгвэл Паулд ямар ч найдвар байгаагүй гэсэн үг үү? Үгүй. Тэрбээр: «Бидний Эзэн Есүс Христээр Бурханд талархал нь байх болтугай» гэжээ (Ром 7:18, 22–25). Бас «Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна» хэмээн бичсэн байдаг (Флп. 4:13).
15. Зөв юмыг хийхдээ шийдэмгий байх хэрэгтэйн учир юу вэ?
15 Бурхны таалалд нийцүүлье гэвэл шийдэмгий байх хэрэгтэй нь тодорхой байна. Зөнч Елиа Баал шүтэгчид болон тэрслүү израильчуудыг Кармел ууланд цуглуулаад юу хэлснийг саная. Тэрбээр: «Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ? Хэрэв ЭЗЭН нь Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага» гэжээ (Х.дээд 18:21). Израильчууд юу хийх ёстойгоо мэддэг ч, шийдэж чадахгүй «тээнэгэлздэг» байв. Харин Иошуа тэднээс өөр байсан. Тэрбээр олон жилийн өмнө элэг нэгтнүүддээ «Хэрэв ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд нийцгүй мэт байвал, хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөдөө сонго. ... Харин би болон манай гэрийнхэн, бид ЭЗЭНд үйлчилнэ» хэмээн хэлжээ (Иош. 24:15). Иошуа тийнхүү шийдэмгий байснаар ямар ивээл хүртсэн бэ? Түүний талд байсан бүх хүн «сүү болон балаар бялхсан газар нутаг» буюу Амласан газар орсон (Иош. 5:6).
ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАВАЛ ИВЭЭЛ ХҮРТЭНЭ
16, 17. Бурхны хүсэл таалалд нийцсэн шийдвэр гаргавал ямар ач тустайг жишээгээр хэлнэ үү.
16 Орчин үеийн жишээ авъя. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг нэг залуу баптисм хүртээд удаагүй байв. Хамт ажилладаг хүн нь өндөр цалин, шагнал урамшуулал ихтэй өөр компанид оръё гэж ятгасанд энэ асуудлын талаар нухацтай бодоод Еховад залбирчээ. Хэдийгээр цалин багатай ч амралтын өдрүүдэд гэр бүлийнхэнтэйгээ хамт цуглаанд явж, дэлгэрүүлэх боломжтойг нь тооцож үзээд одоогийнхоо ажлыг сонгосноо санав. Шинэ ажилд орвол ийм боломж олдохгүй байх гэж боджээ. Та энэ хүний оронд байсан бол яах байсан бэ?
17 Цалин нэмэгдэх ч сүнслэгээр хохирохоо ойлгосон Гэрч эрэгтэй шинэ ажилд орохгүй байхаар шийдэв. Хожим нь харамссан болов уу? Огтхон ч үгүй. Их цалин авснаас сүнслэг ивээл хүртэх нь тэдний гэр бүлд илүү чухал байлаа. Арван настай том охин нь аав ээждээ, христиан ах дүүстээ, Ехова Бурхандаа хайртай гэж хэлэхийг мөнөөх Гэрч эхнэрийнхээ хамт сонсоод их баярлажээ. Охин нь Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэх хүсэлтэй байгаагаа хэлсэн байна. Еховагийн хүслийг эн тэргүүнд тавьдаг ааваасаа үлгэр дууриал авсан нь лавтай!
18. Өдөр бүр зөв шийдвэр гаргах нь яагаад чухал бэ?
18 Цөлд байсан израильчуудыг Мосе удирдсаны адил, Сатаны ертөнцөд амьдардаг Еховагийн ард түмнийг Есүс Христ олон арван жил удирдаж байна. Энэ ертөнц удахгүй устгагдана. Иошуа израильчуудыг удирдан Амласан газар орсны адил, Есүс дагалдагчдаа удирдан «зөвт байдал оршдог» шинэ ертөнц рүү оруулах гэж байна (2 Петр 3:13). Тэр өдөр тун ойрхон байгаа учраас урьдынхаа боддогоор бодох, хуучин зуршил, үнэлж цэгнэдэг байсан зүйл, хүсэл мөрөөдөл рүүгээ эргэж буцах нь мунхаг хэрэг юм. Харин Бурхан биднээс юу хүсэж байгааг илүү тодорхой ойлгох учиртай (Ром 12:2; 2 Кор. 13:5). Бурхны ивээлийг үүрд мөнхөд хүртэх зохистой хүн гэдгээ батлахын тулд өдөр бүр зөв шийдвэр гаргацгаая (Еврей 10:38, 39-ийг уншина уу).
a Бас хүүхдээ эцэг эх, хамаатан садан, найз нөхдөдөө үзүүлэх гэж нутаг руугаа явуулдаг байна.