УНШИГЧДЫН АСУУЛТ
«Езекиел» номд гардаг Магогийн Гог гэж хэн бэ?
Магогийн Гог гэдэг нь тэнгэрээс хаягдсан Сатан Диавол гэж манай ном хэвлэлд тайлбарлаж ирсэн. Энэ нь «Илчлэлт» номд үндэслэсэн тайлбар юм. Дэлхийн даяар тархсан Бурхны ард түмэн рүү довтлох үйл ажиллагааг Сатан Диавол удирдах тухай тэнд бичсэн байдаг (Илч. 12:1–17). Тиймд Гог гэдэг нь Сатаны бас нэг нэр гэж ойлгож ирсэн.
Гэхдээ энэ тайлбараас үүдээд хэдэн чухал асуулт гардаг. Ехова Гогийн тухай «Би чамайг аливаа төрлийн махчин шувууд болон хээрийн араатанд идэш болгон өгнө» гэжээ (Езе. 39:4). Тэгээд цааш нь «Тэр өдөр Би Израилийн дотор Гогд оршуулах газрыг өгөх болно. ... Тэд Гогийг түүний хамаг олон түмэнтэй нь хамт тэнд булшилна» хэмээн зөгнөсөн (Езе. 39:11). Гэхдээ сүнсэн бүтээл яаж «махчин шувууд болон хээрийн араатны» идэш болох вэ? Сатаныг яаж дэлхий дээр «булшлах» вэ? Библид Сатаныг ёроолгүй гүнд 1 000 жил хорино гэж тодорхой бичсэн байдаг. Харин махчин амьтдад өгнө, булшилна гэж байдаггүй (Илч. 20:1, 2).
Мянган жил дуусахад Сатан ёроолгүй гүнээс суллагдаад «дэлхийн дөрвөн өнцөгт буй үндэстнүүдийг, Гог болон Магогийг мэхлэн, тэднийг дайнд хамтад нь цуглуулна» (Илч. 20:8). Хэрэв Сатан «Гог» байсан бол өөрийгөө мэхэлнэ гэж үү? Тэгэхлээр Езекиелийн зөгнөл, «Илчлэлт» номын алинд нь ч Сатаныг «Гог» гэж хэлээгүй нь тодорхой байна.
Тэгвэл Магогийн Гог гэж хэн бэ? Энэ асуултад хариулахын тулд Бурхны ард түмэн рүү хэн довтлохыг Библиэс мэдэх хэрэгтэй. Библид Магогийн Гогийн довтолгооноос гадна «Умард зүгийн хаан» болон «дэлхийн хаадын» довтолгооны тухай бичсэн байдаг (Езе. 38:2, 10–13; Дан. 11:40, 44, 45; Илч. 17:14; 19:19). Эдгээр нь янз бүрийн довтолгоо юу? Үгүй бололтой. Нэг довтолгоог Библид өөр өөрөөр нэрлэжээ. Яагаад ингэж дүгнэж байна вэ? Эцсийн удаа хийх энэ довтолгоонд дэлхийн бүх үндэстэн оролцох бөгөөд тэр үед Хармагедон болно гэж Бурхны Үгэнд зөгнөсөн байдаг (Илч. 16:14, 16).
Эцсийн довтолгооны тухай зөгнөсөн Библийн эдгээр зүйлийг харьцуулан судлахлаар Магогийн Гог гэдэг нэр Сатаныг бус, харин эвсэн нэгдсэн үндэстнүүдийг хэлдэг нь тодорхой харагддаг. Баттай хэлж мэдэхгүй ч энэ эвслийг «Умард зүгийн хаан» удирдаж магадгүй. Яагаад гэвэл Ехова Гогийн тухай дараах үгийг хэлсэн байдаг. «Чи болон чамтай хамт олон ард түмэн, бүгд морь унагч, агуу чуулган хийгээд хүчирхэг цэргүүд умардын хамгийн алслагдсан хэсгүүдээс өөрийн газраас гарч ирэх болно» (Езе. 38:6, 15).
Езекиелийн үед амьдарч байсан зөнч Даниел бас умард зүгийн хааны тухай хэлэхдээ «Дорно ба Умард зүгээс ирсэн цуу үгс түүнийг зовоох бөгөөд тэрээр олон түмнийг хядаж устгахаар уур хилэнтэйгээр гарах болно. Тэрээр тэнгис ба үзэсгэлэнт Ариун Уулын дунд өөрийн ноёрхлын танхимын цацрыг босгоно. Харин түүний төгсгөл ирэх бөгөөд хэн ч түүнд туслахгүй» хэмээжээ (Дан. 11:44, 45). Энэ нь Гогийн довтолгооны тухай «Езекиел» номд бичсэнтэй тохирдог (Езе. 38:8–12, 16).
Энэхүү эцсийн довтолгооны дараа юу болох вэ? «Тэр үед чиний ард түмний хөвгүүдийг [1914 оноос хамгаалж буй] агуу жонон Михаел [буюу Есүс Христ] босно [Хармагедон болно]. Энэ үндэстэн үүссэн цагаас тэр үе хүртэл хэзээ ч байгаагүй хүнд цаг [буюу агуу их гай гамшиг] болно. Тэр үед чиний ард түмний дундаас номд бичигдсэн бүгд аврагдах болно» гэж Даниел зөгнөжээ (Дан. 12:1). Бас Илчлэлт 19:11–21-д Бурхны төлөөлөгч Есүсийн удирдах энэ үйл ажиллагааны талаар бичсэн байдаг.
Тэгвэл Илчлэлт 20:8-д байдаг «Гог болон Магог» гэж хэн бэ? 1 000 жилийн эцэст болох сорилтын үед Еховад тэрслэн босож, ард түмэн рүү нь дайрах хүмүүс гарч ирнэ. Тэд «Магогийн Гог» буюу эвсэн нэгдсэн үндэстнүүдийн адилаар Бурхны ард түмнийг газрын хөрснөөс арчих зорилготой. Энэ хоёр бүлгийг адилхан хувь заяа хүлээж байгаа. Хоёулаа бүрмөсөн устгагдана (Илч. 19:20, 21; 20:9). Тэгэхлээр «Гог болон Магог» гэдэг нь Мянган жилийн засаглалын эцэст Бурхны эсрэг тэрслэн босох бүх этгээд гэж дүгнэх нь зүйд нийцнэ.
«Умард зүгийн хаан» гэж хэн болох нь ойрын ирээдүйд тодорхой болно. Бурхны Үгийг хичээнгүйлэн судалдаг бид тэр цагийг тэсэн ядан хүлээж байна. Эвсэн нэгдсэн үндэстнүүдийг хэн ч удирдах бай, дараах хоёр зүйл тодорхой. 1) Магогийн Гог ялагдаж, газрын хөрснөөс арчигдана. 2) Хаан Есүс Христ Еховагийн ард түмнийг аварч жинхэнэ амар тайван, аюулгүй байдал ноёлсон шинэ ертөнцөд аваачна (Илч. 7:14–17).