ОНЦЛОХ СЭДЭВ | ДОТНЫ ХҮНЭЭ АЛДАХАД
Уй гашуугаа тайлах нь
Энэ талаар их олон зөвлөгөө байдаг. Гэхдээ ашиг тустай нь цөөхөн. Жишээлбэл, зарим нь битгий уйл, сэтгэлээ барь гэж магадгүй. Зарим нь бүр эсрэг юм хэлдэг. Дотроо онгойтол уйл гэдэг. Харин Библид илүү ухаалаг зөвлөгөө байдаг бөгөөд үр дүнтэй нь орчин үеийн судалгаанаас харагддаг.
Зарим оронд, эрэгтэй хүнийг уйлахыг сул доройн шинж гэж үздэг. Тэгэхлээр олны дунд нулимс унагах нь ичгэвтэр хэрэг үү? Гашуудаж, нулимс унагах нь байх ёстой зүйл гэдэгтэй сэтгэл зүйчид санал нийлдэг. Бас хүнд байдлыг давахад тустай. Харин уйтгар гунигт хэт их автах нь сайн биш. Уйлж гашуудахыг сул доройн шинж гэсэн санаа Библид огт байдаггүй. Есүс, дотны анд Лазарыгаа нас барахад яасныг саная. Түүнийг амилуулахаа мэдэж байсан хэр нь уйлахаасаа ичиж зовоогүй (Иохан 11:33–35).
Дотны хүн нь гэнэт нас барахад, гашуудлаа уурлаж бухимдан илэрхийлдэг хүн бас байдаг. Хүндэтгэж явдаг хүн нь бодлогогүй үг хэлэхэд эмзэглэж уурлах нь бий. Өмнөд Африкт амьдардаг Майк: «Намайг 14-тэй байхад аав минь нас барсан юм. Оршуулга дээр нэг пастор, Бурханд сайн хүмүүс хэрэгтэй болохоор тэднийг ийм эрт авч явдаг юм гэж хэлж билээ.a Миний уур хүрсэн. Бидэнд аав минь хэрэгтэй шүү дээ. Тэр явдлаас хойш 63 жил өнгөрсөн ч миний сэтгэлийн шарх эдгээгүй» гэж ярьсан юм.
Өөрийгөө буруутай гэж бодох нь ямар вэ? Дотны хүн зуурдаар нас барахад «Би ингэсэн бол, тэгсэн бол ийм юм болохгүй байх байсан» гэж бодогддог. Эсвэл талийгаачтай хамгийн сүүлд, маргалдаад салсан байж болох юм. Ийм үед хүн өөрийгөө бүр их буруутгадаг.
Өөрийгөө буруутгадаг эсвэл уурладаг бол сэтгэл хөдлөлөө хянаж сурах нь чухал. Хагацал үзсэн хүний сэтгэл санааг ойлгодог, өөрийг тань сайн сонсдог хүнтэй ярилцаарай. «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг» гэж Библид байдаг (Сургаалт үгс 17:17).
Хагацал үзсэн хүнд Бүтээгч, Ехова Бурхан хамгийн сайн анд найз болдог. «Тэр та нарын төлөө санаа тавьдаг» учраас сэтгэл зүрхээ уудлан залбираарай (1 Петр 5:7). Тийнхүү залбирдаг хүний сэтгэлийг амраана гэж Ехова амладаг. Бурхнаас ирдэг амар тайван «бүх оюун ухаанаас дээгүүр» билээ (Филиппой 4:6, 7). Бурхан биднийг Үг болох Библиэрээ дамжуулан тайвшруулдаг. Сэтгэлээ тайвшруулах Библийн зүйлүүдийг жагсааж бичээрэй (Жагсааж бичсэнийг үзнэ үү). Заримыг нь чээжилж болно. Ийм зүйлийг эргэцүүлэн бодох нь ганцаардаад, шөнө нойр хулжсан үед тустай байдаг (Исаиа 57:15).
Жек 40 настайдаа эхнэрээ хорт хавдраар алджээ. Жек их ганцаарддаг аж. Гэхдээ залбирах нь түүнд тустай байдаг гэнэ. Тэрбээр: «Еховад залбирахлаар би ганцаардахаа больдог. Шөнө дунд сэрээд, буцаад унтаж чаддаггүй байсан. Библи уншиж, сэтгэл тайвшруулам зүйл эргэцүүлэн бодож, дотроо онгойтол залбирдаг. Тэгээд би тайвширч, сайхан амардаг болсон» гэжээ.
Ванесса гэдэг бүсгүй, ээжийгээ өвчнөөр алджээ. Мөн л залбирахын ач тусыг хүртсэн байна. Ванесса: «Хамгийн хэцүү үедээ би уйлан байж, Бурхны нэрийг дууддаг. Ехова залбирлыг минь сонсож, сэтгэлийн тэнхээ хайрладаг» гэжээ.
Сэтгэл зүйчид уй гашууд автсан хүмүүст, сайн дурын ажилд идэвхтэй оролцон бусдад туслахыг зөвлөдөг. Энэ нь баяр баясал нэмж, зовлон гунигаа мартахад тустай (Үйлс 20:35). Бусдад тусалбал сэтгэл санаа тайвширдгийг хагацал үзсэн олон хүн ойлгожээ (2 Коринт 1:3, 4).
a Энэ бол Библийн сургаал биш. Библид үхлийн гурван шалтгааныг бичсэн байдаг (Номлогчийн үгс 9:11; Иохан 8:44; Ром 5:12).