СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 8
Таны өгсөн зөвлөгөө «зүрхийг баясгадаг» уу?
«Анхилуун үнэрт тос ба сүрчиг нь зүрхийг баясгадаг бол хүний зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт буюу» (СУР. 27:9).
ДУУ 42 «Сул дорой нэгэндээ тус болъё»
ТОЙМa
1, 2. Зөвлөгөө өгсөн ахлагч юу ойлгосон бэ?
ХОЁР ахлагч олон жилийн өмнө нэг хэсэг цуглаандаа явахаа больсон Гэрч эмэгтэйтэй уулзжээ. Ахлагчдын нэг нь цуглаанд явах талаар Библид үндэслэсэн хэдэн зүйл үзүүлэв. Тэд Гэрч эмэгтэйтэй үр дүнтэй ярилцаж урамшуулж чадсан гэж бодоод явах гэж байтал өнөөх эмэгтэй: «Та нар ямар хатуу бэрхийг туулж явааг минь мэдэхгүй шүү дээ» гэжээ. Ахлагчид түүний нөхцөл байдал, бэрхшээлийн талаар юу ч асуулгүй зөвлөгөө өгсөн байна. Тиймээс тэдний зөвлөгөө тэр эмэгтэйд тустай санагдсангүй.
2 Эмэгтэйд Библийн зүйлийг үзүүлээд зөвлөгөө өгч байсан ахлагч хожим нь «Тухайн үед би тэр эмэгтэйг ямар талархах сэтгэлгүй хүн бэ гэж бодож байсан. Гэхдээ дараа нь “За ямаршуухан байна даа? Амьдрал ямар байна? Танд яаж туслах вэ?” гэх зэрэг тохирох асуулт асуухын оронд тэр эмэгтэйд тохирно гэж надад санагдсан Библийн зүйлүүдийг үзүүлснээ ойлгосон» хэмээн дурсжээ. Ахлагч энэ явдлаас маш чухал сургамж авсан байна. Өнөөдөр тэрбээр өрөвч сэтгэлтэй, итгэл нэгтнүүддээ тусалдаг сайн хоньчин болсон.
3. Хэн зөвлөгөө өгч болох вэ?
3 Ахлагчид хоньчид учраас шаардлагатай үед бусаддаа зөвлөгөө өгөх үүрэгтэй. Гэхдээ хурлын бусад хүн ч зөвлөгөө өгдөг. Жишээ нь, Гэрч эрэгтэй юм уу эмэгтэй найздаа Библид үндэслэсэн зөвлөгөө өгч болох юм (Дуу. 141:5; Сур. 25:12). Бас настай эмэгтэйчүүд залуу эмэгтэйчүүдэд Тит 2:3–5-д тоочсон зүйлүүдийг зөвлөдөг. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ алдааг засаж залруулахын тулд зөвлөгөө өгөх зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ өгүүлэлийг голчлон ахлагчдад зориулсан ч хүмүүсийн «зүрхийг баясгах», урамшуулан зоригжуулах, хэрэг болох зөвлөгөөг хэрхэн өгөхийг мэдэж авах нь бид бүгдэд тустай (Сур. 27:9).
4. Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?
4 Энэ өгүүллээр зөвлөгөө өгөхтэй холбоотой дараах дөрвөн асуултыг ярилцана. 1) Ямар сэдэл хандлагаар зөвлөгөө өгөх вэ? 2) Үнэхээр зөвлөгөө өгөх шаардлагатай юу? 3) Хэн зөвлөгөө өгөх вэ? 4) Ач тустай зөвлөгөөг хэрхэн өгөх вэ?
ЯМАР СЭДЭЛ ХАНДЛАГААР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ВЭ?
5. Ахлагчид зөв сэдэл хандлагаар зөвлөгөө өгвөл хүмүүс дуртайяа сонсоод дагана гэхийн учир юу вэ? (1 Коринт 13:4, 7).
5 Ахлагчид итгэл нэгтнүүдээ хайрладаг. Буруу зам руу орох гэж байгаа итгэл нэгтнүүддээ ахлагчид зөвлөгөө өгдөг нь хайрлаж байгаагийн шинж юм (Гал. 6:1). Гэхдээ зөвлөхөөсөө өмнө элч Паулын бичсэнээр хайрладаг хүн ямар байдгийг эргэцүүлэн бодох нь зүйтэй. «Хайрладаг хүн тэвчээртэй, сайхан сэтгэлтэй. ... Хайрладаг хүн бүх юманд тэвчээртэй ханддаг, бүх юманд итгэдэг, бүх юманд найддаг, хэзээ ч бууж өгдөггүй» (1 Коринт 13:4, 7-г уншина). Эдгээр зүйлийг эргэцүүлэн бодвол ямар сэдэл хандлагаар зөвлөгөө өгөх гэж байгаагаа ойлгоно. Бас нөгөө хүндээ хайрын сэтгэлээр хандаж чадна. Ахлагч өөрийг нь хайрлаж халамжилж байгааг мэдэрсэн хүн зөвлөгөөг нь дуртайяа сонсоод дагана (Ром 12:10).
6. Элч Паул ямар сайн үлгэр жишээ үзүүлсэн бэ?
6 Элч Паул ахлагчдад сайн үлгэр жишээ үлдээсэн. Тесалоник дахь итгэл нэгтнүүдэд нь зөвлөгөө хэрэг болоход тэрбээр тэр даруй захидал бичиж зөвлөгөө өгсөн. Гэхдээ эхлээд үнэнч, хайрын сэтгэлээр үйлчилж, тэвчээртэй байгааг нь магтсан. Бас тэдний нөхцөл байдлыг эргэцүүлэн бодож, амаргүй амьдарч, хавчлагатай байгааг нь ойлгож байгаагаа бичжээ (1 Тес. 1:3; 2 Тес. 1:4). Тэр бүү хэл, Христийн бусад дагалдагчдад үлгэр жишээ болж байгаа гэж хэлсэн байна (1 Тес. 1:8, 9). Паулын магтаалын үгийг сонсоод тэд маш их баярласан нь ойлгомжтой. Паул ч тэднийг маш их хайрладаг байв. Тиймээс ч Тесалоник дахь итгэл нэгтнүүддээ бичсэн хоёр захидлын аль алинд нь маш үр дүнтэй зөвлөгөө бичиж өгсөн (1 Тес. 4:1, 3–5, 11; 2 Тес. 3:11, 12).
7. Зарим хүн зөвлөгөө өгөхөд яагаад дургүйцдэг вэ?
7 Хэрвээ зөв аргаар зөвлөгөө өгөөгүй бол юу болох вэ? Туршлагатай ахлагч: «Зарим хүн ямар зөвлөгөө өгсөнд нь бус хайрын сэтгэлээр өгөөгүйд нь дургүйцдэг» гэжээ. Эндээс юу ойлгож авах вэ? Зөвлөгөөг уурласандаа бус хайрласандаа өгвөл дуртайяа зөвшөөрөөд дагахад хамаагүй амар байна.
ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ҮНЭХЭЭР ШААРДЛАГАТАЙ ЮУ?
8. Ахлагч зөвлөгөө өгөхөөсөө өмнө өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?
8 Ахлагчид зөвлөгөө өгөх гэж яарах хэрэггүй. Харин эхлээд өөрөөсөө «Би заавал юм хэлэх шаардлага байна уу? Энэ хүний хийж байгаа юм нь буруу гэдэгт би итгэлтэй байна уу? Библийн тушаалыг зөрчсөн үү? Эсвэл ердөө л бид хоёр өөр өөрөөр боддогоос болоод байна уу?» гэж асуух хэрэгтэй. Ахлагчид ухаалаг байн, хэлэх «үгэндээ яаруу» байж болохгүй (Сур. 29:20). Хэрвээ ахлагч зөвлөгөө өгөх үү, үгүй юү гэж эргэлзэж байвал тухайн хүнд зөвлөгөө өгөх Библийн үндэс байгаа эсэхийг өөр нэг ахлагчтай ярилцаж болох юм (2 Тим. 3:16, 17).
9. Паулын хэлсэн үгнээс үзвэл хувцаслалтын талаар зөвлөгөө өгөхдөө юуг анхаарах хэрэгтэй вэ? (1 Тимот 2:9, 10).
9 Нэг жишээг бодож үзье. Ахлагч итгэл нэгтнийхээ хувцаслалт, гадаад байдлын талаар санаа зовж байна. Тэрбээр өөрөөсөө «Түүнд зөвлөгөө өгөх Библийн үндэс байна уу?» гэж асууж болох юм. Хувийн үзэл бодлоор хандахгүйн тулд өөр нэг ахлагчаас юм уу төлөвшсөн дэлгэрүүлэгчээс санаа бодлыг нь асууж, хувцаслалт болон гадаад байдлын талаар өгсөн Паулын зөвлөгөөг ярилцаж болох юм (1 Тимот 2:9, 10-ыг уншина). Паулын хэлж өгсөн ерөнхий зарчмаар бол Христийн дагалдагч хүн тохиромжтой, даруу, зохистой хувцаслах ёстой. Гэхдээ тэрбээр болно болохгүй гэсэн жагсаалт гаргаагүй. Библид бичсэнийг зөрчихгүй л бол Христийн дагалдагч хүн өөрөө хувцсаа сонгоод өмсөх эрхтэйг хүлээн зөвшөөрдөг байсан. Тиймээс ахлагчид зөвлөгөө өгөх шаардлагатай юу гэдгээ шийдэхээсээ өмнө тухайн хүн даруу, зохистой хувцасладаг эсэхийг харгалзан үзэх хэрэгтэй.
10. Нэг нэгнийхээ гаргасан шийдвэрийн талаар бид юуг санаж явах хэрэгтэй вэ?
10 Төлөвшсөн хоёр Гэрч өөр өөр хувцас сонгож өмссөн ч нэгийг нь зөвтгөж, нөгөөг нь буруутгах аргагүйг санаж явах учиртай. Бид зөв буруугийн талаар өөрсдийнхөө тогтоосон хэм хэмжээг бусдад тулгах ёсгүй (Ром 14:10).
ХЭН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ВЭ?
11, 12. Зөвлөгөө өгөх шаардлага гарвал ахлагч өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ? Яагаад?
11 Зөвлөгөө өгөх шаардлага гарахад хэн зөвлөгөө өгөх вэ гэдэг асуулт гарна. Гэр бүлтэй Гэрч эмэгтэйд юм уу насанд хүрээгүй хүүхдэд зөвлөгөө өгөх хэрэг гарвал ахлагч өрхийн тэргүүнтэй нь ярилцаад өрхийн тэргүүн нь зөвлөгөө өгөхөөр шийдэж болох юм.b Эсвэл ахлагч зөвлөгөө өгөх үед хамт байлцаж болохыг өрхийн тэргүүнээс асууж болох юм. Бас 3-р догол мөрд дурдсанаар настай Гэрч эмэгтэй залуу эмэгтэйд зөвлөгөө өгөх нь дээр байх тохиолдол бий.
12 Ахлагчид бас нэг зүйлийг бодож үзэх учиртай. Ахлагч «Би зөвлөгөө өгөх үү, эсвэл өөр хүн өгсөн нь дээр үү?» гэж өөрөөсөө асуухад илүүдэхгүй. Өөрийгөө голж, хэнд ч хэрэггүй гэж боддог хүн яг ийм бэрхшээлтэй тулгарч байсан ахлагчаас зөвлөгөө авах нь дээр байх. Энэ ахлагч тухайн хүнийг сайн ойлгоно, бас өгсөн зөвлөгөөг нь ч дуртайяа зөвшөөрөөд дагахад амар байх болно. Гэхдээ хурлынхан нь Сударт бичсэн шаардлагын дагуу өөрчлөгдөх хэрэгтэй бол бүх ахлагчид тэдэндээ туслах үүрэгтэй. Тиймээс зайлшгүй шаардлагатай үед нь зөвлөгөө өгөх нь маш чухал юм.
ЗӨВЛӨГӨӨГ ХЭРХЭН ӨГВӨЛ АЧ ТУСТАЙ БАЙХ ВЭ?
13, 14. Ахлагчид эхлээд сонсдог байх нь яагаад чухал вэ?
13 Эхлээд сайн сонсоорой. Ахлагч зөвлөгөө өгөхөөсөө өмнө дараах асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй. «Итгэл нэгтнийхээ нөхцөл байдлыг би мэдэж байгаа юу? Амьдралд нь юу тохиолдоод байна вэ? Ямар нэг бэрхшээл тохиолдсоныг нь би мэдээгүй юм биш биз? Одоо түүнд юу хамгийн их хэрэгтэй байгаа вэ?»
14 Зөвлөгөө өгөх гэж байгаа ахлагч Яаков 1:19-д бичсэн зарчмыг хэрэгжүүлэх учиртай. Яаков: «Хүн бүр сонсоход бэлэн бай. Ярих гэж бүү яар. Яаран бүү уурла» гэж бичжээ. Ахлагч тухайн хүнтэй холбоотой бүгдийг мэдэж байгаа гэж бодож болох юм. Гэхдээ үнэхээр тийм үү? Сургаалт үгс 18:13-т «Сонсохоосоо өмнө хариу хэлэх нь хүнд өөрт нь мунхаг хэрэг ба ичгүүр билээ» гэсэн сануулга байдаг. Ер нь болсон явдлыг тухайн хүнээс өөрөөс нь сонсох нь хамгийн сайн байдаг. Тиймээс ярихаасаа өмнө сонсдог байх нь чухал. Өгүүллийн эхэнд дурдсан ахлагч яасныг санаарай. Тэрбээр уулзангуутаа бэлдсэн зүйлээ хэлэхийн оронд «За, амьдрал ахуй ямар байна?» «Юугаар туслах вэ?» гэх зэргээр яриагаа эхлэх нь зөв байсныг ойлгосон. Нөхцөл байдлыг мэдэж авахын тулд цагаа зориулбал итгэл нэгтнүүддээ тусалж, урамшуулж чадна.
15. Ахлагчид Сургаалт үгс 27:23-т бичсэн зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
15 Сүргээ сайн мэдэж аваарай. Дээр бичсэнчлэн ач тустай зөвлөгөө өгнө гэдэг нь хэдэн Библийн зүйл уншаад ганц хоёр санаа хэлээд л болчихно гэсэн үг биш ээ. Ахлагчид итгэл нэгтнүүддээ санаа тавьж, тэднийгээ ойлгож, туслахыг хүсэж байгаагаа мэдрүүлэх учиртай (Сургаалт үгс 27:23-ыг уншина). Ах дүүстэйгээ маш дотносохын тулд чадах бүхнээ хийх учиртай.
16. Ахлагчид яадаг бол зөвлөгөө өгсний хэрэг гарах вэ?
16 Ахлагчид алдаа гаргасан нэгэндээ зөвлөгөө өгөхийн тулд л цаг гаргадаг гэж бодуулахыг хүсдэггүй. Харин ч итгэл нэгтнүүдтэйгээ тогтмол ярилцаж, бэрхшээлтэй үед нь санаа тавьдаг. Туршлагатай ахлагч: «Хэрвээ та санаа тавьдаг бол тэдэнтэйгээ маш их дотносно, зөвлөгөө өгөхөд ч амар байна» гэж ярьжээ. Түүнчлэн итгэл нэгтэн тань өгсөн зөвлөгөөг цааргалахгүй дагана.
17. Ахлагч нэн ялангуяа ямар үед итгэл нэгтэндээ тэвчээртэй, сайхан сэтгэлээр хандах ёстой вэ?
17 Тэвчээртэй, сайхан сэтгэлтэй байгаарай. Библид үндэслэсэн зөвлөгөө өгөхөд дургүйцсэн хүнд нэн ялангуяа тэвчээртэй, сайхан сэтгэлээр хандах учиртай. Итгэл нэгтэн тань зөвлөгөөг ойшоохгүй юм уу дагахгүй бол уурлахыг урьтал болгож болохгүй. Есүсийн тухай Библид «Тэрээр ... гэмтсэн зэгсийг хугалахгүй, бөхөж буй зулыг унтраахгүй» гэж зөгнөсөн байдаг (Мат. 12:20). Тэгэхээр ахлагч Еховад хандан ганцаарчлан залбирч, итгэл нэгтнийг маань ивээж, яагаад зөвлөгөө өгөх гээд байгаагийн учрыг ойлгоод дагахад нь туслаач гэж гуйх нь зүйтэй. Харин зөвлөгөөг сонсоод юу зөвлөснийг нь эргэцүүлэн бодох хугацаа итгэл нэгтэнд тань хэрэгтэй байж болохыг санаарай. Хэрэв ахлагч тэвчээртэй байж, сайхан сэтгэлээр хандаж зөвлөгөө өгсөн бол нөгөө хүн хэрхэн зөвлөснийг бус, юу хэлснийг нь анхаарна. Мэдээж зөвлөгөө нь Бурхны Үгэнд үндэслэсэн байх ёстой.
18. а) Зөвлөгөө өгөхдөө юуг санах хэрэгтэй вэ? б) Хавсралттай холбоотой зураг дээр байгаа эцэг эх юуны тухай ярьж байгаа бол?
18 Алдаанаасаа сураарай. Бид төгс бус тул энэ өгүүллээр өгсөн бүх зөвлөгөөг төгс дагаж чадахгүй (Яак. 3:2). Бид алдаа гаргах нь мэдээжийн хэрэг. Гэхдээ алдаанаасаа сурах хэрэгтэй. Хэрэв итгэл нэгтнүүд маань өөрсдийг нь хайрлаж байгааг мэдэрвэл биднийг буруу юм хэлэх юм уу хийж гомдоосон ч уучлахад хэцүү санагдахгүй («Эцэг эхчүүдэд зориулсан санамж» гэсэн хавсралтыг үзээрэй).
БИД ЮУ МЭДЭЖ АВСАН БЭ?
19. Ах дүүсийнхээ зүрхийг хэрхэн баясгах вэ?
19 Тэгэхээр тустай зөвлөгөө өгөх нь тийм ч амар биш байх нь ээ. Зөвлөгөө өгч байгаа, сонсож байгаа хүний аль аль нь төгс бус. Энэ өгүүллээр үзсэн зарчмуудыг санаж яваарай. Зөв сэдэл хандлагаар зөвлөгөө өгөх ёстойгоо санаарай. Түүнчлэн, зөвлөгөө өгөх үнэхээр шаардлагатай эсэхийг болон хэн өгвөл сайн бэ гэдгийг бодоорой. Зөвлөгөө өгөхөөсөө өмнө өөрөөсөө асуулт асууж, ямар бэрхшээлтэй учирч байгааг нь анхааралтай сонсоорой. Тухайн хүний оронд өөрийгөө тавьж үзээрэй. Ах дүүстэйгээ эелдэг зөөлөн харьцаж, дотносоорой. Ямар зорилготойгоо бүү мартаарай. Өөрөөр хэлбэл, өгсөн зөвлөгөө маань ач тустай байхаас гадна итгэл нэгтний маань «зүрхийг баясгах» учиртай (Сур. 27:9).
ДУУ 50 Хайрын Бурхныг дууриая
a Зөвлөгөө өгөх амаргүй. Гэхдээ шаардлага гарлаа гэхэд бусдад тус болох, урам хайрлах зөвлөгөөг хэрхэн өгөх вэ? Ахлагчид хэрхэн зөвлөвөл хүмүүс түүнийг нь дуртайяа сонсоод дагах вэ? Одоо энэ тухай ярилцъя.
b «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2021 оны 2 сарын дугаарт гарсан «Хурал дахь тэргүүллийн зарчмыг ойлгох нь» өгүүллийг үзээрэй.