СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 13
Еховаг шүтдэг хүн жаргалтай
«Ехова Бурхан минь ээ, алдар, хүндэтгэл, хүч нь таных» (ИЛЧ. 4:11).
ДУУ 26 Бурхантай хамт алхагтун!
ТОЙМa
1, 2. Бид Еховаг яаж шүтвэл таалагдах вэ?
ЕХОВАГ шүтэж байгаа хүнийг төсөөлөөрэй гэвэл таны санаанд ямар дүр зураг буух вэ? Орныхоо хажууд сөхөрч суугаад зүрх сэтгэлээ уудлан шаргуу залбирч байгаа хүн төсөөлөгдөх байх. Эсвэл Библи судалж байгаа жаргалтай гэр бүл бодогдох байх.
2 Дээрх хоёр жишээ бол Еховаг шүтэж байгаа хүмүүсийн дүр зураг үнэхээр мөн. Гэхдээ Еховад таалагдъя гэвэл үйл хэргээ санаа зорилгод нь нийцүүлэхийг хичээж, Еховаг хайрлаж, хүндэлдэг байх хэрэгтэй. Бид Еховаг маш их хайрладаг, бас шүтүүлэх зохистой Нэгэн гэдгийг мэддэг. Тиймээс түүнийг шүтэхдээ хамгийн сайныгаа хийхийг хүсдэг.
3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?
3 Энэ өгүүллээр, эрт үед Еховад ямар шүтлэг таалагддаг байсныг ярилцана. Бас өнөөдөр Еховаг шүтэхдээ бид ямар 8 зүйл хийдгийг хэлэлцэнэ. Ингэхдээ та юуг илүү анхаарч сайжруулах хэрэгтэйгээ бодоорой. Түүнээс гадна жинхэнэ шүтлэг биднийг хэрхэн жаргалтай болгодгийг авч үзнэ.
ЭРТ ҮЕД ЕХОВАД ЯМАР ШҮТЛЭГ ТААЛАГДДАГ БАЙСАН БЭ?
4. Христийг ирэхээс өмнөх үеийн Бурхны үйлчлэгчид Еховаг хэрхэн хайрлаж, хүндэлдэг байсан бэ?
4 Абел Ноа Абрахам Иов зэрэг эртний үнэнч үйлчлэгч Еховаг хайрлаж, хүндэлдэг байв. Яаж? Түүнд дуулгавартай байж, итгэж найдан, эрх ашгаа хойш нь тавьж үйлчилдэг байсан. Тэд яг юу хийснийг нэг бүрчлэн Библид бичээгүй ч Еховаг алдаршуулахын тулд хамгийн сайныгаа хийдэг байсан. Тийм учраас тэдний шүтлэг Еховад таалагдсан. Хожим Ехова Абрахамын үр удамд өөрийг нь яаж шүтэхийг тусгасан Мосегийн хуулийг өгсөн.
5. Христийн дагалдагчид Еховаг яаж шүтэх ёстой болсон бэ?
5 Есүсийг үхээд амилснаас хойш Ехова үйлчлэгчдээсээ Мосегийн хуулийг сахихыг шаардахаа больсон (Ром 10:4). Харин Христийн дагалдагчид шинэ хууль буюу «Христийн хуулийг» сахих хэрэгтэй болсон (Гал. 6:2). Тэд хуулийг үг үсэггүй цээжилж, болно болохгүй гэсэн урт жагсаалтын дагуу үйлдэхийн оронд Есүсийн жишээг дуурайж, сургаалыг нь дагаснаараа уг «хуулийг» сахидгаа харуулах болов. Христийн өнөөгийн дагалдагчид Еховаг баярлуулж, өөрсдөө ч «сэргэхийн» тулд Христийг дуурайж амьдрахыг хамаг чадлаараа хичээдэг (Мат. 11:29).
6. Энэ өгүүллээс ач тус хүртье гэвэл яах хэрэгтэй вэ?
6 Еховаг шүтэх гэдэгт юу юу ордгийг одоо нэг нэгээр нь авч үзнэ. Харин та өөрөөсөө «Би ямар ахиц гаргасаар ирсэн бэ?» гэж асуугаарай. Бас «Еховаг шүтэхдээ юугаа сайжруулах вэ?» гэж бодоорой. Ахиц гаргасан гэж бодогдсон ч юугаа яаж сайжруулахыг мэдүүлж өгөөч гэж Еховагаас гуйн залбираарай.
ЕХОВАГ ШҮТЭХ ГЭДЭГТ ЮУ ЮУ ОРДОГ ВЭ?
7. Бидний чин сэтгэлийн залбирлыг Ехова юу гэж үздэг вэ?
7 Залбирах. Библид бидний залбирлыг сайтар бэлдсэн утлагатай зүйрлэдэг (Дуу. 141:2). Утлагыг мөргөлийн асарт, дараа сүмд уугиулдаг байсан бөгөөд анхилуун үнэр нь Еховад таалагддаг байв. Үүнтэй адил бидний залбирал энгийн байлаа ч чин сэтгэлийнх бол түүний «таалалд нийцдэг» (Сур. 15:8; Д.хууль 33:10). Тэгэхээр талархаж, хайртайгаа илэрхийлэн залбирахад Ехова таалан сонсдог гэдэгт итгэх бүрэн үндэс бий. Бас юунд санаа зовж, юу хүсэж байгаагаа өөрт нь хэлээсэй гэдэг. Тиймээс залбирахаасаа өмнө юу гэж хэлэхээ нухацтай бодож болохгүй нь юу билээ? Ингэвэл бид тэнгэрийн Эцгийнхээ өмнө хамгийн сайн «утлагыг» уугиулна.
8. Бурхныг магтах ямар сайхан боломж бидэнд байдаг вэ?
8 Магтах (Дуу. 34:1). Гайхалтай зан чанар, үйл хэргийнх нь талаар хүмүүст ярьдаг бол Еховаг магтаж байгаа хэрэг юм. Еховад талархдаг бол өөрийн эрхгүй магтана. Ехова хэчнээн сайн Бурхан болохыг, тухайлбал бидний төлөө юу юу хийснийг нь эргэцүүлэн бодвол түүнийг магтах шалтгаан мундахгүй. Ялангуяа дэлгэрүүлэх ажилд оролцох нь «уруулын жимс буюу магтаалын тахилыг» өргөх сайхан боломж юм (Евр. 13:15). Еховад залбирахаасаа өмнө хэлэх үгээ сайтар бодохтой адил дэлгэрүүлэхээсээ өмнө юу ярихаа сайтар бодох нь зүйтэй. Бид хамгийн сайн «магтаалын тахилыг» өргөхийг хүсдэг. Тиймээс бид чин сэтгэлээсээ ярьж дэлгэрүүлдэг.
9. Эртний израйлчуудын адилаар бид цуглаанд суугаад ямар ач тус хүртдэг вэ? Та ямар ач тус хүртдэг вэ?
9 Цуглаанд суух. Ехова эртний израйлчуудад «Жилд гурван удаа танай бүх эрчүүд Түүний сонгох газарт ... ЭЗЭН Бурханыхаа өмнө үзэгдэх ёстой» гэж тушаасан (Д.хууль 16:16). Тэд гэр орон, тариалангийн талбайгаа харгалзах хүнгүйгээр орхиод явах ёстой байжээ. Харин Ехова: «Чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө үзэгдэхээр ирэх тэр үед ямар ч хүн чиний газарт шунахайрахгүй» гэж амласан (Ег. 34:24). Израйлчууд Еховад бат итгээд жил болгоны баярт очдог байсан. Ингэснээр олон ач тус хүртжээ. Жишээлбэл тэд Бурхны хуулийг илүү сайн ойлгож, Ехова хэчнээн сайн Бурхан болохыг эргэцүүлэн бодож, Еховаг хайрладаг итгэл нэгтнүүдтэйгээ уулзаад баярладаг байсан (Д.хууль 16:15). Бид ч цуглаандаа суухын тулд чадах бүхнээ хийгээд адилхан ач тус хүртдэг. Бас товчхон хэрнээ утга төгөлдөр хариултыг бэлдээд ирэхэд Ехова хэчнээн их баярлахыг бодоорой.
10. Дууг шүтлэгийн чухал хэсэг гэж яагаад хэлж болох вэ?
10 Итгэл нэгтнүүдтэйгээ хоолой нийлүүлэн дуулах (Дуу. 28:7). Израйлчууд дуу дуулахыг шүтлэгийн чухал хэсэг гэж үздэг байсан. Давид хаан 288 леви хүнийг сүмд дуучнаар томилсон (Ш.дээд 25:1, 6–8). Өнөөдөр ч бид Бурханд магтаалын дууг өргөж, хайртайгаа илэрхийлдэг. Хоолой сайн муу байх нь чухал биш. Ярихдаа «бид бүгдээрээ алддаг» ч цуглаан дээр хариулдаг, бас дэлгэрүүлдэг (Яак. 3:2). Үүнтэй адил, хоолой муутай гээд Еховад магтаалын дуу өргөхөөс цааргалах учиргүй.
11. Дуулал 48:13-т бичсэнээр бид яагаад гэр бүлээрээ Библи судлах цагийг төлөвлөх хэрэгтэй вэ?
11 Үгийг нь судалж, хүүхдүүддээ заах. Израйлчууд Амралтын өдрийг сахиснаар өдөр тутмын ажлыг хойш нь тавьж, Еховатай тогтоосон харьцаагаа анхаардаг байсан (Ег. 31:16, 17). Үнэнч израйлчууд хүүхдүүддээ Еховагийн тухай, хэчнээн сайн Бурхан болохыг нь заадаг байсан. Өнөөдөр ч бидний хүн нэг бүр Бурхны Үгийг уншиж, судлах цагаа төлөвлөх хэрэгтэй. Ингэж Библи уншиж, судлах нь Еховаг шүтэж байгаа хэрэг бөгөөд түүнтэй улам дотно болоход тустай (Дуу. 73:28). Бас гэр бүлээрээ Библи судлахлаар хойч үе буюу үр хүүхдүүдээ тэнгэрийн Эцэг Еховатай дотно харьцаа тогтооход тусална (Дуулал 48:13-ыг уншина).
12. Мөргөлийн асрын эд зүйл хийх ажлыг Ехова хэрхэн үздэгээс бид юу мэдэж авах вэ?
12 Шүтлэгийн газрыг барьж байгуулах, арчилж тордох. Мөргөлийн асар барих, доторх эд зүйлсийг хийх ажлыг Ехова ариун ажил гэж үздэг (Ег. 36:1, 4). Өнөөдөр ч цуглааны танхим болон байгууллагын бусад барилга байгууламжийг барих ажилд оролцохыг Ехова ариун үйлчлэл гэж үздэг. Зарим итгэл нэгтэн маань энэ ажилд их цаг зориулдаг. Бид Хаант төрийн энэ ажилд чухал хувь нэмрээ оруулж байгаа тэднийг үнэлдэг. Тэд барилгын ажлаас гадна дэлгэрүүлэх ажилд бас оролцдог. Тэдний зарим нь эхлэгч болох хүсэлтэй байж болох юм. Тиймээс ахлагчид ажилч хичээнгүй тэднийгээ шаардлага хангасан бол эргэлзэхгүйгээр эхлэгчээр томилсноороо барилгын ажлыг дэмжиж байгаагаа харуулна. Бид барилгын мэргэжилтэй ч бай, үгүй ч бай бүгдээрээ байгууллагын барилга байгууламжийг цэвэр цэмцгэр байлгаж, арчилж тордох ажилд хувь нэмрээ оруулж чадна.
13. Хаант төрийн үйл хэргийг дэмжиж хандив өргөдөг маань юуны илрэл вэ? Бид юуг санаж явах хэрэгтэй вэ?
13 Хаант төрийн үйл хэргийг дэмжиж хандив өргөх. Израйлчууд Еховагийн өмнө гар хоосон ирэх ёсгүй байсан бөгөөд өргөж чадах юмаа авчрах ёстой байв (Д.хууль 16:16). Өөрсдийнх нь төлөө Еховагийн хийсэн болгонд талархаж байгаагаа ийнхүү харуулдаг байсан. Тэгвэл бидний төлөө Еховагийн хийсэн бүхэнд талархаж, түүнийг хайрладгаа хэрхэн харуулах вэ? Нэг арга нь хурлын болон дэлхий дахины үйл хэрэгт зориулж боломжийнхоо хэрээр хандив өргөх явдал юм. Энэ тухай элч Паул: «Бурхан дуртайяа өгсөн юмыг авдаг. Чадахгүй юмаа бус, чадах юмаа хийгээсэй гэж хүсдэг» гэж бичсэн (2 Кор. 8:4, 12). Өчүүхэн ч гэсэн чин сэтгэлийн хандивыг Ехова өндөр үнэлдгийг санаарай (Марк 12:42–44; 2 Кор. 9:7).
14. Сургаалт үгс 19:17-д бичсэнээр шаардлагатай үед нь итгэл нэгтэндээ үзүүлдэг тусламжийг Ехова хэрхэн үздэг вэ?
14 Шаардлагатай үед нь итгэл нэгтэндээ туслах. Ядуу хүмүүст өгөөмрөөр хандсан израйлчуудад буцааж төлнө гэж Ехова амласан (Д.хууль 15:7, 10). Тийм ээ, хэрэгтэй үед нь итгэл нэгтэндээ үзүүлэх тусламж бүрийг өөрт нь өгч байгаа бэлэг гэж Ехова үздэг (Сургаалт үгс 19:17-г уншина). Жишээ нь Филиппой дахь Христийн дагалдагчид шоронд буй Паулд бэлэг илгээхэд тэрбээр үүнийг нь «Бурханд таалагдах тахил» гэжээ (Флп. 4:18). Та хурлынхаа хүмүүсийг тойруулж нэг хараад өөрөөсөө «Надаар туслуулах хүн байна уу?» гэж асуугаарай. Шаардлагатай үед нь итгэл нэгтэндээ цаг, хүч, чадвар, эд юмаа зориулбал Ехова маш их баярлана. Үүнийг Ехова өөрийг нь шүтэж байгаа хэрэг гэж үздэг (Яак. 1:27).
ЕХОВАГ ШҮТДЭГ ХҮН ЖАРГАЛТАЙ БОЛДОГ
15. Еховаг шүтэхэд цаг хүч шаардлагатай ч энэ нь яагаад хүнд дарамт биш вэ?
15 Еховаг шүтэхэд цаг хүч шаардлагатай байдаг. Гэхдээ энэ нь хүнд дарамт биш билээ (1 Ёох. 5:3). Яагаад? Яагаад гэвэл бид Еховаг хайрладаг учраас тэр юм. Аавдаа зориулж зураг зурж байгаа хүүхдийг төсөөлөөрэй. Зураг зурахад олон цаг зарцуулсан ч харамсахгүй. Аавдаа маш их хайртай бөгөөд ийм бэлэг өгөх гэж байгаадаа баяртай байгаа. Үүнтэй адилаар, бид Еховаг маш их хайрладаг учраас түүнийг шүтэхэд цаг хүчээ зориулаад баяртай байдаг.
16. Еховаг баярлуулахын тулд гаргасан бидний хичээл зүтгэлийн талаар Еврей 6:10-т юу гэж бичсэн бэ?
16 Хайр халамжтай эцэг эхчүүд хүүхдүүдээсээ яг адилхан бэлэг авна гэж боддоггүй. Тэд хүүхдүүдийнх нь хийж чадах юм өөр өөр гэдгийг мэддэг. Үүн шиг тэнгэрийн Эцэг маань ч бидний хүн нэг бүрийн хийж чадах юм өөр гэдгийг ойлгодог. Жишээ нь, та бусдыг бодвол Еховагийн төлөө илүү ихийг хийдэг байж болох юм. Эсвэл өндөр нас, эрүүл мэнд, гэр бүлд хүлээсэн үүрэг хариуцлагаас болоод бусад шигээ ихийг хийж чадахгүй байж магадгүй. Сэтгэлээр бүү унаарай (Гал. 6:4). Ехова таны юу хийснийг мартахгүй. Зөв сэдлээр чадах бүхнээ хийдэг бол Ехова баярлана (Еврей 6:10-ыг уншина). Тэрбээр ихийг хийх юм сан гэсэн хүслийг тань ч хардаг. Таныг чадахыгаа хийгээд аз жаргалтай, сэтгэл хангалуун байгаасай гэж хүсдэг.
17. а) Еховаг шүтэх зарим үйл хэрэгт оролцоход хэцүү санагдвал яах вэ? б) «Улам жаргалтай болоорой» гэсэн хавсралтад дүрсэлсэн үйл хэргээс аль нэгийг сонгоод ямар ач тус хүртсэнээ хэлнэ үү.
17 Бие дааж судлах, нийтэд дэлгэрүүлэх зэрэг Еховаг шүтэх зарим үйл хэрэгт оролцоход хэцүү санагдвал яах вэ? Эдгээрийг хийгээд оролцоод л байгаарай. Тэгэх тусам илүү дуртай болж, ач тус хүртэнэ. Энэ нь хөгжмийн зэмсгээр тоглож сурахтай адил юм. Хааяа л нэг сургуулилдаг бол сайн сурахгүй. Харин өдөр бүр дасгал сургууль хийдэг болсон гэж бодъё. Эхлээд богино хугацаагаар, дараа нь хугацааг нь аажим аажмаар уртасгаж болох юм. Ингэвэл ахиц гаргаж байгаагаа анзаарч, сургуулилах цагаа тэсэн ядан хүлээдэг болж, сайн хөгжимдөж сурна. Энэ жишээг хэрэгжүүлж болохгүй нь юу билээ?
18. Яадаг бол амьд яваагийн маань зорилго биелэх вэ? Ямар үр дүнтэй вэ?
18 Еховаг чин зүрхнээсээ шүтэхийн тулд чадах бүхнээ хийдэг бол амьд яваагийн маань зорилго биелэх нь тэр. Ингэснээрээ бид жаргалтай, утга учиртай амьдарч, Еховаг үүрд шүтэх найдвар өвөрлөдөг (Сур. 10:22). Ехова бэрхшээл учрахад нь үйлчлэгчдэдээ тусалдгийг бид мэддэг учраас одоо ч амар тайван байдаг (Ис. 41:9, 10). Тэнгэрийн хайрт Эцэг маань бүх бүтээлээрээ магтуулж, хүндлүүлэх зохистой Нэгэн. Бид Еховагаа шүтэж байгаа цагт аз жаргалаар үргэлж бялхана! (Илч. 4:11).
ДУУ 16 Бурхны Хаанчлалд хоргодогтун!
a Ехова бүх юмыг бүтээсэн учраас бид түүнийг шүтэх учиртай. Таалалд нь нийцүүлэн шүтье гэвэл хууль тушаалыг нь сахиж, зарчмынх нь дагуу амьдрах ёстой. Энэ өгүүллээр, Еховаг шүтэхтэй холбоотой 8 зүйл болон эдгээрийг хэрхэн сайжруулбал жаргалтай болохыг авч үзнэ.