Естер
1 Энэтхэгээс Етиоп* хүртэлх 127 мужийг захирч байсан Ахашверош* хааны үед ийм явдал болжээ. 2 Ахашверош хаан Суса дахь шилтгээнд сэнтийдээ заларч байх үе буюу 3 засаглалынхаа гурав дахь жилд бүх захирагч, албатууддаа зориулан найр хийв. Тэнд Меде, Персийн жанжид, мужийн захирагчид цугларчээ. 4 Хаан тэдэнд агуу их эзэнт улсынхаа баян тансаг байдал, сүр хүчийг болон өөрийн алдар нэр, цог жавхланг олон өдөр буюу 180 хоног үзүүлэв. 5 Дараа нь хаан Суса дахь шилтгээнд байгаа ихэс дээдсээс авхуулаад хамгийн дорд гээд бүх хүнд зориулан хааны ордны цэцэрлэгт долоо хоног найр хийв. 6 Цэцэрлэгийг маалинган даавуу, сайн чанарын хөвөн даавуу болон хөх өнгийн материалтай хөшгөөр чимэглэсэн бөгөөд гантиган багануудад бэхэлсэн мөнгөн цагаригуудыг нил ягаан ноосон ба сайн чанарын даавуун уяагаар холбож, тэдгээрт хөшигнүүдийг тогтоожээ. Мөн улаан хүрэн чулуу, гантиг, сувд, хар гантиг шигтгэсэн шалан дээр алт, мөнгөөр хийсэн буйдангууд тавьжээ.
7 Өөр өөрийн гэсэн гоёмсог хийцтэй алтан аяганд дарс сөгнөж байлаа. Хаан асар баян тул дарс ч элбэг дэлбэг байв. 8 Хааны зарлиг ёсоор, архи уухыг хэнд ч албадаагүй бөгөөд хүн бүрд хүссэн хэмжээгээр нь өгөхийг ордны даамлуудад тушаасан байлаа.
9 Бас Вашти хатан Ахашверош хааны ордонд эмэгтэйчүүдэд зориулан найр хийв.
10 Дарс ууж сэтгэл нь хөөрсөн хаан долоо дахь өдөр нь долоон шадар түшмэл Мехуман, Бизта, Харбона, Бигта, Абагта, Зетар, Каркас нартаа тушаал буулгажээ. 11 Тэр нь Вашти хатанд толгойн өмсгөлийг нь зүүлгэн хааны өмнө авчрах тушаал байв. Энэ нь хатны гоо үзэсгэлэнг захирагчид болон уригдсан зочдод харуулах гэснийх ажээ. 12 Ордны түшмэд Вашти хатанд хааны тушаалыг айлтгахад хатан удаа дараа татгалзав. Үүнээс болоод хаан уурлан хилэгнэжээ.
13 Тэгээд хаан хуучны ёсыг* сайн мэддэг мэргэн хүмүүстэй ярилцав. (Хууль цаазыг сайн мэддэг хүмүүстэй хаан ийм маягаар зөвлөлддөг байлаа. 14 Хамгийн ойрын зөвлөгчид нь Меде, Персийн долоон захирагч буюу Каршена, Шетар, Адмата, Таршиш, Мерес, Марсена, Мемукан нар байв. Тэд хаантай тогтмол уулздаг, хаант улсынхаа хамгийн өндөр байр суурьтай хүмүүс юм.) 15 Хаан тэднээс «Ордны түшмэдээр хэлүүлсэн тушаалыг минь Вашти хатан дагасангүй. Хуулийн дагуу түүнийг яавал зохих вэ?» гэж асуужээ.
16 Тэгэхэд нь Мемукан, хаан болон захирагчдад «Вашти хатан Ахашверош хаан төдийгүй бүх захирагч, ард түмний өмнө алдаа гаргалаа. 17 Хатны гаргасан үйлдэл бүх эхнэрийн сонорт хүрнэ. Тэгээд тэд нөхрөө хүндэтгэхээ больж, “Ахашверош хаан Вашти хатнаа дуудуулахад тэр очоогүй” гэж хэлнэ. 18 Хатны юу хийснийг мэдсэн Меде, Персийн сурвалжит эмэгтэйчүүд өнөөдөр энэ тухай нөхрүүдтэйгээ ярьж, цаашлаад уур хилэн, жигшил зэвүүцэл газар авна. 19 Хаантан болгоовол нэгэн зарлиг гаргаж Меде, Персийн хувиршгүй хуульд оруулагтун. Энэ нь Вашти хатныг Ахашверош хаанд бараалхахыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэсэн зарлиг байх юм. Тэгээд Ваштигийн оронд илүү сайн эмэгтэйг сонгон авч хатнаа болгогтун. 20 Хааны энэ зарлигийг улс даяар тунхаглахад ямар ч байр суурьтай хүний эхнэр байсан, нөхрөө хүндэлнэ» гэж хэлэв.
21 Энэ санал хаан болон захирагчдад таалагдсан тул Мемуканы хэлснийг хаан ёсоор болгов. 22 Ингээд хаан бүх мужид тус тусынх нь бичиг үсгээр, ард түмэн бүрд өөр өөрсдийнх нь хэлээр захидал илгээв. Уг захидалд нөхөр хүн гэртээ эзэн сууж, эх хэлээрээ ярих ёстойг бичсэн байлаа.