Естер
7 Хаан, Хаман хоёр Естер хатны найрт ирэв. 2 Найрын хоёр дахь өдөр дарс уух үеэр хаан дахин Естерт хандан «Естер хатантан, юу гуймаар байна вэ? Түүнийг чинь өгье. Юу хүсэх вэ? Хаант улсын хагасыг өгөх байсан ч хүсэлтийг чинь биелүүлье» гэж хэллээ. 3 Естер хатан хариуд нь «Хаантан минь, би таны тааллыг олсон бол, хаан та болгоовол амийг минь аварч, ард түмнийг минь хамгаалаач. Үүнийг л би танаас гуйж хүсэх байна. 4 Учир нь биднийг худалдчихаад байна. Намайг, ард түмнийг минь алж устгаж, хүйс тэмтрэх гэж байна. Хэрэв биднийг зүгээр л боол, шивэгчин болгон худалдсан бол би чимээгүй байх сан. Гэтэл ийм гамшиг болбол хаантан та л хохирно шүү дээ» гэв.
5 Тэгэхэд нь Ахашверош хаан Естер хатнаас «Тэр чинь хэн бэ? Ийм юм хийж зүрхэлдэг тэр хүн хаана байна?» гэж асуув. 6 «Тэр өстөн дайсан бол энэ өөдгүй муу Хаман!» гэж Естер хариуллаа.
Хаман, хаан хатан хоёроос айн чичрэв. 7 Хаан уурлан босож, ууж байсан дарсаа орхин ордны цэцэрлэг рүү орлоо. Харин Хаман Естер хатнаас амь гуйхаар босжээ. Учир нь хаан өөрийг нь шийтгэхээр шийдсэнийг тэрбээр ойлгосон аж. 8 Хаан ордны цэцэрлэгээс найрын өргөө рүү буцаж ирээд, буйдан дээр хажуулж байсан Естерийн дээрээс унаж тусан буй Хаманыг олж харлаа. Тэгээд «Одоо байтлаа, миний өргөөнд хатныг минь хүчиндэх нь үү?» хэмээн хашхирав. Хааныг ийн хэлж байх зуур хүмүүс Хаманы нүүрийг бүтээлээ. 9 Ордны түшмэл Харбона: «Хаман бас хаан таныг аварсан Мордехаид зориулж шон босгосон байна. Тавин тохой* өндөр энэ шон одоо Хаманы гэрийн хажууд байгаа» гэсэнд хаан: «Түүн дээр өөрийг нь өлгөж ал» гэлээ. 10 Ингээд тэд Мордехаид зориулан босгосон шон дээр Хаманыг өлгөж алав. Хааны уур хилэн ч намджээ.