Ахлагчид ба баяр баясгалан
«Бид та нарын баяр баясгалангийн төлөө та нартай хамтран ажиллагч юм» (2 КОР. 1:24).
1. Паул яагаад Коринтын христиануудад баярласан бэ?
МЭ 55 он. Элч Паул Трой хотод байсан хэр нь Коринтын христиануудын тухай бодсоор байлаа. Тэдний эв түнжингүй байгааг хэдэн сарын өмнө сонсоод сэтгэл нь тавгүйтжээ. Тэгээд тэднийг эвлэрүүлэх гэж эцгийн сэтгэлээр санаа тавин захидал илгээсэн аж (1 Кор. 1:11; 4:15). Бас өөрийн анд Титийг тийш нь явуулсан. Тит Тройд ирэхдээ Коринтын ах дүүсийн талаар мэдээ авчрах байлаа. Тийм учраас Паул Титийг тэсэн ядан хүлээж байгаа нь энэ. Гэтэл Тит ирсэнгүй. Паул хүлээж цөхөөд Македони руу явлаа. Аз болоход, тэр хоёр тэнд уулзалджээ. Паулын захидлыг авсан Коринтын ах дүүс зөвлөгөөг нь дуулгавартай дагасан бөгөөд өөртэй нь уулзахыг ихэд хүссэнийг Тит ярив. Паул энэ сайхан мэдээг сонсоод «улам илүү баярласан юм» (2 Кор. 2:12, 13; 7:5–9).
2. а) Паул итгэл, баяр баясгалангийн талаар Коринтынхонд юу гэж бичсэн бэ? б) Ямар ямар асуултыг авч үзэх вэ?
2 Төд удалгүй Паул Коринтынхонд хоёр дахь захидлаа бичжээ. Тэрбээр: «Бид та нарын итгэлийг захирдаггүй. Харин бид та нарын баяр баясгалангийн төлөө та нартай хамтран ажиллагч юм. Учир нь та нар итгэлээрээ бат зогсдог» хэмээн бичсэн (2 Кор. 1:24). Үүгээрээ юу хэлэх гэсэн бэ? Энэ үг ахлагчдад ямар ач холбогдолтой вэ?
БИДНИЙ ИТГЭЛ, БИДНИЙ БАЯР БАЯСГАЛАН
3. а) «Та нар итгэлээрээ бат зогсдог» гэж бичихдээ Паул юу хэлэх гэсэн бэ? б) Ахлагчид Паулыг хэрхэн дууриадаг вэ?
3 Паул христиан хүнд байх ёстой хоёр чухал зүйл буюу итгэл, баяр баясгаланг захидалдаа дурджээ. Итгэлийн талаар «Бид та нарын итгэлийг захирдаггүй. . . . Учир нь та нар итгэлээрээ бат зогсдог» гэж бичсэнийг саная. Коринтын христианууд хэн нэгний итгэлээр бамбай хийлгүй, өөрсдөө Бурханд итгээд үнэнч үйлчилдэг гэж Паул үзээд энэ үгийг бичжээ. Тийм учраас, ах дүүсийнхээ итгэлийг захирах шаардлагагүй, захирах ч хүсэлгүй байсан. Зөв юм хийх хүсэлтэй, үнэнч шударга христианууд гэдэгт нь итгэж байв (2 Кор. 2:3). Өнөөгийн ахлагчид Паулыг дууриадаг. Христиан ах дүүс нь Бурханд итгэж, чин сэтгэлээсээ үйлчилдэгт тэд эргэлздэггүй (2 Тес. 3:4). Хатуу дүрэм журам гаргахын оронд Библийн зарчим болон Еховагийн байгууллагаас өгсөн удирдлага зааврыг үндэс болгож итгэл нэгтнүүддээ тусалдаг. Ахлагчид ах дүүгийнхээ итгэлийг захирдаггүй (1 Петр 5:2, 3).
4. а) Паул: «Бид та нарын баяр баясгалангийн төлөө та нартай хамтран ажиллагч юм» гэж бичихдээ ямар санаа илэрхийлсэн бэ? б) Ахлагчид Паулыг хэрхэн дууриадаг вэ?
4 Паул бас «Бид та нарын баяр баясгалангийн төлөө та нартай хамтран ажиллагч юм» гэж бичсэн. «Хамтран ажиллагч» гэж хэн бэ? Паултай хамт Коринтынхонд тусалж байсан хүмүүс юм. Яагаад тэгж хэлж болох вэ? Паул Коринтынхонд бичсэн мөнхүү захидалдаа хоёрынх нь нэрийг дурдаж, «Биднээр, тухайлбал надаар болон Силванаар, Тимотоор та нарын дунд тунхаглагдсан Бурханы Хүү, Христ Есүс» хэмээн бичсэн байдаг (2 Кор. 1:19). Түүнээс гадна, «хамтран ажиллагч» гэдэг үгийг бичих болгондоо Апол Акул Приска Тимот Тит гэх зэрэг дотны нөхдийнхөө нэрийг дурддаг байсан (Ром 16:3, 21; 1 Кор. 3:6–9; 2 Кор. 8:23). Тэгэхлээр, «Бид та нарын баяр баясгалангийн төлөө та нартай хамтран ажиллагч» гэсэн нь Паул болон түүний нөхөд Коринтын хурлын бүх гишүүний баяр баясгаланг нэмэхийн тулд чадах бүхнээ хийх хүсэлтэйгээ батлан хэлсэн хэрэг байв. Өнөөгийн ахлагч нар бас тийм хүсэлтэй. «ЭЗЭНд баяртайгаар үйлчлэхэд» нь итгэл нэгтнүүддээ чадах чинээгээрээ тусалдаг (Дуу. 100:2; Флп. 1:25).
5. Ямар асуултын хариуг авч үзэх вэ? Тэгэх зуураа юун тухай бодох хэрэгтэй вэ?
5 «Ахлагч хүнийг юу хэлж, юу хийхлээр та баярладаг вэ?». Саяхан энэ асуултыг өөр өөр улс оронд амьдардаг, хичээл зүтгэлтэй Гэрчүүдээс асуухад юу гэж хариулсныг сонирхъё. Тэгэх зуураа, дээрх асуултад та өөрөө юу гэж хариулах байснаа бодоорой. Бас хурлынхныгаа баяр баясгалантай байлгахад бид дор бүрнээ ямар хувь нэмэр оруулж болохыг бодоцгооё.a
«ХАЙРТ ПЕРСИСТ МЭНД ХҮРГЭЭРЭЙ»
6, 7. а) Ахлагчид Есүс Паул нараас юу сурч болох вэ? б) Итгэл нэгтнүүдийнхээ нэрийг хэлэхэд тэд яагаад баярладаг вэ?
6 Ахлагчид өөрсдөө ирээд хувьчлан ярилцахад баярладаг гэж ихэнх Гэрч хэлжээ. Давид, Елиху, Есүсийг дууриавал тийм ахлагч болно (2 Самуел 9:6; Иов 33:1; Лук 19:5-ыг уншина уу). Еховагийн эдгээр үнэнч үйлчлэгч бусдыг нэр усаар нь дууддаг байсныг харахад тухайн хүнийг хүндэтгэж, чин сэтгэлээсээ санаа тавьдаг байжээ. Паул ч бас итгэл нэгтнүүдийнхээ нэрийг тогтоож, нэр хэлэхийн чухлыг ойлгодог байв. Нэг захидалдаа 30 орчим итгэл нэгтнийхээ нэрийг дурдан мэнд хүргэхдээ Персис гэдэг христиан эмэгтэйн талаар «Хайрт Персист мэнд хүргээрэй» гэж бичжээ (Ром 16:3–15).
7 Хүний нэр тогтоох нь зарим ахлагчид амаргүй байдаг. Гэлээ ч хичээж байгаад нэрийг нь тогтоодог бол итгэл нэгтэндээ «Та надад хэрэгтэй хүн» гэж хэлж байгаатай адилхан (Ег. 33:17). «Харуулын цамхаг» судлалын болон бусад цуглаан дээр хариулах гээд гараа өргөсөн хүмүүсийн нэрийг хэлэхлээр тэд баярладаг (Иохан 10:3-тай харьцуулна уу).
«ЭЗЭН ДОТОР ШАРГУУ АЖИЛЛАСАН»
8. Паул, Ехова Есүс хоёрыг хэрхэн дууриадаг байсан бэ?
8 Паул бусдыг чин сэтгэлээсээ магтдаг байсан. Энэ нь бусдад санаа тавьдгийн бас нэг шинж юм. Тэрбээр ах дүүгээ баяр баясгалантай байлгахын төлөө ажилладгаа бичсэн тэрхүү захидалдаа «Та нарын талаарх миний сайрхал үлэмж их билээ» гэжээ (2 Кор. 7:4). Магтаалын энэ үг Коринтын ах дүүсийнх нь сэтгэлийг дулаацуулсан биз ээ. Паул үүнтэй төстэй үгийг бусад хуралд бас бичжээ (Ром 1:8; Флп. 1:3–5; 1 Тес. 1:8). Ром дахь хуралд бичсэн захидлаараа Персист мэнд уламжлахдаа түүнийг «Эзэн дотор шаргуу ажилласан» хэмээн онцолсон (Ром 16:12). Урам сэргээсэн энэ сайхан үгэнд Персис ямар их баярласан бол! Паул, Ехова Есүс хоёрыг дууриаж итгэл нэгтнээ магтдаг байжээ (Марк 1:9–11; Иохан 1:47-г уншина уу; Илч. 2:2, 13, 19).
9. Магтаж, магтуулахлаараа хурлынхан улам баяр баясгалантай болдгийн учир юу вэ?
9 Ахлагчид бас итгэл нэгтнүүдээ үнэлж хүндэтгэдгээ хэлэхийг чухал гэж үздэг (Сур. 3:27; 15:23). Тэднийгээ магтаж урамшуулдаг бол ажиглан харж, анхаарал тавьдгаа мэдүүлж байна гэсэн үг. Ахлагчдын хэлэх урмын үг хурлынханд нь үнэхээр хэрэгтэй байдаг. 50 гаруй насны нэг Гэрч эмэгтэйн хэлсэн үгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг. Тэрбээр: «Ажил дээрээ магтаал сайшаал сонсох нь өдрийн од шиг ховор байдаг. Хүйтэн хөндий, нэг нэгэнтэйгээ өрсөлддөг хүмүүс олон. Харин хурлынхныхаа төлөө ямар нэг юм хийхэд ахлагч талархаж, магтахлаар сэтгэл сэргээд, эрч хүчтэй болдог! Бас тэнгэрийн Эцгийнхээ хайрыг мэдэрдэг» гэжээ. Хоёр хүүхдээ ганцаараа өсгөж буй Гэрч эрэгтэйг саяхан нэг ахлагч магтаж, эрхэмлэн хүндэтгэж явдгаа хэлжээ. Тэгэхэд нь ихэд урамшсан гэнэ. Тийм ээ, ахлагч хүн итгэл нэгтнүүдээ чин сэтгэлээсээ магтахад тэдний сэтгэл сэргэж, баяр хөөрөөр бялхдаг. Улмаар амийн замаар эцэж цуцалгүй тууштай явах сэтгэлийн тэнхээтэй болдог (Ис. 40:31).
«БУРХАНЫ ЧУУЛГАНЫГ ХАРИУЛ»
10, 11. а) Ахлагчид Нехемиаг яаж дууриаж болох вэ? б) Хоньчны эргэлтийг үр өгөөжтэй хийхийн тулд ахлагч яах хэрэгтэй вэ?
10 Бурхандаа баяр хөөртэй үйлчлэхэд нь хурлынхандаа тусалж, хүн бүрд санаа тавих өөр нэг чухал арга юу вэ? Сэтгэл санаагаар унасан хүнтэй хурдан уулзаж сэтгэлийн дэм өгөх явдал юм (Үйлс 20:28-ыг уншина уу). Ийнхүү санаачилга гаргадаг бол эртний үнэнч үйлчлэгчдийг дууриаж буй хэрэг болно. Жишээ нь, Нехемиа израиль ах дүүгээ айж түгшсэнийг мэдсэн даруйдаа «босож», зоригжуулсан гэж Библид бичжээ (Нех. 4:14). Өнөөгийн ахлагчид бас «босох» буюу санаачилга гарган очиж, сүнслэг ах дүүсийнхээ урмыг сэргээж итгэлийг нь бэхжүүлэхийг хүсдэг. Ингэхдээ, болж өгвөл гэрт нь очоод хувьчлан уулзаж «сүнслэг зарим бэлэг» өгөхийг хичээдэг (Ром 1:11). Энэ зорилгодоо хүрэхийн тулд яах хэрэгтэй вэ?
11 Ахлагч хүн итгэл нэгтнийхээ гэрт очиж хоньчны эргэлт хийхийн өмнө тэр хүний талаар цаг зав гаргаад сайтар бодох хэрэгтэй. Ямар бэрхшээл тулгараад байгаа билээ? Юу хэлбэл урам нь сэргэх бол? Библийн ямар ишлэл, хэний түүх тэр хүнд тохирох вэ? Энэ мэтээр урьдчилан бодвол тухайн хүнд яг хэрэгтэй зүйлийг онож хэлж чадна. Хоньчны эргэлтээр очоод итгэл нэгтэндээ ярих боломж олгож, яриаг нь анхааралтай сонсох нь чухал (Иак. 1:19). Нэг Гэрч эмэгтэй: «Ахлагч хүн анхааралтай сонсож байгааг харахлаар үнэхээр их тайвширдаг» гэж хэлжээ (Лук 8:18).
12. Хэнд урмын үг, сэтгэлийн дэм хэрэгтэй вэ? Яагаад?
12 Ахлагчид хэн хэнийг урамшуулан зоригжуулах хэрэгтэй вэ? Паул «бүх сүрэгт анхаарал тавихыг» ахлагчдад зөвлөжээ. Хурлын бүх гишүүнд, тухайлбал, олон жил үнэнчээр үйлчилж байгаа дэлгэрүүлэгчид, эхлэгчдэд урмын үг хэлж, сэтгэлийн дэм өгөх хэрэгтэй. Яагаад тэр вэ? Хэдийгээр тэд Бурхандаа бат итгэж найддаг ч ёс бус ертөнцийн зүгээс учирдаг дарамт шахалтыг тэвчихэд хэцүү үе гардаг. Тийм хүмүүст ч тусламж хэрэгтэй байдгийг ойлгохын тулд Давид хаанд тохиолдсон явдлыг авч үзье.
«ЗЕРУИАГИЙН ХӨВГҮҮН АБИШАИ ДАВИДАД ТУСЛАХААР» ИРЭВ
13. а) Ишби-Беноб Давид руу хэдийд дайрах гэж байсан бэ? б) Абишаи Давидад хэрхэн тусалсан бэ?
13 Залуу хөвгүүн Давид, хаан болж тослогдоод удаагүй байхдаа аварга биет Рафагийн удмын хүн болох Голиаттай халз тулалджээ. Аварга биет тэр цэрэг зоригт Давидын гарт амь үрэгдсэн юм (1 Сам. 17:4, 48–51; Ш.дээд 20:5, 8). Хэдэн жилийн дараа филистчүүдтэй дайтаж байхдаа Давид дахин аварга биетэнтэй нүүр тулав. Тэр хүнийг Ишби-Беноб гэдэг бөгөөд мөн л Рафагийн удмаас гаралтай байлаа (2 Сам. 21:16). Харин энэ удаа Давид амиа алдах дөхжээ. Яагаад тэр вэ? Зориг нь мохсон хэрэг үү? Үгүй. Библид түүнийг «эцэж ядарсан» гэж бичжээ. Ишби-Беноб Давидын хүч суларсныг мэдмэгцээ одоо л дайрах цаг гэж бодоод илдээ далайтал «Зеруиагийн хөвгүүн Абишаи Давидад туслан, филистчүүдийг цохиж, түүнийг алав» (2 Сам. 21:15–17). Давид алуулдгийн даваан дээр амь аврагджээ! Өөрийг нь нүд салгалгүй ажиглаж, амь насанд нь аюул учирсан тэр даруйд ирж тусалсан Абишаид ямар их талархаа бол! Энэ явдал бидэнд юу хэлж өгч байна вэ?
14. а) Христиан хүн ямар байвал Голиаттай зүйрлэм бэрхшээлийг давж чадах вэ? б) Ахлагчид яавал хурлынхныхаа итгэлийг бэхжүүлж, дахин баяр баясгалантай болгох вэ? Жишээ хэлнэ үү.
14 Еховагийн үйлчлэгчид бид Сатан болон түүний гар хөл бологчдын учруулдаг саадыг үл тоон дэлгэрүүлэх ажлаа хийсээр байдаг. Заримд маань аварга биет дайсантай зүйрлэм хүнд бэрх сорилт тулгарахад Еховад бүрэн дүүрэн найдаж тэдгээр «Голиатыг» ялан дийлдэг. Гэхдээ өнөөгийн ертөнцийн зүгээс байнга учирдаг дарамт шахалтаас болж заримдаа эцэж цуцан, сэтгэлээр унадаг. Тийм үед, өлхөн давж чадах бэрхшээлийн өмнө ч өвдөг сөхрөх аюултай. Харин ахлагч цагийг нь олж тусалбал дахин баяр баясгалантай, хүч тэнхээтэй болдог. Олон хүн үүнийг биеэрээ амссан. 60 гаруй настай эхлэгч эмэгтэй: «Нэг хэсэг, бие тааруу, дэлгэрүүлэх ажил ч ядаргаатай санагдаж байлаа. Тэгтэл ахлагч намайг ажиглаж мэдээд хүрч ирэв. Бид хоёр Библид үндэслэсэн сайхан юм ярьж, сэтгэл минь ч сэргэж билээ. Өгсөн зөвлөгөөг нь хэрэгжүүлсэн чинь үнэхээр тустай байсан» хэмээн ярьсан юм. Тэрбээр цааш нь «Юу хэрэгтэй байгааг минь ажиглаж мэдээд, тус дэм өгдөг халамжтай ахлагч шүү!» гэж хэлсэн. Санаа тавьдаг, цаг алдалгүй ирж тусалдаг Абишаи шиг ахлагчидтай байна гэдэг хэчнээн сайхан бэ!
«НАДАД БАЙГАА ТА НАРЫН ТӨЛӨӨ ГЭСЭН ХАЙРЫГ ТА НАРТ МЭДҮҮЛЭХИЙН ТУЛД»
15, 16. а) Паулыг итгэл нэгтнүүд нь хайрлан хүндэтгэдэг байсны учир юу вэ? б) Бид ямар учраас ахлагчдыг хайрладаг вэ?
15 Ахлагчийн үүрэг даалгавар амархан биш. Заримдаа Бурхны сүргийн төлөө санаа зовж шөнөжингөө залбирдаг. Итгэл нэгтнүүддээ туслах гэж нойргүй хонох үе ч бий (2 Кор. 11:27, 28). Гэлээ ч Паулын адилаар үүргээ хариуцлагатай, баяр хөөртэй биелүүлдэг. Паул Коринтынхонд «Би та нарын төлөө өөртөө байгаа бүхнээ дуртайяа зарцуулаад, биеэ ч зориулъя» гэж бичжээ (2 Кор. 12:15, ШГ). Ах дүүдээ хайртай учраас тэднийгээ зоригжуулах гэж хамаг хүч чадлаа зориулсан юм (2 Коринт 2:4-ийг уншина уу; Флп 2:17; 1 Тес. 2:8). Тийм болохоор христиан ах дүүс нь Паулыг хайрлан хүндэтгэдэг байжээ! (Үйлс 20:31–38).
16 Бурхны үйлчлэгчид бид ч халамжтай ахлагчдаа хайрлан хүндэтгэж, ийм бэлэг өгсөн Еховадаа талархан залбирдаг. Чин сэтгэлээсээ санаа тавин бидэнтэй нэг бүрчлэн уулзахад нь баярладаг. Хоньчны эргэлтээр гэрт маань ирэхэд сэтгэл сэргэдэг. Түүнээс гадна, энэ ертөнцийн дарамт шахалтаас болж эцэж туйлдсан үед хүрч ирээд тусламж үзүүлэхэд бид талархдаг. Тийм ээ, ахлагчид бол бидний баяр баясгалангийн төлөө хамтран ажиллагчид мөн.
a Тэдгээр Гэрчээс «Та ахлагч хүний ямар зан чанарыг хамгийн их эрхэмлэдэг вэ?» гэсэн асуултыг бас асуусан юм. «Хэзээ ч, хэнтэй ч харьцахад бэлэн байдгийг нь үнэлдэг» гэж ихэнх нь хариулсан. Энэ чухал чанарын талаар удахгүй үзнэ.