Ам хэлээ захирч, бие биеэ хайрлан хүндлэгтүн
«Та нарын хүн бүхэн өөрийгөө хайрлах шиг эхнэрээ хайрлах ёстой. Мөн эхнэр нь нөхрөө хүндэтгэх ёстой» (ЕФЕС 5:33, ШГ).
1, 2. Гэр бүлтэй хүмүүс ямар чухал асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ? Яагаад?
ХЭН НЭГЭН танд бэлэг илгээжээ. Бэлгийг аваад үзтэл дээр нь «Зөөлөн хүрээрэй» гэсэн бичиг байв. Яах вэ? Бэлгийг гэмтээхгүйн тулд зааврыг нь дагаж таарна. Библид гэрлэлтийг бэлэгтэй зүйрлэсэн байдаг. Тэгвэл энэ өвөрмөц бэлэгтээ ч бас зөөлөн хүрэхгүй гэж үү?
2 Бэлэвсэрч үлдсэн израиль эмэгтэй Наоми, Орпа Рут гэдэг хоёр залуу бүсгүйг: «ЭЗЭН та хоёрыг өөрсдийн нөхрийн гэрт амарлингуй байлган соёрхох [«бэлэг барих», ШЕ] болтугай» гэж ерөөжээ (Рут 1:3–9). Библид сайн эхнэрийн тухай: «Орон байр болон эд хөрөнгө нь эцгээс өвлөн ирдэг бол ухаалаг эхнэр ЭЗЭНээс ирдэг» гэсэн байдаг (Сургаалт үгс 19:14). Хэрэв та гэр бүлтэй бол ханиа Бурхны өгсөн бэлэг гэж үзэх хэрэгтэй. Та ханьтайгаа яаж харьцдаг вэ?
3. Паул эхнэр нөхрүүдэд ямар зөвлөгөө өгсөн бэ?
3 МЭ І зуунд амьдарч байсан элч Паул итгэл нэгтнүүддээ бичсэн захидалдаа: «Та нарын хүн бүхэн өөрийгөө хайрлах шиг эхнэрээ хайрлах ёстой. Мөн эхнэр нь нөхрөө хүндэтгэх ёстой» гэж зөвлөжээ (Ефес 5:33, ШГ). Нөхөр эхнэрүүд энэ зөвлөгөөг хэрэгжүүлж, үг яриагаа хэрхэн анхаарах ёстойг ярилцъя.
«Захирагдахгүй муу юмнаас» болгоомжлогтун
4. Хэл яриа хэр зэрэг хүчтэй вэ?
4 Библийг бичигч Иаков ам хэлийг «захирагдахгүй муу юм бөгөөд үхүүлэх хороор дүүрэн» гэж бичсэн байдаг (Иаков 3:8, ШГ). Үүгээрээ, нэг чухал санааг онцлон тэмдэглэжээ. Хэрэв хүн хэл амаа захирахгүй бол ямар ч аюулд өртөж болзошгүй аж. Мөн «Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг бол мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг» гэсэн Библийн сургаал үгийг Иаков сайн мэддэг байсан нь лавтай (Сургаалт үгс 12:18). Үнэхээр ч, хэл яриа айхтар хүчтэй. Шархлуулах ч чадалтай, анагаах ч увидастай. Хэрэв та ханиасаа: «Би чамтай яаж харьцдаг вэ?» гэж асуувал хань тань юу гэж хариулах бол?
5, 6. Ам хэлээ захирахад саад болдог хоёр хүчин зүйл юу вэ?
5 Та ханьтайгаа өөрөө ч мэдэлгүй эвгүй харьцаад сурчихсан бол яах вэ? Үүнийгээ засаж сайжруулах боломж бий. Гэхдээ их хичээх шаардлагатай. Яагаад? Нэг шалтгаан нь бидний төгс бус байдал юм. Хүн, ер нь, төрөлхийн нүгэлтэйгээсээ болоод муу юм бодох юм уу бусадтай эвгүй харьцчихдаг талтай. Тиймээс ч, Иаков: «Хэлэх үгэн дээрээ бүдэрдэггүй хүн байвал, тэр хүн биеэ хазаарлах чадвартай төгс хүн байна» гэж бичжээ (Иаков 3:2).
6 Төгс бус байдлаас гадна, хүний төрж өссөн орчин бусадтай аятайхан харьцахад саад болдог. «Эвлэршгүй, ...биеэ хянадаггүй, хэрцгий» эцэг эхчүүд олон байдаг (2 Тимот 3:1–3). Тийм эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн хүүхэд том болохлоороо тэднийхээ зан авирыг дуурайх нь олонтаа. Энэ мэт хүчин зүйлийг мэддэг бол бид хэл амаа захирна гэдэг зарим хүний хувьд яагаад тийм хэцүү байдгийг ойлгоно. Гэхдээ бусадтай эвгүй харьцдаг зангаа төгс бус байдал, төрж өссөн орчноор зөвтгөх ёсгүй.
«Хараахаа боль»
7. Петр «хараахаа бүр болихыг» зөвлөхдөө ямар санаа илэрхийлсэн бэ?
7 Юунаас ч боллоо гэсэн, хэрэв хүн ханьтайгаа эвгүй харьцчихдаг бол ханиа хайрлаж, хүндэлдэггүйн шинж юм. Петр христиануудад «хараахаа бүр болихыг» зөвлөсөн нь санамсаргүй хэрэг биш ээ (1 Петр 2:1, ШГ). «Хараах» гэж орчуулсан грек үг нь «доромжлох» гэсэн утгатай бөгөөд «хүнийг үгээр шордох» гэсэн санаа илэрхийлдэг. Ам хэлээ захирахгүй бол хэчнээн хор уршигтай байдгийг үнэхээр онож хэлжээ!
8, 9. Нөхөр эхнэр хоёр бие биеэ доромжилж харьцдаг бол юунд хүрч болзошгүй вэ? Ийм харьцаанаас яагаад зайлсхийх хэрэгтэй вэ?
8 Бусдыг доромжилно гэдэг зарим хүний хувьд тийм ч сүртэй юм биш шиг санагдаж магадгүй. Гэхдээ нөхөр эхнэр хоёр хоорондоо доромжилсон өнгө аястай харьцдаг бол юунд хүрдгийг үзье. Ханиа «тэнэг минь», «залхуу минь», «амиа бодсон амьтан» гэх мэтээр дуудах нь хамаг л сайн сайхан чанарыг нь тэр хараалын үгээрээ далдалж, муу нэр зүүж өгч байна гэсэн үг. Энэ бол дэндүү муухай хэрэг юм. Тэгвэл, ханийнхаа алдаа дутагдлыг давсалж ярих нь ямар вэ? Жишээлбэл, «Чи дандаа хоцорч байх юм» гэх юм уу, эсвэл «Чи намайг сонсоно гэж байх биш!» гэх зэргээр яривал үнэхээр хэтрүүлэг болохгүй гэж үү? Ингэж өдөөд байвал хань тань өөрийгөө өмөөрч мөн л адилхан үг хэлэхийг бодно. Тэгээд энэ нь хэрүүлийн үүдийг нээх биз ээ (Иаков 3:5).
9 Хэрэв нөхөр эхнэр хоёр бие биеэ доромжилж харьцдаг бол хэрүүл үүсэхэд хэзээд бэлэн нөхцөл бүрдэж, сүүлдээ бүр ноцтой асуудал гарч болзошгүй. Сургаалт үгс 25:24-т: «Хэрүүлч эхнэрийн хамт байшинг хуваалцан сууснаас дээврийн буланд амьдарсан нь хавьгүй дээр» гэж бичсэн байдаг. Энэ үг хэрүүл хийх дуртай нөхрүүдэд ч мөн хамаатай. Гэр бүлийн хос бие биеэ хатуу ширүүн үгээр дайрч доромжлох нь тэдний харьцааг аажмаар муутгаж, «Хань минь надад хайргүй болчихжээ», «Би түүний хувьд хэн ч биш болж дээ» гэж бодоход хүргэнэ. Тиймээс, ам хэлээ захирах нь туйлын чухал байх нь. Харин яаж захирах вэ?
Хэл амаа хазаарлагтун
10. Ам хэлээ захирах нь яагаад чухал бэ?
10 Иаков 3:8-д: «Хэн ч хэлийг номхруулж чадахгүй» гэж байдаг. Гэхдээ, морийг хазаарлаж байж удирдан залдаг шиг, ам хэлийг ч бас «хазаарлаж» байх учиртай. «Хэрэв хэн нэгэн нь өөрийгөө шүтлэгтэй хэмээн боддог хэдий ч хэл амаа хазаарладаггүй бол өөрийн зүрхийг хуурч буй бөгөөд шүтлэг нь ашиггүй ажээ» (Иаков 1:26; 3:2, 3). Үг яриагаа анхаарах нь маш чухал гэдгийг уг зүйл харуулж байна. Учир нь, үг яриа хань ижлээс маань гадна бидний Ехова Бурхантай тогтоосон харьцаанд хүртэл нөлөөлдөг (1 Петр 3:7).
11. Ялихгүй маргааныг хэрүүл болгон даамжруулахгүйн тулд яах вэ?
11 Ханьтайгаа яаж ярьж байгаагаа анхаарах нь ухаалаг хэрэг юм. Байдал хурцдаад ирвэл сөргөлдөөнийг намжаахыг хичээгээрэй. Эхлэл 27:46–28:4-т бичсэн, Исаак Ребека хоёрын амьдралд тохиолдсон явдлыг үзье. «Ребека Исаакт хандан: „Би хитчүүдийн охидоос болж амьдрах дургүй боллоо. Хэрэв Иаков түүн шиг энэ нутгийн охидоос, хитчүүдийн охидоос эхнэр авбал миний амьдрал юу болохсон билээ?“ гэв». Тэгэхэд нь Исаак хатуу ширүүн үгээр хариулалгүй, харин ч хүү Иаковаа Еховаг шүтдэг эхнэр олуулахаар явуулдаг бөгөөд ингэсэн нь Ребекагийн санааг амрааж, бэрээс болж сэтгэлийн зовлонд унагахгүйн тулд байжээ. Эхнэр нөхөр хоёр ам муруйж гэж бодъё. «Чи, чи» гэж чичлэхийн оронд, «би» хэмээн өөртөө хамааруулан хэлбэл ялихгүй маргааныг хэрүүл болгон даамжруулахаас сэргийлж чадна. Жишээ нь, «Чи надад хэзээ ч цаг гаргадаггүй!» гэхийн оронд, «Урьдынх шигээ дандаа хамт байх юмсан гэж би бодох юм» гэвэл болохгүй нь юу билээ? Хань руугаа дайрч давшлахын оронд асуудлаа шийдэхийг хичээгээрэй. Хэнийх нь зөв, хэнийх нь бурууг тогтоох гэсний хэрэггүй. Ром 14:19-д: «Амар тайванг тогтоодог болон бие биеэ босгон байгуулдаг зүйлсийн хойноос мөшгөцгөөе» гэж бичсэн байдаг шүү дээ.
«Аливаа хорсол, уур, хилэнг» зайлуулагтун
12. Хэл амаа захирахын тулд юу гэж залбирах хэрэгтэй вэ? Яагаад?
12 Хэл амаа захирна гэдэг нь хэлэх үгээ анхаараад л болчих хэрэг биш ээ. Ер нь бидний үг яриа, үнэн чанартаа, зүрхнээс гардаг. Есүс: «Сайн хүн зүрхнийхээ үнэт баялгаас сайныг гаргадаг. Хорон муу нэгэн хорон муу баялгаасаа мууг гаргадаг аж. Учир нь зүрх нь юугаар дүүрснийг ам нь ярьдаг» гэж хэлсэн байдаг (Лук 6:45). Тийм учраас, хэл амаа захирахын тулд Давид шиг: «Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинэчлээч» гэж залбирах нь зүйтэй (Дуулал 51:10).
13. Муу муухай үг хэлэхэд «хорсол, уур, хилэн» яаж нөлөөлдөг вэ?
13 Паул Ефесийн христиануудад хорон муу үг хэлэхээс зайлсхийгээд зогсохгүй, тийм үг хэлэхэд хүргэсэн сэтгэлээ ялахыг уриалжээ. Тэрбээр: «Аливаа хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг нь бүх бузар муугийн хамт та нараас зайлаг» гэж бичсэн байдаг (Ефес 4:31). Паул «шуугиан, гүтгэлэг» гэж бичихээсээ өмнө «хорсол, уур, хилэн» гэж бичсэнийг анхааръя. Дотор нь уур хилэн буцалж буй хүн уураа гаргахын тулд муу муухай үг хэлэхэд хүрдэг байна. Тиймд өөрөөсөө: «Би уураа дотроо хадгалаад байдаг юм биш биз? Би „түргэн зантай“ хүн үү?» гэж асуугаарай (Сургаалт үгс 29:22). Үнэхээр тийм байвал энэ зангаа засаж, уураа барихад туслахыг Бурхнаас гуйгаарай. «Уурласан ч, нүгэл бүү үйлд», «Орон дотроо зүрхэндээ тунгаан бясалгаж, дуугүй бай» гэж Библи зөвлөдөг (Ефес 4:26; Дуулал 4:4). Хэрэв муухай ааш хөдлөөд, биеэ захирч чадахгүй бол Сургаалт үгс 17:14-т бичсэн: «Даамжрахаас нь өмнө хэрүүлийг зогсоогтун» гэсэн зөвлөгөөг дагаарай. Улам гаарч мэдэх нөхцөл байдлаас тэр даруй зайлсхийж, уураа намдтал хүлээгээрэй.
14. Уурлаж бухимдах нь нөхөр эхнэр хоёрын харьцаанд хэрхэн ан цав суулгадаг вэ?
14 Уураа барих амаргүй. Ялангуяа, Паулын хэлснээр, хорсож байвал бүр ч хэцүү. Паулын хэрэглэсэн «хорсол» гэж орчуулсан грек үгээр «эвлэрэхийг хүсэхгүй, муухай аашлах», «алдаа дутагдлыг мартахгүй, өш санах» гэсэн санаа илэрхийлдэг. Бие биедээ хонзогнон дайсагнаснаас нөхөр эхнэр хоёрын харьцаанд ан цав сууж, улмаар даамжрах аюултай. Уур уцаараа бүрмөсөн дарахгүй бол бие биеэ жигшдэг болж магадгүй. Өнгөрсөн явдлыг бодон, бухимдаад байх нь юунд ч хүргэхгүй. Өнгөрснийг буцаана гэж байдаггүй шүү дээ. Нэгэнт уучилчихсан бол ор тас мартах хэрэгтэй. Хайр «муутай тооцоо хийдэггүй» гэдэг (1 Коринт 13:4, 5).
15. Бусадтай эвгүй үгээр харьцаад сурчихсан бол ярьж хэлэхээ өөрчлөхөд юу туслах вэ?
15 Хэрэв та хатуу ширүүн үгээр ярьдаг хүмүүсийн дунд өссөн бөгөөд тэгж харьцах нь таны хувьд хэвийн үзэгдэл болсон бол яах вэ? Үүнийгээ засах боломжтой. Та амьдралынхаа олон хүрээнд өөртөө тодорхой хязгаар тавьж, аль болохоор, зөрчихгүйг хичээдэг нь эргэлзээгүй. Тэгвэл хэл ярианы тухайд ч бас хязгаар тавих хэрэгтэй. Яг хэдийд ам хэлээ захирах нь зүйтэйг Ефес 4:29-өөс мэдэж болно. Тэнд: «Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг» гэж зөвлөсөн байдаг. Таагүй муухай үг хэлэхээсээ өмнө ам хэлээ захираарай. Энэ зөвлөгөөг дагахын тулд «хуучин хүнээ бузар муу зуршилтай нь хажуу тийш тавьж, өөрийг нь бүтээсэн Түүний дүр төрхийн дагуу үнэн мэдлэгт шинэчлэгдэж буй шинэ хүнийг өмсөөрэй» (Колоссай 3:9, 10).
Илэн далангүй ярилцах нь амин чухал
16. Дуугаа хураах нь гэр бүлд ямар аюултай вэ?
16 Нөхөр эхнэр хоёр дуугаа хураахыг асуудлаа шийдэх арга гэж үзвэл энэ нь сайн юм болохгүйгээр барахгүй, харин ч аюултай. Зарим хүн дуугаа хураагаад ханиа шийтгэе гэж боддог байхад, зарим нь гомдож уурласандаа, эсвэл сэтгэлээр унаснаасаа болоод үг дуугарахаа больчихдог. Гэтэл бие биетэйгээ ярихаа болилоо гээд үүссэн ан цавыг улам л томруулахаас биш, тулгарч буй бэрхшээлээ шийдвэрлэхэд өчүүхэн ч тус нэмэр болохгүй. «Нөхөр бид хоёр дуугаа хурааж хурааж, сая нэг ярихлаараа нөгөө бэрхшээлээ шийдэх тухай огт ярилцдаггүй» гэж нэг эмэгтэй хэлжээ.
17. Христиан эхнэр нөхөр хоёрын хооронд бэрхшээл гарвал яах ёстой вэ?
17 Нэгэнт үүссэн ан цавыг арилгана гэдэг тийм ч санаснаар болчихдог юм биш. Сургаалт үгс 15:22-т: «Зөвлөгөө [«илэн далангүй яриа», ШЕ] дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтнэ. Харин олон зөвлөгчтэй бол бүтэмжтэй» гэдэг. Ханьтайгаа хамт сууж байгаад, тухайн асуудлаа хэлэлцэж зөвлөлдөөрэй. Хэлэх үгийг нь чин сэтгэлээсээ анхааралтай сонсоорой. Хэрэв илэн далангүй ярилцъя гэтэл нэг л болохгүй байвал хурлынхаа ахлагчдаас тусламж аваарай. Ахлагчид Библийг сайн мэддэг бөгөөд Бурхны Үгийн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэх чадвар, туршлагатай хүмүүс. Тэднийг «салхинаас хоргодох газар, шуурганаас халхлах халхавч»-тай зүйрлэдэг билээ (Исаиа 32:2).
Та ялж чадна!
18. Ром 7:18–23-т ямар тэмцлийг дүрслэн бичсэн байдаг вэ?
18 Хэлээ хазаарлахын тулд их тэмцэл явуулах шаардлагатай. Үйл хэргээ хянахад ч мөн ялгаагүй. Элч Паул өөрт тохиолдож байсан хүнд бэрхийг дүрслэн бичихдээ: «Миний дотор буюу миний махан биед ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь хүсэл нь миний дотор байвч, харин сайныг хийх нь үгүй. Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг. Харин би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үүнийг үйлддэг» гэжээ. «Өөрсдийн маань эрхтнүүдэд байдаг нүглийн хуулийн» улмаас бид үг хэлээ буруу ашиглах гээд байдаг талтай (Ром 7:18–23). Гэхдээ энэ хандлагатайгаа тэмцэх ёстой бөгөөд Бурхны тусламжтайгаар ялж чадна!
19, 20. Хэл амаа захирч сурахад Есүсийн жишээ яаж туслах вэ?
19 Хоёр биеэ хайрлаж, хүндэтгэдэг эхнэр нөхрүүд бие биедээ бодлогогүй, хатуу ширүүн үг хэлэхээс зайлсхийдэг. Есүс Христийн үзүүлсэн жишээг бодоцгооё. Тэрбээр шавь нараа хэзээ ч хэл амаар доромжилж байгаагүй. Тэр байтугай, дэлхий дээрх амьдралынх нь сүүлчийн шөнө, элч нарын дунд хэн нь агуу болох талаар маргаан гарахад ч тэднийг загнаж аашлаагүй (Лук 22:24–27). Библид: «Нөхрүүд ээ, Христ чуулганыг [шавь нараа] хайрлаад [тэдний] төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла» гэсэн зөвлөгөө байдаг (Ефес 5:25).
20 Тэгвэл эхнэр хүн яах ёстой вэ? «Нөхрөө хүндэтгэх ёстой» (Ефес 5:33, ШГ). Нөхрөө хүндэтгэдэг эхнэр ханиа харааж загнана гэж байх уу? «Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн мөн гэдгийг та нар ойлгоосой гэж би хүсэж байна» гэж Паул бичжээ (1 Коринт 11:3). Эхнэрүүд, Тэргүүндээ захирагддаг Христийг дуурайн нөхөртөө захирагдах учиртай (Колоссай 3:18). Төгс бус хүмүүс Есүсийг төгс дуурайж чадахгүй нь үнэн. Гэсэн хэдий ч, нөхөр эхнэр хоёр Есүсийн «мөрөөр дагахыг» чадах чинээгээрээ хичээвэл үг хэлээ захирахын төлөөх тэмцэлдээ ялалт байгуулж чадна! (1 Петр 2:21).
Санацгаая
• Нөхөр эхнэр хоёр хэл амаа захирахгүй бол ямар аюултай вэ?
• Хэлээ хазаарлахад яагаад хэцүү байдаг вэ?
• Хэл амаа захирахад юу туслах вэ?
• Эхнэр нөхрийн хооронд бэрхшээл гарвал яах ёстой вэ?