БҮЛЭГ ТАВ
Хүүхдээ багаас нь хүмүүжүүлэх нь
1, 2. Хүүхэд хүмүүжүүлэхдээ хэнээс тусламж авах нь зүйтэй вэ?
«ҮР ХҮҮХЭД бол ЭЗЭНээс ирдэг бэлэг» гэж 3 000 орчим жилийн өмнө нэгэн хүн баяр хөөр болон хэлжээ (Дуулал 127:3). Ихэнх гэр бүл хүүхэдтэй байхын жаргал эдэлдэг бөгөөд энэ нь Бурхны шагнал буюу. Харин үр хүүхэдтэй болоод удалгүй эцэг эх байхын сайхныг ч, бас хариуцлагыг ч ухаардаг.
2 Хүүхэд хүмүүжүүлэх нь орчин үед бүр ч амаргүй болжээ. Гэвч үр хүүхдээ сайн хүмүүжүүлсэн эцэг эх олон бий. Нэгэн дуулалч: «ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөдөг юм» хэмээн Бурхнаар удирдуулан бичихдээ үр хүүхдийг сайн хүмүүжүүлэхийн нэг нууцыг илчилжээ (Дуулал 127:1). Еховагийн зааврыг хэдийчинээ чанд сахина, төдийчинээ сайн эцэг эх байна. Библид «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ» гэж байдаг (Сургаалт үгс 3:5). Та хүүхэд өсгөх 20 жилийн ажлын гараан дээр зогсож байгаа бол Еховагийн зөвлөгөөг чих тавин сонсох уу?
БУРХНЫ ҮЗЭЛ БОДЛООР ХАНДАХ НЬ
3. Эцэг хүн хүүхэд хүмүүжүүлэх үүрэгтэй юү?
3 Хүүхэд хүмүүжүүлэхийг эмэгтэй хүний ажил гэж үзэх нь нийтлэг байдаг. Бурхны Үгэнд бичсэнээр, гэр бүлийг тэжээх үүрэг, гол нь, эцэг хүнд оногддог. Гэхдээ бас гэр орондоо хийх ажилтай. «Байшин барихаасаа өмнө гаднах ажлаа цэгцэлж, хээр талд буй юмсаа бэлэн болго» гэж Библид байдаг (Сургаалт үгс 24:27). Бурхны үзэл бодлоор бол, эцэг эхийн хэн хэн нь хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй (Сургаалт үгс 1:8, 9).
4. Охин хүүхдийг эрэгтэй хүүхдээс дорд үзэх ёсгүйн учир юу вэ?
4 Та хүүхдийн талаар ямар бодолтой явдаг вэ? Ази эцэг эхчүүд «охин хүүхэд төрөхөд дурамжхан байдаг» нь судалгаанаас харагддаг. Латин Америкийн «боловсролтой гэр бүлд» ч охин хүүхдийг ялгаварлан гадуурхах явдал одоо хэр нь гардаг талаар ярьж бичдэг. Уг нь, охин хүүхэд хоёрдугаар зэргийн хүүхэд биш шүү дээ. Эрт цагт амьдарч байсан, өнөр бүлийн эцэг Иаков хүүхдүүдээ хүү охиноор нь ялгаварлалгүй бүгдийг нь «Бурханаас ... надад энэрэн нигүүлсэж өгсөн хүүхдүүд» хэмээжээ (Эхлэл 33:1–5; 37:35). Есүс ч «хүүхдүүдийг» эрэгтэй эмэгтэй гэж алаг үзэлгүй бүгдийнх нь дээр гар тавьж байсан (Матай 19:13–15). Есүс Еховагийн үзэл бодлыг эрхэмлэдэг байсан нь лавтай (Дэд хууль 16:14).
5. Гэр бүл төлөвлөхдөө юуг тооцож үзэх ёстой вэ?
5 Эмэгтэй хүн аль болохоор олон хүүхэд төрүүлбэл сайн гэж танай нутагт үздэг үү? Зүй нь, хэдэн хүүхэдтэй болохоо гэр бүлийн хоёр шийдэх учиртай. Олон хүүхэд хооллож хувцаслах, сургуульд явуулах чадалгүй бол яах вэ? Гэр бүл төлөвлөхдөө үүнийг заавал тооцох ёстой. Зарим хүн өөрсдөө хүүхдүүдээ өсгөж чадахгүйд хүрэхлээр заримыг нь ах дүүгээрээ өсгүүлдэг. Үнэнийг хэлэхэд, энэ нь тийм ч сайн юм биш ээ. Ингэлээ гээд үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. «Хэн нэгэн нь өөрийнхнийгөө, ялангуяа төрсөн гэр бүлийнхээ хүмүүсийг тэтгэхгүй байвал тэр хүн итгэлийг үгүйсгэсэн хэрэг болох бөгөөд итгэгч бус хүнээс ч бүр дор юм» гэж Библи хэлдэг (1 Тимот 5:8). Аливаад хариуцлагатай ханддаг нөхөр эхнэр хоёр «төрсөн гэр бүлийнхээ хүмүүсийг тэтгэдэг» байхын тулд хэдэн хүүхэдтэй болохоо төлөвлөдөг. Тэгвэл жирэмслэхээс сэргийлэх арга хэрэглэж болох уу? Үүнийг дор бүрнээ шийдэх учиртай. Ямар арга хэрэглэхээ ч өөрсдөө шийдэх ёстой. «Хүн бүр өөрийн ачааг үүрнэ» (Галат 6:5). Гэхдээ үр хөндсөнөөс өөрцгүй арга хэрэглэвэл Библийн зарчмыг зөрчинө. Ехова Бурхан бол «Амийн эх булаг» билээ (Дуулал 36:9). Тиймээс үр тогтсон өндгөн эсийг устгах нь Еховаг үл хүндэтгэсэн хэрэг болох бөгөөд хүний амь хөнөөхтэй ижил юм (Египетээс гарсан нь 21:22, 23; Дуулал 139:16; Иеремиа 1:5).
ХҮҮХДИЙНХЭЭ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ НЬ
6. Хүүхдийг хэзээнээс хүмүүжүүлэх вэ?
6 Сургаалт үгс 22:6-д «Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга» гэж байдаг. Хүүхэд хүмүүжүүлэх нь эцэг эхийн гүйцэтгэх ёстой өөр нэг чухал үүрэг юм. Тэгвэл хэзээнээс хүмүүжүүлж эхлэх вэ? Аль болох эрт. Элч Паулын бичсэнээр, Тимотыг «бага наснаас» нь хүмүүжүүлжээ (2 Тимот 3:15). «Бага нас» гэж орчуулсан грек үгийг нялх юм уу бүр эхийн хэвлийд байгаа хүүхдийн талаар ярихад хэрэглэж болдог аж (Лук 1:41, 44; Үйлс 7:18–20). Тэгэхлээр, Тимотыг нялх балчраас нь хүмүүжүүлсэн бөгөөд тэр нь ч зөв байсан. Хүүхдийг аль болох багаас нь хүмүүжүүлэх нь хамгийн сайн юм. Нас нь бага байлаа ч хүүхэд аливааг таньж мэдэх гэж тэмүүлж байдаг.
7. а) Эцэг эхийн хэн хэн нь хүүхэдтэйгээ дотно харьцах нь яагаад чухал бэ? б) Ехова цорын ганц Хүүтэйгээ хэрхэн харьцаж байсан бэ?
7 Нэгэн эх: «Хүүхдээ анх хараад л өөрийн эрхгүй хайрласан» гэж хэлжээ. Ихэнх эхчүүд ингэж хэлдэг. Төрсөн цагаас нь хамт байхлаар эх үрийн холбоо бэхэждэг. Хүүхдээ хөхүүлэхийн хэрээр бүр ч дотносдог (1 Тесалоник 2:7-той харьцуулна уу). Энхрийлэн хайрлаж, хүүхэдтэйгээ ярих нь хүүхдийн сэтгэл санааны хэрэгцээг хангахад чухал үүрэгтэй (Исаиа 66:12-той харьцуулна уу). Тэгвэл эцэг хүний тухайд юу хэлж болох вэ? Эцэг хүн ч шинэ хүнтэйгээ дотносох учиртай. Энэ тухайд Ехова сайхан үлгэр дууриал үлдээсэн. Ехова цорын ганц Хүүтэйгээ хэрхэн харьцдаг байсныг «Сургаалт үгс» номоос мэдэж болдог. Тэнд «Эрт цагийн ажлаасаа өмнө, замынхаа эхэнд ЭЗЭН намайг эзэмшсэн. ... Би Түүний өдөр тутмын баяр бахдал байсан» хэмээснийг Хүүгийнх нь хэлсэн үг гэж үзэж болно (Сургаалт үгс 8:22, 30; Иохан 1:14). Еховаг дууриадаг сайн эцэг хүүхдээ эхийн хэвлийд бий болсон цагаас энхрийлэн хайрлаж, дотно харьцдаг. Нэг аав: «Хайр халамжаа харамгүй илэрхийлээрэй. Үнсэж тэвэрлээ гээд муу юм болохгүй» гэж хэлжээ.
8. Хүүхдийнхээ оюун ухааныг аль болох эртнээс хөгжүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?
8 Гэхдээ хүүхдэд үүнээс илүү юм хэрэгтэй. Дөнгөж төрсөн хүүхдийн уураг тархи мэдээлэл хүлээн авч, хадгалах чадвартай. Мэдээллийн гол эх булаг нь эцэг эх юм. Хүүхэдтэйгээ ярих нь ямар ач холбогдолтойг авч үзье. Хүүхдийг хэлд ороход, цаашлаад сайн уншиж сурахад «эцэг эх нь хүүхэдтэйгээ бүр багаас нь хэрхэн харьцаж байсан нь ихээхэн нөлөөлдөг» гэж мэргэжилтнүүд үздэг. Бага байхаас нь ярилцаж, ном уншиж өгч байгаарай. Тун удахгүй таныг дууриаж ярина, тэгэхлээр нь та ном уншихыг зааж өгнө. Тэгвэл хүүхэд сургуульд орохоосоо өмнө л уншаад сурчихна. Нэг ангид олон хүүхэд сурдаг, багш дутагдалтай газар амьдардаг бол энэ нь их тустай.
9. Эцэг эхчүүд хамгийн гол нь юу анхаарах хэрэгтэй вэ?
9 Христиан эцэг эх үр хүүхдийнхээ сүнслэг хэрэгцээг хангахыг юуны түрүүнд анхаардаг (Дэд хууль 8:3-ыг үзнэ үү). Ямар учраас тэр вэ? Христийнх шиг зан чанарыг төлөвшүүлэх буюу «шинэ хүнийг» өмсөхөд нь хүүхдэдээ туслахын тулд юм (Ефес 4:24). Үүний тулд зөв материал сонгож, зөв барих хэрэгтэй.
ҮНЭНИЙГ ХҮҮХДЭДЭЭ ХИЧЭЭНГҮЙЛЭН ЗААХ НЬ
10. Ямар зан чанартай болж төлөвшихөд нь хүүхдэдээ туслах хэрэгтэй вэ?
10 Барилгын чанар материалаас ихээхэн шалтгаалдаг. Христиан зан чанарыг төлөвшүүлэхэд тустай хамгийн сайн материал бол «алт, мөнгө, эрдэнийн чулуу» гэж элч Паул хэлжээ (1 Коринт 3:10–12). «Алт, мөнгө, эрдэнийн чулуу» нь итгэл, мэргэн болон хэрсүү ухаан, үнэнч байдал, Еховаг болон хуулийг нь хайрлах, хүндэтгэх сэтгэлийг бэлгэддэг (Дуулал 19:7–11; Сургаалт үгс 2:1–6; 3:13, 14). Эцэг эх хэрхэн тусалбал хүүхэд бүр бага балчраасаа ийм зан чанартай хүн болж төлөвших вэ? Эртний нэг зарчмыг баримтлах хэрэгтэй.
11. Израиль эцэг эхчүүд үр хүүхдээ Бурханд таалагддаг зан чанартай болоход нь туслахын тулд яах хэрэгтэй байсан бэ?
11 Израиль үндэстнийг Амласан газарт орохын өмнөхөн Ехова израиль эцэг эхчүүдэд «Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч ... ярьж бай» гэж хэлжээ (Дэд хууль 6:6, 7). Тийм ээ, эцэг эхчүүд өөрсдөө үр хүүхдийнхээ үлгэр жишээ, найз нөхөр, дотны хүн, багш нь байх ёстой.
12. Эцэг эхийн сайн үлгэр жишээ яагаад чухал бэ?
12 Үлгэр жишээ нь байгаарай. Ехова: «Энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж» гэж хэлээд, дараа нь «хөвгүүддээ хичээнгүйлэн заа» хэмээсэн. Тэгэхлээр эцэг эхчүүд Бурханд таалагддаг зан чанарыг юуны түрүүнд өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй байх нь. Өөрөөр хэлбэл, үнэнийг хайрлаж, үнэний дагуу амьдардаг байх ёстой. Тэгж байж л үнэнийг хүүхдийнхээ зүрх сэтгэлд шингээнэ (Сургаалт үгс 20:7). Яагаад гэвэл хүүхэд сонссоноо бус, харснаа дагаж дууриах нь илүү байдаг (Лук 6:40; 1 Коринт 11:1).
13. Христиан эцэг эх Есүсийг дууриан үр хүүхдээ хэрхэн анхаарч халамжлах вэ?
13 Найз нөхөр нь байгаарай. Ехова: «Гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч ... [хүүхэдтэйгээ] ярьж бай» гэж бас хэлсэн. Тэгэхлээр эцэг эх хэчнээн завгүй байсан ч үр хүүхдэдээ зориулж цаг гаргах ёстой байх нь. Хүүхдэд цаг зав гаргахын чухлыг Есүс ойлгодог байсан. Дэлхий дэх үйлчлэлийнх нь сүүлээр «хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхийн тул Түүн уруу хүүхдүүдээ авчирч байлаа». Тэгэхэд нь Есүс яасан бэ? «Хүүхдүүдийг тэвэрч, тэдэн дээр мутраа тавиад ерөөв» (Марк 10:13, 16). Дэлхийд амьдрах хугацаа нь дуусах дөхөж байсан тэр үед амжуулах ажил Есүст өчнөөн л байсан байж таарна. Гэсэн ч хүүхдэд цаг гаргаж, анхаарал тавьсан гээд бод доо. Сайхан жишээ биш гэж үү?
14. Хүүхдэдээ зориулж цаг гаргах нь ямар ач тустай вэ?
14 Дотны хүн нь байгаарай. Зориуд цаг гаргаж хамт байхын хэрээр хүүхэдтэйгээ дотносдог. Хэдийчинээ их харьцаж дотносно, зан чанар нь хэрхэн төлөвшиж байгааг төдийчинээ сайн мэддэг болно. Харьцах гэдэг нь ярилцах төдий хэрэг биш ээ. Бразилд амьдардаг нэг эх: «Сонсох гэдэг урлагт суралцаж, сэтгэлээсээ сонсож сурах хэрэг гарсан» гэж хэлжээ. Тэвчээртэй байсны үрээр хүү нь сэтгэлээ уудлан ярилцдаг болжээ.
15. Тоглож наадах, зугаацах тухайд юу анхаарах хэрэгтэй вэ?
15 «Инээх цаг, ... бүжиглэх цаг» буюу тоглож наадан, зугаацах цаг хүүхдэд хэрэгтэй (Номлогчийн үгс 3:1, 4; Зехариа 8:5). Хамт хийдэг зүйл нь эцэг эхэд ч, хүүхдэд ч таатай санагддаг бол амралт, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөдөг гэсэн үг. Гэр бүлээрээ цагийг сайхан өнгөрөөх гэдгийг олон хүн зурагт үзэх гэж ойлгодог болсон нь харамсалтай. Зурагтын зарим нэвтрүүлэг сонирхолтой байж болох ч, ёс суртахууны хэм хэмжээг гажуудуулахаар юм үзүүлдэг нь олон. Ер нь зурагт үзэх нь гэр бүлийн харилцааг үгүй хийх талтай. Тиймээс хүүхэдтэйгээ хамт үр ашигтай юм хийж яагаад болохгүй гэж? Дуу дуулах, тоглоом тоглох, зочин урих, зугаалгаар явах гэх зэрэг нь эцэг эх үр хүүхдийг дотносоход сайнаар нөлөөлдөг.
16. Эцэг эх нь хүүхдэдээ Еховагийн талаар юуг, яаж заах ёстой вэ?
16 Багш нь байгаарай. «Энэ үгсийг чи ... хөвгүүддээ хичээнгүйлэн заа» гэж Ехова хэлсэн. Юуг, яаж заахыг хам сэдвээс нь мэдэж болно. Юуны түрүүнд, эцэг эх та бүхэн «өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрлах» ёстой (Дэд хууль 6:5). Тэгж байж «энэ үгсийг ... хичээнгүйлэн заана» шүү дээ. Еховаг болон хууль тушаалыг нь чин сэтгэлээсээ хайрладаг хүн болгох зорилгоор зааж сургаарай (Еврей 8:10-тай харьцуулна уу). «Хичээнгүйлэн заах» гэж орчуулсан үг дахин дахин заах гэсэн утгатай. Тэгэхлээр, Бурхны талаар байнга ярих нь хүүхдээ Бурханд таалагдах зан чанартай хүн болгон хүмүүжүүлэх гол арга байх нь. Үүний тулд бас Библийн хичээл тогтмол хийх хэрэгтэй.
17. Хүүхдээ ямар хүсэлтэй болгохын төлөө эцэг эх чармайх хэрэгтэй вэ? Яагаад?
17 Захиас сургаалыг хүүхдийн зүрх сэтгэлд хоногшуулах амаргүйг ихэнх эцэг эх мэддэг. Элч Петр итгэл нэгтнүүддээ «Үгийн цэвэр сүүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүл» хэмээн уриалсан (1 Петр 2:2). Хүн төрөлхөөсөө сүнслэг зүйлийг хүсэж дурладаггүй учир «хүсэн тэмүүл» гэжээ. Тиймээс яавал тийм хүсэлтэй болохыг нь эцэг эхчүүд бодох хэрэгтэй биз ээ.
18. Есүсийн заах аргаас эцэг эхчүүд юу сурч болох вэ?
18 Есүс жишээ татаж заадаг байсан учир сургаал нь хүмүүсийн сэтгэлд хүрдэг байв (Марк 13:34; Лук 10:29–37). Хүүхэд сургахад ч жишээ татах нь их ач тустай. Библийн зарчмыг ойлгуулахын тулд сонирхолтой түүх ярьж өгөөрэй. Тухайлбал, «Библийн тухай өгүүлдэг миний ном»-ыг ашиглаж болно.a Хүүхдийнхээ сонирхлыг татаж, идэвхтэй оролцуулахын тулд Библид гардаг үйл явдлыг зуруулах юм уу тэр үйл явдалд үндэслэн жүжиг тоглуулаарай. Есүс бас оновчтой асуулт тавьдаг байсан (Матай 17:24–27). Гэр бүлийн хичээл хийхдээ асуулт тавьж байгаарай. «Бурхан тэгж тушаасан» гэхийн оронд «Ехова яагаад тэгж тушаасан бэ? Тушаалыг нь биелүүлбэл ямар ач тустай вэ? Биелүүлэхгүй бол яах вэ?» гэх мэтээр асууж байгаарай. Ингэвэл хүүхэд эргэцүүлж бодоод Бурхны хуулийг амьдралд хэрэгжүүлж болдог, ач тустай юм байна гэдгийг ухаарна (Дэд хууль 10:13).
19. Үр хүүхэдтэйгээ харьцахдаа Библийн зарчмыг баримталдаг бол хүүхэд нь үнэлж баршгүй ямар ач тус хүртэх вэ?
19 Та үр хүүхдэдээ үлгэр дууриал болж, найз нөхөр, дотны хүн, багш нь байвал Ехова Бурхантай бүр багаасаа дотно харьцаатай болоход нь тусална. Бурхантай дотно байдаг хүүхэд христиан ёсоор жаргалтай амьдарна. Үе тэнгийнхэн нь дарамтлах юм уу хорхой хүргэм зүйл тулгарахад ч итгэл үнэмшлээсээ няцахгүй. Бурхантай тогтоосон хосгүй харьцаагаа үнэлж эрхэмлэхэд нь үр хүүхдэдээ үргэлж туслаарай (Сургаалт үгс 27:11).
САХИЛГАЖУУЛАХ НЬ АМИН ЧУХАЛ
20. Яахын тулд сахилга батын арга хэмжээ авдаг вэ? Хэрхэн сахилгажуулах вэ?
20 Хүүхдийн үзэл бодлыг засаж, зөв хандлагатай болгохын тулд сахилгажуулах хэрэгтэй. Сахилгажуулах нь хүүхэд хүмүүжүүлэхтэй салшгүй холбоотой. Паулын бичсэнээр, эцгүүд «хүүхдүүдээ ... [Еховагийн] дэг журам болон сургамж дотор хүмүүжүүлэх» үүрэгтэй (Ефес 6:4). Эцэг эхчүүд хайрын сэтгэлээр сахилгажуулдаг Еховаг дууриах ёстой (Еврей 12:4–11). Хайрын сэтгэлээр сахилгажуулна гэдэг нь сургамжилж ухааруулна гэсэн үг. Библид ч «сургамжийг дага» гэж байдаг (Сургаалт үгс 8:33). Хүүхдийг хэрхэн сахилгажуулах вэ?
21. Хүүхэд хүмүүжүүлэхдээ ямар зарчим баримтлах хэрэгтэй вэ?
21 Зарим эцэг эх дуугаа өндөрсгөн, аашилж загнах, бүр үг хэлээр доромжлохыг сахилгажуулах гэж ойлгодог. Харин Паул дээрх үгийг бичихдээ «Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул» гэж бас сануулжээ (Ефес 6:4). «Бүх хүнд эелдэг зөөлөн ханд. ... Зөрөлдөгсдийг төлөв байдал дотор засаж бай» гэсэн зөвлөгөө христиан хүн бүрд хамаатай (2 Тимот 2:24, 25). Христиан эцэг эхчүүд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ тууштай байхын чухлыг ч ойлгодог, эдгээр зөвлөгөөг дагахыг ч хичээдэг. Хүүхдийг сургамжилж ухааруулахаас гадна шийтгэх хэрэг заримдаа гардаг (Сургаалт үгс 22:15).
22. Хүүхдийг шийтгэж болох ч юуг ойлгуулах шаардлагатай вэ?
22 Бүх хүүхдэд тохирдог сахилга батын арга хэмжээ гэж байхгүй. «Зөвхөн үгээрээ зааварлаж болохгүй» хүүхэд бас бий. Тийм хүүхдийг хааяа шийтгэх нь сайн сайханд нь тустай (Сургаалт үгс 17:10; 23:13, 14; 29:19). Гэхдээ яагаад шийтгэж байгаагаа ойлгуулах учиртай. «Саваа зэмлэл хоёулаа мэргэн ухааныг өгнө» (Сургаалт үгс 29:15; Иов 6:24). Түүнээс гадна, шийтгэл хэмжээ хязгаартай байх ёстой. Ехова ард түмэндээ «Би чамайг зохистойгоор засна» хэмээсэн байдаг (Иеремиа 46:28б). Уурын мунхгаар хүүхдийг цохих, зодох, гэмтээж бэртээхийг Библи эрс буруушаадаг (Сургаалт үгс 16:32).
23. Сахилга батын арга хэмжээ авахдаа хүүхдэд юу ойлгуулах хэрэгтэй вэ?
23 Ехова ард түмнээ сахилгажуулахаасаа өмнө «Бүү ай. ... Учир нь Би чамтай хамт» гэж хэлсэн байдаг (Иеремиа 46:28а). Эцэг эхчүүд энэ үгийг санан хүүхдээ зөв зүйтэй сахилгажуулахдаа ч хэнд ч хэрэггүй хүн гэсэн бодол төрүүлж болохгүй (Колоссай 3:21). Харин «хамт» байдаг буюу хайрлаж хамгаалдагтаа л сахилгажуулдгаа ойлгуулах учиртай.
ХҮҮХДЭЭ МУУ МУУХАЙ ЮМНААС ХАМГААЛАХ НЬ
24, 25. Сүүлийн үед хүүхдийг юунаас хамгаалах шаардлага гарч байна вэ?
24 Ер нь томчууд хүүхэд насны жаргалтай сайхан үеэ дурсаж, аав ээжтэйгээ байхад юунаас ч айхгүй, юу ч болж байсан аав ээж нь хайрлан халамжилна гэж бодож явснаа санадаг. Эцэг эхчүүд ч хүүхдээ тийм бодолтой байгаасай гэж хүсдэг. Гэхдээ өнөөгийн ёс бус нийгэмд хүүхдээ муу юмнаас хамгаалах их амаргүй болжээ.
25 Хүүхэд хүчирхийлэх бузар хэрэг сүүлийн жилүүдэд газар авч байна. Тухайлбал, Малайзид хүүхэд хүчирхийлэх явдал арван жилийн хугацаанд дөрөв дахин нэмэгджээ. Жил бүр Германд 300 000 хүүхэд, Өмнөд Америкийн нэг оронд 9 000 000 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн сэтгэл сэр хийлгэм тоо нэгэн судалгаагаар гарчээ. Хүүхдүүд гэртээ бэлгийн хүчирхийлэлд өртдөг бөгөөд ийм хэргийг их төлөв итгэж найдаж явсан, таньдаг хүмүүс нь үйлддэг нь харамсалтай. Эцэг эхчүүд хүүхдээ сайн хамгаалах хэрэгтэй. Хэрхэн хамгаалах вэ?
26. Хүүхдийг хэрхэн хамгаалах вэ? Мэдлэг хамгаалалт болдог гэхийн учир юу вэ?
26 Хүүхдэд бага байхаас нь бэлгийн боловсрол олгох нь сайн хамгаалалт болдог. Учир нь энэ талын мэдлэг багатай хүүхэд муу хүмүүсийн урхинд амархан ордог байна. Мэдлэг «хорон муугийн замаас, гажсан зүйлсийг яригч хүнээс» хамгаалдаг (Сургаалт үгс 2:10–12). Юуны тухай мэдлэг вэ? Ёс суртахууны хувьд зөв буруугийн талаарх Библийн зарчмыг тайлбарлаж, зарим хүн муу юм хийдгийг, муу юм хийлгэх гэж оролдсон том хүний үгэнд орох ёсгүйг ойлгуулах хэрэгтэй (Даниел 1:4, 8; 3:16–18-тай харьцуулна уу). Энэ тухай нэг л удаа ярихад болно гэж битгий бодоорой. Ихэнх хүүхэд юмыг олон хэлүүлж байж сайн тогтоодог. Хүүхдийнхээ нас биеийн онцлогт тохируулж харьцаарай. Тухайлбал, өсөж томроод ичиж зовдог насанд нь аав нь охинтойгоо, ээж нь хүүтэйгээ хүндэтгэлтэй харьцах нь зүйтэй. Ингэвэл зөв буруугийн талаарх ойлголтыг нь улам батжуулна. Түүнчлэн, хүчирхийллээс хамгаалах хамгийн сайн арга бол эцэг эхийн байнгын хараа хяналт юм.
БУРХНААР УДИРДУУЛАХ НЬ
27, 28. Хүүхэд хүмүүжүүлэх амаргүй үүргээ биелүүлэхэд нь эцэг эхэд хэн хамгийн сайн туслах вэ?
27 Хүүхдийг багаас нь сургах амаргүй. Гэхдээ Ехова Бурхан өөрт нь найддаг эцэг эхчүүдэд тусалдаг. Шүүгчдийн үед Маноа гэдэг хүн эцэг болох гэж байгаагаа дуулаад хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэхээ мэдэх гэж Еховагаас удирдлага гуйн залбирчээ. Ехова ч залбиралд нь хариулдаг (Шүүгчид 13:8, 12, 24).
28 Орчин үед ч христиан эцэг эхчүүд хүүхэд хүмүүжүүлэхдээ Еховагаас тусламж хүсдэг. Эцэг эх байх амаргүй ч сайхан. Хавайд амьдардаг нэг христиан хос: «Шилжилтийн насны хэцүү үе эхлэхээс өмнөх 12 жилд хийх юм мундахгүй. Гэхдээ Библийн зарчим баримтлахыг хамаг чадлаараа хичээсэн бол хүүхэд өөрөө хүсээд Еховад үйлчлэхээр шийдэхэд баяр хөөр болж, сэтгэл амарна» гэж хэлжээ (Сургаалт үгс 23:15, 16). Танай хүүхэд тийм шийдвэр гаргахад та ч «Үр хүүхэд бол ЭЗЭНээс ирдэг бэлэг» гэж сэтгэл хөдлөн хэлнэ.
a Еховагийн Гэрчүүдийн хэвлэл.