Та нар ариусгагдсан
«Та нар угаагдсан, та нар ариусгагдсан» (1 КОР. 6:11).
1. Нехемиаг Иерусалимд буцаж ирэхэд элэг нэгтнүүд нь ямар янзтай угтсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).
ИЕРУСАЛИМЫН оршин суугчид шивэр авир гэлцэж байлаа. Еховаг эсэргүүцдэгээрээ зартай харийн хүн сүм дотор амьдрах болсон аж. Левичүүд үүрэгт ажлаа хэдийнээ орхижээ. Шүтлэг мөргөлийн асуудалд ард олноо манлайлах ёстой удирдагчид Амралтын өдөр худалдаа наймаа хийж байв. Олон хүн харь үндэстнүүдтэй ураг барилджээ. МЭӨ 443 оноос хойш хэдэн жил өнгөрсний дараа Нехемиаг Иерусалимд буцаж ирэхэд элэг нэгтнүүд нь ийм л янзтай угтав (Нех. 13:6).
2. Израиль хэрхэн ариун үндэстэн болсон бэ?
2 Израильчууд Бурханд өөрийгөө зориулсан ард түмэн байлаа. Тэд Еховаг дуулгавартай дагахад бэлэн байгаагаа илэрхийлэн: «ЭЗЭНий айлдсан бүх үгсийг бид даган биелүүлнэ» гэж МЭӨ 1513 онд амласан юм (Ег. 24:3). Тиймээс Бурхан тэднийг бусад үндэстнээс тусгаарлаж ард түмнээ болгон ариусгасан. Ямар агуу завшаан бэ! Дөчин жилийн дараа Мосе тэдэнд «Та нар бол өөрсдийн Бурхан ЭЗЭНд ариун ард түмэн мөн. ЭЗЭН Бурхан чинь энэ дэлхий дээр байгаа бүх ард түмнээс та нарыг Өөрийнхөө өмчлөлийн ард түмэн болгон сонгосон билээ» хэмээн сануулжээ (Д.хууль 7:6).
3. Нехемиаг Иерусалимд хоёр дахь удаагаа ирэхэд иудейчүүд шүтлэгтээ хэрхэн хандаж байсан бэ?
3 Харамсалтай нь, израильчууд ариун үндэстэн байна гэж амласнаа биелүүлж чадаагүй. Израиль үндэстний дунд Бурхнаа гэсэн чин сэтгэлтэй хэсэг хүн байсаар байсан хэдий ч ихэнх нь Еховаг дуулгавартай дагахын оронд ариун мэт харагдахыг хичээж байв. Нехемиаг Иерусалимд хоёр дахь удаагаа ирэх үед израильчууд Вавилоноос ирээд зуу орчим жил болсон байлаа. Уг нь тэд жинхэнэ шүтлэгийг сэргээхийг хүссэн аж. Гэвч Еховаг амьдралынхаа эн тэргүүнд тавихаа больсныг Нехемиа анзаарчээ.
4. Еховагийн таалалд үргэлж багтаж, ариун хэвээрээ байхад тус болох ямар дөрвөн зүйлийг ярилцах вэ?
4 Өнөөгийн Еховагийн Гэрчүүд эртний израильчуудтай адил, Бурхны ариусгасан ард түмэн юм. Ехова тослогдогсод болон «үй олон хүний» аль алийг зөвхөн өөрт нь үйлчилдэг ариун хүмүүс гэж үздэг (Илч. 7:9, 14, 15; 1 Кор. 6:11). Израильчууд яваандаа Бурхны ариусгагдсан ард түмэн байхаа больсон. Харин бид тэдэн шиг болохыг хүсдэггүй. Үргэлж ариун байж, Еховагийн таалалд багтахын тулд яах хэрэгтэй вэ? Энэ өгүүллээр «Нехемиа» номын 13-р бүлэгт онцолсон дөрвөн зүйлийг авч үзье. Эдгээр нь: 1) муу нөхдөөс хол байх; 2) Еховагийн ажлыг дэмжих; 3) сүнслэг зүйлийг эн тэргүүнд тавих; 4) христиан гэдгээ санаж явах юм. Одоо нэг нэгээр нь ярилцъя.
МУУ НӨХДӨӨС ХОЛ БАЙГААРАЙ
5, 6. Елиашиб, Тобиа гэж хэн бэ? Тэр хоёр ямар холбоотой вэ?
5 Нехемиа 13:4–9-ийг уншина уу. Биднийг бузарлах зүйл хаа сайгүй байдаг учир үргэлж ариун байх нь тийм ч амархан биш ээ. Елиашиб Тобиа нарын тухай ярилцъя. Елиашиб тэргүүн тахилч, харин Тобиа аммон хүн бөгөөд Персийн хааны бага түшмэл байсан бололтой. Тобиа бол хамсаатнуудтайгаа нийлж Нехемиаг эсэргүүцэн, Иерусалимын хэрмийг сэргээн барихад нь садаа болсон хүн юм (Нех. 2:10). Аммончуудыг сүмийн хашаанд орохыг хориглодог атал тэргүүн тахилч ямар учраас Тобиаг сүмийн хоолны танхимд байлгахыг зөвшөөрсөн бэ? (Д.хууль 23:3).
6 Гурван шалтгаан бий. Нэгд, Елиашиб Тобиа хоёр ураг төрлийн холбоотой. Хоёрт, Тобиа өөрөө ч, түүний хүү Иехоханан ч иудей эмэгтэйчүүдтэй гэрлэсэн аж. Олон иудей хүн Тобиаг сайнаар ярьдаг байв (Нех. 6:17–19). Гуравт, Тобиа Самарийн амбан захирагч Санбаллатын дотно анд юм. Тэргүүн тахилч Елиашибын нэг ач хүү Санбаллатын охиныг гэргийгээ болгожээ (Нех. 13:28). Ийм холбоо сүлбээтэй учир тэргүүн тахилч Елиашиб итгэгч бус, эсэргүүцэгч хүний үгийг сөрж чадаагүй аж. Харин Нехемиа Тобиагийн хамаг эд хогшлыг хоолны танхимаас гаргаж хаян Еховад үнэнчээ баталсан.
7. Бурхны үйлчлэгчид, түүний дотор ахлагчид яавал үргэлж ариун байх вэ?
7 Бид Ехова Бурханд өөрийгөө зориулсан учир түүнд үргэлж үнэнч байх ёстой. Хэм хэмжээг нь баримтлахгүй бол ариун байж чадахгүй. Ураг төрлийн барилдлагаас болоод Библийн зарчмыг зөрчих учиргүй. Христиан ахлагч бусдад хандахдаа өөрийн бодол дүгнэлтийг бус, Еховагийн үзэл бодлыг удирдлага болгодог (1 Тим. 5:21). Ахлагчид Бурхантай тогтоосон харьцаандаа сэв суулгах алив юм хийхээс болгоомжилдог (1 Тим. 2:8).
8. Еховагийн үйлчлэгчид найз нөхрийн талаар юу санаж явах хэрэгтэй вэ?
8 «Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэгийг» байнга санаж явъя (1 Кор. 15:33). Хамаатан садангууд маань ч муугаар нөлөөлж мэдэх юм. Елиашиб Нехемиад тусалж Иерусалимын хэрмийг сэргээн барих ажилд оролцон ард олонд үлгэр дууриал болж явжээ (Нех. 3:1). Гэвч яваандаа Тобиа болон бусдын нөлөөнд автаж Бурханд таалагдахгүй юм хийсэн. Бид христиан үйл хэрэгт оролцохыг, тухайлбал, Библи унших, цуглаанд явах, дэлгэрүүлэхийг уриалдаг хүмүүстэй нийлэх нь чухал. Гэр бүлийнхэн маань зөв юм хийхийг дэмждэг бол тэдэндээ талархах нь зүйтэй.
ЕХОВАГИЙН АЖЛЫГ ДЭМЖЭЭРЭЙ
9. Сүмийн үйл ажиллагаа яагаад зогсонги байдалд орсон бэ? Нехемиа юу хийсэн бэ?
9 Нехемиа 13:10–13-ыг уншина уу. Нехемиаг Иерусалимд буцаж ирэхэд хүмүүс сүмд хандив өргөхөө бараг больчихсон байв. Тиймээс левичүүд амьдрахын эрхээр тус тусын талбайд ажиллахаар явж, үүрэгт ажлаа арга буюу орхижээ. Нехемиа өргөл хандивыг хариуцдаг байсан түшмэдийг зэмлэн буруушаасан. Тэд ажил үүргийнхээ дагуу аравны нэгийг хураадаггүй, эсвэл хураасан ч сүмд өгдөггүй байж (Нех. 12:44). Тэгэхлээр нь Нехемиа аравны нэгийг цуглуулах арга хэмжээ авав. Итгэл найдвар хүлээлгэсэн хүмүүсийг сүмийн агуулахын даамлаар томилж, аравны нэгийг хуваарилах ажлыг хариуцуулжээ.
10, 11. Бурхны ажлыг хэрхэн дэмжиж болох вэ?
10 Эндээс юу ойлгож болох вэ? «Эд хөрөнгөөрөө ЭЗЭНийг дээдлэх» учиртайг энэ явдал сануулдаг (Сур. 3:9). Еховагийн ажлыг дэмжиж хандив өргөдөг маань үнэндээ бол Еховагийн юмыг өөрт нь буцааж өгч байна гэсэн үг (Ш.дээд 29:14–16). Өгөх юмаар маруухан гэж бүү бодоорой. Хүсэл байвал бид бүгдэд өгөх юм бий (2 Кор. 8:12).
11 Найман хүүхэдтэй нэг айл тусгай эхлэгчээр үйлчилдэг настай хосыг долоо хоногт нэг удаа гэртээ урьж хамт хооллодог байжээ. Гэрийн эзэгтэй нь: «Арван хүнд хоол хийх, арван хоёр хүнд хоол хийхийн ялгаа юу байх вэ» гэж хэлдэг байлаа. Долоо хоногт нэг удаа дайлах юу ч биш байж болох ч эхлэгч хос хэчнээн их талархдаг байсан гэж санана! Тэгээд сэтгэл сэргээм түүх намтар ярьж өгдөг байсны ачаар тэр айлын хүүхдүүд ч сүнслэгээр өсжээ. Хожим нь бүгдээрээ Еховад бүрэн цагаар үйлчилдэг болсон байна.
12. Ахлагч, туслах үйлчлэгчид ямар сайн жишээ үзүүлэх хэрэгтэй вэ?
12 Ахлагч, туслах үйлчлэгчид Еховагийн ажлыг дэмжих талаар Нехемиаг дууриадаг бол хурлын гишүүд тэднээс суралцана. Элч Паул хурлынхандаа сайн жишээ үзүүлдэг байсан. Тэрбээр жинхэнэ шүтлэгийг өөрөө ч дэмждэг, бас хандив өргөхийн тулд яах хэрэгтэйг итгэл нэгтнүүддээ тодорхой хэлж өгдөг байжээ (1 Кор. 16:1–3; 2 Кор. 9:5–7).
СҮНСЛЭГ ЗҮЙЛИЙГ ЭН ТЭРГҮҮНД ТАВИАРАЙ
13. Зарим иудейчүүд Амралтын өдөр юу хийдэг байсан бэ?
13 Нехемиа 13:15–21-ийг уншина уу. Эд хөрөнгө, мөнгө төгрөгтэй болохын төлөө хамаг цагаа зориулбал яваандаа сүнслэгээр сүйрнэ. Эртний израильчууд долоо хоног бүр Амралтын өдрийг сахин, ариусгагдсан ард түмэн гэдгээ санах ёстойг Египетээс гарсан нь 31:13-т бичжээ. Тэр өдөр гэр бүлээрээ Бурхнаа шүтэж, залбирч, Бурхны Хуулийг эргэцүүлэн бодох учиртай байв. Харин Нехемиагийн үеийн зарим хүн Амралтын өдрийг бусад өдөр шиг л үзэж, худалдаа наймаагаа эрхэлж байжээ. Ийнхүү Еховаг шүтэх асуудлыг хойш нь тавьсан. Энэ бүхнийг харсан Нехемиа Амралтын өдөр эхлэхээс өмнө харийн худалдаачдыг хөөн гаргаж, хотын хаалгыг хаажээ.
14, 15. а) Мөнгө олохын төлөө хамаг цагаа зориулбал юу болох вэ? б) Яавал Бурхны амралт руу орох вэ?
14 Мөнгө олохын төлөө хамаг цагаа зориулах ёсгүйг энэ түүх харуулж байна. Эс тэгвэл сүнслэг зүйлийг эн тэргүүнд тавихаа болино. Ялангуяа эрхэлдэг ажлынхаа хойноос үхэн хатан явдаг хүнийг ийм аюул отож байдаг. Хоёр эзэнд үйлчлэх боломжгүй гэж Есүс хэлсэн байдаг шүү дээ (Матай 6:24-ийг уншина уу). Нехемиа Иерусалимд байх хугацаандаа Тирийн болон бусад орны худалдаачидтай наймаа хийж их мөнгө олох боломжтой байсан (Нех. 5:14–18). Гэвч ингэхийн оронд ах дүүстээ дэм болж, Еховагийн нэрийг ариусгахад хувь нэмэр оруулсан. Өнөөгийн ахлагч, туслах үйлчлэгчид бас цаг зав, хүч хөдөлмөрөө хурлынхандаа зориулдаг. Итгэл нэгтнүүд нь үүнийг өндрөөр үнэлдэг. Энэ бүхний үр дүнд Бурхны ард түмэн бие биеэ хайрлаж, эв нэгдэлтэй, тайван амгалан байдаг (Езе. 34:25, 28).
15 Христиан хүн Амралтын өдрийг сахих шаардлагагүй. Гэхдээ Паул: «Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг. Учир нь Бурхан Өөрийн ажлуудаас амарсны адил Түүний амралт уруу орсон хүн өөрийн ажлуудаас амарсан юм» хэмээн хэлжээ (Евр. 4:9, 10). Христианууд бид Бурхандаа дуулгавартай үйлчилж, санаа зорилгынх нь дагуу амьдардаг бол Амралтын өдрийг сахих буюу «Түүний амралт уруу орж» байна гэсэн үг. Танайхан гэр бүлийн хичээл, цуглаан, дэлгэрүүлэх ажлыг эн тэргүүнд тавьдаг биз дээ? Дарга захирал, хамт ажилладаг хүмүүс тань үүнийг ойшоодоггүй байж болох юм. Гэхдээ та Еховагийн ажлыг хамгийн чухал гэж үздэгээ айж эмээлгүй тодорхой хэлж өгөөрэй. Энэ нь сүнслэг зүйлийг эн тэргүүнд тавихын тулд Тирийн худалдаачдыг хөөн гаргаж хотын хаалгыг хаасан Нехемиаг дууриаж байгаа хэрэг юм. Бид Бурхны ариусгагдсан ард түмэн учир дараах асуултаар өөрсдийгөө шалгах нь зүйтэй. «Би Еховаг эн тэргүүнд тавьдаг уу? Энэ нь яаж амьдарч байгаагаас минь харагддаг уу?» (Мат. 6:33).
ХРИСТИАН ГЭДГЭЭ САНАЖ ЯВААРАЙ
16. Нехемиагийн үед амьдарч байсан Бурхны ариусгасан ард түмэнд ямар аюул нүүрлэсэн бэ?
16 Нехемиа 13:23–27-г уншина уу. Нехемиагийн үед израиль эрчүүд харийн бүсгүйчүүдтэй гэрлэж байжээ. Нехемиа Иерусалимд эхний удаа ирэхдээ харь үндэстнүүдээс эхнэр авахгүй гэсэн ам өчгийг Израилийн удирдагчдаас авч, баримт бичигт гарын үсэг зуруулсан юм (Нех. 9:38; 10:30). Гэвч түүнийг хэдэн жилийн дараа ирэхэд иудей эрчүүд харийнхантай гэрлэснээр үл барам, Бурхны ариусгасан ард түмэн гэдгээ умартах шахсан байлаа! Еврейгээр ярьж, уншиж чаддаггүй хүүхдүүд нь том болсон хойноо өөрсдийгөө израильчууд гэх болов уу? Эсвэл ашдод, аммон, моаб гэж бодох уу? Еврей хэл мэдэхгүй бол Бурхны Хуулийг ойлгож чадна гэж үү? Хуулийг нь мэдэхгүй тэд Еховаг шүтэх үү? Ээжийнхээ шүтдэг хуурамч бурхдыг л шүтэх бус уу? Бурхны ариусгасан ард түмнийг хамгаалахын тулд Нехемиа нэн даруй шийдэмгий арга хэмжээ авчээ (Нех. 13:28).
17. Еховатай дотно болоход нь эцэг эхчүүд хүүхдэдээ хэрхэн туслах вэ?
17 Христиан гэдгээ санаж явахад нь үр хүүхдэдээ туслахын тулд эцэг эхчүүд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Дараах асуултыг бодож үзээрэй. «Хүүхэд маань Библийн үнэний „цэвэр хэлээр“ хэр зэрэг сайн ярьдаг вэ? (Зеф. 3:9, ШЕ). Яриаг нь сонсохлоор Бурхны сүнсээр удирдуулж байна уу, эсвэл ертөнцийн сүнсний нөлөөнд автаж уу?». Муу нөлөөнд автсаныг нь анзаарвал бүү бухимдаарай. Ер нь хэл сурахад хугацаа хэрэгтэй байдаг. Ялангуяа анхаарал сарниулах юм их байвал тийм амархан сурахгүй. Хүүхдийг уруу татах юм энэ ертөнцөд бишгүй бий. Тиймээс тууштай байж, хүүхдээ Еховатай дотно болгохын тулд боломжтой бүхнийг, тухайлбал гэр бүлийн хичээлээ уйгагүй хийгээрэй (Д.хууль 6:6–9). Сатаны ертөнцийнх биш байх нь ямар ашигтайг сайн ойлгуулаарай (Иох. 17:15–17). Тэгээд зааж сургаснаа хүүхдийнхээ сэтгэлд хоногшуулахыг хичээгээрэй.
18. Еховад өөрийгөө зориулахад нь эцэг эх хүүхдэдээ туслах хэрэгтэйн учир юу вэ?
18 Бурханд үйлчлэх үү, үгүй юү гэдгээ хүүхэд өөрөө шийдэх нь ойлгомжтой. Гэхдээ зөв шийдвэр гаргахад нь эцэг эхчүүд та нар туслах учиртай. Жишээлбэл, өөрсдөө үлгэр дууриал болоорой. Ямар байвал Ехова таалахгүйг тодорхой хэлж өгөөрэй. Түүнээс гадна, буруу шийдвэр гаргавал ямар хохирол амсахыг ухааруулаарай. Христиан хүнд байвал зохих зан чанартай болоход нь эцэг эх та нар л тусалж чадна шүү дээ. Сүнслэгээр өсөж, Еховад өөрийгөө зориулахад нь та нараас илүү сайн тусалж чадах хүн байхгүй. Ер нь, бид бүгдээрээ христиан гэдгээ санаж явах хэрэгтэй. Тэгсэн цагт бэлгэдлийн «хувцсаа» тайлахгүй. Өөрөөр хэлбэл, Христийн дагалдагч хүнд байх ёстой зан чанар, баримтлах ёстой хэм хэмжээгээ алдахгүй (Илч. 3:4, 5; 16:15).
ЕХОВА БИДНИЙГ МАРТАХГҮЙ
19, 20. Яавал Ехова биднийг мартахгүй вэ?
19 Нехемиагийн үеийн зөнч Малахи: «ЭЗЭНээс эмээдэг болон Түүний нэрийг үнэлдэг хүмүүсийн төлөө дурсгалын ном Түүний өмнө бичигдсэн» хэмээжээ (Мал. 3:16, 17). Өөрийг нь бишрэн хүндэтгэдэг, нэрийг нь эрхэмлэн дээдэлдэг хүмүүсийг Ехова хэзээ ч мартахгүй (Евр. 6:10).
20 Нехемиа: «Бурхан минь, сайны төлөө намайг санаач!» гэж залбирчээ (Нех. 13:31). Хэрэв бид муу нөхдөөс хол байж, Еховагийн ажлыг дэмжин, сүнслэг зүйлийг эн тэргүүнд тавьж, христиан гэдгээ санаж явдаг бол Бурхан Нехемиагийн нэрийг номдоо бичсэний адил бидний нэрийг ч бичих нь дамжиггүй. Тиймээс «итгэл дотор байгаа эсэхээ шалгацгаая» (2 Кор. 13:5). Еховатай тогтоосон ариун нандин харьцаандаа сэв суулгахгүй байвал Ехова биднийг үүрд мартахгүй.