Бурхныг танин мэдье
«Өө, ЭЗЭН, Та намайг . . . мэдсэн билээ»
«ХЭН ч өөрийг нь ойлгодоггүй, тоодоггүй гэж бодох шиг сэтгэлийн дарамт байдаггүй» гэж зохиолч Артур Стэйнбайк хэлжээ. Танд ингэж санагддаг уу? Намайг ойлгох нь бүү хэл, надад юу тохиолдож байгааг мэдэх хүн даанч алга гэж бодогдох үе байсан уу? Тийм бол та Ехова үйлчлэгчдэдээ чин сэтгэлээсээ санаа тавьдаг учир өдөр тутмын амьдралд нь тохиолдож буй бүхнийг ажигладгийг мэдээд тайвшрах биз ээ. 139-р дуулалд бичсэн Давидын үг энэ үнэнийг баталдаг.
Бурхан өөрт нь анхаарал тавьдагт итгэлтэй байсан Давид: «Өө, ЭЗЭН, Та намайг судлан, намайг мэдсэн билээ» хэмээн бичжээ (1-р зүйл). Энд бичсэнийг бодохлоор олон дүр зураг буудаг. «Судлах» гэж орчуулсан еврей үгээр «хүдрийг ... хайх» (Иов 28:3), «газрыг судлах» (Шүүгчид 18:2), аливаа хэрэг явдлыг хуулийн үүднээс шалгах (Дэд хууль 13:14) гэх мэтийг бас хэлж болдог аж. Тийм ээ, Ехова амьдралын маань бүх хүрээг бүх талаас нь шалгасан мэт биднийг дэндүү сайн мэддэг. Давид «намайг» гэсэн төлөөний үг хэрэглэсэн нь Бурхан үйлчлэгч нэг бүрдээ санаа тавьдгийг харуулдаг. Тэднийгээ анхааралтай судалж, хүн тус бүрийг мэддэг.
Бурхан хэр зэрэг нарийн судалдгийг Давид: «Миний сууж, босохыг ч хүртэл Та мэддэг юм. Та хаа холоос миний санаа бодлуудыг ойлгодог» хэмээн хэлжээ (2-р зүйл). Ехова тэнгэрт оршдог учир «хаа холоос» гэж бичсэн. Гэхдээ биднийг өдөржин ажиллачихаад ядарч суухыг ч, шинэ өдрийг эхлэн өглөө босохыг ч мэддэг. Бас бидний санаа бодол, хүсэл мөрөөдөл, зорилго төлөвлөгөөг мэддэг. Давид ингэж нарийн шалгуулахаас айсан уу? Үгүй, харин ч шалгуулахыг хүсэж байсан (23, 24-р зүйл). Яагаад тэгсэн юм бол?
Ехова үйлчлэгчдээ сайхан сэтгэлээр шалгадгийг Давид мэддэг байв. Тэрбээр энэ тухай бодож байгаад: «Та миний явах зам мөр хийгээд хэвтэхийг минь ч нарийвчлан үзэж, миний бүх явдлыг дотно сайн мэддэг» хэмээн бичжээ (3-р зүйл). Ехова бидний «бүх явдал» буюу алдаа дутагдал, сайн үйл хэргийг өдөр бүр хардаг. Тэгвэл сайн муугийн алийг нь онцолж хардаг вэ? «Нарийвчлан үзэх» гэж орчуулсан еврей үг «шигших» буюу «салхинд хийсгэх» гэсэн утга бас илэрхийлдэг байна. Тариачин тариаг салхинд хийсгэж хэвэг буюу хальснаас нь салгаад цэвэр тариа авдаг. Ехова яг л ийм тариачны адилаар бидэнд ханддаг. «Дотно сайн мэдэх» гэж орчуулсан еврей үг нь «өндөр үнэлэх» гэсэн санаа илэрхийлдэг. Ехова үйлчлэгчдийнхээ өдөр тутмын үг яриа, үйл хэргийг шалгахдаа сайныг нь л хардаг. Яагаад гэвэл өөрт нь таалагдах гэсэн хүчин чармайлтыг өндөр үнэлдэг.
139-р дууллаас харахад Ехова үйлчлэгчдэдээ чин сэтгэлээсээ санаа тавьдаг бөгөөд өдөр тутмын амьдралд нь болж буй бүхнийг харж, судалж байдаг аж. Тийм ч учраас тэдэнд тулгарч буй зовлон бэрхшээлийг мэддэг төдийгүй үүнээс болж сэтгэл санаа нь зовж шаналж байгааг ч ойлгодог. Ийм халамжтай Бурхныг шүтэх хүсэл танд төрөхгүй гэж үү? Ехова Бурхныг шүтвэл тэрбээр «өөрийнх нь нэрийн төлөөх таны үйл хэргийг болон хайрыг» хэзээ ч мартахгүй гэдэгт итгэлтэй байж болно (Еврей 6:10).