«Бүх юм товлосон цагтай»
«Бүх юм товлосон цагтай. Тэнгэрийн дорх үйл явдал болгон цагтай» (НОМЛОГЧИЙН ҮГС 3:1, ШЕ).
1. Төгс бус хүмүүс ямар бэрхшээл туулдаг вэ? Энэ байдал нь заримдаа юунд хүргэдэг вэ?
«ҮҮНИЙГ аль эрт хийдэг байж» гэж хүмүүс олонтаа ярьдаг. Харин дараа нь тэднээс «хүлээх хэрэгтэй байж» гэсэн үг сонсож болно. Ямарваа нэг юм хийх цагаа зөв сонгоход төгс бус хүмүүст амаргүй байдаг гэдгийг энэ үг харуулж байна. Ийм байдал заримдаа хүмүүсийн хоорондын харьцааг хагаралд хүргэдэг. Үүнээс болоод урам хугарч, итгэл алдардаг. Мөн зарим хүний, Ехова болон түүний байгууллагад итгэх итгэл сулардаг нь бүр ч тусгүй.
2, 3. а) Юм бүхний товлосон цагийг Ехова тогтоож өгдөг гэдгийг зөвшөөрөх нь яагаад ухаалаг хэрэг вэ? б)
2 Ехова хүмүүст байдаггүй хэрсүү, мэргэн чанараараа ямар ч үйлдлийн үр дүнг хүссэн цагтаа урьдчилан харж чаддаг. Тэрбээр «бүр эхнээс эцсийг нь» мэддэг (Исаиа 46:10). Тиймээс Ехова санаснаа биелүүлэх хамгийн тохиромжтой цагийг эндэлгүй сонгох чадвартай. Тэгэхлээр цаг хугацааны тухай төгс бус ойлголтдоо найдалгүй, харин юм бүхний товлосон цагийг Ехова тогтоож өгдөг гэдгийг зөвшөөрөх нь ухаалаг хэрэг юм!
3 Боловсорсон христосын шашинтнууд Библийн зарим зөгнөл биелэхэд Еховагийн тогтоосон цагийг хүлээн үнэнчээ харуулдаг байх жишээтэй. Тэд «Еховагийн авралыг тэвчээртэй хүлээвэл сайн» гэж Гашуудлууд 3:26 (ШЕ)-д бичсэн зарчмыг мартахгүйг хичээж, Еховад чармайн үйлчилдэг. (Хабаккук 3:16-тай харьцуул.) Нөгөөтэйгүүр, «Тэр хэдий удах боловч... саатаж хоцролгүй заавал ирнэ» хэмээн Еховагийн айлдсан тогтоол биелнэ гэдэгт бат итгэдэг (Хабаккук 2:3).
4. Еховаг тэвчээртэйгээр хүлээхэд маань Амос 3:7, Матай 24:45 хэрхэн тусалдаг вэ?
4 Хэрэв бид Библийн ямар нэгэн зүйл буюу Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлээр өгдөг тайлбарыг бүрэн дүүрэн ойлгохгүй бол тэвчээр алдаж болох уу? Бурхны тогтоосон, бүгдийн учир тайлагдах тэр цагийг хүлээх нь мэргэн ухаантай хэрэг болно. «Хамгийн дээд (Хэмжээгүй эрхт) Эзэн Ехова Өөрийн албат болох зөнчүүдээрээ нууцаа илчлэлгүйгээр юуг ч хийдэггүй» (Амос 3:7, ШЕ). Юутай сайхан баталгаа вэ! Гэхдээ Ехова өөрийн нууцыг хэрэгтэй гэж үзсэн үедээ илчилдэг гэдгийг санах хэрэгтэй. Бурхан энэ зорилгодоо «итгэлтэй мэргэн боолыг» ард түмэндээ «цагт нь [сүнслэг] хоол ундыг» өгөх төлөөлөгч болгон ашигладаг (Матай 24:45). Тиймд бид хэтэрхий сандарч, зарим асуудал бүрэн тайлагдаагүй хэмээн санаа зовох хэрэггүй. Хэрэв бид Еховаг тэвчээртэйгээр хүлээвэл итгэлтэй мэргэн боолоороо дамжуулан шаардлагатай мэдээллийг «цагт нь» олгоно гэдэгт итгэлтэй байж болно.
5. Номлогчийн үгс 3:1–8-ыг ойлгох нь яагаад ач тустай вэ?
5 Ухаант хаан Соломон тус бүрдээ «товлосон цагтай» 28 үйлдлийн тухай ярьжээ (Номлогчийн үгс 3:1–8). Соломоны хэлсэн зүйл нь ямар утгатай, юунд хамаатай болохыг ойлговол Бурхны үүднээс цагт нь, цагт нь биш гэж юу гэсэн үг болохыг тодорхойлоход маань дөхөмтэй байх болно (Еврей 5:14). Мөн түүнчлэн, амьдралаа зөв зохиоход маань бидэнд түлхэц болдог.
«Уйлах хийгээд инээх цаг»
6, 7. а) Бэрхшээлд дурладаг хүмүүс өнөөдөр яагаад «уйлж байна» вэ? б) Дэлхий өөрөө хөл алдаад байгаа нөхцөл байдлынхаа ноцтойг нуун далдлах гэж хэрхэн чармайдаг вэ?
6 «Уйлах хийгээд инээх цаг» байдаг хэдий ч сүүлийнхийг нь эрхэмлэн үзэхгүй хэн байх билээ? (Номлогчийн үгс 3:4). Харамсалтай нь бид баярлахаасаа уйлах нь илүү болсон ертөнцөд аж төрж байна. Мэдээллийн томоохон хэрэгслүүдээр сэтгэл эмзэглүүлсэн мэдээ нэвтрүүлэх нь ихэсчээ. Бид, сургуулийн өсвөр үеийнхэн ангийнхныгаа буудаж байна, эцэг эхчүүд хүүхдүүдээ хүчирхийлж байна, алан хядагчид ямар ч буруугүй хүмүүсийг алах буюу зэрэмдэглэж байна, гал усны аюул эвдрэл сүйрэл, үхэл хагацал авчирч байна гэх зэрэг мэдээг сонсоод айсандаа дагжин чичирдэг. Телевизийн дэлгэцээр ширгэж хонхойсон нүдтэй өлсгөлөн хүүхдүүдийг, төрөлх нутгаа орхихоос өөр аргагүй болсон дүрвэгчдийг харуулж байгаа нь бидний анхаарлыг өөрийн эрхгүй татаж байна. Угсаатны цэвэрлэгээ, ДОХ, бактериологийн дайн, Эль-Ниньо гэх зэрэг урьд нь байгаагүй ойлголтууд бидний ой ухаан, зүрх сэтгэлд түгшүүр зарлах боллоо.
7 Өнөөдөр дэлхий ертөнц түгшүүрт хэрэг, эмгэнэлт явдлаар дүүрэн байгаа нь ямар ч эргэлзээгүй. Гэтэл нөхцөл байдлын ноцтойг нуун далдлах зорилготой юм шиг бусад хүмүүсийн амсан эдэлж байгаа зовлон зүдүүрийн талаар биднийг бодуулахгүй байхад чиглэсэн хөнгөн хуумгай, бүдүүлэг, гол төлөв садар самуун бөгөөд догшин хэрцгий цэнгэл зугааг сурталчилсан мэдээлэл галзуурсан юм шиг их болжээ. Гэвч тийм зугаа наадмын онцлог шинж болсон аальгүй инээд, тэнэг хошигнолын дүр зургийг жинхэнэ баяр хөөртэй эндүүрч болохгүй. Сатаны дэлхий Бурхны ариун сүнсний үр жимс болох тэрхүү баяр хөөрийг хүмүүст өгч чаддаггүй юм (Галат 5:22, 23; Эфэс 5:3, 4).
8. Өнөөдөр христосын шашинтнуудын хувьд уйлах инээх хоёрын аль нь илүү чухал бэ? Тайлбарлана уу.
8 Дэлхий ямар хөөрхийлөлтэй байдалд байгааг мэдэхээрээ инээхэд өнөөдөр хамгийн тохиромжгүй цаг юм байна гэдгийг бид ойлгох болно. Одоо зөвхөн л амарч, найрлаж наадан, сүнслэг хэрэгцээгээ хойш тавьчихаад, зугаа цэнгэлийг урьтал болгон амьдрах цаг биш. (Номлогчийн үгс 7:2–4-тэй харьцуул.) Элч Паулын хэлсэнчлэн «энэ дэлхийг хэрэглэж байгаа нь хэрэглэдэггүй хүмүүс мэт» болох ёстой аж. Яагаад? Яагаад гэвэл «энэ дэлхийн загвар өнгөрөн одно» (1 Коринт 7:31). Жинхэнэ христосын шашинтнууд хэчнээн бэрх (чухал) үед амьдарч буйгаа өдөр бүр санадаг (Филиппой 4:8).
Уй гашуу байдаг хэдий ч жинхэнэ жаргалтай хүмүүс
9. Усан галавын өмнөх өдрүүдэд гашуудалт ямар нөхцөл байдлыг харж болох байв? Өнөөдөр бидний хувьд энэ нь ямар утгатай вэ?
9 Бүх дэлхийн усан галавын өмнө амьдарч байсан хүмүүс амийг төдийлөн хайхарч үздэггүй байжээ. Тэд өдөр тутмынхаа ажилтай зууралдан, «дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм»-д гашуудан уйлж байгаагүй агаад «дэлхий хүчирхийллээр дүүрэхэд» дурлан хардаг байв (Эхлэл 6:5, 11). Бидний үед ч хүмүүс аминд энэ мэтээр хандана гэдгийг Есүс урьдчилан харж, энэхүү гашуудалт байдлыг дурсан өгүүлжээ. Тэрбээр: «Үерийн өмнөх тэр өдрүүдэд, Ноаг хөвөгч саравчиндаа ортол тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Үер бууж бүгдийг үхүүлэх хүртэл тэд ойлгоогүй юм. Хүний Хүүгийн залран ирэх нь түүнчлэн байх болно» гэж урьдаас мэдэгдсэн (Матай 24:38, 39).
10. Хаггайн үеийн израильчууд Еховагийн тогтоосон цагийн чухлыг дутуу үнэлж байсан нь юунаас харагддаг вэ?
10 Усан галаваас хойш 1 850 шахам жилийн дараа, Хаггайн үед ч олон израиль хүн шашин шүтлэгийн асуудалд ул суурьтай ханддаггүй байв. Тэд Еховагийн ашиг сонирхолд анхаарлаа хандуулах шаардлагатай цаг үе гэдгийг ойлголгүй, амин хувийнхаа ашиг сонирхлыг гол болгож байжээ. «Энэ ард түмэн „Цаг нь ирээгүй байна. Еховагийн гэрийг барих цаг болоогүй байна“ гэдэг. Еховагийн үг зөнч Хаггайгаар дамжин дахин ирсэн нь: түмэн цэргийн Ехова айлдсан нь: „та нар зүрхээ өөрийн зам уруу хандуул“» (Хаггай1:1–5).
11. Бид өөрсдөдөө ямар асуулт тавьж болох вэ?
11 Еховагийн Гэрч болохынхоо хувьд бидний зарим нь Хаггайн үеийн израильчуудын адилаар Бурхны өмнө тодорхой үүрэг хүлээж, түүний таалан соёрхож байгааг мэдэрдэг ч өөрсдийн зам мөрийн талаар, өөрөөр хэлбэл хэрхэн амьдарч байгаагаа сайтар эргэцүүлэн бодох нь тустай байхсан. Бурхны нэрийг гутаан бузарладаг дэлхийд үйл явдлуудаас болоод бид «уйлдаг» билүү? Хүмүүс Бурхны оршин байдгийг үгүйсгэн, түүний чигч шударга зармуудыг илтээр үл тоомсорлоход бид шаналдаг уу? 2500 жилийн өмнө Езекиелийн үзэгдэлд дүрслэн үзүүлсэн, тэмдэгтэй хүмүүс хэрхэн хүлээн авсны адилаар бид үүнийг хүлээн авдаг уу? Тэр хүмүүсийн тухай: «Ехова [бичээчийн бийр янтайтай хүнд] чи хотын дундуур, Иерусалимын дундуур явж, эргэн тойронд нь өрнөн буй жигшин зэвүүцэм үйл хэргээс болоод энэлэн шаналж, ёолон гаслах хүмүүсийн духан дээр нь тэмдэг тавих ёстой» гэсэн байдаг (Езекиел 9:4, ШЕ).
12. Езекиел 9:5, 6 өнөөдөр бидний хувьд ямар утгатай вэ?
12 Өнөөдөр дээрх хэсгийн утга учрыг гартаа хөнөөх зэвсэг барьсан зургаан эрэгтэй хүнд: «Түүний хойноос хотоор явж, довтлон дайрагтун. Өрөвдөн хөөрхийлөх нүдээр бүү харагтун, энэрч нигүүлсэх сэтгэлээр бүү хандагтун. Хөгшин эр, идэр залуу, онгон бүсгүй, балчир хүүхэд, эмс хүүхнүүдийг ч сүйрэн мөхтөл нь алагтун. Харин тэмдэгтэй хүмүүсийн нэгнийх нь ч дэргэд бүү оч. Ингээд эхлэхдээ миний дуганаас эхлэгтүн» хэмээн тушаасныг уншиж байж ойлгоно (Езекиел 9:5, 6, ШЕ). Улам ойртон дөхөж буй агуу их гамшгийн үеэр бидний аврагдах эсэх нь одоо бол уйлах цаг гэдгийг хэр зэрэг ойлгож байгаагаас шалтгаална.
13, 14. а) Есүс ямар хүмүүсийг жаргалтай гэсэн бэ? б) Энд бичсэн дүрслэл ямар учраас Еховагийн Гэрчүүдэд сайн тохирдог гэж үздгээ тайлбарлана уу?
13 Еховагийн албатууд энэ дэлхийн аймшигтай нөхцөл байдлаас болоод «уйлдаг» ч энэ нь аз жаргалтай байхад огтхон ч саад болдоггүй. Харин ч тэд энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс билээ. Есүс аз жаргалыг тодорхойлж болох нэгэн зүйлийг хэлэхдээ «Сүнсэн дотроо ядуу [сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг, ШЕ] нь ерөөлтэй еэ... Уй гашууд автагдагсад ерөөлтэй еэ... Даруу байгсад ерөөлтэй еэ... Зөвийн төлөө өлсөж цангагсад ерөөлтэй еэ... Энэрэнгүй байгсад ерөөлтэй еэ... Зүрхэн дотроо цэвэр ариун байгсад ерөөлтэй еэ... Амар тайвныг тогтоогчид ерөөлтэй еэ... Зөвийн төлөө хавчигдагсад ерөөлтэй еэ» хэмээжээ (Матай 5:3–10). Энэхүү дүрслэл нь өөр ямар ч шашны байгууллагад бус харин Еховагийн Гэрчүүдэд л тохирдог гэдгийг харуулдаг төгс баталгаа олон бий.
14 Ялангуяа, 1919 онд жинхэнэ шүтлэг сэргэсэн цагаас эхлээд Еховагийн жаргалтай ард түмэнд «инээх» үндэс бий болсон. Тэд сүнслэг талаараа М.Э.Ө. 6-р зуунд Бабилоноос буцаж ирэхдээ: «Эзэн Сионы олзлогдогсдыг буцаан авчрах үед бид зүүдэлж байгаа хүмүүс шиг байсан. Тэгээд бидний ам инээдээр, хэл маань дуугаар бялхсан... Эзэн бидний төлөө аугаа их үйлсийг үйлдсэнд бид баярлаж байна» хэмээн израильчуудад төрж байсан сэтгэгдлийг амссан (Дуулал 126:1–3). Гэхдээ Еховагийн Гэрчүүд сүнслэгээр инээн баясахдаа ч ямар цаг үед амьдарч байгаагаа үл умартан ухаалагаар үйл хэргээ явуулдаг. Шинэ ертөнц бий болж, дэлхий дээр амьдрагсад мөнх аминд хүрсэн тэр л цагт инээд баясал нь уйлаан майлааныг эгнэгт халах юм (1 Тимот 6:19; Илчлэлт 21:3, 4).
«Тэврэх цаг ба тэврэхээс зайлсхийх цаг»
15. Ямар учраас христосын шашинтнууд найз нөхрөө сонгохдоо хянамгай байдаг вэ?
15 Христосын шашинтнууд найз нөхдөө сонгохдоо хянамгай байдаг. Тэд Паулын «Бүү төөрөлдөгтүн. ”Муу нөхөрлөл сайн зуршлуудыг эвддэг”» гэж урьдчилан сануулсныг бодож явдаг (1 Коринт 15:33). Харин мэргэн хаан Соломон «мэргэн хүмүүст хандагч нь мэргэн болно. Мунхаг хүнтэй нөхөрлөгч нь хохирол амсана» гэж өгүүлжээ (Сургаалт үгс 13:20).
16, 17. Еховагийн Гэрчүүд нөхөрлөлд, үерхэлд, гэр бүлийн асуудалд ямар учраас хэрхэн ханддаг вэ?
16 Еховагийн албатууд, Еховаг хайрладаг, зөв шударга хэм хэмжээг нь сахихыг хичээдэг хүнийг найз нөхрөө болгодог. Тэд найз нөхөдтэйгөө харьцах харьцааг үнэлдэг бөгөөд түүндээ баяртай байдаг. Гэхдээ мэргэн ухаантай байж, зарим улс оронд одоо түгээмэл болоод байгаа, болзоонд хэт чөлөөтэй байх хандлагаас зайлсхийдэг. Тэд болзоог ердийн таатай байдлаар цаг өнгөөрөх арга гэж үздэггүй, харин гэр бүл болох чухал алхам гэж үздэг. Хүн гэр бүл болоход бие бялдар, сэтгэл санаа болоод сүнслэг талаараа бэлэн болсон ба Бичээсийн үүднээс ч гэр бүл болоход саад болох юмгүй тохиолдолд уг алхмыг хийвэл зохино (1 Коринт 7:36).
17 Зарим хүмүүс үүнийг болзоо ба гэр бүлийн асуудал дээр хуучинсаг үзэл баримталж байна гэж үзэж болох юм. Гэвч Еховагийн Гэрчүүд найз нөхдөө сонгох хийгээд үерхэж нөхөрлөх, гэр бүл болох асуудлаар шийдвэр гаргахдаа эргэн тойрныхоо хүмүүсийн нөлөөлөлд автдаггүй. Тэд «үйлс нь мэргэн ухааныг зөвтгөх юм» гэдгийг мэддэг (Матай 11:19). Ехова юу хамгийн сайн болохыг мэддэг болохоор тэд «зөвхөн Эзэн дотор» гэр бүл болох гэсэн түүний зөвлөгөөнд буурь суурьтай ханддаг (1 Коринт 7:39; 2 Коринт 6:14). Салах юм уу тусдаа амьдрах нь бэрхшээлийг шийдвэрлэж болох боломжийн зөв арга гэсэн буруу ташаа үзэлтэй санаа нийлдэггүй учир тэд гэр бүл болохыг яардаггүй. Тэд тохирох ханиа яаралгүйгээр хайдаг бөгөөд гэр бүлийн андгай тангарагаар «тиймд тэд нэгэнтээ хоёр бус, харин нэг махан бие юм. Иймээс Бурхны хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг» гэсэн Еховагийн хууль хүчин төгөлдөр болдгийг ойлгодог (Матай 19:6; Марк 10:9).
18. Аз жаргалтай гэр бүлтэй болоход юу анхны алхам болж болох вэ?
18 Гэр бүл бол насан туршдаа тогтоох гэрээ учир маш сайн бодож төлөвлөсөн байх шаардлагатай. Эрэгтэй хүн өөрөөсөө: «Тэр эмэгтэй надад үнэхээр тохирч байна уу?» гэж асуух нь зүйн хэрэг. Гэхдээ: «Би өөрөө түүнд үнэхээр тохирч байна уу? Түүний сүнслэг хэрэгцээг хангахуйц гүйцэд боловсорсон христосын шашинтан мөн үү, би?» гэж өөрөөсөө асуух нь бүр ч чухал. Ирээдүйн нөхөр, эхнэр болох хүмүүс сүнслэгээр бат бэх байж, Бурхны шаардлагад нийцэх гэр бүлийн бат бэх холбоо тогтоох чадвартай байх хариуцлагыг Еховагийн өмнө хүлээдэг. Гэр бүлтэй олон мянган христосын шашинтнууд бүрэн цагийн үйлчлэл бол аз жаргалтай гэр бүл бий болгох замын анхны бөгөөд шилдэг алхам гэдгийг баталж чадна. Учир нь бүрэн цагийн үйлчлэл авахаасаа илүү өгөх нь ерөөлтэй гэдгийг сургадаг билээ.
19. Ямар учраас зарим христосын шашинтнууд гэр бүл болдоггүй вэ?
19 Зарим христосын шашинтнууд «тэврэхээс зайлсхийх» буюу сайн мэдээний төлөө гэр бүлгүй байхыг эрхэмлэдэг (Номлогчийн үгс 3:5). Бусад нь тохирох хүнд нь таалагдах сүнслэг чанаруудыг өөртөө бий болголоо гэдгээ мэдрэхээс нааш гэр бүл болохоо хойшлуулдаг. Гэхдээ одоохондоо таарч тохирох ханиа олоогүй, аз жаргалтай гэр бүлийн амьдралын талаар мөрөөддөг христосын шашинтнуудын талаар мартахгүй байя. Гэр бүлтэй болохдоо ч библийн зарчмуудыг зөрчихгүй байх гэсэн тэдний чармайлт Еховаг баярлуулна гэдэгт бид итгэлтэй байж болно. Түүнчлэн, бид тэдний үнэнч байдлыг хүндэтгэж, тэднийг дэмжицгээе. Учир нь тэд үүнийг эдлэх эрхтэй.
20. Яагаад заримдаа гэр бүл болсон хосууд хүртэл «тэврэхээс зайлсхийдэг» вэ?
20 Гэр бүл болсон хосууд заримдаа «тэврэхээс зайлсхийх» хэрэгтэй юу? Элч Паул: «Ах дүүс минь үүнийг та нарт хэлье. Цаг ойртсон байна. Цаашдаа эхнэртэй нь эхнэргүй хүмүүс мэт... болох ёстой аж» гэж тэмдэглэн хэлсэн учраас зарим асуудлын тухайд хэрэгтэй бололтой (1 Коринт 7:29). Иймд гэр бүлийн амьдралын баяр хөөр, ивээл хишиг зарим үед теократ хариуцлагын дараа хоёрдугаар байр эзлэх ёстой. Энэ асуудалд ноён нуруутай хандах нь гэр бүлийг сулруулах бус харин улам бэхжүүлдэг. Учир нь ингэж хандах нь Ехова бол тэдний хоорондын харьцааг батжуулдаг гол бодгаль ямагт байх ёстой гэдгийг ойлгоход хосуудад тус болдог (Номлогчийн үгс 4:12).
21. Хүүхэдтэй болох эсэх талаарх гэрлэсэн хосуудын шийдийг ямар учраас бид шүүмжлэх зохисгүй вэ?
21 Үүний зэрэгцээгээр зарим хосууд хүүхэдтэй болохоос татгалздаг нь тэд Бурхны үйлчлэлд илүү чөлөөтэй байхыг хүсдэгийнх юм. Энэ бол тэдний зүгээс хийж буй золиос бөгөөд Ехова ч тэднийг үүнийх нь төлөө ивээдэг. Энэ ташрамд дурдахад, Библи хэдийгээр сайн мэдээний төлөө гэр бүлгүй байхыг урамшуулдаг ч сайн мэдээний төлөө хүүхэдгүй байх талаар дурьдаагүй (Матай 19:10–12; 1 Коринт 7:38; Матай 24:19 болон Лүүк 23:28–30 харьцуулна уу). Тийм болохоор гэрлэсэн хосууд хувийн нөхцөл байдал, сэтгэл санаагаа харгалзан үзээд өөрсдөө шийдвэр гаргадаг. Тэдний шийдвэр ямар ч байлаа гэсэн шүүмжилж үл болно.
22. Бидний хувьд юуг тодорхойлох нь чухал вэ?
22 Тийм ээ, «бүх юм товлосон цагтай. Тэнгэрийн дорх үйл явдал болгон цагтай». Тэр байтугай, «дайн тулааны хийгээд амгалан энхийн цаг» гэж бий (Номлогчийн үгс 3:1, 8). Удаах нийтлэлдээ чухам одоо юуны цаг вэ гэдгийг тодорхойлох нь ямар учраас чухал болохыг авч үзнэ.
Давтах асуулт
◻ «Бүх юм товлосон цагтай» гэдгийг мэдэх нь ямар учраас чухал вэ?
◻ Ямар учраас өнөөдөр «уйлах цаг» вэ?
◻ Яагаад христосын шашинтнууд «уйлдаг» хэдий ч үнэхээр аз жаргалтай хүмүүс байдаг вэ?
◻ Өнөөгийн цаг үе бол тэдний хувьд «тэврэхээс зайлсхийх» цаг гэдгийг зарим христосын шашинтнууд төлөв байдлаараа хэрхэн харуулдаг вэ?