СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 50
Сайн хоньчныхоо дууг сонсогтун
«Тэд дуугаар минь намайг танина (үгчилбэл, «дууг минь сонсоно»)» (ЁОХ. 10:16).
ДУУ 152 Бидний хүч, бидний найдвар, бидний итгэл
ТОЙМa
1. Есүс шавь нараа хоньдтой зүйрлэсний нэг шалтгаан юу вэ?
ЕСҮС шавь нартайгаа хэр дотно гэдгээ онцлохын тулд өөрийгөө хоньчинтой, шавь нараа хоньдтой зүйрлэжээ (Ёох. 10:14). Энэ нь оновчтой зүйрлэл юм. Хоньд хоньчноо таньдаг бөгөөд дууг нь сонсдог. Үүнийг баталж нэг аялагч ийн ярьжээ. «Бид хонины зураг авах гэтэл дууг маань танихгүй учраас ойртож ирэхгүй байсан. Тэгтэл хоньчин хүү ирээд дуудангуут хоньд нь дагаад явсан».
2, 3. а) Яадаг бол Есүсийн дууг сонсдог гэсэн үг вэ? б) Энэ болон дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
2 Дээрх аялагчийн үг шавь нараа хоньдтой зүйрлэсэн Есүсийн үгийг санагдуулдаг. Есүс: «Тэд дуугаар минь намайг танина (үгчилбэл, «дууг минь сонсоно»)» гэж хэлсэн (Ёох. 10:16). Гэхдээ Есүс одоо тэнгэрт байгаа. Тэгвэл яаж дууг нь сонсох вэ? Заасан сургаалыг нь амьдралдаа хэрэгжүүлдэг бол дууг нь сонсдог гэсэн үг (Мат. 7:24, 25).
3 Энэ өгүүллээр, сайн хоньчин Есүс шавь нартаа яахаа болих ёстойг заасан хоёр сургаалыг авч үзнэ. Дараагийн өгүүллээр, яах ёстойг заасан хоёр сургаалыг үзнэ.
«САНАА ЗОВДГОО БОЛЬ»
4. Лук 12:29-д бичсэнээр хүн юунаас болж «санаа зовж» магадгүй вэ?
4 Лук 12:29-ийг уншина. Есүс шавь нартаа зайлшгүй хэрэгтэй зүйлийнхээ төлөө «санаа зовдгоо боль» гэж хэлсэн. Тэрбээр үргэлж зөв юм хэлдэг. Бид зөвлөгөөг нь дагахыг ямагт хичээдэг ч заримдаа хэцүү байдаг. Яагаад тэр вэ?
5. Зарим хүн ямар учраас хэрэгцээнийхээ төлөө санаа зовдог вэ?
5 Зарим хүн хоол унд, хувцас хунар, орон байр гээд хэрэгцээнийхээ төлөө санаа зовдог. Буурай хөгжилтэй улсад амьдардаг хүмүүсийн хувьд олсон хэдэн мөнгө нь хаанаа ч хүрдэггүй. Эсвэл ажил хийж мөнгө олдог ганц хүн нь нас барахаар гэрийнхэн нь хэцүүддэг. Олон хүн КОВИД-19 цар тахлаас болж ажил ч үгүй, орлого ч үгүй болсон (Ном. 9:11). Хэрэв танд эдгээр болон өөр бэрхшээл учирсан бол санаа зовохоо боль гэсэн Есүсийн зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
6. Элч Петрт тохиолдсон явдлыг ярина уу.
6 Нэг удаа Петр бусад элчтэй хамт Галил нууранд завьтай явж байлаа. Тэгээд шуурганаар усан дээгүүр алхаж яваа Есүсийг харав. «Эзэн, хэрэв та мөн юм бол усан дээгүүр явж өөр дээр тань очихыг надад тушаагаач» гэв. Есүс: «Хүрээд ир!» гэлээ. «Петр завинаасаа гарч түүн рүү чиглэн усан дээгүүр явлаа». Тэгтэл яасан гээч? Петр «шуурга болохыг хараад айн живж эхлэв. Тэгээд “Эзэн, намайг авраач!” гэж хашхирав». Есүс гараа сунган түүнийг аварчээ. Сонирхолтой нь Петр Есүсийг анхаарч байхдаа давалгаалж буй усан дээгүүр явсан. Харин шуургыг анхаармагц айсандаа эргэлзэн живж эхэлсэн (Мат. 14:24–31).
7. Петрт тохиолдсон явдлаас юу мэдэж авах вэ?
7 Петрт тохиолдсон явдлаас юу мэдэж авах вэ? Тэрбээр завинаасаа гарч усан дээгүүр явж эхлэхдээ анхаарал нь сарниж живнэ гэж санаа ч үгүй биз ээ. Яван явсаар байгаад Есүс дээр очихыг бодсон. Харин эзнийгээ анхаарахын оронд шуургыг хараад айжээ. Петр усан дээгүүр алхахад бат итгэлтэй байх шаардлагатай байлаа. Үүнтэй адилаар, бид ч сорилтыг давахын тулд бат итгэлтэй байх шаардлагатай. Еховаг болон амлалтыг нь анхаарахаа боливол итгэл алдарна. Тэгвэл зовлонгийн далайд живнэ. Амьдралд ямар ч шуурга дэгдсэн Еховаг анхаарч, туслах чадалтайд нь итгэх учиртай. Яаж тэр вэ?
8. Юуг санавал идэж уух, өмсөж зүүх юманд хэт их санаа зовохгүй вэ?
8 Асуудал тулгарахад санаа зовохын оронд Еховад итгэх хэрэгтэй. Хаант төрийг эн тэргүүнд тавивал хайр халамжтай тэнгэрийн Эцэг Ехова зайлшгүй хэрэгцээг маань хангана гэж амласныг санаарай (Мат. 6:32, 33). Ехова энэ амлалтаа биелүүлээгүй нэг ч тохиолдол байхгүй (Д.хууль 8:4, 15, 16; Дуу. 37:25). Тэрбээр шувууд, цэцэгсийг анхаарч санаа тавьдаг. Тиймд бид идэж уух, өмсөж зүүх юманд санаа зовох шаардлагагүй нь ойлгомжтой (Мат. 6:26–30; Флп. 4:6, 7). Эцэг эх хүн үр хүүхдээ хайрласандаа зайлшгүй хэрэгцээг нь хангадаг. Үүнтэй адилаар хайр халамжтай тэнгэрийн Эцэг маань ч үйлчлэгчдээ хайрладаг учраас зайлшгүй хэрэгцээг нь хангадаг. Тиймээс Ехова санаа тавина гэдэгт эргэлзэх шаардлага огт байхгүй!
9. Нэг хосод тохиолдсон явдлаас та юу ойлгосон бэ?
9 Ехова үйлчлэгчдийнхээ хэрэгцээг хангадгийг баталсан нэг явдлыг ярилцъя. Бүрэн цагаар үйлчилдэг нэг хос хуучин машинаараа нийтдээ цаг гаруй явж дүрвэгсдийн хуаранд байсан Гэрч эмэгтэйчүүдийг цуглаанд аваачжээ. Нөхөр нь: «Цуглааны дараа бид тэднийг хоолонд урьсан юм. Гэвч дайлах юмгүйгээ дараа нь санав» гэж ярьжээ. Тэгээд яасан бол? Нөхөр нь цааш нь «Гэртээ ирэхэд хоёр тор дүүрэн идэж уух юм үүдэнд байсан. Хэн тавьсныг нь мэдээгүй ч Ехова санаа тавьж байгаа нь тодорхой байлаа» гэсэн юм. Дараа нь тэдний машин эвдэрчээ. Дэлгэрүүлэхдээ хөл залгуулдаг ганц унаагаа засуулах мөнгөгүй байлаа. Машинаа үзүүлэх гээд засварын газар аваачсан чинь нэг хүн хэний тэрэг болохыг асуув. Өнөөх Гэрч өөрийнх нь гэдгээ, бас засуулах хэрэгтэйгээ хэлжээ. Гэтэл нөгөө хүн: «Тэр хамаагүй. Манай эхнэр яг ийм маркийн, яг ийм өнгөтэй машинтай болмоор байгаа юм. Хэдээр зарах вэ?» гэв. Манай Гэрч өөр машин авах мөнгөтэй болжээ. Тэгээд «Тэр өдөр хэчнээн их баярласан гээч! Санамсаргүй явдал байгаагүй. Цаана нь Ехова л байсан» гэж ярьсан юм.
10. Дуулал 37:5-д хэрэгцээнийхээ төлөө санаа зовохгүй байхад тустай ямар зөвлөгөө байдаг вэ?
10 Сайн хоньчноо сонсож, идэж уух, өмсөж зүүх юманд санаа зовохоо болих юм бол Ехова хэрэгцээг маань хангана гэдэгт итгээрэй (Дуулал 37:5-ыг уншина; 1 Петр 5:7). 5-р догол мөрд дурдсан нөхцөлүүдийг бодоод үзээрэй. Ехова өнөөг хүртэл өрхийн тэргүүнийг эсвэл таныг, танайхны хэн нэгнийг ажилтай байлгаж зайлшгүй хэрэгцээг тань хангаж ирсэн. Гэтэл тэр хүн гэр бүлээ тэжээх боломжгүй эсвэл ажилгүй болбол Ехова өөр аргаар тусална. Хэрэгцээг тань хангахдаа л нэг хангана. Сайн хоньчин өөр яахыг болих ёстой гэж заасан бэ?
«БУСДЫГ ШҮҮДГЭЭ БОЛЬ»
11. Матай 7:1, 2-т бичсэнээр Есүс яадгаа боль гэсэн бэ? Энэ нь яагаад хэцүү байдаг вэ?
11 Матай 7:1, 2-ыг уншина. Хүн төгс бус, бусдын алдаа дутагдлыг анхаарч шүүх хандлагатай байдгийг Есүс мэддэг байсан. Ийм ч учраас «Бусдыг шүүдгээ боль» гэсэн. Бид итгэл нэгтнүүдээ шүүхгүй байх гэж чадлаараа хичээдэг. Гэвч төгс бус л юм хойно дандаа тэгж чаддаггүй. Тэгвэл бусдыг шүүх гээд байвал яах хэрэгтэй вэ? Есүсийг сонсож шүүдгээ болихын тулд чадлаараа мэрийх учиртай.
12, 13. Ехова Давид хаанд хэрхэн хандсаныг эргэцүүлэх нь бусдыг шүүхээ болиход тустай гэхийн учир юу вэ?
12 Еховагийн үзүүлсэн жишээг эргэцүүлбэл ихийг ухаарна. Тэрбээр хүний сайн талыг анхаардаг. Энэ нь ноцтой нүгэл үйлдсэн Давид хаанд хэрхэн хандсанаас нь харагддаг. Давид Батшебатай завхайрч, нөхрийг нь алуулдаг (2 Сам. 11:2–4, 14, 15, 24). Ингэснээр өөрөө төдийгүй гэрийнхнээ, түүний дотор эхнэрүүдээ зовоосон (2 Сам. 12:10, 11). Бас нэг удаа Еховад найдалгүй, цэргүүдээ дураараа тоолдог. Цэрэг армийнхаа хүчинд найдаж, бардсан бололтой. Тэгээд яалаа? 70 000 орчим хүн тахлаар амиа алддаг (2 Сам. 24:1–4, 10–15).
13 Хэрэв та тэр үед амьдарч байсан бол Давидыг хэрхэн дүгнэх вэ? Еховагийн өршөөлийг хүртэх эрхгүй хүн гэх үү? Ехова тэгээгүй. Давид өнөөг хүртэл хэр үнэнч байсныг, мөн чин сэтгэлээсээ гэмшиж байгааг нь анхаарсан. Иймээс ноцтой нүгэл үйлдсэн түүнийг өршөөсөн юм. Давид өөрт нь маш их хайртайг, зөв зүйл хийхийг хүсдэгийг нь мэдэж байсан. Бидний сайн талыг олж хардаг Бурхандаа та талархахгүй байна гэж үү? (Х.дээд 9:4; Ш.дээд 29:10, 17).
14. Юуг анхаарвал бусдыг шүүхээ болих вэ?
14 Ехова биднээс төгс байхыг шаарддаггүй. Үүнтэй адилаар бид ч нэг нэгнээсээ төгс байхыг шаардах учиргүй. Харин бусдынхаа сайн талыг олж хардаг байх учиртай. Хүний алдаа дутагдлыг олоод шүүмжлэх тун амархан. Харин Еховаг дуурайдаг хүн алдаа дутагдлыг нь олж харсан ч сайн харилцаатай байж чаддаг. Засаагүй алмаас эрдэнэ үзэмж муутай. Харин ухаалаг хүн гаднах байдалд нь хуурталгүй, засаж өнгөлсний дараа ямар сайхан харагдахыг нь, жинхэнэ үнэ цэнийг нь мэддэг. Ехова, Есүсийн адилаар хүнийг гаднахаар нь дүгнэлгүй, сайхан зан чанарыг нь анхаарах хэрэгтэй.
15. Бусдын нөхцөл байдлыг бодолцдог бол хайр найргүй шүүхгүй гэж яагаад хэлж болох вэ?
15 Бусдыг шүүхгүйн тулд сайн талыг нь анхаарахаас гадна өөр яах хэрэгтэй вэ? Амьдрал ахуй, нөхцөл байдлыг нь бодолцоорой. Жишээ нь, Есүс эрдэнэсийн санд хоёр жижиг зоос өргөж байгаа ядуу бэлэвсэн эмэгтэйг хардаг. Гэхдээ «Иймхэн мөнгө өргөж байгаа юм уу?» гэж чамлаагүй. Хэр их хандив өргөж байгааг нь анхаарахын оронд сэдэл хандлага, нөхцөл байдлыг нь бодолцож, чадах бүхнээ хийлээ гэж магтсан (Лук 21:1–4).
16. Вероникад тохиолдсон явдлаас та юу ойлгосон бэ?
16 Бусдын нөхцөл байдлыг бодолцохын чухлыг Вероника гэдэг Гэрч эмэгтэйд тохиолдсон явдал харуулдаг. Хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг өрх толгойлсон эмэгтэй хуралд нь байжээ. Вероника: «Тэд цуглаан тасалдаг, хааяа л дэлгэрүүлдэг болохоор “Ямар хачин хүмүүс вэ?” гэж боддог байлаа. Гэтэл нэг өдөр ээжтэй нь дэлгэрүүлсэн юм. Хүү нь сэтгэцийн өвчтэй болохоор хэчнээн хэцүү байдгаа надад ярьж өгсөн. Идэж уух, өмсөж зүүхээр дутахгүй, Еховагаас холдохгүйн тулд чадах бүхнээ хийдэг. Заримдаа хүүгийнх нь бие муудаад өөр хурлын цуглаанд суухаас өөр аргагүй байдгаа ярьсан» гэжээ. Тэгээд «Тэр эмэгтэйд ямар хэцүү байдгийг би мэдээгүй явжээ. Еховад үйлчлэхийн тулд чадлаараа хичээдэг тэр эмэгтэйг одоо бол үнэлж хүндэлдэг болсон» гэж ярьсан байна.
17. Яаков 2:8-д бичсэнээр бид яах учиртай вэ? Ингэхийн тулд яах хэрэгтэй вэ?
17 Итгэл нэгтнээ шүүдгээ анзаарвал яах хэрэгтэй вэ? Хайрлах учиртайгаа санах ёстой (Яаков 2:8-ыг уншина). Түүнээс гадна шүүхээ болиход туслахыг гуйн Еховад шаргуу залбираарай. Тэгээд залбирсныхаа дагуу санаачилгатай байж нөгөө хүнээ сайн таньж мэдэхийн тулд ярилцаарай. Жишээ нь хамт дэлгэрүүлэх юм уу хоол урьж болно шүү дээ. Итгэл нэгтнээ сайн мэддэг болбол Ехова, Есүсийг дуурайн сайн талыг нь олж харна. Ингэвэл бусдыг шүүдгээ боль гэсэн сайн хоньчноо сонсож байна гэсэн үг.
18. Яадаг бол сайн хоньчноо сонсож байна гэсэн үг вэ?
18 Хоньд хоньчныхоо дууг сонсдог шиг дагалдагчид нь Есүсийн дууг сонсдог. Хэрэв бид зайлшгүй хэрэгцээнийхээ төлөө санаа зовохоо, бусдыг шүүхээ болих гэж чармайдаг бол Ехова, Есүсийн ивээлийг хүртэнэ. «Өчүүхэн сүргийн» нэг ч бай, «өөр хоньдын» нэг ч бай сайн хоньчныхоо дууг сонсож дуулгавартай дагасаар байя (Лук 12:32; Ёох. 10:11, 14, 16). Дараагийн өгүүллээр, Есүс дагалдагчдадаа яах ёстойг заасан хоёр сургаалыг авч үзье.
ДУУ 53 Эв нэгдэлтэй үйлчилцгээе
a Есүс, хоньд хоньчныхоо дууг сонсоно гэж хэлсэн. Энэ нь шавь нар нь сургаалыг нь сонсож амьдралдаа хэрэгжүүлэхийг хэлсэн хэрэг байлаа. Энэ өгүүллээр, эд юмаар дутагдаж гачигдах вий гэж санаа зовохгүй байх болон бусдыг шүүхгүй байх талаар заасан Есүсийн хоёр чухал сургаалыг үзээд хэрхэн хэрэгжүүлэхийг мэдэж авна.
b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эрэгтэй ажилгүй болсон учраас мөнгөөр гачигдаж, байрнаасаа нүүх хэрэгтэй болжээ. Сэрэмж алдвал бэрхшээлээ хэт анхаарч, Еховаг эн тэргүүнд тавьж чадахгүйд хүрнэ.
c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч залуу цуглаандаа хоцроод ирж байна. Гэхдээ албан бусаар дэлгэрүүлдэг, настайчууддаа тусалдаг, цуглааны танхимаа торддог сайн залуу юм.