«Итгэмжит боол» шалгалтыг давдаг!
«Шүүлт Бурхны гэр бүлээс [«өргөөнөөс», ШЕ] эхлэх цаг нь болжээ» (1 ПЕТР 4:17).
1. Есүс «боолыг» шалгаад юу илрүүлсэн бэ?
МЭ 33 оны Пентекостын өдөр Есүс «зарц нартаа» цагт нь хоол өгүүлэхээр «боолыг» томилсон. 1914 онд Есүс хаан ширээнд залраад, удалгүй өнөөх «боолыг» шалгажээ. «Боолын» ангийн ихэнх гишүүн үнэнч, ухаалаг байсан нь шалгалтаар батлагдсан учир «хамаг эзэмшил хөрөнгөө» түүнд даатгасан байна (Матай 24:45–47). Гэтэл бас үнэнч, ухаалаг байж чадаагүй «муу боол» байжээ.
«Тэр муу боол»
2, 3. «Тэр муу боол» хаанаас гарч ирсэн бэ? Энэ нь юунаас болсон бэ?
2 Есүс «итгэмжит, ухаалаг боолын» тухай ярьсныхаа дараа шууд «муу боолын» тухай хэлжээ. Тэрээр: «Харин [«тэр», ШЕ] муу боол нь зүрхэндээ: „Эзэн маань удаан хугацаагаар ирэхгүй“ гээд өөрийн анд нөхөд болох боолуудаа зодож, архичидтай идэж ууж эхэлбэл, эзнээ ирнэ гэж хүлээгээгүй өдөр, мэдэхгүй цагт нь мөнөөх боолын эзэн ирж, түүнийг үхтэл нь зодож [«их хатуу шийтгэж» ШЕ], хоёр нүүртэнгүүдтэй хамт нэг газарт байрлуулна. Тэгээд тэнд уйлж, шүдээ хавирах болно» гэж хэлсэн (Матай 24:48–51). Есүс «итгэмжит ухаалаг боолын» тухай ярьсныхаа дараа «тэр муу боол» гэж хэлсэн нь бидний анхаарлыг татдаг. Тийм ээ, «итгэмжит боолын» гишүүдийн дундаас «муу боол» гарчээ.a Яаж тэр билээ?
3 Өмнө нь «итгэмжит боолын» ангийн олон гишүүн 1914 онд Сүйт залуутайгаа тэнгэрт уулзана гэж бат найдаж байсан ч, энэ нь биелээгүй. Энэ болон бусад хэрэг явдал олон хүний урмыг хугалж, заримынх нь хорслыг төрүүлжээ. Тийм хүмүүс урьд нь ах дүүгээ гэж үздэг байсан хүмүүсээ үг хэлээр «зодож», «архичид» буюу христ шашны ертөнцийн бүлгүүдтэй нийлэх болжээ (Исаиа 28:1–3; 32:6).
4. «Муу боол» болон түүнтэй адил хар санаа өвөрлөсөн бүх этгээдэд Есүс хэрхэн хандсан бэ?
4 Урьдын христиан хүмүүс ийнхүү эцэстээ «муу боол» болж, Есүс тэднийг «их хатуу шийтгэсэн». Яаж? «Боолоо» гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан бөгөөд тэд тэнгэрийн найдваргүй болсон. Гэхдээ тэднийг тэр даруйд нь устгаагүй. Тийм хүмүүс эхлээд хэсэг хугацаанд христиан хурлын «гаднах харанхуйд... уйлж, шүдээ хавирах» ёстой байжээ (Матай 8:12). Тэр үеэс хойш, тослогдсон христиануудын дундаас цөөхөн хүн тэдэн шиг хар санаатайгаа харуулж, «муу боол» мөн болохоо таниулсан. «Өөр хонинуудын» зарим нь тэдний үнэнч бус байдлыг дуурайсан (Иохан 10:16, МБОХ, 1996). Христтэй дайсагналцсан бүх этгээд мөн л «гаднах [сүнслэг] харанхуйд» хаягддаг.
5. «Муу боолоос» ялгаатай нь, «итгэмжит, ухаалаг боол» болсон явдалд хэрхэн хандсан бэ?
5 «Итгэмжит, ухаалаг боол» ч «тэр муу боолын» адилаар шалгалтад орсон. Гэхдээ хорсож өширхөхийн оронд өөрсдийгөө засаж залруулжээ (2 Коринт 13:11 «төгөлдөржүүл» [«засаж залруул», ШЕ]). Тэд Еховаг болон итгэл нэгтнүүдээ хайрлах хайраа бэхжүүлсэн. Үүний дүнд өнөөгийн энэ амаргүй, «эцсийн өдрүүдэд» «үнэний багана ба суурь болсоор» байна (2 Тимот 3:1; 1 Тимот 3:15).
Ухаалаг ба мунхаг охид
6. а) «Итгэмжит боолын» ангийн ухаалаг байдлыг Есүс хэрхэн дүрсэлсэн бэ? б) Тослогдсон христианууд 1914 оноос өмнө ямар мэдээ тунхаглаж байсан бэ?
6 Есүс «тэр муу боолын» тухай хэлснийхээ дараа зарим тослогдсон христиан үнэнч, ухаалаг байхад зарим нь тийм биш байгаагийн учрыг ойлгуулахын тулд хоёр ёгт үлгэр ярьсан.b Ухаалаг байдал гэж юу болохыг дүрслэн: «Тэнгэрийн хаанчлал нь шинэ хүргэнийг [«сүйт залууг», ШЕ] угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой төстэй юм. Тэдний тав нь мунхаг, тав нь ухаалаг болой. Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй. Харин ухаалгууд нь дэнлүүгээ тос хийсэн савны хамт авсан байлаа» гэж хэлсэн (Матай 25:1–4). «Арван охин» 1914 оноос өмнөх тослогдсон христиануудыг төлөөлдөг. Тэд «сүйт залуу» буюу Есүс Христ удахгүй ирнэ гэж тооцоолж байсан учраас «харь үндэстний цаг» 1914 онд дуусна гэж зоригтой дэлгэрүүлэн, түүнийг угтахаар «гарсан» (Лук 21:24).
7. Тослогдсон христианууд хэзээ, яагаад сүнслэгээр «унтсан» бэ?
7 Тэдний зөв байсан. 1914 онд «харь үндэстний цаг» дуусаж, Христ Есүс тэргүүтэй Бурхны Хаанчлал захирч эхэлсэн. Гэхдээ энэ нь тэнгэрт үл үзэгдэх байдлаар болжээ. Харин дэлхийг урьдаас зөгнөсөн «гай» (МАБ) нөмөрсөн (Илчлэлт 12:10, 12). Үүний араас шалгалтын цаг эхэлсэн. Тослогдсон христианууд байдлыг тодорхой ойлгохгүй байсан болохоор «сүйт залууг» «ирэхгүй удаж байна» гэж боджээ. Тэд учраа олохоо больж, ертөнцийн зүгээс өөрсдөд нь дайсагнан хандахыг үзээд, зохион байгуулалттай дэлгэрүүлэх ажлаа ерөнхийд нь сулруулж, бараг зогсоожээ. Тэд яг л Есүсийн элч нарыг нас барсны дараа өөрсдийгөө христиан гэж зарласан үнэнч бус хүмүүс шиг, ёгт үлгэрт гардаг охидын адилаар, сүнслэг утгаар «үүрэглэж, унтаж эхлэв» (Матай 25:5; Илчлэлт 11:7, 8; 12:17).
8. Юуны улмаас «хараач, сүйт залуу байна» гэсэн дуу гарсан бэ? Тослогдсон христиануудын хувьд юу хийх цаг болсон бэ?
8 Тэгтэл 1919 онд санаанд оромгүй явдал болов. «Шөнө дөлөөр хашхирах дуун гарч: „Хараач, хүргэн [«сүйт залуу», ШЕ] байна. Түүнийг угтаж авцгаа“ гэлээ. Нөгөө охид бүгдээрээ босож, дэнлүүгээ бэлдэв» гэж бичсэн байдаг (Матай 25:6, 7). Найдвар бараг тасарсан мэт санагдаж байсан яг тэр үед идэвхтэй байхыг уриалжээ! 1918 онд «гэрээний элч» Есүс, Бурхны хурлыг цэвэрлэж, шалгахаар Еховагийн сүнслэг сүмд ирсэн (Малахи 3:1). Ингээд тослогдсон христианууд тэрхүү сүмийн дэлхий дэх хашаанд түүнийг угтахаар гарах хэрэгтэй болов. Тэдний хувьд «гэрэлтэх» цаг нь болжээ (Исаиа 60:1; Филиппой 2:14, 15).
9, 10. 1919 онд зарим христиан «ухаалаг», харин зарим нь «мунхаг» байсны учир юу вэ?
9 Гэхдээ азнаарай! Ёгт үлгэрт бичсэнээр, зарим охины хувьд байдал хүндхэн болов. Есүс: «Мунхгууд нь ухаалаг охидод: „Бидэнд тосноосоо өгөөч. Бидний дэнлүү бөхөх нь“ гэсэн» гэж хэлжээ (Матай 25:8). Тосгүй бол дэнлүү гэрэлтэхгүй. Дэнлүүний «тос» Бурхны үнэнч үйлчлэгчдийг сүнслэгээр гэрэлтэхэд нь тусалдаг үнэнийг бичсэн Бурхны Үг болон ариун сүнсийг төлөөлдөг (Дуулал 119:130 «гэгээрүүлдэг» [«гэрэл өгдөг», ШЕ]; Даниел 5:14 «саруул ухаан» [«гэрэл», ШЕ]). Ухаалаг, тослогдсон христианууд 1919 оноос өмнө түр зуур сулраад байсан ч өөрсдийнх нь хувьд Бурхны хүсэл таалал юу болохыг ойлгохыг хичээж байсан. Тиймээс, гэрэлтэх тухай хашхирах дуу гарахад тэд бэлэн байсан (2 Тимот 4:2; Еврей 10:24, 25).
10 Гэтэл зарим тослогдсон христиан Сүйт залуутай хамт байхыг үнэхээр хүсэж байсан боловч өөрийгөө золиослоход бэлэн биш юм уу хичээдэггүй байжээ. Тиймээс сайн мэдээ идэвхтэй дэлгэрүүлэх цаг болоход энэ ажилд бэлэн байж чадсангүй (Матай 24:14). Тэр бүү хэл, хамтран зүтгэгчдээсээ «тос өгөхийг» гуйн, хичээл зүтгэлийг нь сулруулахыг оролдсон. Есүсийн ёгт үлгэрт хэлснээр ухаалаг охид гуйлтад нь ямар хариу өгсөн бэ? «Бидэнд ч, та нарт ч огт хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачин уруу очиж, тос худалдаж ав» гэж хэлжээ (Матай 25:9). Үүнтэй адилаар, 1919 онд үнэнч, тослогдсон христианууд гэрэл гаргах чадварыг нь сулруулах аливаа зүйлээс татгалзсан. Ийнхүү тэд шалгалтыг давж гарсан.
11. Мунхаг охидод юу тохиолдсон бэ?
11 Есүс энэ ёгт үлгэрээ: «[Мунхаг охидыг] худалдаа хийхээр явсан хооронд хүргэн [«сүйт залуу», ШЕ] ирээд, бэлэн болсон хүмүүс хүргэний [«сүйт залуугийн», ШЕ] хамт хуримын найрт оров. Тэгээд хаалгаа хаажээ. Дараа нь бусад охид нь ирж: „Эзэн, эзэн, бидэнд онгойлгож өгөөч“ гэхэд, харин тэр хариуд нь: „Үнэнээр би та нарт хэлье. Би та нарыг танихгүй“ гэв» хэмээн төгсгөжээ (Матай 25:10–12). Тийм ээ, зарим нь Сүйт залууг ирэхэд бэлэн байгаагүй. Тийнхүү шалгалтад унаж, тэнгэрийн хуримын найрт очих боломжоо алдсан. Яасан харамсалтай хэрэг вэ!
Талантын тухай ёгт үлгэр
12. а) Есүс үнэнч байдлыг ямар жишээгээр тайлбарласан бэ? б) «Холын аянд явсан хүн» хэн бэ?
12 Есүс ухаалаг байдлыг тийнхүү дүрсэлснийхээ дараа үнэнч байдлыг жишээгээр тайлбарлажээ. Тэрээр: «Энэ нь холын аянд гарахдаа боолуудаа дуудаад, эзэмшлээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил болой. Тэр хүн нэгэнд нь тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талант өгчээ. Ингэхдээ хүн нэг бүрд чадварынх нь дагуу өгсөн аж. Тэгээд аяндаа явж гэнэ» хэмээн хэлсэн (Матай 25:14, 15). Энэ ёгт үлгэрт гардаг «хүн» бол Есүс өөрөө бөгөөд «холын аянд явсан» гэдэг нь МЭ 33 онд тэнгэрт гарсныг хэлдэг. Гэхдээ Есүс тэнгэрт гарахаасаа өмнө үнэнч шавь нартаа «эзэмшлээ» даатгасан. Яаж?
13. Есүс сайн мэдээ дэлгэрүүлэх том талбай хэрхэн бэлдсэн бэ? «Боолууддаа» худалдаа хийх эрх хэрхэн олгосон бэ?
13 Есүс дэлхий дээр үйлчлэх үедээ Израилийн нутгаар явж, Хаанчлалын тухай тунхаглан, сайн мэдээ дэлгэрүүлэх том талбай бэлдэж эхэлсэн (Матай 9:35–38). «Холын аянд явахаасаа» өмнө тэр талбайгаа үнэнч шавь нартаа даатган: «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» гэж хэлсэн (Матай 28:18–20). Есүс «боолууддаа» энэ үгийг хэлж, өөрийг нь эргэж иртэл «хүн нэг бүрд чадварынх нь дагуу» худалдаа хийх эрх олгосон.
14. Есүс бүх шавиасаа адил хэмжээний «худалдаа хийхийг» шаардаагүйн учир юу вэ?
14 Есүс «хүн нэг бүрд чадварынх нь дагуу» гэж хэлсэн нь нэгдүгээр зууны христиануудын ахуй нөхцөл, боломж харилцан адилгүй байсныг харуулдаг. Паул Тимот нарын зарим хүн дэлгэрүүлэх болон заах ажилд цаг заваа бүгдийг нь зориулах бололцоотой байхад ихэнх хүний боломж нэлээд хязгаарлагдмал байжээ. Жишээлбэл, христиануудын дунд боол, хүнд өвчтэй, нас дээр гарсан юм уу гэр бүлээ тэжээх үүрэгтэй хүн байсан. Түүнээс гадна, шавь болгон хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэггүй байсан нь ойлгомжтой. Тослогдсон эмэгтэйчүүд, зарим тослогдсон эрчүүд хуралд заадаггүй байв (1 Коринт 14:34; 1 Тимот 3:1; Иаков 3:1). Гэхдээ ямар ч нөхцөлд байсан, Христийн тослогдсон шавь нар эр эм ялгаагүй бүгдээрээ христиан үйлчлэлд оролцох боломжоо бүрэн дайчлан, «худалдаа хийх» даалгавартай байсан. Христийн орчин үеийн шавь нар ч мөн тийм билээ.
Шалгалтын цаг эхэлжээ!
15, 16. а) «Тооцоо бодох» цаг хэзээ эхэлсэн бэ? б) Үнэнч «боолуудад» «худалдаа хийх» ямар ямар шинэ боломж өгсөн бэ?
15 Ёгт үлгэрт цааш нь тэмдэглэснээр, «Удаан хугацааны дараа өнөөх боолуудын эзэн ирж, тэдэнтэй тооцоо бодож гэнэ» (Матай 25:19). МЭ 33 оноос хойш олон жилийн дараа буюу 1914 онд Есүс Христ хаан болж, залран байх үе нь эхэлсэн. Түүнээс хойш гурван жил хагасын дараа тэрээр Бурхны сүнслэг сүмд ирж, Петрийн: «Шүүлт Бурхны гэр бүлээс [«өргөөнөөс», ШЕ] эхлэх цаг нь болжээ» хэмээн бичсэнийг биелүүлсэн (1 Петр 4:17; Малахи 3:1). «Тооцоо бодох» цаг болжээ.
16 «Боолууд» буюу Есүсийн тослогдсон ах дүү нар Хааны «талантыг» яасан бэ? МЭ 33 оноос 1914 оныг хүртэл олон хүн Есүсийн даалгасан «худалдааг» сайн хийсэн (Матай 25:16). Дэлхийн нэгдүгээр дайны үед ч Эзэндээ үйлчлэх чин хүсэлтэйгээ харуулсан. Тиймээс үнэнч «боолуудад» «худалдаа хийх» шинэ боломж олгох нь зөв байлаа. Эд юмсын тогтолцооны төгсгөлийн цаг үе эхэлж, сайн мэдээг дэлхий дахинд дэлгэрүүлэх буюу «дэлхийн тариаг» хураах хэрэгтэй байлаа (Илчлэлт 14:6, 7, 14–16). «Буудайн» ангийн сүүлчийн гишүүдийг олж, «өөр хонинуудын» «үй олон хүнийг» цуглуулах ёстой болов (Илчлэлт 7:9; Матай 13:24–30).
17. Үнэнч, тослогдсон христианууд хэрхэн «эзнийхээ баяр баясгаланд орсон» бэ?
17 Ургац хураах нь «баясгалантай» цаг мөн (Дуулал 126:6). Тийм учраас 1919 онд Есүс үнэнч, тослогдсон ах дүү нартаа илүү өндөр хариуцлага хүлээлгэхдээ: «Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор» гэж хэлсэн нь зүйд нийцдэг (Матай 25:21, 23). Түүнээс гадна, Бурхны Хаанчлалын хаан ширээнд залраад удаагүй Эзэн хэчнээн баяр баясгалантай байсныг бид төсөөлж чадахгүй (Дуулал 45:1, 2, 6, 7). «Итгэмжит боолын» анги Хааныг төлөөлөн, дэлхий дээрх эзэмшлийг нь арвижуулахдаа тэр баяр баясгаланг хуваалцдаг (2 Коринт 5:20). Исаиа 61:10-т: «Би ЭЗЭНий дотор ихэд бахдан, сэтгэл минь миний Бурханд баярлана. [Учир нь] Тэр намайг... авралын хувцсаар хувцасласан юм» хэмээн бичсэн зөгнөлийн утга бүхий үгнээс тэдний баяр хөөрийг мэдэж болно.
18. Зарим «боол» ямар учраас шалгалтыг давж чадаагүй вэ? Үүний дүнд юу болсон бэ?
18 Зарим боол шалгалтыг давж гараагүй нь харамсалтай. «Нэг талант авсан боол ирж: „Эзэн, би таныг үр суулгаагүй газраас хадаж авдаг, юу ч цацаагүй газраас түүж авдаг хатуу хүн гэдгийг мэднэ. Би айсан тул явж, таны талантыг газарт нуучихсан. Хар, таны юм энэ байна“ гэв» гэж бичжээ (Матай 25:24, 25). Энд бичсэн шиг, зарим тослогдсон христиан «худалдаа» хийгээгүй. 1914 оноос өмнө тэд найдвараа бусадтай идэвхийлэн хуваалцдаггүй байсан бөгөөд 1919 оноос ч хуваалцаж эхлэхийг хүсээгүй. Энэ эрээ цээргүй занд нь Есүс хэрхэн хандсан бэ? Тэдэнд оногдсон бүх завшааныг хүчингүй болгосон. «Харанхуйд хөөж гаргахад, тэд тэнд уйлж, шүдээ хавирав» (Матай 25:28, 30).
Шалгалт үргэлжилж байна
19. Шалгалт үргэлжилж байна гэж юу гэсэн үг вэ? Тослогдсон христианууд юунд шийдвэр төгс байдаг вэ?
19 Төгсгөлийн цаг үед Христийн тослогдсон «боол» болох хүмүүсийн ихэнх нь 1918 онд Есүсийг шалгалтаа эхлэхэд Еховагийн үйлчлэгч хараахан болоогүй байсан нь ойлгомжтой. Тэгвэл тэднийг шалгадаггүй юм биш үү? Үгүй, шалгадаг. Шалгалт 1918—1919 онд дөнгөж эхэлсэн бөгөөд «итгэмжит, ухаалаг боол» шалгалтыг ангиараа давсан. Харин тослогдсон христиан нэг бүрийг шалгах шалгалт тэднийг бүрмөсөн тамгалтал үргэлжилнэ (Илчлэлт 7:1–3). Христийн тослогдсон ах дүү нар үүнийг ойлгоод, цаашдаа ч «худалдаагаа» үнэнч хийх шийдвэр төгс байдаг. Тэд хурц гэрэлтэхийн тулд «тосыг» арвин ихээр нөөцөлж, ухаалаг байхаар хатуу шийдсэн. Амьдралынхаа эцэс хүртэл үнэнч байсан хүн нэг бүрийг Есүс тэнгэрийн орших газраа хүлээн авна гэдгийг тэд мэддэг (Матай 24:13; Иохан 14:2–4; 1 Коринт 15:50, 51).
20. а) Өнөөдөр «өөр хонинууд» юу хийх шийдвэр төгс байдаг вэ? б) Тослогдсон христианууд юу ойлгодог вэ?
20 «Өөр хонинуудын» «үй олон хүн» тослогдсон ах дүү нараа дуурайдаг. Тэд Бурхны санаа зорилгын тухай мэддэг учир өндөр хариуцлага хүлээдгээ ойлгодог (Езекиел 3:17–21). Тиймээс тэд ч гэсэн Еховагийн Үг болон ариун сүнсний тусламжтайгаар Библи судалж, хамтдаа цуглан, «тосныхоо» нөөцийг үргэлж нэмдэг. Дэлгэрүүлэх болон заах ажилд оролцон, гэрэлтэж, тослогдсон ах дүү нартайгаа хамт «худалдаа хийдэг». Гэхдээ тослогдсон христианууд талантыг өөрсдөд нь хариуцуулсан гэдгийг сайн мэддэг бөгөөд Эзнийхээ дэлхий дээрх эзэмшлийг хэрхэн захиран зарцуулдгаа тайлагнах ёстой. Тослогдогсод цөөхүүлээ ч, хүлээх ёстой хариуцлагаа «үй олон хүнд» үүрүүлэх эрхгүй. Тэд үүнийг ойлгодог учир Хааны «худалдааны» ажлыг манлайлж, «үй олон хүний» үнэнч гишүүдийн дэмжлэгт талархаж байдаг. Харин «үй олон хүн» тослогдсон ах дүү нарынхаа өндөр хариуцлага хүлээдгийг ойлгон, удирдлага дор нь ажиллахыг завшаанд тооцдог.
21. 1919 оноос өнөөг хүртэлх үеийн христиан хүн бүрд ямар уриалга хамаатай вэ?
21 Тийнхүү, энэ хоёр ёгт үлгэр 1919 он болон тэр үеийн үйл явдалд хамаатай ч, «эцсийн өдрүүдэд» амьдарч буй бүх жинхэнэ христианд зарчмын хувьд хамаатай. Иймээс арван охины тухай ёгт үлгэрийн төгсгөлд Есүсийн хэлсэн уриалга, давын өмнө, 1919 оноос өмнөх тослогдсон христиануудад хамаатай хэдий ч, өнөөгийн христиан хүн бүрд мөн ач холбогдолтой. Тэгэхлээр, бүгдээрээ Есүсийн: «Иймд та нар соргог бай. Учир нь та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй» гэж хэлснийг анхаарч явцгаая (Матай 25:13).
[Зүүлт]
a Үүнтэй адилаар, Есүсийн элч нарыг нас барсны дараа тослогдсон христиан ахлагчдын дундаас «догшин чононууд» гарсан (Үйлс 20:29, 30).
b Энэ ёгт үлгэрийн дэлгэрэнгүй тайлбарыг Еховагийн Гэрчүүдийн олон хэлээр хэвлэсэн «„Энхийн Жононгийн“ удирдлага дор даян дэлхийд аюулгүй байдал тогтох нь» номын 5, 6-р бүлгээс үзнэ үү.
Та тайлбарлаж чадах уу?
• Есүс дагалдагчдаа хэзээ шалгасан бэ? Юу илрүүлсэн бэ?
• Зарим тослогдсон христиан «тэр муу боолынх» шиг санаатай болсны учир юу вэ?
• Бид сүнслэгээр ухаалаг гэдгээ хэрхэн харуулж болох вэ?
• Бид Есүсийн үнэнч, тослогдсон ах дүү нарыг дуурайн, хэрхэн «худалдаа хийж» болох вэ?
[16-р хуудасны хавсралт]
ЕСҮС ХЭЗЭЭ ИРЭХ ВЭ?
«Матай» номын 24, 25-р бүлэгт Есүсийн «ирэх» тухай бичсэн нь олон утгатай. Энэ нь биеэрээ «ирэх» гэсэн үг биш. Харин Есүс хүн төрөлхтнийг юм уу дагалдагч нараа шүүхийн тулд тэдний үйл хэрэгт анхаарлаа хандуулах гэсэн утгыг гол төлөв заадаг. Тухайлбал, 1914 онд Есүс хаан ширээнд заларсан Хааны хувьд залран байх үеэ эхлэхээр «ирсэн» (Матай 16:28; 17:1; Үйлс 1:11). 1918 онд «гэрээний элчээр» «ирж», Еховад үйлчилдэг гэх хүмүүсийг шүүж эхэлсэн (Малахи 3:1–3; 1 Петр 4:17). Харин Армагеддоноор Еховагийн дайснуудыг шүүхээр «ирнэ» (Илчлэлт 19:11–16).
Матай 24:29–44; 25:31–46-д хэд хэдэн удаа тэмдэглэсэн «ирэх» гэдэг нь «агуу их гай гамшигтай» давхцах аж (Илчлэлт 7:14, ШЕ). Нөгөө талаас, Матай 24:45; 25:30-д нэг бус удаа бичсэн «ирэх» гэдэг нь 1918 оноос хойш өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа, өөрийгөө Христийн шавь гэж нэрлэгчдийг шүүх ажиллагааг хэлдэг. Яагаад гэвэл, үнэнч боолыг шагнах, мунхаг охидыг шүүх, Эзнийхээ талантыг нуусан залхуу боолыг шийтгэх арга хэмжээ «агуу их гай гамшгийн» үед Есүсийн «ирэхтэй» зэрэгцэнэ гэж үзэх нь зөв биш. Хэрэв ингэж үзвэл, тослогдсон христиануудын дунд үнэнч биш хүн олон байсан нь тэр үед илэрч, тэднийг солих хэрэгтэй болно. Харин Илчлэлт 7:3-аас, «агуу их гай гамшиг» тохиох үед Христийн тослогдсон боолууд бүгдээрээ бүрмөсөн тамгалагдчихсан байх нь тодорхой болдог.