СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 33
«Харж буй зүйлдээ сэтгэл дүүрэн, баяртай байх нь»
«Хүслээ биелүүлэх гэж дэмий явснаас харж буй зүйлдээ сэтгэл дүүрэн, баяртай байх нь дээр» (НОМ. 6:9, ШЕ).
ДУУ 28 Шинэ дуу
ТОЙМa
1. Хүмүүс Еховад илүү их үйлчлэхийн тулд яадаг вэ?
ЭНЭ тогтолцооны төгсгөл ойртож байгаа учраас хийх ажил мундахгүй их байна (Мат. 24:14; Лук 10:2; 1 Петр 5:2). Еховагийн төлөө аль болох их юм хийхийг хүсдэг учир үйлчлэлээ өргөжүүлдэг хүн олон байдаг. Зарим нь эхлэгч болохыг хүсдэг. Өөр зарим нь Бетелд үйлчлэх юм уу байгууллагын барилгын ажилд гар бие оролцохыг горилдог. Мөн туслах үйлчлэгч, ахлагчийн шаардлагыг хангах гэж мэрийдэг Гэрч эрэгтэй олон бий (1 Тим. 3:1, 8). Өөрт нь үйлчлэх ирмүүн хүсэлтэй ард түмнээ хараад Ехова хэчнээн их баярладаг бол оо! (Дуу. 110:3; Ис. 6:8).
2. Зорилго нь биелэхгүй бол хүмүүс яадаг вэ?
2 Цаг хугацаа өнгөрсөн ч тавьсан зорилго нь биелэхгүй бол сэтгэл гонсойж болох юм. Мөн нас юм уу нөхцөл байдлаасаа болоод тухайн даалгаврыг авах боломжгүй бол сэтгэлээр унах нь бий (Сур. 13:12). Мелиссаb гэдэг эмэгтэй Бетелд үйлчлэх юм уу Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд сурах хүсэлтэй байсан ч чадаагүй ажээ. Тэрбээр: «Нас хэтэрсэн болохоор одоо хүсэл маань биелэхээсээ өнгөрсөн. Заримдаа сэтгэлээр унадаг л юм» гэж ярьжээ.
3. Нэмэлт даалгавар авах хүсэлтэй зарим хүн яах хэрэгтэй байж магадгүй вэ?
3 Нөгөөтээгүүр эрүүл чийрэг залуус ч нэмэлт даалгавар авахын тулд төлөвшиж, зарим нэг зан чанарыг хөгжүүлэх шаардлагатай байж магад. Ухаантай, шийдэмгий, гал цогтой байж болох ч илүү тэвчээртэй, нямбай, бусдыг хүндэлж сурах хэрэгтэй. Эдгээр чанарыг төлөвшүүлэхийн тулд өөрийгөө дайчлаад л байвал бодоогүй байхад нь нэмэлт үүрэг даалгана. Ник гэдэг Гэрчид юу тохиолдсоныг үзье. 20 настайдаа туслах үйлчлэгчээр томилогдоогүйдээ сэтгэлээр их унажээ. Тэрбээр: «Би шаардлага хангаагүй юм байна гэж бодсон» хэмээжээ. Гэхдээ бууж өгөлгүй, хуралдаа ч сайн үйлчилж, дэлгэрүүлэх ажилд ч идэвхтэй оролцдог байв. Одоо салбарын хорооны гишүүн ажээ.
4. Энэ өгүүллээс бид юу мэдэж авах вэ?
4 Зорилго биелээгүй гээд та гутарч байна уу? Тэгвэл энэ тухайгаа Еховад хэлээрэй (Дуу. 37:5–7). Еховад илүү их үйлчлэхийн тулд юу хийхийг төлөвшсөн эрчүүдээс асууж болно шүү дээ. Тэгээд зөвлөгөөг нь ягштал баримтлаарай. Ингэвэл зорилгоо биелүүлж магадгүй. Эсвэл дээр дурдсан Мелиссагийн адилаар санаснаараа Еховад үйлчлэх боломжгүй бол яах вэ? Яаж баяр баясгалантай байх вэ? Энэ өгүүллээс баяр баясгалантай байхын тулд юуг анхаарах ёстойг, ямар зорилго тавихыг, бас яавал улам их баяр баясгалантай болохыг мэдэж аваарай.
ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?
5. Баяр баясгалантай байхын тулд юуг анхаарах ёстой вэ? (Номлогчийн үгс 6:9).
5 Номлогчийн үгс 6:9-д (ШЕ) баяр баясгалантай байхын тулд юуг анхаарах ёстойг бичсэн байдаг. Тэнд «Хүслээ биелүүлэх гэж дэмий явснаас харж буй зүйлдээ сэтгэл дүүрэн, баяртай байх нь дээр» гэж бий. «Харж буй зүйлдээ сэтгэл дүүрэн, баяртай байдаг» хүн нөхцөл байдал, байгаа юмандаа сэтгэл хангалуун байдаг. Харин хүслээ биелүүлэх гэж дэмий явдаг хүн бүтэшгүй юмны араас хөөцөлддөг учраас сэтгэл дундуур явдаг. Эндээс юу ойлгох вэ? Баяр баясгалантай байхын тулд байгаа юмаа, биелүүлж чадах зорилгыг л анхаарах ёстой.
6. Одоо ямар сургаалт зүйрлэлийг үзэх вэ? Юу мэдэж авах вэ?
6 Үүрэг даалгавартаа үргэлж сэтгэл хангалуун байх боломжтой юу? Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бид шинийг эрэлхийлдэг. Гэхдээ одоогийнхоо ажил даалгаварт сэтгэл ханах боломжтой. Яавал ажлаа аргагүйн эрхэнд биш, бүр сэтгэл дүүрэн, баяртай хийх вэ? Хариуг нь мэдэж авахын тулд Матай 25:14–30-д байдаг Есүсийн ярьсан талантын тухай сургаалт зүйрлэлийг үзье. Үүрэг даалгавартаа сэтгэл дүүрэн байж, бүр улам их баяр баясгалантай үйлчлэхийн тулд яах хэрэгтэйг тэндээс мэдэж аваарай.
УЛАМ ИХ БАЯР БАЯСГАЛАНТАЙ БОЛОХЫН ТУЛД ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
7. Есүсийн ярьсан талантын тухай сургаалт зүйрлэлийг товч ярина уу.
7 Энэ сургаалт зүйрлэлд холын аянд явах гэж байгаа хүн гардаг. Тэрбээр боолуудаа дуудаж худалдаа хийлгэхээр хүн бүрд талант өгдөг.c Чадварт нь тааруулж нэг боолдоо тав, нөгөөд нь хоёр, гурав дахид нь нэг талант өгсөн. Эхний хоёр боол талант нэмж олохоор шаргуу хөдөлмөрлөдөг. Харин гурав дахь нь авсан талантаараа худалдаа хийгээгүй тул эзэндээ хөөгджээ.
8. Сургаалт зүйрлэлд гардаг эхний боол яагаад баярласан бэ?
8 Таван талант хариуцуулахад эхний боол тун их баярласан нь лавтай. Эзэн нь их хэмжээний мөнгө даатгасан нь түүнд хэр зэрэг итгэдгийг нь харуулж байв. Харин хоёр дахь боолын талаар юу хэлж болох вэ? Эхний боолын авсан шиг олон талант аваагүйдээ сэтгэлээр унаж болох л байсан. Гэхдээ тэгсэн үү?
9. Есүс хоёр дахь боолын талаар юу гэж яриагүй вэ? (Матай 25:22, 23).
9 Матай 25:22, 23-ыг уншина. Хоёрхон талант хариуцууллаа гээд хоёр дахь боол эгдүүцэж уурласан гэж Есүс яриагүй. Мөн «Иймхэн талант өгч байгаа юм уу? Би таван талант авсан боолоос дутахгүй чадвартай! Эзэн намайг үнэлэхгүй байгаа юм бол хоёр талантаа газар булаад амиа бодох минь!» гэж гомдоллосон тухай байдаггүй.
10. Хоёр дахь боол яасан бэ?
10 Хоёр дахь боол эхний боолын адилаар даалгавартаа туйлын хариуцлагатай хандаж эзнийхээ төлөө шаргуу зүтгэсэн. Тэгээд талантаа хоёр дахин өсгөж чаджээ. Эзэн нь ажилч хичээнгүй боолоо шагнасан. Баярлаад зогсохгүй илүү их хариуцлагатай ажил даалгахад тохиромжтой хэмээн үзжээ.
11. Улам их баяр баясгалантай болохын тулд яах хэрэгтэй вэ?
11 Хоёр дахь боолыг дуурайж Еховагийн төлөө юу ч хийсэн өөрийгөө бүрэн зориулбал түүнд улам их баяр баясгалантай үйлчилнэ. Дэлгэрүүлэх ажилд «өөрийгөө бүрэн зориулж», хурлын ажилд идэвхтэй оролцоорой (Үйлс 18:5; Евр. 10:24, 25). Цуглаан дээр бусдынхаа урмыг сэргээхийн тулд гарын авлагаа сайн судалж хариултаа сайтар бэлдээрэй. Ажлын өдрийн цуглааны даалгавартаа хариуцлагатай хандах учиртай. Хурлын ямар нэг ажил хийхээр болсон бол цаг тухайд нь, хариуцлагатай биелүүлээрэй. Ямар ч даалгавар биелүүлэх болсон хайран цагаа үрэх нь гэж бодох учиргүй. Харин чадвараа сайжруулахыг хичээгээрэй (Сур. 22:29). Еховагийн ажилд өөрийгөө бүрэн дайчлах тусам илүү хурдан сайжирч улам их баяр баясгалантай болно (Гал. 6:4). Мөн таны хүсэн хүлээсэн үүрэг даалгаврыг өөр хүн авлаа гэхэд хамт баярлана (Ром 12:15; Гал. 5:26).
12. Мелисса Ник хоёр яаж улам их баяр баясгалантай болсон бэ?
12 Бетелд үйлчлэх юм уу Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд сурах хүсэлтэй байсан Мелиссаг санаарай. Санасандаа хүрэх боломжгүй тэрбээр: «Би эхлэгч хүний хувьд чадах бүхнээ хийдэг. Боломжтой бүх аргаар дэлгэрүүлдэг. Ингээд туйлын баяртай байдаг» гэж ярьсан юм. Ник туслах үйлчлэгчээр томилогдоогүйдээ сэтгэлээр унасан ч яасан бэ? «Би идэвхтэй дэлгэрүүлэх, цуглаандаа сайн бэлдээд хариулах гэх зэрэг одоогийнхоо юмыг л анхаарсан. Бас Бетелд үйлчлэх анкет бөглөөд хойтон жил нь уригдсан» гэжээ.
13. Одоогийн үүрэг даалгавартаа өөрийгөө бүрэн дайчилбал яах вэ? (Номлогчийн үгс 2:24).
13 Тэгвэл одоогийн үүрэг даалгавартаа өөрийгөө бүрэн зориулбал хожим илүү хариуцлагатай даалгавар авна гэсэн үг үү? Магадгүй. Ник тэгсэн шүү дээ. Гэхдээ тэгэхгүй байлаа ч улам их баяр баясгалантай, хийж бүтээсэндээ сэтгэл хангалуун яваа Мелисса шиг байх боломжтой (Номлогчийн үгс 2:24-ийг уншина). Түүнчлэн Эзэн Есүс Христ хичээл зүтгэлтэй таныг сайшааж байгааг мэддэг болохоор баяр баясгалантай байна.
УЛАМ ИХ БАЯРТАЙ БОЛГОХ ЗОРИЛГУУД
14. Бид ямар зорилго тавьж болох вэ?
14 Одоогийн үүрэг даалгавраа анхаарна гэдэг нь Еховад илүү их үйлчлэх зорилго тавьж болохгүй гэсэн үг үү? Огтхон ч тийм биш. Бид бүгдээрээ улам илүү чадварлаг дэлгэрүүлэх, заах болон итгэл нэгтнүүддээ тус дэм болох зорилго тавьж болно, тавих ч учиртай. Ухаалаг, даруу байж, хувиа хичээлгүй бусдад туслахыг боддог бол тавьсан зорилгоо биелүүлж чадна (Сур. 11:2; Үйлс 20:35).
15. Та улам их баяр баясгалантай болохын тулд ямар зорилго тавих вэ?
15 Та ямар зорилго тавих вэ? Биелүүлж чадах ямар зорилго тавьж болохыг мэдэхэд туслаач гэж Еховагаас гуйгаарай (Сур. 16:3; Яак. 1:5). Та туслах юм уу байнгын эхлэгч болох, Бетелд үйлчлэх, байгууллагын барилгын ажилд гар бие оролцох зэрэг энэ өгүүллийн эхний догол мөрд дурдсан зорилгуудыг тавих боломжтой юу? Эсвэл сайн мэдээг түгээхийн тулд өөр хэл сурах юм уу хилийн чанад руу нүүх боломжтой юу? «Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага» номын 10-р бүлгээс болон хурлынхаа ахлагчидтай ярилцан эдгээр үйлчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдэж аваарай.d Зорилгоо биелүүлэх гэж чармайн хөдөлмөрлөхийн хэрээр ахиц дэвшил тань илэрхий болно, улам их баяр баясгалантай болно.
16. Та дээрх зорилгыг одоо тавих боломжгүй бол яах вэ?
16 Хэрэв та дээр дурдсан зорилгыг одоо тавих боломжгүй бол яах вэ? Тэгвэл биелүүлж чадах өөр зорилго тавиарай. Дараах нөхцөлийг анхааръя.
17. 1 Тимот 4:13, 15-д бичсэний дагуу яавал заах чадвараа сайжруулах вэ?
17 1 Тимот 4:13, 15-ыг уншина. Та баптисм хүртсэн эрэгтэй бол ярих, заах чадвараа сайжруулахад анхаарлаа хандуулаарай. Яагаад гэвэл унших, ярих, заах чадвараа сайжруулахын тулд «өөрийгөө бүрэн зориулбал» сонсогчдод ач тустай. «Унших, зааж сургахыг анхаарч байгаарай» товхимлын хичээл бүрийг судалж, хэрэгжүүлэхийг зориорой. Нэг удаа нэг л чадвар эзэмшихийг анхаарч, гэртээ сайн давтаж, илтгэл тавихдаа мэдсэн юмаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Дэд зөвлөх юм уу «Бурхны Үгийг ярих, заах ажлыг шамдан хийдэг» ахлагчдаас зөвлөгөө аваарайe (1 Тим. 5:17). Дан ганц арга барил эзэмших гэж зүтгэлгүй, итгэлийг нь батжуулахыг эсвэл мэдэж авснаа амьдралдаа хэрэгжүүлэх хүслийг сонсогчдодоо төрүүлэхийг зориорой. Ингэвэл та өөрөө ч, бусад хүн ч улам их баяр баясгалантай болно.
18. Сайн багш болох зорилгоо биелүүлэхэд юу тус болох вэ?
18 Бид бүгд дэлгэрүүлэх, шавь бэлдэх даалгавартай (Мат. 28:19, 20; Ром 10:14). Та хамгийн чухал энэ ажлыг хийх чадвараа сайжруулмаар байна уу? «Зааж сургах» товхимлыг судлаад мэдсэн юмаа хэрэгжүүлэх тодорхой зорилго тавиарай. «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал», ярианы жишээтэй видеоноос бас санаа авч болно. Өөртөө тохирсон дэлгэрүүлэх арга барилыг олтлоо янз янзын аргыг туршиж үзээрэй. Ингэвэл чадварлаг дэлгэрүүлэгч, багш болж хязгааргүй их баяр хөөр эдлэх нь гарцаагүй (2 Тим. 4:5).
19. Христийн зан чанарыг хэрхэн төлөвшүүлэх вэ?
19 Зорилго тавихдаа Христийн зан чанарыг төлөвшүүлэх гэсэн хамгийн чухал зорилгоо мартаж болохгүй (Гал. 5:22, 23; Кол. 3:12; 2 Петр 1:5–8). Энэ зорилгоо биелүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ? Жишээ нь та итгэлээ батжуулах зорилго тавьжээ гэж бодъё. Тэгвэл байгууллагын ном хэвлэлээс итгэлээ батжуулахын тулд яах хэрэгтэйг бичсэн өгүүллүүдийг уншаарай. Олон янзаар соригдсон ч гуйвшгүй итгэлтэй байхын сайхан жишээ болдог итгэл нэгтнүүдийнхээ талаарх хөтөлбөрийг бас JW телевизээр үзвэл хэрэг болох нь гарцаагүй. Тэднийг хэрхэн дуурайхаа эргэцүүлж бодоорой.
20. Яавал баяр хөөрөөр дүүрэх вэ?
20 Хүн бүр л Еховагийн төлөө одоо хийж байгаагаасаа илүү их юм хийхийг хүсдэг нь ойлгомжтой. Шинэ ертөнцөд Еховад бүрэн дүүрэн үйлчлэх боломжтой болно. Тэр болтол Еховагийн төлөө юу ч хийсэн зүрх сэтгэлээ бүрэн зориулцгаая. Тэгвэл сэтгэлээр унах нь бүү хэл баяр хөөрөөр дүүрнэ. Хамгийн гол нь «жаргалтай Бурхан» Еховагаа магтан алдаршуулна (1 Тим. 1:11).
ДУУ 45 Урагшаа тэмүүлцгээе!
a Бид Еховад маш их хайртай, түүнд үйлчлэхийн тулд хамаг чадахаа хийхийг хүсдэг. Иймээс үйлчлэлээ өргөжүүлэх юм уу хуралд нэмэлт даалгавар авах гэж зорьдог. Гэвч яаж ч хичээгээд зорилго нь биелэхгүй бол яах вэ? Яаж үр бүтээлтэй, баяр хөөртэй байх вэ? Есүсийн ярьсан талантын тухай үлгэрээс хариуг нь мэдэж авцгаая.
b Зарим нэрийг өөрчлөв.
c ҮГНИЙ ТАЙЛБАР: Нэг талант нь ажилчин хүний 20 жилийн хөдөлмөрийн хөлстэй тэнцдэг байв.
d Баптисм хүртсэн эрчүүд туслах үйлчлэгч, ахлагчийн шаардлага хангах гэж хичээх нь зүйтэй. Ямар шаардлага хангах ёстойг «Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага» номын 5, 6-р бүлгээс үзээрэй.
e ҮГНИЙ ТАЙЛБАР: Дэд зөвлөх гэдэг нь цуглаан дээр даалгавар биелүүлсэн ахлагч, туслах үйлчлэгчдэд шаардлагатай үед нь ганцаарчлан уулзаж зөвлөгөө өгдөг ахлагч юм.
f ЗУРГИЙН ТАЙЛБАР: Сайн багш болох зорилготой нэг залуу байгууллагын хэвлэлээс судалгаа хийж байна.
g ЗУРГИЙН ТАЙЛБАР: Албан бусаар дэлгэрүүлэх зорилго тавьсан Гэрч эмэгтэй зөөгчид jw.org нэрийн хуудсыг өгч байна.
h ЗУРГИЙН ТАЙЛБАР: Нэг эмэгтэй итгэл нэгтэндээ гэнэтийн бэлэг барьж Христийн зан чанарыг илэрхийлж байна.