Та Еховаг өөрөөсөө илүү чухалд үздэг үү?
«[Та] бүх дэлхийн дээр ганцхан хамгийн дээд мөн» (ДУУ. 83:18).
1, 2. Еховагийн нэрийг мэддэг л бол аврагдана гэж үзэх ёсгүйн учир юу вэ?
ТА Бурхны нэрийг Дуулал 83:18-аас анх удаа үзсэн байж болох юм. Энэ зүйлийг 1838 оны монгол орчуулгад: «[Таны] нэрийг Ехова мөн хийгээд [таныг] бүх дэлхийн дээр ганцхан хамгийн дээд мөн хэмээн тэд нь мэдэх болтугай» гэж бичсэн байдгийг мэдээд гайхсан байх. Тэгээд та хайрын сэтгэлтэй Ехова Бурхантай танилцахад нь хүмүүст туслахдаа энэ зүйлийг баримт болгон ашигладаг болсон байж магадгүй (Ром 10:12, 13).
2 Еховагийн нэрийг мэдэх нь чухал боловч үүгээр бүх юм болчихгүй. Аврагдах эсэхэд маань шууд хамаатай бас нэг чухал зүйлийг дуулалч онцолжээ. Тэрбээр Еховаг «бүх дэлхийн дээр ганцхан хамгийн дээд мөн» хэмээсэн. Тийм ээ, Ехова орчлонт ертөнцийн хамгийн чухал Нэгэн билээ. Бүтээгч Еховад бүх бүтээл нь бүрэн дүүрэн захирагдах ёстой нь зүйн хэрэг (Илч. 4:11). Тиймээс бид өөрсдөөсөө: «Миний амьдралд хэн хамгийн чухал байр суурь эзэлдэг вэ?» гэж асуух учиртай. Энэ асуултад юу гэж хариулахаа дор бүрнээ эргэцүүлэн бодох нь амин чухал юм.
Еден цэцэрлэгт дэгдсэн маргаантай асуудал
3, 4. Сатан Еваг хэрхэн мэхэлсэн бэ? Тэгээд юу болсон бэ?
3 Дээрх асуулт хэчнээн чухал болохыг Еден цэцэрлэгт болсон явдал харуулдаг. Анхны эмэгтэй Ева, хожим нь Сатан Диавол гэгдэх болсон тэрслүү тэнгэр элчийн ятгалгад автаж, нэгэн модны жимснээс бүү ид хэмээсэн Еховагийн тушаалыг умартан, өөрийнхөө хүслийг эн тэргүүнд тавьжээ (Эх. 2:17; 2 Кор. 11:3). Энэ нь Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг үл хүндэтгэсэн хэрэг байв. Ийнхүү Ева өөрийгөө Еховагаас илүү чухалд үздэгээ харуулсан. Гэхдээ Сатан Еваг хэрхэн мэхэлсэн бэ?
4 Сатан Еватай ярихдаа хэд хэдэн башир арга хэрэглэжээ (Эхлэл 3:1–5-ыг уншина уу).a Нэгдүгээрт, тэрбээр Еховагийн нэрийг хэлэлгүй, зүгээр л «Бурхан» гэж хэлсэн. Харин «Эхлэл» номыг бичигч Еховагийн нэрийг уг бүлгийн эхний зүйлд бичсэн байдаг. Хоёрдугаарт, Сатан Бурхныг «тушаасан уу» гэхийн оронд «хэлсэн үү» гэж асуусан (Эх. 2:16). Ийм зальжин аргаар тэр тушаалыг чухал юм биш мэтээр бодуулахыг оролдсон бололтой. Гуравдугаарт, ганцхан Еватай ярилцаж байсан хэр нь «та нар» гэдэг олон тооны төлөөний үг хэрэглэжээ. Энэ нь Евагийн бардам занг хөдөлгөж, өөрийгөө чухалд үзэх буюу нөхрөө төлөөлөн хариу хэлэх эрхтэй мэтээр бодуулах зорилготой байсных байж мэднэ. Тэгээд юу болсон бэ? Ева бардам загнаж, нөхрийнхөө өмнөөс хариулах эрхтэй гэж бодсон нь «Бид энэ цэцэрлэг дэх модны жимснээс идэж болно» гэснээс нь харагддаг.
5. а) Ева Сатанаас болж юуг умартсан бэ? б) Ева хориотой жимснээс идсэн нь юуг харуулсан бэ?
5 Түүнээс гадна, Сатан баримтыг мушгин гуйвуулсан. Тэрбээр Бурхныг Адам Ева хоёрт «цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй» гэж тушаасан мэтээр ярьж, Бурхныг шударга бус хэмээсэн. Дараа нь Евад өөрийгөө чухалд үзэх санаа төрүүлж, «Бурхан шиг» болон амьдралаа ч сайжруулж болох юм байна гэж бодуулж дөнгөсөн. Эцэст нь, Ева Сатаны аргад орж, өөрт нь бүх юмыг өгсөн Бурхантай тогтоосон харьцаагаа умартан, нөгөө модыг бодон, жимсэнд нь хорхойсох болжээ (Эхлэл 3:6-г уншина уу). Тэрбээр жимснээс идсэн нь Еховаг хамгийн чухалд үздэггүйгээ харуулсан хэрэг байлаа.
Маргаантай асуудал Иовын үед
6. Сатаны үгээр бол, Иов яагаад Бурханд үнэнч байсан бэ? Иовд ямар боломж олдсон бэ?
6 Дээрх явдлаас хойш хэдэн зууны дараа Бурхны үнэнч үйлчлэгч Иовд хэнийг хамгийн чухалд үздэгээ харуулах боломж олджээ. Ехова Иовын үнэнчийг магтахад Сатан: «Иов утга учиргүйгээр Бурхнаас эмээдэг гэж үү?» хэмээн зэвүүцэн хэлжээ (Иов 1:7–10-ыг уншина уу). Сатан Иовыг Бурханд дуулгаваргүй гээгүй, харин буруу сэтгэл өвөрлөн үйлчилдэг гэсэн. Өөрөөр хэлбэл, Еховаг хайрладагтаа бус, хувийн ашиг бодсондоо үйлчилдэг гэж гүтгэв. Энэ асуултад Иов өөрөө л хариу өгч чадах байв. Хариу өгөх боломж ч түүнд олджээ.
7, 8. Иовд ямар сорилт тулгарсан бэ? Иов үнэнч байснаараа юуг баталсан бэ?
7 Иовд дараалсан олон зовлон учруулахыг Ехова Сатанд зөвшөөрчээ (Иов 1:12–19). Амьдрал ахуй нь эрс өөрчлөгдөхөд Иов яасан бэ? «Нүгэл хийсэнгүй, Бурхныг ч буруутгасангүй» гэж Библид бичсэн байдаг (Иов 1:22). Гэвч Сатан дуугүй болоогүй. Тэрбээр цааш нь: «Арьсыг арьсаар! Тийм ээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм» гэж маргав (Иов 2:4).b Сатан ингэж хэлснээрээ Иовыг өөрөө зовбол Еховаг амьдралдаа хамгийн чухал нь гэж үзэхээ болино гэсэн санаа цухуйлгажээ.
8 Иов хүнд өвчинд нэрвэгдэж, Бурхныг хараагаад үх гэсэн аймшигтай үгийг эхнэрээсээ сонссон. Дараа нь, нүгэл үйлдсэн гэж гурван хуурамч тайтгаруулагчид гүтгүүлсэн (Иов 2:11–13; 8:2–6; 22:2, 3). Иов ийм их зовлон үзсэн ч үнэнч байв (Иов 2:9, 10-ыг уншина уу). Тийнхүү Еховаг хамгийн чухалд үздэгээ харуулсан. Төгс бус хүн ч Диаволын гүтгэлгийг чадлынхаа хэрээр няцааж чадахыг тэрбээр баталсан юм (Сургаалт үгс 27:11-тэй харьцуулна уу).
Есүсийн төгс хариу
9. а) Сатан Есүсийг хэрхэн сорьсон бэ? б) Хорхой хүргэм зүйл тулгарахад Есүс яасан бэ?
9 Есүсийг баптисм хүртсэний дараахан Сатан түүнийг сорьж, Еховаг бус, хувийн хүслийг нь эн тэргүүнд тавиулахыг санаархжээ. Диавол Есүсийг гурван удаа сорьсон. Нэгдүгээрт, Есүсийн махан биеийн хүслийг дэвэргэж, чулууг талх болгуулах гэж оролдов (Мат. 4:2, 3). Есүс 40 хоног мацаг барьсан учраас их өлсөж байсан. Тиймд Диавол түүнийг Бурхнаас авсан гайхамшиг үйлдэх хүчээ өлсгөлөнгөө дарахад ашиглахыг ятгажээ. Тэгэхэд нь Есүс яасан бэ? Еховагийн Үгийг санан, хорхой хүргэм зүйлийг тэр даруйд нь няцааснаараа Евагаас эрс ялгаатай байсан (Матай 4:4-ийг уншина уу).
10. Сатан Есүсийг сүмийн орой дээрээс үсэр гэсэн нь ямар учиртай байсан бэ?
10 Сатан Есүсээр аминч зан гаргуулахыг бас оролджээ. Тэрбээр Есүсийг сүмийн орой дээрээс үсэр гэсэн (Мат. 4:5, 6). Ямар зорилгоор ингэсэн бэ? Сатаны хэлснээр, Есүс унасан ч гэмтэж бэртэхгүй бол «Бурханы Хүү» мөн гэдэг нь батлагдах байв. Тэгэхлээр, Диавол Есүсийг нэр төрөө хэтэрхий их бодож, бүр сүржин үйлдэл хийгээсэй гэж хүсэж байсан нь тодорхой байна. Ер нь, хүн бардам зангаасаа болж эсвэл олны өмнө нэр хүндээ алдахгүй гэсэндээ аюултай юм хийхээс буцдаггүйг Сатан мэддэг. Сатан Библийн зүйлийн утгыг гуйвуулсан бол Есүс Еховагийн Үгийг нарийн зөв ойлгодгоо харуулсан (Матай 4:7-г уншина уу). Есүс энэ сорилтыг няцаан, Ехова амьдралд нь хамгийн чухал байр суурь эзэлдгийг дахин баталсан.
11. Диавол ертөнцийн бүх хаанчлалыг өгье гэхэд нь Есүс яагаад хүлээж аваагүй вэ?
11 Сатан Есүсийг сүүлийн удаа сорихдоо ертөнцийн бүх хаанчлалыг өгнө гэсэн нь өмнөхөөсөө бүр ихийг амласан хэрэг байлаа (Мат. 4:8, 9). Гэвч Есүс шууд татгалзсан. Тэрбээр Сатаны саналыг хүлээн авбал Еховагийн хэмжээгүй эрх мэдэл буюу Хамгийн дээд Нэгэн байх эрхийг үгүйсгэснээс өөрцгүй явдал болохыг ойлгож байв (Матай 4:10-ыг уншина уу). Есүс Сатаны сорилтыг няцаах бүрдээ Еховагийн нэрийг бичсэн байдаг зүйлүүдийг иш татан хариулжээ.
12. Есүс ямар чухал шийдвэр гаргах ёстой болсон бэ? Энэ шийдвэрийг хэрхэн гаргаснаас бид ямар сургамж авч болох вэ?
12 Есүс дэлхий дэх үйлчлэлийнхээ эцсээр нэг чухал шийдвэр гаргах ёстой болов. Тэрбээр амиа золиослоход бэлэн байгаагаа урьд нь хэлж байсан (Мат. 20:17–19, 28; Лук 12:50; Иох. 16:28). Есүс хилсээр гүтгүүлж, иудейчүүдийн шүүхээс ял авч, Бурхныг доромжилсон гэж алуулахаа ч мэдэж байсан. Ингэж үхэх болсондоо тэрбээр ихэд шаналан: «Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог» гэж залбирсан (Мат. 26:39). Тийм ээ, Есүс үхэн үхтэлээ үнэнч байсан нь хэн түүний амьдралд хамгийн чухал байр суурь эзэлдгийг тов тодорхой харуулсан!
Бидний хариу
13. Евагийн жишээ ямар сургамжтай вэ? Иов, Есүс Христ хоёр бидэнд ямар жишээ үзүүлсэн бэ?
13 Дээр хэлэлцсэн зүйлээс ямар дүгнэлт хийж болох вэ? Аминч хүсэлдээ дийлддэг юм уу өөрийгөө чухалд үздэг хүн Еховаг амьдралынхаа хамгийн чухалд тавьж чаддаггүйг Евад тохиолдсон явдлаас ухаарч болно. Өөрт нь учирсан зовлонгийн учир шалтгааныг сайн мэдэхгүй төгс бус хүн ч Еховад үнэнч байвал түүнийг амьдралынхаа эн тэргүүнд тавьж чаддаг гэдгийг үргэлж үнэнч байсан Иовын жишээнээс мэдэж болно (Иак. 5:11). Гутамшгийг тэвчихэд ч бэлэн байж, өөрийнхөө нэр төрийг хэтэрхий их бодохгүй байхын сайхан жишээнд Есүсээс суралцаж болно (Евр. 12:2). Гэхдээ энэ бүхнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ?
14, 15. Хорхой хүргэм зүйлд Ева Есүс хоёр хэрхэн өөр өөрөөр хандсан бэ? Есүсийг яаж дууриах вэ? (18-р хуудасны зургийг тайлбарлана уу).
14 Хорхой хүргэм зүйлд дийлдэн, Еховаг хэзээ ч бүү мартаарай. Ева хорхой хүргэм зүйлтэй халз тулгарахдаа чухал юмыг умартсан. Түүнд «тэр модны жимс нь хүнс болоход шимтэй, нүд булаам, мэргэн ухаантай болгочихмоор, шунал хөдөлгөм сайхан» санагджээ (Эх. 3:6). Хорхой хүргэм зүйлтэй гурван удаа дараалан тулгарсан Есүсээс тэс өөр шийдвэр гаргасан байгаа биз! Есүс хорхой хүргэм зүйлтэй тулгарах бүрдээ хийх алхмынхаа эцсийн үр дүнг тооцдог байсан. Тэрбээр Бурхны Үгийг ч санаж, Еховагийн нэрийг ч хэрэглэдэг байсан.
15 Тэгвэл бид Еховад таалагддаггүй зүйлийг хийчихмээр санагдах үед юун тухай боддог вэ? Хорхой хүргэм зүйлийг бодох тусам хийх хүсэл улам гаарна (Иак. 1:14, 15). Тийм хүслийг таягдан хаяхын тулд биеийнхээ эрхтнийг авч хаяхтай адил эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй (Мат. 5:29, 30). Есүсийн адилаар, бид хийх алхам маань ямар үр дүнд хүргэхийг буюу Еховатай тогтоосон харьцаанд маань хэрхэн нөлөөлөхийг бодох хэрэгтэй. Бурхны Үг буюу Библид юу гэж байдгийг санах нь зүйтэй. Ингэж байж л Ехова амьдралд маань хамгийн чухал байр суурь эзэлдгийг батална.
16–18. а) Бид юунаас болж шаналж болох вэ? б) Зовлонг давахад юу туслах вэ?
16 Зовлон үзсэн ч Еховаг бүү буруутгаарай (Сур. 19:3). Өнөөгийн ёс бус ертөнцийн төгсгөл ойртох тусам Еховагийн үйлчлэгчдийн дундаас олон хүн байгалийн гамшиг, золгүй явдалд өртөж байна. Бурхан энэ ертөнцөд үйлчлэгчдээ гайхамшгаар хамгаалдаггүйг бид мэддэг. Гэхдээ л дотнын хүнээ алдах юм уу зовлон бэрхшээл үзэхдээ Иовын адилаар шаналж болох юм.
17 Иов өөрт нь зовлон тохиолдохыг Ехова ямар учраас зөвшөөрснийг ойлгоогүй шиг бид ч бас муу юм болдгийн учрыг заримдаа ойлгохгүй байж болох юм. Тухайлбал, Гайти дахь ах дүү нарын маань зарим нь газар хөдлөлтийн уршгаар амиа алдсан шиг үнэнч итгэл нэгтнүүд маань байгалийн гамшигт өртөн амиа алдсаныг бид дуулсан байж болох юм. Эсвэл үнэнч христианыг гэмт хэргийн золиос болох юм уу золгүй явдлаар амь насаа алдсаныг мэддэг байлаа гэж бодъё. Бид өөрсдөө ч гай зовлон юм уу шударга бус явдалд өртөж мэднэ. Тэгээд шаналсандаа: «Ехова, ямар учраас ийм юм болов оо? Яагаад би ингэж зовж байгаа юм бэ? Би ямар буруу хэрэг хийсэн юм бэ?» гэж бодож болох юм (Хаб. 1:2, 3). Тийм зовлонг даван туулахад юу туслах вэ?
18 Иймэрхүү явдал тохиолдоход Ехова сайшаахгүй байгаагийн дохио гэж үзэх учиргүй. Есүс үүнийг ойлгуулахын тулд тухайн үеийнхээ хоёр золгүй явдлыг жишээ болгон хэлсэн байдаг (Лук 13:1–5-ыг уншина уу). Үнэндээ ихэнх золгүй явдал «цаг үеэс» шалтгаалах буюу «санамсаргүй тохиолдлоор» болдог (Ном. 9:11, ШЕ). Гэхдээ бид ямар ч шалтгаанаар зовж байсан, «бүх тайвшралын Бурханд» найддаг бол зовлонг даван туулж чадна. Бурхан биднийг үнэнч байхад туслан, хүч өгнө (2 Кор. 1:3–6).
19, 20. Есүс доромжлолыг юуны ачаар тэвчиж чадсан бэ? Тэвчээртэй байхад бидэнд юу туслах вэ?
19 Бардам занд эсвэл гутамшиг болох вий гэсэн айдаст хэзээ ч бүү дийлдээрэй. Есүс даруу байсныхаа ачаар «Өөрийгөө хоосолж, боолын дүрийг авч» чадсан (Флп. 2:5–8). Еховад найддаг байсан учир доромжлолыг нэг бус удаа тэвчжээ (1 Петр 2:23, 24). Ийнхүү Есүс Еховагийн хүсэл тааллыг амьдралынхаа эн тэргүүнд тавьсан бөгөөд хожим нь Ехова түүнийг өргөмжлөн өндөр байр суурь оноосон юм (Флп. 2:9). Есүс өөрийг нь дууриаж амьдрахыг шавь нартаа уриалсан (Мат. 23:11, 12; Лук 9:26).
20 Бид ч бас заримдаа итгэл үнэмшлээсээ болоод сорилтод орж, элэг доог болж болох юм. Гэхдээ элч Паулыг дууриан, Еховад бүрэн найдвал ичгүүртэй байдлыг ч давж чадна. Тэрбээр: «Энэхүү шалтгааны улмаас би мөн зовдог. Гэхдээ би ичдэггүй. Учир нь би хэнд итгэснээ мэддэг. Тэр ... хамгаалах хүчтэй гэдэгт би итгэлтэй байна» хэмээн бичсэн (2 Тим. 1:12).
21. Өнөөгийн хүмүүс өөрсдийгөө хамгийн чухалд үздэг ч та яахаар шийдэж байна вэ?
21 Өнөөгийн «хүмүүс өөрсдийгөө хайрлагчид» болохыг Библид зөгнөсөн байдаг (2 Тим. 3:2). Тэгэхлээр, өөрийгөө хамгийн чухалд үздэг хүмүүс биднийг хүрээлж байдаг нь гайхах хэрэг биш ээ. Тэдэн шиг аминч үзэлтэй болохоос үргэлж сэрэмжилцгээе! Хорхой хүргэм зүйлтэй тулгарсан ч, зовлон үзсэн ч, хүмүүс биднийг элэг доог болгох гэж оролдсон ч, Еховаг амьдралд маань хамгийн чухал байр суурь эзэлдэг гэдгийг дор бүрнээ батлан харуулах шийдвэр төгс байцгаая!
[Зүүлт]
a Монгол хэлээрх Библийн орчуулгад «ЭЗЭН», «БУРХАН» гэдэг үгээр еврей эх бичигт байдаг Бурхны «Ехова» гэдэг оноосон нэрийг орлуулжээ.
b «Арьсыг арьсаар» гэсэн нь Иовыг өөрөө л амьд үлдэж байвал үр хүүхэд, мал сүргийнхээ «арьс» буюу амийг золиослохоос буцахгүй гэсэн утгатай байж болох юм гэж Библи судлаач зарим эрдэмтэн үздэг. Зарим нь хүн амиа аврахын тулд арьсаа ч болов золиослоход бэлэн байдгийг онцлон тэмдэглэдэг гэж тайлбарладаг. Жишээ нь, хүн толгойгоо цохиулахгүй гэж гараараа хаахад гарынх нь арьс гэмтэж болох боловч амиа аварна. Дээрх хэллэг ямар ч утгатай байлаа гэсэн, Сатан Иовыг амьд үлдэхийн тулд өөрт нь байгаа бүхнийг дуртайяа өгнө гэж битүү утгаар хэлжээ.
Давтах асуулт
• Ева Сатанд мэхлүүлсэн нь бидэнд ямар сургамжтай вэ?
• Зовлон үзсэн Иов бидэнд ямар жишээ үзүүлсэн бэ?
• Есүст юу хамгийн чухал байсан бэ?
[17-р хуудасны зураг]
Ева Еховатай тогтоосон харьцаагаа бодоогүй
[18-р хуудасны зураг]
Есүс хорхой хүргэм зүйлийг няцааж, Еховагийн хүсэл тааллыг эн тэргүүнд тавьсан
[20-р хуудасны зураг]
Гайтид газар хөдлөлтийн дараа дэлгэрүүлж байгаа нь
Зовлон гамшгийн үед «бүх тайвшралын Бурханыг» санах нь