«Хорхой хүргэм зүйлийг тэвчихийн тулд»
«Хорхой хүргэм зүйлийг тэвчихийн тулд үргэлж залбирч, сонор сэрэмжтэй байгтун» (МАТАЙ 26:41, ШЕ).
БУРХНЫ ХҮҮ Есүс Христ урьд нь ийм хүнд байдалд ер орж байгаагүй аж. Түүний дэлхий дээрх амьдралын сүүлчийн мөч ойртож байлаа. Тэрбээр удахгүй баривчлагдаж, үхлийн ял авч, шонд хадуулахаа мэдэж байв. Гаргах шийдвэр, хийх алхам нь Эцгийнх нь нэр төрд нөлөөлөхийг сайн ойлгож байсан. Хүн төрөлхтний ирээдүй шийдэгдэх гэж байгааг ч бас мэдэж байв. Энэ бүхнээс болж шаналсан Есүс яасан бэ?
2 Есүс шавь нартайгаа Гетсеманийн цэцэрлэг уруу явав. Энэ бол түүний очих дуртай газрын нэг байлаа. Тэнд очоод шавь нараасаа зайдуу газар явжээ. Тэгээд ганцаараа тэнгэрийн Эцэгтээ гурван удаа шаргуу залбиран, хүч гуйж, сэтгэлээ уудалжээ. Есүс хэдийгээр төгс хүн байсан ч, энэ сорилтыг өөрийн хүчээр давчихна гэж бодоогүй юм (Матай 24:36—44).
3 Өнөөдөр бид ч бас дарамт шахалтад байдаг. Бидний амьдарч байгаа өнөө үеийг ёс бус тогтолцооны эцсийн өдрүүд мөн гэж нотлох баримтыг энэхүү товхимлын эхэнд авч үзсэн билээ. Сатаны ертөнцийн зүгээс учрах дарамт, хорхой хүргэм зүйл улам ихсэж байна. Жинхэнэ Бурханд үйлчилдэг гэх хэний ч болов гаргах шийдвэр, хийх алхам Бурхны нэр төрд нөлөөлөх бөгөөд шинэ ертөнцөд амьдрах эсэх нь тэдгээрээс тодорхой хэмжээгээр шалтгаална. Бид Еховад хайртайн зэрэгцээ «эцсээ [«төгсгөл», ШЕ] хүртэл тэвчихийг» хүсдэг. Өөрөөр хэлбэл, үхэн үхтэлээ юм уу энэ тогтолцооны төгсгөл хүртэл тэвчинэ гэж боддог (Матай 24:13). Тэгвэл, чухал цаг үед амьдарч байгаагаа марталгүй, сонор сэрэмжтэй байхад юу туслах вэ?
4 Есүс шавь нараа тэр үед ч, ирээдүйд ч дарамт шахалттай тулгарахыг мэдээд: «Хорхой хүргэм зүйлийг тэвчихийн тулд үргэлж залбирч, сонор сэрэмжтэй байгтун» хэмээн уриалжээ (Матай 26:41, ШЕ). Энэ үг өнөөдөр бидний хувьд ямар утгатай вэ? Та хорхой хүргэм ямар зүйлтэй тулгарч, ямар сорилтод ордог вэ? Яавал «сонор сэрэмжтэй байх» вэ?
Хорхой хүргэхийн учир
5 Бид бүгд өдөр бүр «диаволын торонд» оруулж болзошгүй хорхой хүргэм зүйлтэй тулгардаг (2 Тимот 2:26). Сатан Диавол Еховагийн үйлчлэгчдийг онцгой байгаа болгодгийг Библи бидэнд анхааруулдаг (1 Петр 5:8; Илчлэлт 12:12, 17). Гэхдээ энэ нь бидний амийг заавал хөнөөнө гэсэн үг биш ээ. Хэрэв бид Бурханд үнэнч байсаар үхвэл Сатаны хувьд ялалт болохгүй. Товлосон цагаа болоход Ехова нас барагсдыг дахин амилуулж, үхлийг ул мөргүй арилгана гэдгийг Сатан сайн мэддэг (Лук 20:37, 38). Тэгвэл, ямар зорилгоор Еховагийн үйлчлэгчдийг байгаа болгодог вэ?
6 Сатан бидний аминаас илүү үнэтэй зүйл буюу Бурханд үнэнч байдлыг маань эвдэн бусниулахыг хүсдэг. Тэрбээр биднийг Еховагаас холдуулж чадна хэмээн батлах гэж зүтгэдэг. Тийм учраас, хэрэв бидэнд сайн мэдээ дэлгэрүүлэх ажлаа орхиж, христиан хэм хэмжээг үл ойшоох буюу Бурханд үнэнч байхаа болих хүсэл төрвөл Сатан ялж байгаа нь тэр! (Ефес 6:11—13). «Соригч» бидний хорхойг хүргэх гэж элдвээр оролддог нь ийм учиртай (Матай 4:3).
7 Сатаны «заль мэх» янз бүр байдаг (Ефес 6:11). Тэрбээр эд хөрөнгө, зугаа цэнгэлээр бидний хорхойг хүргэх юм уу айдас, эргэлзээ төрүүлэх зэргээр сорьж болох юм. Гэхдээ сэтгэлээр унагах явдал бол эрхэндээ оруулах хамгийн үр дүнтэй аргынх нь нэг мөн. Боломж гарахыг анддаггүй зальт этгээд Сатан «сулран доройтсон» буюу сэтгэлээр унасан хүн сүнслэгээр суларч, эмзэг болдгийг мэддэг (Сургаалт үгс 24:10). Тиймээс, биднийг сэтгэл санаагаар «сульдаж доройтсон» тэр л үед буулгаж авахаар сорьдог (Дуулал 38:8).
8 Эцсийн өдрүүдийн төгсгөл ойртохын хэрээр сэтгэлээр унах шалтгаан улам олширч, бид ч тэдгээрээс зугтах аргагүй болж байна. («Сэтгэлээр унах зарим шалтгаан» гэсэн хавсралтыг үзнэ үү.) Ямар ч шалтгаантай байсан, сэтгэлээр унасан хүн эрч хүчээ алддаг. Бие махбод, оюун бодол, сэтгэл санаагаар ядарсан хүнд Библи судлах, цуглаанд явах, дэлгэрүүлэх ажилд оролцох зэрэг христиан үүргээ биелүүлэх цаг гаргах амаргүй болдог (Ефес 5:15, 16). «Соригч» таныг буулгаж авахыг хүсдэг гэдгийг санаарай. Амьдарч байгаа цаг үеийнхээ чухлыг мартаж назгайрах цаг одоо яавч биш ээ! (Лук 21:34—36). Тэгвэл хорхой хүргэм зүйлийг тэвчиж, сонор сэрэмжтэй байхын тулд яах хэрэгтэй вэ? Ашигтай дөрвөн зөвлөгөөг авч үзье.
«Үргэлж залбирагтун»
9 Еховад залбирч, түүнд найдах. Есүс Гетсеманийн цэцэрлэгт байхдаа ямар жишээ үзүүлснийг санацгаая. Маш их шаналсан үедээ яасан билээ? Тусламж хүсэн Еховад хандаж, ихэд шаргуу залбирснаас «түүний хөлс цусны дусал мэт газарт дусалж байв» (Лук 22:44). Бодоод үз дээ. Есүс Сатаныг сайн мэдэхийн зэрэгцээ Бурхны үйлчлэгчдийг урхидах гэж яаж сорьдгийг тэнгэрээс харж байсан. Гэсэн ч, Сатаны учруулж болох ямар ч сорилтыг саадгүй давчихна гэж бодоогүй шүү дээ. Хэрэв Бурхны төгс Хүү Эцгээсээ тусламж, хүч гуйн залбирах хэрэгтэй байсан бол бидний тухайд бүр ч их хэрэгтэй нь ойлгомжтой! (1 Петр 2:21).
10 Есүс шавь нартаа «үргэлж залбирахыг» уриалсныхаа дараа: «Сүнс хүсэж байна, харин махан бие сул дорой юм» хэмээн хэлснийг санаарай (Матай 26:41). Хэний махан биеийн тухай хэлсэн юм бол оо? Төгс хүний биед сул дорой гэхээр юм ганц ч байхгүй тул өөрийнхөө тухай хэлээгүй нь лавтай (1 Петр 2:22). Харин шавь нарынх нь тухайд байдал өөр байсан. Тэд удамшсан төгс бус байдал, нүгэлт хандлагынхаа улмаас хорхой хүргэм зүйлийг тэвчихийн тулд онцгой хүчин чармайлт гаргах хэрэгтэй байв (Ром 7:21—24). Тийм ч учраас, Есүс тэднийг болон тэдний дараах үеийн бүх жинхэнэ христианыг сорилттой тулгарахдаа Бурхнаас тусламж гуйн залбирч байхыг уриалжээ (Матай 6:13). Ехова ч тийн залбирахад хариулдаг (Дуулал 65:2). Яаж? Жишээ болгон, хоёр арга авч үзье.
11 Нэгдүгээрт, Бурхан бидэнд хорхой хүргэм зүйлийг танихад тусалдаг. Хорхой хүргэм зүйл бол харанхуй газар тавьсан урхи лугаа адил юм. Олж харахгүй л бол, тэр урхинд яваад л орчихно. Ехова Библи болон Библид үндэслэсэн хэвлэлийн тусламжтайгаар Сатаны урхин дээр гэрэл тусгаж, түүнээс зайлсхийх боломж олгодог. Олон жилийн хугацаанд ном хэвлэл, чуулганы хөтөлбөрөөр дамжуулан биднийг хүнээс айх, садар самуун үйлдэх, эд хөрөнгөний хойноос хөөцөлдөх аюул болон бусад хорхой хүргэм зүйлээс дахин дахин сэрэмжлүүлж байгаа билээ (Сургаалт үгс 29:25; 1 Коринт 10:8—11; 1 Тимот 6:9, 10). Сатан биднийг хөнөөх санаа өвөрлөдгийг Ехова сануулдагт та талархдаг уу? (2 Коринт 2:11). Тийнхүү сануулдаг нь бидний залбиралд хариулж, хорхой хүргэм зүйлийг тэвчихэд тусалж байгаа хэрэг юм.
12 Хоёрдугаарт, Ехова бидний залбиралд хариулахдаа хорхой хүргэм зүйлийг тэвчих хүч өгдөг. Түүний Үг: «Бурхан... та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд... гарах замыг ч өгдөг юм» гэж хэлдэг (1 Коринт 10:13). Хэрэв бид өөрт нь үргэлж найддаг бол сүнслэг хүчийг маань барах, тэвчихийн аргагүй хорхой хүргэм зүйлтэй тулгарахыг Бурхан хэзээ ч зөвшөөрөхгүй. Тэгвэл, «гарах зам» яаж өгдөг вэ? Ехова «Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгдөг» (Лук 11:13). Бид тэрхүү сүнсний дэмжлэгтэйгээр Библийн зарчмуудыг санаж, зөвийг үйлдэх шийдвэрээсээ няцалгүй, ухаалаг алхам хийж чаддаг (Иохан 14:26; Иаков 1:5, 6). Түүнчлэн, шаардлагатай чанарыг хөгжүүлж, сул талаа ялж чаддаг (Галат 5:22, 23). Түүгээр зогсохгүй, итгэл нэгтнүүд маань Бурхны сүнсний удирдлагаар бидэнд дэмжлэг үзүүлдэг (Колоссай 4:11). Ехова хайрын сэтгэлээсээ таны залбиралд тийнхүү хариулдагт та талархдаггүй гэж үү?
Бурхны амлалтыг зөв ойлгогтун
13 Сонор сэрэмжтэй байхын тулд Бурхны амлалтыг зөв ойлгох хэрэгтэй. Бэрхшээлээс болоод заримдаа тэвчээр алдах үе байдаг. Гэхдээ Бурхан биднийг энэ хуучин тогтолцоонд толгой өвдөхгүй амар амьдруулна гэж ер амлаагүй гэдгийг мартах учиргүй. Библийг бичиж байх үед ч Бурхны үйлчлэгчид эсэргүүцэл хавчлага, ядуу зүдүү байдал, өвчин эмгэг зэрэг бэрхшээлтэй тулгарч байсан шүү дээ (Үйлс 8:1; 2 Коринт 8:1, 2; 1 Тимот 5:23).
14 Өнөөдөр бидэнд ч мөн бэрхшээл учирдаг. Эсэргүүцэл хавчлагад өртөж, санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, сэтгэлээр унан шаналж, өвчин эмгэг тусах болон өөр ямар нэг зовлон үзэж болох юм. Ехова биднийг тэр бүгдээс гайхамшгаар авран хамгаалаад байвал Сатанд Еховаг муулах үндэс болохгүй гэж үү? (Сургаалт үгс 27:11). Ехова үйлчлэгчдээ сорилтод орж, хорхой хүргэм зүйлтэй тулгарахыг, тэр бүү хэл, заримдаа эсэргүүцэгчдийн гарт амиа алдахыг хүлцэн зөвшөөрдөг (Иохан 16:2).
15 Тэгвэл Ехова юу амласан бэ? Дээр тэмдэглэснээр, өөрт нь бүрэн дүүрэн итгэж найдаж байсан цагт биднийг ямар ч хорхой хүргэм зүйлийг тэвчих чадвартай болгохоо амласан (Сургаалт үгс 3:5, 6). Ехова Үг, сүнс болон байгууллагаараа дамжуулан биднийг сүнслэгээр хамгаалж, өөртэй нь тогтоосон харьцаагаа хадгалахад тусалдаг. Бурхантай тогтоосон харьцаагаа таслаагүй л бол, бид амиа алдсан ч ялж чадна. Бурхныг үнэнч үйлчлэгчдээ шагнахад нь юу ч саад болохгүй. Үхэл ч саад хийж чадахгүй (Еврей 11:6). Ехова өөрт нь хайртай хүмүүст өгсөн гайхамшигтай бүх амлалтаа эдүгээ хаяанд тулж ирчихээд байгаа шинэ ертөнцөд заавал биелүүлнэ (Дуулал 145:16).
Маргаантай асуудлыг санагтун
16 Төгсгөл хүртэл тэвчихийн тулд Бурхан ямар чухал асуудлын улмаас ёс бус байдлыг хүлцэн зөвшөөрөх болсныг санаж явах ёстой. Өмнө маань тулгарсан бэрхшээл давах аргагүй мэт бодогдон, буугаад өгчихмөөр санагдвал Еховаг эрх мэдлээ зөв шударга хэрэгжүүлдэг эсэх талаар Сатаны дэгдээсэн маргаантай асуудлыг санах хэрэгтэй. Түүнээс гадна, Сатан хүмүүсийг Бурханд чин сэтгэлээсээ үйлчилдэг эсэхэд эргэлзээ төрүүлж, бэрхшээлтэй тулгарвал үнэнч байж чадахгүй гэж мэтгэсэн (Иов 1:8—11; 2:3, 4). Маргаантай асуудал болон түүнийг шийдвэрлэх Еховагийн арга зам бидний хэний ч аминаас илүү чухал билээ. Энэ юу гэсэн үг вэ?
17 Бурхан бэрхшээлтэй байдлыг түр зуур тэвчихээр шийдсэн нь хүмүүст Библийн үнэнийг мэдэх боломж олгосон. Есүс биднийг мөнх амьтай болгохын тулд зовсон гээд бодоод үз дээ (Иохан 3:16). Үүнд нь бид талархдаг. Гэхдээ бусдыг ч бас мөнх амьтай болоход нь туслахын тулд бид өөрсдөө бэрхшээлийг түр зуур тэвчиж чадахгүй гэж үү? Төгсгөл хүртэл тэвчье гэвэл Ехова мэргэн ухаанаараа биднээс хамаагүй давуу гэдгийг ойлгох хэрэгтэй (Исаиа 55:9). Маргаантай асуудлыг шийдвэрлэх хамгийн тохиромжтой цагт Бурхан ёс бусыг арилгана. Энэ нь бидний үүрдийн сайн сайханд тустай. Үүнээс өөрөөр байж болно гэж үү? Бурханд шударга бус юм байдаггүй! (Ром 9:14—24).
«Бурханд ойртогтун»
18 Чухал цаг үед амьдарч байгаагаа санаж явахын тулд Еховад ойр байх хэрэгтэй. Бурхантай тогтоосон сайн харьцааг маань эвдэн бусниулахын тулд Сатан чадах бүхнээ хийж байгааг хэзээ ч бүү мартаарай. Төгсгөл ирэхгүйгээс хойш сайн мэдээ дэлгэрүүлж, Библийн хэм хэмжээний дагуу амьдрах хэрэг алга гэж итгүүлэхийг оролддог. Гэхдээ тэрбээр «худалч бөгөөд худал хуурмагийн эцэг» мөн (Иохан 8:44). Бид эрс шийдвэртэйгээр Диаволыг «эсэргүүцэх» ёстой. Еховатай тогтоосон харьцаагаа үргэлж эрхэмлэн нандигнах учиртай. Тийм ч учраас, Библи бидэнд: «Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» хэмээн хайрын сэтгэлээс уриалдаг (Иаков 4:7, 8). Еховад яаж илүү ойртох вэ?
19 Залбирч байгаад эргэцүүлэн бодох нь амин чухал юм. Амьдралын хатуу бэрхийг давах аргагүй мэт санагдах үед Еховад зүрх сэтгэлээ нээж байгаарай. Та хэдийчинээ тодорхой залбирна, Еховагийн хариултыг төдийчинээ амархан ойлгоно. Ехова тэр бүр таны бодож байсан шиг хариулахгүй байж болох ч, та түүнийг алдаршуулж, түүнд үнэнч байхыг хүсдэг бол төгсгөл хүртэл тэвчихэд тань тусална (1 Иохан 5:14). Таны амьдралыг Ехова удирдаж байгааг мэдрэхлээр та түүнд илүү ойр болно. Еховагийн зан чанар, үйл хэргийн тухай Библиэс уншиж, эргэцүүлэн бодох нь бас чухал байдаг. Тийн эргэцүүлэн бодвол Бурхныг илүү сайн мэддэг болж, зүрх сэтгэлээрээ дотносож, улам хайрлах болно (Дуулал 19:14). Чухам тийм л хайр хорхой хүргэм зүйлийг тэвчиж, сонор сэрэмжтэй байхад юу юунаас илүү тусална (1 Иохан 5:3).
20 Еховад ойр байхын тулд итгэл нэгтнүүдтэйгээ дотно харьцаатай байх нь бас чухал. Товхимлын сүүлийн хэсэгт энэ тухай ярилцъя.
АСУУЛТ
• Есүс дэлхий дээрх амьдралынхаа төгсгөлд шаналж байхдаа яасан бэ? Шавь нартаа юу уриалсан бэ? (1—4-р догол мөр).
• Сатан Еховагийн үйлчлэгчдийг онцгой байгаа болгодгийн учир юу вэ? Ямар аргаар бидний хорхойг хүргэж, сорьдог вэ? (5—8-р догол мөр).
• Үргэлж залбирч (9—12-р догол мөр), Бурхны амлалтыг зөв ойлгон (13—15-р догол мөр), маргаантай асуудлыг санаж (16, 17-р догол мөр), «Бурханд ойртох» нь (18—20-р догол мөр) хорхой хүргэм зүйлийг тэвчихэд хэрхэн туслах вэ?
[25-р хуудасны хавсралт]
Сэтгэлээр унах зарим шалтгаан
Эрүүл мэнд муудах, нас ахих. Архаг өвчин юм уу нас ахиж байгаагаас болоод хүч тэнхээ барагдах цагт Бурханд урьдынх шигээ үйлчилж чадахгүй болох нь гэж сэтгэлээр унадаг (Еврей 6:10).
Урам хугарах. Бурхны Үгийг дэлгэрүүлэхэд маань олон хүн хүлээж авахгүй бол шантардаг (Сургаалт үгс 13:12).
Өөрийгөө зохих ёсоор үнэлэхээ болих. Хүн олон жил ад шоо үзэгдээд ирэхлээрээ өөрт нь хэн ч хайргүй, тэр байтугай, Ехова ч хайргүй гэж боддог болж магадгүй (1 Иохан 3:19, 20).
Гомдох. Итгэл нэгтэндээ их гомдоод шаналж байгаа хүнд цуглаанд очих юм уу дэлгэрүүлэх ажилд оролцохоо больё гэж бодогдох үе байдаг (Лук 17:1).
Хавчлага. Итгэл үнэмшлийг тань хуваалцдаггүй хүмүүс таныг эсэргүүцэж, хавчиж, элэглэн шоолж болох юм (2 Тимот 3:12; 2 Петр 3:3, 4).
[26-р хуудасны зураг]
Хорхой хүргэм зүйлийг тэвчихийн тулд тусламж гуйн «үргэлж залбирахыг» Есүс бидэнд уриалсан