Ариматын Иосеф үнэний талд бат зогссон нь
АРИМАТЫН ИОСЕФ өөрийгөө Ромын захирагчид бараалхаж чадна гэж төсөөлж ч байсангүй. Учир нь Понти Пилат зөрүүд гэдгээрээ алдартай хүн байлаа. Гэвч Есүсийг нэр төртэй оршуулахын тулд шарилыг нь Пилатаас гуйхаас өөр аргагүй. Тийм болохоор Иосеф Пилаттай нүүр тулж уулзжээ. Энэ нь санасныг бодвол тийм ч хэцүү зүйл биш байв. Есүсийн нас барсан эсэхийг Пилат цэргийн даргаас тодруулж мэдээд Иосефын хүсэлтийг биелүүллээ. Уй гашууд автсан Иосеф цаазын газар луу яаран явав (Марк 15:42–45).
Ариматын Иосеф гэж хэн бэ?
Тэрээр Есүстэй ямар холбоотой байсан бэ?
Бид яагаад энэ хүний талаар судлах хэрэгтэй вэ?
ИУДЕЙН ДЭЭД ШҮҮХИЙН ГИШҮҮН
«Марк» номонд Иосефыг «Зөвлөлийн нэр хүндтэй гишүүн» гэсэн байдаг. Зөвлөл гэдэг нь Иудейн дээд шүүх бөгөөд иргэд, засгийн газар, шашныг удирдан захирдаг байгууллага юм (Марк 15:1, 43). Тэгэхээр Иосеф Израйлын ард түмний удирдагчдын нэг байсан гэсэн үг. Тиймээс ч Ромын захирагчтай уулзаж чаджээ. Мөн тэрээр баян чинээлэг хүн байсан нь ойлгомжтой (Мат. 27:57).
Есүсийн шавь гэдгээ ил тод хэлэх зориг танд бий юү?
Иудейн дээд шүүхийн гишүүд Есүсийг дайсан гэж үздэг учир амийг нь хөнөөхөөр хуйвалджээ. Харин Иосеф «шударга, сайн хүн» байлаа (Лук 23:50). Тэрээр чин сэтгэлтэй, ёс журамтай, Бурхны тушаалыг биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийдгээрээ Зөвлөлийн ихэнх гишүүнээс ялгаатай байжээ. Бас «Бурхны Хаант төрийг хүлээдэг хүн байв». Тийм учраас Есүсийн шавь болсон ажээ (Марк 15:43; Мат. 27:57). Шударга ёс, Бурхны тухай үнэнийг чухал гэж үздэг учраас Есүсийн мэдээнд сэтгэл нь татагдсан биз ээ.
ШАВЬ ГЭДГЭЭ НУУДАГ БАЙСАН НЬ
Ёохан 19:38-д Иосефыг «иудейчүүдээс айгаад Есүсийн шавь гэдгээ нуудаг байлаа» гэж бичжээ. Яагаад айсан юм бол? Иудейчүүд Есүсийг үзэн яддагийг, түүнд итгэдгээ ил тод хэлдэг хэнийг ч хамаагүй синагогоос хөөнө гэдгийг тэрээр мэдэж байсан (Ёох. 7:45–49; 9:22). Иудейчүүд синагогоос хөөгдсөн хүнийг харвал зугтдаг, доромжилдог, гадуурхдаг байв. Тийм болохоор Иосеф байр суурь, нэр хүндээ алдахгүйн тулд Есүст итгэдгээ мэдэгдэхгүйг хичээдэг байжээ.
Иосеф л ганцаараа ийм хүнд байдалд орсон юм биш ээ. Ёохан 12:42-т «Олон захирагч Есүст итгэдэг болсон ч фарисайчуудаас айсандаа, синагогоос хөөгдөх вий гэсэндээ Есүст итгэдгээ нуудаг байв» гэж бичжээ. Тэдний нэг нь Иудейн дээд шүүхийн бас нэгэн гишүүн Никодем юм (Ёох. 3:1–10; 7:50–52).
Иосеф Есүсийн шавь байсан. Харин үүнийгээ нуудаг байсан нь ноцтой хэрэг байв. Есүс: «Надад итгэдгээ хүмүүст тунхагладаг хэнийг ч би тэнгэрийн Эцэгтээ миний шавь гэнэ. Харин надад итгэдгээ хүмүүсийн өмнө үгүйсгэдэг хэнийг ч би тэнгэрийн Эцэгтээ миний шавь биш гэнэ» хэмээн айлдсан байдаг (Мат. 10:32, 33). Иосеф Есүсийг хүлээн зөвшөөрдөг ч үүнийгээ ил тод хэлэх зүрх зориггүй хүн байжээ. Та яадаг вэ?
Иудейн дээд шүүхийнхний зохиосон хуйвалдааныг дэмжээгүй нь Иосефын гавьяа юм (Лук 23:51). Есүсийг цаазлагдах үеэр Иосеф тэнд байгаагүй гэж зарим хүн таамагладаг. Юутай ч, энэ шударга бус явдал Иосефын сэтгэлийг зовоосон нь лавтай. Гэвч юу ч хийж чадаагүй!
ШИЙДЭМГИЙ БУС ЗАНГАА ЯЛСАН НЬ
Есүсийг амиа алдахад Иосеф айдсаа ялж, дагалдагчдыг нь дэмжихээр шийджээ. Үүнийг Марк 15:43-т «Ариматын Иосеф зориг гарган Пилатад бараалхаж, Есүсийн шарилыг гуйжээ» хэмээн бичсэнээс мэдэж болно.
Есүсийг амьсгал хураах үед Иосеф дэргэд нь байсан бололтой. Үнэндээ Есүсийн нас барсныг Иосеф Пилатаас түрүүлээд мэдсэн байна. Тийм ч учраас шарилыг нь авах зөвшөөрөл хүсэхэд «Пилат Есүсийн үхсэн эсэхийг мэдэх гэж цэргийн даргыг дуудаж асуув» гэж Библид бичжээ (Марк 15:44). Есүс шонд хадуулаад тарчилж байгааг Иосеф нүдээрээ үзсэн гэж бодъё. Үүнээс болоод сэтгэл нь өвдсөн юм болов уу? Тэгээд эцэст нь үнэний талд бат зогсохоор шийдсэн юм болов уу? Магадгүй. Юутай ч тэрээр шавь гэдгээ нуухаа больжээ.
ИОСЕФ ЕСҮСИЙГ ОРШУУЛСАН НЬ
Иудейчүүдийн хуулиар бол цаазлагдсан хүний хүүрийг нар жаргахаас өмнө булшлах ёстой (Д.хууль 21:22, 23). Харин ромчууд цаазаар авхуулсан гэмт хэрэгтнүүдийн хүүрийг шонд хадаатай чигээр нь орхих юм уу нийтийн булшинд хаядаг байжээ. Иосеф Есүсийн цогцсыг ийм байдалтай орхихыг хүсээгүй. Түүнд цаазын газраас холгүйхэн, хад ухаж хийсэн шинэ булш байв. Энэ булшинд хүн тавьж байгаагүйг бодож үзвэл Иосеф Ариматаасa Иерусалимд ирээд удаагүй байсан бөгөөд эзэмшил газраа гэр бүлийн булш болгохоор бэлджээ гэж дүгнэж болохоор байна (Лук 23:53; Ёох. 19:41). Есүсийг өөрийнхөө булшинд оршуулсан нь өгөөмөр хүн болохыг нь илтгэдэг. Бас Мессиа «баян хүнтэй хамт» оршуулагдана гэсэн зөгнөл ийнхүү биелжээ (Ис. 53:5, 8, 9).
Еховатай тогтоосон харьцаанаас тань илүү чухал зүйл танд байдаг уу?
Иосеф Есүсийн цогцсыг шонгоос буулгаж аваад сайн чанарын маалинган даавуунд ороож өөрийнхөө булшинд тавьсныг сайн мэдээний дөрвөн номонд тэмдэглэн үлдээжээ (Мат. 27:59–61; Марк 15:46, 47; Лук 23:53, 55; Ёох. 19:38–40). Иосефт тусалсан хүмүүсээс нэгийг нь л онцолж бичсэн байдаг. Тэр нь Никодем юм. Никодем шарилд зориулж үнэртэн авчирчээ. Өндөр албан тушаалтайг нь бодож үзвэл Иосеф Никодем хоёр цогцсыг хоёулхнаа авч яваагүй байх л даа. Зарц нар нь аваачиж оршуулсан гэвэл зүйд нийцнэ. Гэхдээ л энэ хоёр хүний хийсэн зүйл амар биш байсан. Мосегийн хуулиар бол, хүний цогцост хүрсэн хэнийг ч 7 хоногийн турш бузартсанд тооцдог. Тиймд тэр хүний гар хүрсэн бүхнийг бузар гэж үздэг байжээ (Тоол. 19:11; Хаг. 2:13). Ийм шалтгаанаар тэд Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэсэн тэр 7 хоногийнхоо турш олноос тусгаарлагдаж, баярт оролцох ямар ч боломжгүй болсон (Тоол. 9:6). Бас Иосеф Есүсийг оршуулах ажлыг зохион байгуулснаараа хамт ажилладаг нөхдийнхөө доог тохуу болоход хүрчээ. Гэлээ ч энэ удаа Есүсийг хүндэтгэлтэй оршуулж, өөрийгөө шавь нь гэдгээ илчлээд үр дагаврыг нь амсахаас айгаагүй.
ДҮГНЭЛТ
Есүсийг оршуулсан үйл явдлаас хойш Ариматын Иосефын тухай Библид гараагүй. Иосеф дараа нь яасан бол? Энэ асуултын хариу тодорхойгүй. Гэхдээ энэ өгүүллээр ярилцсан зүйлийг бодож үзвэл тэрээр Христийн дагалдагч гэдгээ ил тод хэлдэг болсон гэж дүгнэж болно. Тэгээд ч сорилтын тэр эгзэгтэй үед Иосеф айж хулчийгаагүй, харин ч итгэл нь батжиж, зориг орсон билээ. Энэ нь сайны шинж биш гэж үү?
Иосефын талаар судлахлаар нэг чухал асуулт гарч байна. «Би албан тушаал, ажил мэргэжил, эд хөрөнгө, гэр бүлийнхнээ эсвэл бүр эрх чөлөөгөө Еховатай тогтоосон харьцаанаас илүү чухал гэж үздэг үү?» хэмээн өөрөөсөө асуугаарай.
a Аримат нь Иерусалимаас хойшоо 35 километрт оршдог Рама буюу орчин үеийн Рентис (Рантис) хот юм. Зөнч Самуел энэ хотод төржээ (1 Сам. 1:19, 20).