Уншигчдын асуулт
Есүс нас барахынхаа өмнөхөн яагаад Дуулал 22:1-д бичсэн Давидын үгийг эш татсан бэ?
Есүс нас барахаасаа өмнөхөн «Бурхан минь, Бурхан минь, юунд та намайг орхив?» гэж хэлснийг Матай 27:46-д бичсэн. Ингэж хэлсэн нь Дуулал 22:1-д бичсэн Давидын үгийг биелүүлсэн хэрэг байв (Марк 15:34). Есүсийг сэтгэлээр унасандаа эсвэл тэрхэн зуур итгэлгүй болсондоо ингэж хэлсэн гэж дүгнэх учиргүй. Харин ч Есүс үхэх болсон шалтгаанаа бүрэн дүүрэн ойлгож байснаар барахгүй амиа дуртайяа олны төлөө өгсөн (Мат. 16:21; 20:28). Ехова Есүсийг нас барах тэр мөчид хамгаалахаа болино гэдгийг тэрбээр мэдэж байсан (Иов 1:10). Тийм ч учраас Есүсийг хэчнээн зовж үхсэн ч үнэнч байхаа батлах боломжийг Ехова олгосон (Марк 14:35, 36).
Есүс яагаад энэ дууллаас эш татсан бэ? Яг таг хэлж мэдэхгүй ч дээрх үгийг эш татсан зарим шалтгааныг авч үзье.a
Нас барах үед нь Ехова хамгаалахгүй гэдгийг Есүс онцлох гэсэн үү? Есүс Еховагийн тусламжгүйгээр золиосны үнийг төлөх ёстой байв. Тэрбээр «бүх хүний өмнөөс үхэх» шаардлагатай байв (Евр. 2:9).
Есүс 22-р дуулалд бүхэлд нь анхаарал хандуулах гэсэн үү? Тэр үед иудейчүүд олон дууллыг цээжээр мэддэг байжээ. Тийм учраас аль нэг дууллаас ганц эшлэл хэлэхэд л тэр дууллыг бүтнээр нь санадаг байв. Хэрэв Есүс үүнийг бодож байгаад дээрх үгийг эш татсан бол 22-р дуулалд бичсэн үхэлтэй нь холбоотой бүх зөгнөлийг иудей дагалдагчдадаа санахад нь тус болсон биз ээ (Дуу. 22:7, 8, 15, 16, 18, 24). Бас энэ дууллын сүүлийн хэсэгт Еховаг магтан алдаршуулж, бүх дэлхийн Хаан гэж дүрслэн бичжээ (Дуу. 22:27–31).
Есүс өөрийнхөө буруугүйг батлах гэсэн үү? Иудейн Зөвлөл Есүст Бурхныг доромжилсон гэсэн хэрэг тулгаж түүнийг хууль бусаар шүүсэн (Мат. 26:65, 66). Шөнө орой яаран хуралдаж, хууль зүйн хэм хэмжээнд огт нийцээгүй шүүх хурлыг хийсэн (Мат. 26:59; Марк 14:56–59). Есүс: «Бурхан минь, Бурхан минь, юунд та намайг орхив?» гэж хэлсэн нь ийм ял авах ямар ч буруу юм хийгээгүй гэдгээ хэлэх гэсэн байж болох юм.
Дууллыг бичсэн Давид зовлон туулсан нь Еховагийн сайшаалыг алдсан хэрэг биш байсныг Есүс хэлэх гэсэн үү? Давид Еховад итгэхээ больсон учраас ингэж асуусан юм биш. Харин ч дээрх асуултыг асуусныхаа дараа Еховаг аврах хүчтэй гэдэгт итгэдгээ хэлсэн. Ехова ч Давидыг ивээхээ болиогүй (Дуу. 22:23, 24, 27). Үүнтэй адилаар, «Давидын Хүү» Есүс тарчлаах шонд хадуулсан нь Еховагийн сайшаалыг алдсан гэсэн үг биш байх нь ээ (Мат. 21:9).
Ехова өөрийг нь үнэнчээ батлаг гээд хамгаалахаа больсонд нь Есүс гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн хэрэг үү? Хүүгээ зовж үхүүлэх нь Еховагийн анхны санаа зорилго биш байсан. Харин Адам Ева хоёр дуулгаваргүй болсны гайгаар ингэх шаардлага гарсан. Өөрөөр хэлбэл Есүс ямар ч буруу юм хийгээгүй атлаа Сатаны дэгдээсэн маргаантай асуудалд хариу өгч, Адамын алдсаныг буцааж авахын тулд зовж үхэх хэрэгтэй болсон (Марк 8:31; 1 Петр 2:21–24). Ингэхийн тулд Ехова Есүсийг амьдралд нь анх удаа хэсэгхэн зуур хамгаалалтгүй орхих ёстой байлаа.
Тарчлаах шон дээр үхэхийг нь Ехова яагаад зөвшөөрснийг Есүс дагалдагчдаараа бодуулах гэсэн үү?b Гэмт хэрэгтэн мэт тарчлаах шон дээр үхэхэд нь олон хүнийг бүдэрнэ гэдгийг Есүс мэдэж байв (1 Кор. 1:23). Гэхдээ дагалдагчид нь Есүсийг яагаад ингэж үхэх болсон шалтгааныг ойлговол гэмт хэрэгтэн биш Аврагчаа гэж үзэх байлаа (Гал. 3:13, 14).
Есүс дээрх үгийг ямар ч шалтгаанаар эш татсан бай тарчлаах шон дээр үхэх нь Еховагийн хүслийг биелүүлж байгаа хэрэг гэдгийг ойлгож байсан. Дээрх үгийг эш татсаныхаа дараа тэрбээр: «Бүх юм гүйцлээ!» гэжээ (Ёох. 19:30; Лук 22:37). Тийм ээ, Ехова Хүүгээ тэр үед хамгаалаагүй нь Есүсийг дэлхий дээр ирсэн зорилгоо болон «Мосегийн хуульд бичсэн, зөнчдийн хэлсэн, Дуулал номонд байдаг бүхнийг» биелүүлэх боломжтой болгосон хэрэг юм (Лук 24:44).
a Тус сэтгүүлийн «Есүсийн хэлсэн сүүлчийн үг ямар сургамжтай вэ?» гэсэн судлах өгүүллийн 9, 10-р догол мөрийг бас үзнэ үү.
b Есүсийн дэлгэрүүлж байхдаа хэлсэн үг, асуусан асуулт нь өөрийнх нь сэтгэл мэдрэмжийг дандаа илэрхийлж байсан гэсэн үг биш юм. Харин дагалдагчдадаа санаа бодлоо илэрхийлэх боломж олгох зорилготой байв (Марк 7:24–27; Ёох. 6:1–5; 2010 оны 10-р сарын 15-ны «Харуулын цамхаг» сэтгүүлийн 4, 5-р хуудсанд байгаа өгүүллийг үзээрэй).