Таны мэдлэгт
Иосефын эцэг хэн бэ?
Назар хотын мужаан Иосеф, Есүсийн өсгөсөн эцэг байсан. Харин Иосефын эцэг хэн байсан бэ? «Матай» номд байдаг Есүсийн угийн бичигт Иаков гэж бичсэн бол «Лук» номд Ели гэж бичжээ. Яагаад ийм өөр өөр бичсэн бэ? (Лук 3:23; Матай 1:16).
Матай номд «Иаков бол ... Иосефын эцэг болой» гэсэн. Энэ грек үг Иосефын төрсөн эцэг бол Иаков гэдгийг заадаг. Матай, Давидын удмын Иосефын талыг барьж угийн бичгийг бичсэн. Эндээс Иосефын өсгөсөн хүү Есүс хаан ширээнд суух бүрэн эрхтэй нь харагдаж байна.
Нөгөөтээгүүр, «Лук» номд Иосефыг «Елигийн» хүү гэсэн байдаг. Үүнийг «хүргэн» гэж ойлгож болно. Үүнтэй адил жишээ Лук 3:27-д байдаг. Уг зүйлд Шеалтиелийг Нерийн хүү гэж бичжээ. Харин Шеалтиелийн төрсөн эцэг нь Иекониа ажээ (Шастирын дээд 3:17; Матай 1:12). Шеалтиел Нерийн охинтой гэрлэж хүргэн нь болсон. Иосеф Елигийн охин Мариатай гэрлэж, хүргэн «хүү» нь болжээ. Лук, Есүсийг төрүүлсэн Мариагийн талыг барьж угийн бичгийг бичсэн (Ром 1:3). Тэгэхлээр Библид Есүсийн угийн бичиг хоёр янз байдаг байх нь.
Библи бичигдэж байх үед хүмүүс ямар бөс даавуу, будаг хэрэглэдэг байсан бэ?
Эрт үед Ойрх Дорнодод хонины ноос, тэмээний ноос, ямааны ноолуурыг өргөн дэлгэр хэрэглэдэг байжээ. Ноосон материалыг хамгийн их хэрэглэдэг байсан. Библид хонь, хонь хяргах, хонины ноосон хувцас гэх мэт үг хэллэг их гардаг (1 Самуел 25:2; Хаадын дэд 3:4; Иов 31:20). Египет болон Израильд ургадаг маалингыг бас хэрэглэдэг байсан (Эхлэл 41:42; Иошуа 2:6). Израильчууд хөвөн тариалдаггүй байсан боловч Персээс оруулж ирсэн хөвөн даавуун эд хэрэглэдэг гэж Библид байдаг (Естер 1:6). Торго нь маш үнэтэй, тансаг эдлэл байв. Азиас, явуулын худалдаачид оруулж ирдэг байсан бололтой (Илчлэлт 18:11, 12).
«Ноос нь, үндсэн өнгө болох цав цагаанаас эхлээд хар бор хүртэл янз бүрийн өнгөтэй байв» гэж нэгэн номд бичжээ («Jesus and His World»). Бас ноосыг буддаг байсан. Ягаан будгийг нэгэн зүйлийн нялцгай биетээс гаргаж авдаг байв. Янз бүрийн ургамал, үндэс, навч, шавжаас улаан, шар, хөх, хар өнгө гарган авдаг байв.