Өгөхийн жаргал эдэлцгээе
«ЭНЭ хятад залуу үлдээд бусад нь яв». Өмнөд Америкийн нэг улсаас нөгөө рүү хил давах гээд автобусанд сууж байсан Александра ийм үг сонсов. Юу болоод байгааг мэдэх гээд автобуснаасаа буулаа. Тэгтэл нэгэн хятад залуу учир байдлаа байцаагчид испаниар арай ядан тайлбарлаж байв. Александра тэр залууд хэлмэрчилж өгье гэлээ. Учир нь тэрбээр Еховагийн Гэрчүүдийн хятад хэлний хуралд байсан ажээ.
Тэр хятад залуу хууль ёсны оршин суугч нь байжээ. Гэвч хамаг бичиг баримт, мөнгөө хулгайд алдчихжээ. Байцаагч эхлээд залуугийн ярьсанд итгэлгүй, Александраг хүний наймааны хэрэгт сэжиглэсэн байна. Эцэст нь хятад залуугийн тайлбарыг байцаагч хүлээн авч, зохих бичиг баримтгүй байсан учраас торгохоор болов. Залууд мөнгө байсангүй. Тэгэхэд нь Александра 20 доллар зээлүүлье гэжээ. Залуу маш их баярлаж, 20 доллараас илүү ихийг буцааж төлөхөө амлав. Александра шан харамж авахыг бодоогүй, зөв зүйл хийж байгаа учраас хүнд тусалсандаа баяртай байна гэдгээ хэлжээ. Мөн тэр залууд ном хэвлэл өгч, Гэрчүүдээр Библийн хичээл заалгаарай гэжээ.
Ер нь хүн шашин шүтлэгтэй ч бай, үгүй ч бай бусдад туслан сайхан сэтгэл гаргадаг. Үүний тухай сонсохлоор сэтгэл сэргэдэг. Та бас бусдын төлөө сайхан сэтгэл гаргадаг уу? Энэ асуулт их бодууштай. Учир нь «Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй» гэж Есүс айлдсан (Үйлс 20:35). Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдгийг эрдэмтэд олж тогтоожээ. Яаж сайнаар нөлөөлдгийг авч үзье.
«БАЯРТАЙГААР ӨГӨГЧ»
Баяр жаргалтай байх нь өглөгч зантай нягт холбоотой байдгийг бодит амьдрал харуулдаг. «Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг» гэж элч Паул бичжээ. Тэрбээр, зовсон итгэл нэгтнүүддээ тусалж, хандив өгсөн хүмүүсийн тухай ийн хэлсэн ажээ (2 Коринт 8:4; 9:7). Тэдний жаргалтай байсны учрыг Паул тодорхой тайлбарласан. Тэд бусдад тусалж чадсандаа баярлажээ.
Нэгэн судалгаанаас үзвэл, өгөөмөр зан нь «баяр баясал, нийтэч байдал, итгэлцэлтэй холбоотой тархины хэсгүүдийг идэвхжүүлж, хүнийг сэтгэл хангалуун болгодог» ажээ. Бас нэг судалгаанд хамрагдсан хүмүүс мөнгөө бусдад өгчээ. Тэгээд өөртөө зориулснаасаа илүү жаргалтай байв.
Та бололцооноосоо болоод ч тэр үү, их юм хийж чадахгүй байна гэж боддог уу? Үнэндээ бол, «баяртайгаар өгөх» боломж хүн болгонд бий. Зөв сэтгэлээр өгсөн бэлэг их байх албагүй. Еховагийн Гэрч нэгэн эмэгтэй энэхүү сэтгүүлийг эрхлэн гаргадаг хүмүүст «Би энэ олон жил танхимын хандивын хайрцагт багахан мөнгө хийдэг байсан. Гэхдээ Ехова өгснөөс маань илүү ихийг надад өгсөн. ... Надад ийм бэлэг өгөх боломж олгосонд баярлалаа. Миний санаа амарлаа» гэсэн талархлын үгтэй захидал, хандивын хамт илгээсэн байна.
Өгөөмөр байхад заавал мөнгө хэрэгтэй биш ээ. Бусдад өгөх янз бүрийн арга байдаг.
ӨГӨӨМӨР БАЙХ НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ
«Энэрэнгүй хүн сэтгэлээ тэтгэдэг бол хэрцгий ширүүн хүн сэтгэлдээ гай зовлон хураана» гэж Библид байдаг (Сургаалт үгс 11:17). Энэрэнгүй хүмүүс цаг зав, хүч чадлаа бусдын төлөө зориулж, тэдэнд санаа тавьдаг. Амьдралын ийм хэв маягтай байх нь олон талын ашигтай. Ялангуяа, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.
Бусдад сайн дураараа тусалдаг хүмүүс өвчин тусах, депресст орох нь бага байдгийг олон судалгаа харуулдаг. Бас тэд бие сайтай байдаг. Өгөөмөр байх нь архаг хуучтай, судас хатуурах өвчинтэй, ДОХ-той хүмүүсийн биед ч сайнаар нөлөөлдөг ажээ. Бусдад тусалдаг байх нь архинд донтсон хүмүүст хүртэл сайнаар нөлөөлдөг. Үүний ачаар тэд депресст орох нь багасаж, хуучин зуршлаа давтахаа больдог ажээ.
Учир нь «өрөвч сэтгэлтэй, хүнлэг энэрэнгүй үзэлтэй, сайхан сэтгэлтэй хүн гутранги үзэлд автах нь бага байдаг» гэж нэгэн бүтээлд тэмдэглэжээ. Өгөөмөр зантай хүн стресс багатай, даралт нь тогтвортой байдаг. Ханиа алдсан хүмүүс бусдын сайн сайхны төлөө явбал депресст бараг ордоггүй.
Өгөөмөр зан эзэндээ сайныг авчирдаг гэдэгт эргэлзэх хэрэггүй.
ӨГӨӨМӨР ЗАН «ХАЛДВАРЛАДАГ»
Есүс дагалдагчдадаа «Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр хормой дээр чинь асгарах болно. Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно» гэж уриалж байсан (Лук 6:38). Та бусдад харамгүй сэтгэл гаргадаг бол хүмүүс танд талархана. Тэд ч мөн бусдад өгөх хүсэлтэй болно. Өгөөмөр зангийн үрээр хүн нөхөрсөг, нийтэч болдог.
Хүмүүсийн хоорондын харилцааг судалдаг эрдэмтэд «өөрийгөө умартан бусдад өгөөмөр ханддаг хүн өрөөлийг ч бас ийм байхад уриалдаг» хэмээн тэмдэглэжээ. «Бусдад сайхан сэтгэл гаргасан тухай уншихад л хүмүүс өгөөмөр сэтгэлтэй болдог». Тиймээс нэгэн судалгаанд «олон нийтийн сүлжээнд байдаг хүн нэг бүр, олон зуун хүнд нөлөөлдөг. Тэдний зарим нь бие биенээ огт таньдаггүй хүмүүс байдаг» гэж бичжээ. Өөрөөр хэлбэл, өгөөмөр сэтгэлийн ганцхан үйлдэл нэгээс нөгөөд дамжсаар нийгэмд нөлөөлдөг. Та ийм орчинд амьдрахыг хүсэхгүй гэж үү? Мэдээж хүсэх байх. Хэрвээ илүү олон хүн өгөөмөр байвал бүр ч сайн биз ээ.
АНУ-ын Флоридад болсон нэг явдал үүнийг харуулдаг. Хөнөөлт хар салхи гарсны дараа Еховагийн Гэрчүүд сайн дурын тусламжийн ажилд оролцжээ. Тэд байшин засварлах багаж хэрэгсэл ирэхийг хүлээж байв. Тэр зуур хөрш айлынх нь хашаа эвдэрснийг анзаараад, засаж өгье гэжээ. Хожим нь тэр хөрш айлын хүн Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төвд «Би та нарт үргэлж талархах болно. Та нар бол миний учирч байсан хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүс» гэсэн үгтэй захидал бичсэн байна. Тэрбээр талархсанаа илэрхийлж «Гэрчүүдийн тусгай ажилд» гэж хаягласан хандив өгчээ.
ӨГӨӨМӨР ЗАНГИЙН ХАМГИЙН АГУУ ЖИШЭЭГ ДУУРАЙХ НЬ
Эрдэмтдийн нээсэн нэг зүйл анхаарал татдаг. Юу гэвэл «хүн бусдад туслах төрөлхийн хандлагатай» ажээ. Хүүхдүүд «хэлд ороогүй мөртлөө тусч зантай байдгийг» судалгаа харуулдаг. Яагаад тэр вэ? Библид хариу нь бий. Хүн «Бурханы дүр төрхөөр» буюу Бурхныхтай адилхан зан чанартай бүтээгдсэн (Эхлэл 1:27).
Ехова Бурхны нэг сайхан чанар нь өгөөмөр сэтгэл юм. Тэрбээр бидэнд амьдрал бэлэглээд зогсохгүй, баяр жаргалтай байх бүх зүйлээр хангадаг (Үйлс 14:17; 17:26–28). Библи судалбал тэнгэрийн Эцэгтэйгээ танилцана. Бас хүн төрөлхтний төлөө хайрандаа хөтлөгдөн юу хийх гэж байгааг нь олж мэднэ. Ирээдүйн сайн сайхны маань төлөө ямар арга хэмжээ авсныг Библи илчилдэгa (1 Иохан 4:9, 10). Ехова Бурхан бол өгөөмөр сэтгэлийн эх булаг билээ. Тэрбээр өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээсэн. Тийм учраас та Бурхныг дуурайж, өгөөмөр зан илэрхийлбэл сайн сайхан явна. Бас та Бурхны сайшаалыг олно (Еврей 13:16).
Өгүүллийн эхэнд дурдсан Александра яасан бол? Автобусанд хамт явсан нэг хүн Александраг мөнгөө дэмий үрлээ гэж зэмлэжээ. Нөгөө хятад залуу зорьсон газраа ирээд найзуудтайгаа уулзан 20 долларыг нь буцааж өгсөн байна. Тэгээд Александрагийн зөвлөснөөр, Библийн хичээл заалгадаг болжээ. Гурван сарын дараа Перуд, хятад хэлээр болсон Еховагийн Гэрчүүдийн чуулган дээр тэд уулзсан юм. Өөрт нь хийсэн сайн үйлийнх нь төлөө хятад залуу талархлаа илэрхийлж, Александраг, найзуудтай нь ресторанд урьжээ.
Бусдад туслан сайн үйл хийвэл баяр хөөр авчирдаг. Түүгээр ч үл барам, аливаа сайн бэлгийн эх булаг болсон Ехова Бурхантай танилцахад нь хүмүүст тусална (Иаков 1:17). Та өгөхийн жаргал эдэлж байна уу?
a Илүү ихийг мэдэхийг хүсвэл Еховагийн Гэрчүүдийн хэвлэн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номыг үзээрэй. Онлайнаар унших боломжтой. www.jw.org/mn (ХЭВЛЭЛ > НОМ ТОВХИМОЛ)