Есүсийн залбирсны дагуу амьдрах нь
«Аав аа, ... Таныг Хүү чинь алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач» (ИОХ. 17:1).
1, 2. Есүс МЭ 33 оны Дээгүүр өнгөрөх баярыг үнэнч элч нартайгаа тэмдэглэснийхээ дараа юу хийсэн бэ?
МЭ 33 оны нисан сарын 14-ний үдэш. Есүс дотны нөхдийнхөө хамт Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэлээ. Бурхан эцэг өвгөдийг нь Египетийн боолчлолоос хэрхэн чөлөөлснийг энэ баяр сануулдаг. Харин үнэнч шавь нар нь үүнтэй харьцуулахын аргагүй хүнд хэцүү боолчлолоос чөлөөлөгдөнө. Маргааш нь (нисан сарын 14 дуусаагүй байхад) Есүс дайснуудынхаа гарт амиа алдах юм. Гэлээ ч төгс амиа золиосолсноор нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлөгдөх үүдийг хүн төрөлхтөнд нээж өгнө (Евр. 9:12–14).
2 Энэ бэлгийг Бурхан агуу хайрандаа хөтлөгдөн өгч байгааг хэзээ ч битгий мартаасай гэсэндээ Есүс элч нартайгаа хамт өөр нэгэн шинэ баяр тэмдэглэв. Үүнийг Дээгүүр өнгөрөх баярын оронд жилд нэг удаа тэмдэглэх учиртай аж. Тэрбээр исгээгүй талх хувааж 11 үнэнч элчдээ дамжуулан өгөөд «Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд» хэмээн айлдав. Аягатай улаан дарсыг мөн тийнхүү өгөөд «Энэ нь та нарын төлөө асгагдах Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм» гэжээ (Лук 22:19, 20).
3. а) Есүсийг нас барсны дараа ямар том өөрчлөлт гарах гэж байсан бэ? б) «Иохан» номын 17-р бүлэгт байдаг Есүсийн залбиралтай холбогдуулан ямар асуултыг авч үзэх вэ?
3 Ехова Бурхан израиль үндэстэнтэй байгуулсан Хуулийн гэрээгээ хүчингүй болгож, Есүсийн тослогдсон дагалдагчидтай шинэ гэрээ байгуулах гэж байлаа. Есүс шинээр бий болох үндэстнийг Израиль шиг болчих вий хэмээн санаа зовжээ. Израильчууд бол итгэл үнэмшил, нийгмийн гарлаараа хуваагдаж Бурхны ариун нэрийг бузарласан үндэстэн юм (Иох. 7:45–49; Үйлс 23:6–9). Есүс дагалдагчдаа үргэлж эв нэгдэлтэй амьдраасай, Бурхны нэрийг алдаршуулахын төлөө гар нийлэн ажилладаг байгаасай гэж хүсжээ. Тэгээд яасан бол? Эцэгтээ хандан залбирсан. Библид байдаг хамгийн сайхан энэ залбирлыг унших нь хэний ч хувьд зол завшаан юм (Иох. 17:1–26; өгүүллийн эхний зургийг үзнэ үү). Есүсийн хэлсэн энэ залбирлыг судлангаа дараах асуултыг өөртөө тавиарай. «Есүсийн залбиралд Бурхан хариулсан болов уу? Би энэ залбирлын дагуу амьдардаг уу?».
ЕСҮСИЙН ХУВЬД ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ
4, 5. а) Есүс хамгийн түрүүнд юуны тухай залбирсан бэ? Эндээс бид юу ойлгох хэрэгтэй вэ? б) Есүс өөрийнхөө төлөө залбирахад Ехова хэрхэн хариулсан бэ?
4 Есүс шавь нартаа олон зүйлийг заасаар шөнө дунд хүргэжээ. Дараа нь тэнгэр өөд харж, «Аав аа, цаг нь ирлээ. Таныг Хүү чинь алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач. Таны Надад өгсөн бүх хүнд Хүү чинь мөнх амийг өгөхийн тулд бүх махан биеийг захирах эрхийг Та Надад өгсөн билээ. ... Хий гэж Надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн Би Таныг газар дээр алдаршуулав. Одоо, Аав аа, ертөнцийг бүтээхээс өмнө Тантай хамт Надад байсан сүр жавхлангаар Та Намайг Өөрийнхөө хамт алдаршуулаач» хэмээн залбирав (Иох. 17:1–5).
5 Есүс юуг эн тэргүүнд тавьдгаа залбирлынхаа эхэнд хэлснийг анхаараарай. Тэнгэрийн Эцгийнх нь нэр алдарших нь түүний хувьд хамгийн чухал зүйл байлаа. Тийм учраас, юу гэж залбирахыг шавь нартаа заахдаа хамгийн түрүүнд «Эцэг, Таны нэр ариунаар дуурсгагдаг» гэж хэлсэн байдаг (Лук 11:2). Дараа нь шавь нартаа хэрэгтэй зүйлийг гуйж, «мөнх амийг өгөх» тухай залбирсан. Эцэст нь «Аав аа, ертөнцийг бүтээхээс өмнө Тантай хамт Надад байсан сүр жавхлангаар Та Намайг Өөрийнхөө хамт алдаршуулаач» хэмээн өөрийнхөө төлөө залбирчээ. Ехова үнэнч, итгэмжит Хүүдээ гуйснаас нь хавьгүй ихийг өгч, бүх тэнгэр элчийн нэрээс «илүү эрхэм нэрийг» өвлүүлсэн (Евр. 1:4).
ЦОРЫН ГАНЦ ҮНЭН БУРХНЫГ МЭДЭХ НЬ
6. Элч нар мөнх амьтай болохын тулд яах ёстой байсан бэ? Тэд шагналаа авсныг хаанаас мэдэж болох вэ?
6 Мөнхийн амь гэдэг асар үнэтэй бэлэг авахын тулд нүгэлт хүмүүс бид ямар шаардлага хангах ёстойг Есүс залбиралдаа дурджээ (Иохан 17:3-ыг уншина уу). Бурхны тухай, мөн өөрийнх нь тухай үргэлж таньж «мэдэх» учиртайг тэрбээр хэлсэн. Яавал ийм мэдлэгтэй болох вэ? Нэгдүгээрт, Ехова болон түүний Хүүгийн талаар илүү ихийг мэдэж авахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, олж авсан тэр мэдлэгээ амьдралдаа хэрэглэх нь чухал. Элч нар энэ хоёр шаардлагыг хангадаг байсныг Есүс залбирлаас мэдэж болно. Тэрбээр: «Таны Надад өгсөн үгсийг Би тэдэнд өгсөн. Тэдгээрийг тэд хүлээн авсан» гэж залбирчээ (Иох. 17:8). Гэхдээ л Бурхны Үгийг эргэцүүлэн бодож, сурснаа ажил хэрэг болгохын төлөө өдөр бүр хичээхгүй бол мөнхийн амьтай болох боломжгүй байлаа. Элч нар үхэн үхтэлээ ингэж амьдарсан болов уу? Тийм ээ, амьдарсан. Учир нь Шинэ Иерусалимын 12 суурин дээр элч тус бүрийн нэр сийлээстэй байдгийг Библид бичжээ (Илч. 21:14).
7. Бурхныг мэдэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь яагаад чухал бэ?
7 Мөнх амьдаръя гэвэл Бурхны тухай «мэдсээр» байх хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ? Орчлонт ертөнцийн хамгийн агуу Бодгалийн тухай улам ихийг мэдэж авахын төлөө байнга судална гэсэн үг. Энэ нь зан чанар, санаа зорилгыг нь мэдэж авснаар хязгаарлагдахгүй. Бурхныг болон итгэл нэгтнүүдээ үнэн голоосоо хайрлаж, дотны анд нь байх учиртай. «Хайрладаггүй нэгэн нь Бурханыг мэддэггүй» гэж Библид байдаг шүү дээ (1 Иох. 4:8). Бас Бурханд дуулгавартай байх хэрэгтэй (1 Иохан 2:3–5-ыг уншина уу). Еховаг мэддэг хүмүүсийн тоонд багтана гэдэг ямар агуу завшаан бэ! Гэхдээ Искариотын Иудас энэ завшаанаа алдсаныг мартаж болохгүй. Түүний мөрөөр явахгүйн тулд Еховатай тогтоосон анд нөхрийн холбоогоо үргэлж нандигнаж явъя. Тэгвэл Ехова мөнх амийг бэлэг болгон өгнө (Мат. 24:13).
«ӨӨРИЙНХӨӨ НЭРИЙН ТӨЛӨӨ»
8, 9. Есүс дэлхийд байх хугацаандаа юуг голлон анхаардаг байсан бэ? Ямар сургаалыг үзэн яддаг байсан бэ?
8 «Иохан» номын 17-р бүлэгт бичсэн залбирлыг нь уншихлаар Есүс тухайн үед байсан элч нартаа төдийгүй ирээдүйн шавь нартаа үнэн голоосоо хайртай нь харагддаг (Иох. 17:20). Гэхдээ биднийг аврах нь Есүсийн хувьд хамгийн чухал зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхийд ирсэн гол зорилго нь Эцгийнхээ нэрийг ариусгах, магтан алдаршуулах явдал байсан. Жишээлбэл, Назарын синагогт очоод Исаиагийн хуйлмал номыг дэлгэн «Эзэний [«Еховагийн», ШЕ] Сүнс Над дээр байна. Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэж Тэр Намайг тосолсон юм» хэмээн уншиж, ямар учраас дэлхийд ирснээ тайлбарлажээ (Лук 4:16–21).
9 Есүсийг дэлхийд ирэхээс бүр өмнө шашны удирдагчид Бурхны нэрийг хэлж болохгүй гэж ард олонд заадаг байжээ. Есүс энэ сургаалыг хэчнээн их үзэн яддаг байсан бол оо. Тэрбээр: «Би Эцэгийнхээ нэрээр ирсэн юм. Гэтэл та нар Намайг хүлээж аваагүй. Хэрэв өөр нэгэн өөрийнхөө нэрээр ирвэл, та нар түүнийг хүлээн авна» гэж тэдгээр шашны удирдагчдад хэлжээ (Иох. 5:43). Амиа алдахаасаа хэдхэн хоногийн өмнө залбирахдаа «Аав аа, нэрээ алдаршуулаач» хэмээн хэлж, юуг голлон анхаардгаа дахин онцолсон байдаг (Иох. 12:28). Бидний ярилцаж буй энэ залбирлыг харахад ч Есүс Эцгийнхээ нэрийг алдаршуулахыг чухалд үздэг байсан нь тодорхой байна.
10, 11. а) Есүс Эцгийнхээ нэрийг хэрхэн мэдүүлсэн бэ? б) Есүсийн шавь нар Еховагийн нэрийг яагаад мэдүүлдэг вэ?
10 Есүс: «Ертөнцөөс Таны Надад өгсөн хүмүүст Би Таны нэрийг илэрхийлсэн. Тэд Таных байсан бөгөөд Та тэднийг Надад өгсөн. Тэд Таны үгийг сахисан юм. Цаашид Би ертөнцөд байхгүй, харин тэд ертөнцөд байна. Би Тан уруу очно. Ариун Аав аа, Бидний адил тэднийг нэг байлгахын тулд Надад өгсөн Өөрийнхөө нэрээр [«нэрийн төлөө», ШЕ] Та тэднийг хамгаалаач» хэмээн залбирсан (Иох. 17:6, 11).
11 Шавь нартаа Эцгийнхээ нэрийг «илэрхийлсэн» гэдэг нь нэрийг нь хэлж өгөөд зогсохгүй, Ехова гэж чухам хэн болохыг, өөрөөр хэлбэл, ямар зан чанартай, хүмүүст хэрхэн санаа тавьдгийг мэдүүлсэн хэрэг юм (Ег. 34:5–7). Одоо хаан ширээнд заларч буй тэрбээр Еховагийн нэрийг дэлхий даяар мэдүүлэхэд нь шавь нартаа тэнгэрээс тусалж байна. Яагаад тэр вэ? Өнөөгийн ёс бус тогтолцоо устгагдахаас өмнө аль болох олон хүнийг шавь болгох зорилготой. Ехова төгсгөлийн үед үнэнч гэрчүүдээ аврахад хүн бүр агуу нэрийг нь мэдэх болно! (Езе. 36:23).
ХҮМҮҮСТ ИТГҮҮЛЭХИЙН ТУЛД
12. Амь аврах ажлыг амжилттай хийхийн тулд ямар гурван зүйлийг анхаарах ёстой вэ?
12 Дутагдалтайгаа тэмцэхэд нь шавь нартаа туслахыг Есүс онцгой анхаардаг байсан. Үүний дүнд тэд эхлүүлсэн ажлыг нь дуусгаж чадах байв. Тэрбээр Эцэгтээ хандан «Та Намайг ертөнц уруу илгээсний адил Би тэднийг мөн ертөнц уруу илгээв» хэмээн залбирчээ. Амь аврах энэ ажлыг хийж гүйцэтгэхийн тулд шавь нар нь гурван чухал зүйлийг анхаарах ёстойг Есүс онцолсон. Нэгдүгээрт, Сатаны бузар ертөнцөөс тусгаар байх ёстой. Хоёрдугаарт, «ариусгагдах» буюу Бурхны Үгийг дуулгавартай даган цэвэр ариун байдлаа хадгалах учиртай. Гуравдугаарт, Есүс Эцэгтэйгээ эв нэгдэлтэй байдгийн адил шавь нар нь хоорондоо эвтэй байх ёстой ажээ. Тиймээс дараах асуултаар өөрсдийгөө шалгацгаая. «Би Есүсийн залбирсны дагуу амьдардаг уу?». Шавь нар нь дээрх гурван зүйлийг сахивал сайн мэдээг олон хүн хүлээж авна гэдэгт Есүс итгэлтэй байсан (Иохан 17:15–21-ийг уншина уу).
13. МЭ I зуунд Ехова Есүсийн залбиралд хэрхэн хариулсан бэ?
13 «Үйлс» номыг судалбал Ехова Хүүгийнхээ залбиралд хариулсан нь тодорхой байна. Нэгдүгээр зууны христиан хурал иудейчүүд ба харь үндэстнүүд, баячууд ба ядуус, боолууд ба боолын эздээс бүрдэж байв. Үүнийг бодож үзвэл тэдний дунд талцах, бүлгэрхэн хуваагдах явдал гарч болмоор! Гэвч бүгд эв нэгдэлтэй байсан учир Паул тэднийг Есүс гэдэг толгойтой биеийн эрхтнүүд хэмээн хэлсэн байдаг (Еф. 4:15, 16). Энэ бол хагарал мөргөлдөөн газар авсан Сатаны ертөнц дэх гайхамшиг байлаа! Хүчирхэг ариун сүнсээрээ ийм гайхамшиг үйлдсэн Ехова алдар магтаал хүртэх зохистой (1 Кор. 3:5–7).
14. Орчин үед Ехова Есүсийн залбиралд хэрхэн хариулж байна вэ?
14 Харамсалтай нь элч нарыг нас барсны дараа энэхүү эв нэгдэл үгүй болжээ. Зөгнөсөн ёсоор, тэрс явдал газар авч, үүний уршгаар христ шашны ертөнцийн бүлэглэлүүд бий болсон (Үйлс 20:29, 30). Харин 1919 онд Есүс тослогдсон дагалдагчдаа хуурамч шашнаас чөлөөлж, «эв нэгдлийн төгс холбоосоор» гагнажээ (Кол. 3:14). Тэд эв нэгдэлтэй дэлгэрүүлснээр ямар үр дүнд хүрсэн бэ? «Үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс» бүрдсэн долоон сая гаруй хүн Бурхны тослогдсон үйлчлэгчидтэй нэгдэн, эв нэгдэлтэй «нэг хонин сүрэг» болсон (Илч. 7:9; Иох. 10:16). Энэ бол Ехова Хүүгийнхээ залбиралд хариулсны тодоос тод баталгаа мөн. Есүс Эцэгтээ «Таны Намайг илгээснийг болон Намайг хайрласны адил тэднийг хайрласныг ертөнц мэдэх болно» хэмээн залбирсан байдаг (Иох. 17:23).
ТӨГСГӨЛ НЬ СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ
15. Есүс тослогдсон дагалдагчдынхаа төлөө Эцгээсээ юуг онцгойлон гуйсан бэ?
15 Есүс нисан сарын 14-ний орой элч нартайгаа гэрээ байгуулжээ. Тэд тэнгэрийн Хаанчлалын хаад болж, түүнтэй хамт төр барих юм. Ийнхүү Есүс тэдэнд «сүр жавхланг» өгч хүндэтгэл үзүүлсэн (Лук 22:28–30; Иох. 17:22). Тэгээд тослогдсон дагалдагч нь болох бүх хүний талаар Эцэгтээ залбирч «Аав аа, Таны Надад өгсөн хүмүүс бас Миний байх газарт Надтай хамт байж, Миний сүр жавхланг үзээсэй гэж би хүсэж байна. Тэр сүр жавхланг Та Надад өгсөн билээ. Учир нь ертөнцийн сууриас өмнө Та Намайг хайрласан» хэмээжээ (Иох. 17:24). Ийм бэлэг авах тослогдогсдод өөр хонинууд огт атаархдаггүй, харин ч баярладаг. Жинхэнэ христианууд бүгдээрээ эв нэгдэлтэй байдгийн бас нэгэн баталгаа биш гэж үү?
16, 17. а) Есүс юуг үргэлжлүүлэн хийхээ залбирлынхаа төгсгөлд илэрхийлсэн бэ? б) Бид цаашид ч юу хийх хэрэгтэй вэ?
16 Ихэнх хүн шашны удирдагчдын худал сургаалд итгэсэн учир Еховаг жинхэнэ ёсоор мэддэг, эв нэгдэлтэй ард түмний дунд орохыг хүсдэггүй. Есүсийн үед амьдарч байсан хүмүүс ч мөн ялгаагүй. Тийм учраас, Есүс: «Зөвт Аав аа, ертөнц Таныг мэдээгүй боловч, Би Таныг мэдсэн. Мөн Таны Намайг илгээснийг тэд мэдсэн билээ. Би Таны нэрийг тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно. Ингэснээр Таны Намайг хайрласан тэр хайр тэдний дотор байж, Би ч гэсэн тэдний дотор байх юм» хэмээн сэтгэл хөдөлгөм үгээр залбирлаа төгсгөжээ (Иох. 17:25, 26).
17 Есүс залбирсныхаа дагуу амьдарсныг хэн ч үгүйсгэж чадахгүй. Эцгийнх нь нэр хийгээд санаа зорилгыг мэдүүлэхэд тэрбээр одоо ч бидэнд тусалж байгаа. Тиймд хурлын Тэргүүнийхээ удирдлага зааврыг дуулгавартай дагаж, дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажилд идэвхтэй оролцоцгооё (Мат. 28:19, 20; Үйлс 10:42). Юугаар ч сольшгүй эв нэгдлээ хадгалахыг үргэлж хичээцгээе. Ингэдэг бол Есүсийн залбирсны дагуу амьдарч, Ехова Бурхныхаа нэрийг алдаршуулан, өөрсдөө үүрд мөнх жаргалтай амьдарна.